Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Хохирогч Х.Мягмарсүрэн,

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Олхонууд овогт О-ын М-д холбогдох 1816001840085 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ........ сумын харьяат, Говь-Алтай аймгийн ......... сумын......... багт оршин суух, 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, .......... регистрийн дугаартай, Олхонууд овогт О-ын М гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.М нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн .........сумын Тээгийн аараг гэх газарт бэлчээрийн маргаанаас болж хохирогч Х.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн ....... сумын Тээгийн аараг гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр О.М Х.М  нар нь бэлчээрийн маргаанаас болж маргалдаж улмаар  Х.М-гийн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг шүүгдэгч О.М нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч О.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид нар бэлчээрээс болж муудалцсан. Би хонио буцаах гээд яваад очиход миний хонийг хойш нь туугаад явж байсан. Би очоод та яагаад хонь туугаад байгаа юм бэ? гэж хэлэхэд араас чулуу шидэж хөөсөн. Тэгээд буугаад ирэхэд өмнөөс чулуу шидэж хөөгөөд хэл амаар доромжлоод байхаар нь би хоёр хүүхдээ гэртээ буулгачихаад яваад очиход намайг доромжлоод байхаар нь би түлхэж унагасан. Босоод ирэхэд нүүр нь шалбарсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Хоёр хүүхэд рүү чулуу шидэхээр нь миний уур хүрсэн... Чулуу шидэж дууссан байхад нь түлхэж унагасан... 2000 онд зүрхний хагалгаанд орж байсан. Ганц л удаа орсон... Би мэдэхгүй, хоёр гарнаас барьж аваад унагаасан... Заамдаж авсан зүйл байхгүй. Унахаар нь татаж босгох гэсэн... Эхлээд над руу чулуу шидээд хүүхдүүдийн толгой руу чулуугаар цохисон. Би хоёр хүүхэд уйлаад байхаар нь хоёр хүүхдээ буулгаад үлдээчихээд өмнөөс нь очиход миний өмнөөс чулуу шидсэн... Чирсэн зүйл байхгүй, унагаахад шороо болсон байх гэж бодож байна... Уур хүрээд юугаа ч мэдээгүй... Уур хүрээд хоёр гараас нь бариад унагаасан... Эхэлж хоёр хүүхэдтэйгээ очиход араас чулуугаар цохисон. Тэгээд хоёр гараас нь бариад түлхсэн. Унаад босоод ирэхэд толгойноос нь цус гоожсон байсан. Хоёр хүүхдийн тархи хөдөлсөн байсан. Эмнэлгээр яваагүй нь үнэн. Шинжээч дээр очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр морь уяад Дэлгэр сумын наадамд явсан байсан. Би энэ хүнтэй хэрүүл хийе гэж бодоогүй. Урьд өдөр нь эгчээ ахаа болоод явсан. Дэлгэрийнхний мал яваад дуусч байхад чи яагаад явж байгаа юм бэ? яагаад манай өвөлжөөгөөр явуулж байгаа юм бэ? гэж хэлэхэд малаа усалчихаад малаа угаана гэж хэлээд том хүүгээ дагуулаад явж байсан. Тэгээд инээд болоод явсан. Тэгэхэд 10 цагийн орчим малаа тууж яваад эргээд 2 цагийн орчим ирсэн. Тэгээд би хүн малаа усалдаг газар чи малаа угаагаад яаж байгаа юм бэ? гэж хэлсэн. Энэ хүн малаа орхиод 2 цаг гаруй алга болоод ирэхгүй байсан. Энэ хүн худал зүйл яриад байна. Би өмнө нь сургуулийн өмнөх боловсролд ажиллаж байсан. Би өөрийн болоод хүний хүүхдэд гар хүрч үзээгүй. Ирээд шууд  чамайг алчихна гэж хэлээд 100-150 метрийн зайтай холоос ална гэж ирсэн. Энэ намайг зодчихоод яваад өгсөн. Би хонь малаа туугаад явж байхдаа энэ хүн рүү чулуу шидээд миний чулуу очиж цохисон байж болно. Би хэлсэн миний тархи толгойруу цохиж байхаар миний хөл гарыг хугалчих гэж хэлсэн. Ингэж худал хэлж болохгүй. Намайг зодчихоод ална гэж хэлээд чирээд миний өмсөж явсан цамц өмд хоёрыг бүгдийг урсан. Чулуутай хатуу газар байсан. Би босох гээд босч чадаагүй. Би хүүхэд рүү нь чулуу авч шидээгүй. Тэгээд байж байхад манай охин мотоцикль унаад хайгаад ирсэн... Эмнэлгээс гараад ямар эм хэрэглэх юм бэ? гэж эмчээс асуухад бичиж өгсөн. Эмнэлгээс гарснаас хойш хэрэглэсэн эм байгаа... Картан дээр бичиж өгөөгүй. Мэс заслын эмч өөрөө хэлсэн. 3 сарын хугацаанд эм тариа хэрэглэсэн... Одоог хүртэл хохирол төлөөгүй. Эмнэлэгт хэвтэхдээ 312.000 төгрөг бэлэн төлж хэвтсэн... Эм тарианы 145.000, өмд цамцны 50.000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 312.000 төгрөг нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 26-ны өдөр Тайшир сумын Галуут багийн Тээгийн аараг гэх нутагт манай ойролцоо Мөнх-Эрдэнэ гэж залуугийнх ирж буусан. Малаа өчигдөр буюу 2018 оны 07 сарын 27-ны өдөр авч ирсэн. Тэгээд би Мөнх-Эрдэнэтэй уулзаад энэ манай өвөлжөөний газар чи буруу газраа буулаа, хэл ам болно шүү гэж хэлсэн чинь одоо яанаа гээд явсан. Тэгсэн өнөөдөр тэдний мал нь манай бэлчээр лүү орж ирэхээр нь манай охин М-ийн эхнэрт хэлсэн чинь чи дээд талын айлуудаа нүүлгэчихээд манайхыг хөө гэж хэлсэн гэсэн. Тэгээд 16 цагийн үед М малаа усалчихаад манай малны хажууд үлдээгээд яваад өгсөн. Удалгүй манай малтай тэдний мал нийлэх гээд байхаар нь би очоод тэдний малыг цааш нь тууж байтал М нь мотоциклтойгоо ирээд шууд чи шар өвс хармаллаа гээд над руу дайрч давшилж, намайг заамдаж аваад мушгиж газарт унагаагаад 2 хөлнөөс барьж газарт чирээд өгзөг орчим 2-3 удаа өшиглөж зодсон. Би болиоч би эмэгтэй хүн гэхэд би чамайг ална гээд зодсон. Би арай ядаж босож ирээд чулуу барьж шидсэн боловч түүнийг оноогүй. Тэгсэн чинь М чулуу барьж аваад миний толгойн баруун хэсэгт цохиж хагалсан, толгойноос цус гараад ухаан балартаж газарт унасан байхад ална чамайг гээд хөлнөөс барьж дахин газарт чирж явж байгаад хаяад яваад өгсөн. Би толгойноос цус гоожоод ухаан балартаад босож чадахгүй 20-30 минут хэвтэж байтал манай охин Энхзаяа намайг олж ирсэн. Тэгээд гар утасны сүлжээтэй газарт очиж байгаад гар утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/ хх 06-07-рт/,

Хохирогч Х.М-гийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Толгойн хэсэгт баруун дээд чамархайнд хагарч их хэмжээний цус гарсан. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж оёо тавиулсан. Зүүн талын гарын шуун дээр урсан гэмтэл учирсан. Одоо болтол толгой өвдөх, тархи дүүрэх, доргилттой байгаа. Шарх бүрэн эдгэрсний дараа толгойгоо бариулна...Миний өмсөж явсан өмд цамц урсан байгаа. Уг хохиролд 50.000 төгрөг  нэхэмжилж байна...хохирол барагдуулж авсаар байна. Надад гомдол санал алга...” гэх мэдүүлэг/хх 08-09-рт/,

Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хохирогч Х.М-гийн зодуулсан гэх газарт очиход толгойн тус газар цус гоожсон байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх 10-рт/,

Насанд хүрээгүй гэрч М.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...М  эгч учир зүггүй чулуу шидээд унасан. М  эгчийн шидсэн чулуу аавын шанаа руу оносон, манай дүүгийн толгойруу оносон, миний ар ууцруу оносон. Тэгээд аав мотоциколноосоо буугаад М  эгч дахиад чулуу шидэх гээд байхаар нь түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг/хх 14-рт/,

Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 28-ны өдөр ээжийгээ хонин дээрээ орхичихоод хүүхэд хооллох гээд гэртээ ирсэн. Ирээд хүүхэд хоололчихоод 1 цаг 30 минутын дараа эргээд хонин дээрээ очиход манай ээж Х.М  хониноосоо нэлээн зайтай байсан. Тэгээд яваад очиход манай ээж Мягмарсүрэнгийн толгой хагарч цус гоожсон, үс нь зулгаалгуулж сэгсийсэн байдалтай байсан. Дээгүүр өмсөж явсан цамц энгэр нь урагдсан, мөн өмд нь ард тал дээрээ урагдсан байсан. Би тухайн үед юу болсон талаар ээжээсээ асуухад 2 мал нийлэх гээд байхаар нь айлын мал цаашлуулсан чинь Мөнх-Эрдэнэ чи хүний мал хөөлөө гэж учир зүггүй зодсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 18-рт/,

Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 28-ны өдөр би аймаг дээр гэртээ байж байтал 18 цагийн үед Мийгаа эгчийн охин Э  утсаар над руу залгаж яриад ээжийг хүн зодсон байна та цагдаад газарчилаад хүрээд ир гэсэн. Тэгээд цагдаагийн машинтай Тайшир сумын Галуут багийн Тээгийн аараг гэх газарт гэрт очиход гэртээ байхгүй байсан.  Гэрийнх нь доод руу хээр очиход Манай эгч Х.М зодуулсан хэвтэж байсан. Би эгчийгээ машинд өргөж оруулаад зодсон гэх залуугийнд цагдаатай очиж тэр залууг машинд суулгаж аймагт дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг/хх 19-рт/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 28-ны өдөр 16 цагийн үед Аймгийн цагдаагийн газарт жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байх үед Тайшир сумын Галуут багийн “Тээгийн аараг” гэх газар бэлчээрийн маргаанаас болж хүн зодууллаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаа Д.М  болон газарчлагч зүс үл таних 1  эмэгтэй хүн бид нартай хамт Тайшир сумын Галуут багийн “Тээгийн аараг” гэх газар руу явсан. Тэгээд "Тээгийн аараг" гэх газар хохирогч Х.М-гийн гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгсэн нэг эмэгтэй хүүхэд ирээд бид нарыг Х.М-гийн байгаа газар дагуулж очсон. Очиход Х.М нь дов толгод дээр овоолсон чулууны хажууд толгойн тус газраас нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан...О.М шонгийн  нүх ухаад сууж байсан.  Тэгээд дуудлагын дагуу ирлээ.  Та аймгийн  цагдаагийн  газар  руу явах хэрэгтэй  байна  гэхэд О.Мөнх-Эрдэнэ би явахгүй наад хүн чинь эхлээд бид нарыг бэлчээрээс хөөсөн...” гэх мэдүүлэг /хх 20-21-рт/,

Шүүгдэгч О.М-ий мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэр   өдөр   16   цагийн   үед   манай   мал гэрийнхээ  зүүн  хойд талд байсан  гэтэл  манай  саахалтын  айлын хүн  болох Мягмарсүрэн  нь  манай  малыг хөөгөөд байж байхаар  би  мотоцикльтойгоо  2 хүүхдээ суулгаад яваад очсон. Би М-гийн хажуугаар ойрхон гараад явсан   чинь   араас   чулуу   шидээд   манай   2   хүүхдийг   цохисон   байсан,   би М-гээс зайтай 40-50 метр орчим газар очиж зогсоод мотоциклолоо тавиад 2 хүүхдээ үлдээгээд М-гийн урдаас яваад очих гэтэл урдаас чулуу шидээд миний зүүн талын шанаа орчим цохиж арьсыг зулгалсан. Би та чинь яагаад мал хөөгөөд байнаа гээд хэрүүл маргаан болж байгаад би Мягмарсүрэнгийн мөрлүү нь түлхээд унагаасан чинь толгойноос нь цус гараад босоод ирсэн, чулуун дээр унаж толгой нь хагарсан байх. Босож ирээд над руу дайрхаар нь 2 гарыг нь бариад зогсож байсан. М  намайг хэл амаар нилээн доромжилсон, би гарыг нь тавьчихаад холдоод яваад өгсөн. Би мотоцикол дээрээ очоод 2 хүүхдээ аваад гэр лүүгээ явсан удалгүй цагдаа нар ирээд намайг авч  явсан, М  бас хамт явсан. Би М-г  над  руу дайрч давшлаад байхаар нь мөр лүү нь түлхэж унагаасан, М  унахдаа чулуун дээр унаж толгойгоо хагалсан байх, би санаатайгаар М г зодож цохиж гэмтэл учруулаагүй. Түлхэж газарт унагааснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх 135-136-рт/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч а/д Т.Алтайбаатарын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №201 дугаартай “...1. Х.М-гийн биед гэмтэл тогтоогдлоо.

2.Х.Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, баруун чамархайд шарх гэмтэл учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 25-26-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг/хх 6-7-рт/, хохирогчийн дахин мэдүүлэг/хх 9-рт/, гэрч Д.М-гийн мэдүүлэг/хх 10-11-рт/, гэрч М-гийн 2 дахь удаа өгсөн мэдүүлэг/хх 12-рт/, гэрч Н-гийн мэдүүлэг/хх 19-рт/, гэрч Б-ын мэдүүлэг/хх 20-22-рт/, шинжээчийн 201 дугаартай дүгнэлт/хх 25-26-рт/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг/хх 133-134-рт/, яллагдагчийн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх 137-рт/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл/хх 138-рт/, эмчилгээтэй холбоотой зарлагын баримт/хх 99-рт/, 142550 төгрөгийн баримт, хохирогчийн зодуулсаны дараах байдлыг харуулсан гэрэл зураг/хх 91-92-рт/зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрч Д-ын М-гийн мэдүүлэг/хх 10-рт/, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрч Д.О-ын мэдүүлэгхх 13-рт/, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн насанд хүрээгүй гэрч М-гийн мэдүүлэг/хх 14-рт/, гэрч Б-ын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Б-ын мэдүүлэг/хх 23-рт/, М-гийн биед гаргасан шинжээчийн дүгнэлт/хх 25-рт/, 2018 оны 08 дугаар сарын 278-ны өдөр О.Мөнх-Эрдэнийн биед гаргасан шинжээчийн дүгнэлт/хх 30-рт/, М-гийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, М-ийн биед 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх138-рт/, өмгөөлөгчийн зүгээс яагаад хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судлуулж байна гэхээр нөхөн үзлэг хийх талаар дүрс бичлэг хийгээгүй. Энэ талаар яллагдагч болон өмгөөлөгчид мэдэгдээгүй. Үзлэг хийсэн талаар баримт байхгүй. Тэгш цагаан газар байсан гэж байна. Гэтэл улсын яллагчийн шинжлэн судлуулсан Э-гийн мэдүүлэгт “манай ээж овоолсон чулууны хажууд хэвтэж байсан” гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос та зодолдсон газраа хэвтэж байсан юм уу? гэхэд тийм гэж хэлсэн. Үүнээс харахад хэргийн газрын нөхөн үзлэгийг цагдаа нар яаж хийж байгаа талаар харагдаж байгаа. Туршилт хийлгэх ажиллагаа хийсэн. М мөрдөн байцаалтын ажиллагаанд хажуугаар нь хоёр хүүхэдтэйгээ өнгөрөөд явахад араас нь чулуу шидсэн. Мотоциклио зогсоочихоод эгээд ирэхэд өөрийг нь чулуугаар оносон гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөгч нь ажиллагаа хийхдээ О.М гэдэг хүнийг яллахын төлөө ажиллагаа хийсэн нь харагдаж байгаа. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шинжлэн судалъя гээд 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт/хх 90-рт/ байгаа. Энэ нь эмнэлэгт хэвтэж байх хугацаанд давхар эм авсан нь харагдаж байгаа. Сторын түүхээс энэ нь тодорхой харагдана. 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нээсэн өвчтөний түүх /хх 94-113-рт/, эмнэлэгт хэрэглэгдсэн эмийн жагсаалт/хх 103-рт/, 11 төрлийн эм тухайн эмнэлэгт хэрэглэгдсэн. Гэтэл зарлагын баримт дээр 13 төрлийн эд зүйл гарсан. Энэ жагсаалтаас харахад 2 эм таардаг бусад нь эмнэлгийн эмийн хуудсан дээр бичигдээгүй эм байгаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан: “...аргагүй хамгаалалт учир гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “...Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Х.М-гийн хууль бус довтолгоон нь идэвхитэй үргэлжилж, бусдын амь нас эрүүл мэндэд бодит аюул учруулахуйц нөхцөл байдлын үед шүүгдэгчийн хийж буй  идэвхитэй, бодит хамгаалалтыг аргагүй хамгаалалт гэж ойлгохоор байна.

 

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М-гийн мэдүүлсэн: “...Би хонь малаа туугаад явж байхдаа энэ хүн рүү чулуу шидээд миний чулуу очиж цохисон байж болно...”, шүүгдэгч О.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Эхлээд над руу чулуу шидээд хүүхдүүдийн толгой руу чулуугаар цохисон. Би хоёр хүүхэд уйлаад байхаар нь хоёр хүүхдээ буулгаад үлдээчихээд өмнөөс нь очиход миний өмнөөс чулуу шидсэн... Чирсэн зүйл байхгүй, унагаахад шороо болсон байх гэж бодож байна... Уур хүрээд юугаа ч мэдээгүй... Уур хүрээд хоёр гараас нь бариад унагаасан... Эхэлж хоёр хүүхэдтэйгээ очиход араас чулуугаар цохисон. Тэгээд хоёр гараас нь бариад түлхсэн. Унаад босоод ирэхэд толгойноос нь цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар хохирогч Х.М  нь  чулуу шидэж уг үйлдэл дууссаны дараа шүүгдэгч О.М нь мотоциклиос бууж ирээд улмаар хохирогчийг түлхэж унагаан  биед нь тархи доргилт, баруун чамархайд шарх гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Иймд шүүгдэгч О.М-ийг өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамтгаалалтыг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдалд  дүгнэлт хийхэд шүүгдэгч О.М нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Тээгийн аараг гэх газарт бэлчээрийн маргаанаас болж хохирогч Х.М-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч Өндөр дамба овогт О-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О.М-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.М-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М  нь “...Эм тарианы 145.000, өмд цамцны 50.000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 312.000 төгрөг нэмж нэхэмжилж байна...” гэж нэхэмжилсэн боловч шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар тогтоогдож буй хохиролд хохирогчид 150.000 төгрөгийг шүүх хуралдааны үед бэлнээр төлсөн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Х.М нь эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.М-д 150.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Өндөр дамба овогт О-ын М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэр бүлийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...торгуулийн хэмжээг хамгийн багаар буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн өмд 1 ширхэг, цамц 1 ширхэгийг хохирогч Х.М  нь буцаан авна гэсэн тул түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, хохирогч нь эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овгийн О-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан О.М нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн өмд 1 ширхэг, цамц 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, хохирогч нь эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА