Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1494

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Номин,                            

улсын яллагч Г.Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Баярбат,

хохирогч Д.Чадраабал,

            шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д овогт Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0470 21179 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв .  

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д овогт Г.Э, 1978 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 53-21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .......................... тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 21 тоотод хохирогч Д.Чадраабалыг нуруун тус газар нь хайчаар хатгасны улмаас цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, бүсэлхий нуруунд шарх бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Чадраабал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би согтуу байсан. Би өөрөө ахын гэрт нь очиж зодооныг эхлүүлсэн. Энэ хэрэг бол миний буруугаас болсон. Ахдаа ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Ахын минь ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Чадраабал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байж байгаад нагац ах Г.Эын 9665**** дугаарын утас руу 8877**** гэсэн дугаараас залгаж ярьтал Энхболд ах согтуу байхаар нь та архи уулаа гэж хэлтэл чи өөрөө архи уусан байна гээд маргалдсан. Манай ах Г.Э 6 жил огт архи уугаагүй байж байгаад архи уусан байсан. Би архи уусан байсан Энхболд ахын гэрт яаж ирсэнээ санахгүй байсан. Би эхнэртэйгээ хутгалуулсан гэж ярьсан байсан. Би Энхболд ахын гэрт ороод Энхболд ахыг унтаж байхад нь цохиод бид хоёр зодолдоод Энхболд ах миний цээжин хэсэгт зүүн суга орчим, нуруу хэсэгт хайчаар хатгасан байсан. Би ухаан алдаад нэг сэтгэл эмнэлэгт байж байсан...” гэх мэдүүлэг. /xx-114/,

Гэрч Б.Мөнхцацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн үед би ажлаа тараад гэрлүүгээ харих замдаа нөхөр Чадраабал руугаа залгасан чинь би гэрээсээ гараад урагшаа сансар луу явж байна гэхээр нь чи сансарын колонкийн автобусны буудал дээр байж бай хоёулаа хамт явъя гэсэн чинь би түрүүлээд явж байя Энхболд ах согтуу байгаад байна гэнээ эсвэл чи араас хүрээд ир гэж ярьсан. Яагаад урд гэр лүүгээ очих гээд байгаа юм бэ гээд асуусан чинь Энхболд ах архи уучихаад хүн болгон руу агсам тавиад ээжийг хүртэл цохиод зодсон юм шиг байна би урд гэр рүү очлоо гэж ярьсан. Тэгж яриад 20 цаг 02 минутанд над руу нөхөр Чадраабал нь залгаад намайг дүрчихлээ чи хурдан ир гэсэн. Цаанаас нь Энхболд ах би дүүгээ алчихлаа чи цагдаа дууд хамт ороод ир гэхээр нь би эхлээд 102-т дуудлага өгчихөөд гэр рүү нь ороход гэрийнх нь коридор болон том өрөө нь нилэнхүйдүүдээ цус болчихсон манай нөхөр Чадраабал нь том өрөөнд байдаг ширээн доогуур толгойгоо хийчихсэн хэвтэж байхаар нь очоод харсан чинь ямар ч хөдөлгөөнгүй хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор нь би Энхболдыг та алчихсан байна та яаж байгаа юм бэ гээд орилсон чинь би дүүгээ алчихлаа гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Чадраабал нь сэргээд хоёулаа гэртээ харья гэж хэлэхээр нь ямар ч байсан ухаантай байгаа юм байна гэж бодоод хадам ээж Должинсүрэн рүү залгасан...” гэх мэдүүлэг. /xx-18-19/,

Гэрч Ц.Алтан-Ѳлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед ээж Должинсүрэн над руу залгаад ах Чадраабалыг ээжийн төрсөн дүү болох Энхболд хутгалчихлаа чи хурдан гэртээ хариадах гэхээр нь би гэртээ очиход орцон дотор хаалган дээр Чадраабал ахыг эмч нар насилкан дээр хэвтүүлчихсэн авч явах гээд зогсож байхаар нь би юу болсныг харах гээд гэр рүүгээ ороход Энхболд том өрөөний орон дээр утсаараа оролдчихсон хайчаа шалан дээр зоочихсон цус болчихсон том өрөө болон коридор нилэнхүүдээ цус болчихсон байхаар нь та яаж байгаа юм бэ гэхэд Энхболд чамайг ч гэсэн ална гээд хайч бариад дайрахаар нь би гараад зугтсан...” гэх мэдүүлэг. /xx-20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6820 дугаартай дүгнэлт:

  1. Д.Чадраабалын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /200мл/, бүсэлхий нуруунд шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг гадна хэсэг, хоёр сарвуу, бүсэлхий, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн бусад гэмтэл мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-17/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.,

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 21 тоотод хохирогч Д.Чадраабалыг нуруун тус газар нь хайчаар хатгасны улмаас цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, бүсэлхий нуруунд шарх бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 Хохирогч Д.Чадраабалын: “...2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байж байгаад нагац ах Г.Эын 9665**** дугаарын утас руу 8877**** гэсэн дугаараас залгаж ярьтал Энхболд ах согтуу байхаар нь та архи уулаа гэж хэлтэл чи өөрөө архи уусан байна гээд маргалдсан. “…Энхболд ахын гэрт яаж ирсэнээ санахгүй байсан. Би эхнэртэйгээ хутгалуулсан гэж ярьсан байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.

Иймд шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг буюу зэвсэг буюу иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл болох хайчийг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хохирогч Д.Чадраабал нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул гэм буруутай этгээдийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Э нь хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Д овогт Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг буюу зэвсэг буюу иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл болох хайчийг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Эыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.
  5. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж зааллдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР