Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2023/00015

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/00002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “4900 ам доллар буюу 16,660,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туул илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь  анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагатаа *******аас 9800 ам доллар буюу 15,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ. ******* нь *******ад 980 ам доллар өгөөд түүнийг буцааж аваагүй, харин энэ мөнгөнөөс Хүрэлбаатар гэж дүүд маань өгсөн гэж ярьдаг учраас 9800 ам долларын 50 хувь болох 4900 ам долларыг буцаан авахаар шаардаж байна.

Буцаан шаардаж буй 4900 ам доллар нь одоогийн Монгол банкны зарласан ханшаар 16,660,000 төгрөг болж байгаа учир *******аас 4900 ам доллар буюу 16,660,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...*******г Монгол улсад Эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулахад туслах хүн хайж байсан учир *******ын санал болгосноор түүний ах гэх *******той уулзсан. ******* гэдэг хүн захирал *******гийг ерөнхий сайдтай уулзуулж өгнө, РРА-н буюу Эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгч чадах уу? гэхэд болно гээд үйлчилгээ үзүүлэх гэрээг захирал *******гтай байгуулж, энэ ажлын хөлс 200,000 ам.доллар болно гэхэд зөвшөөрөөд гэрээ байгуулж урьдчилгаа 100,000 ам.долларыг бэлнээр *******ид өгөөд үлдэгдэл 100,000 ам.долларыг гэрээ хийсний дараа төлөхөөр тохиролцсон юм.

*******ид 99,800 ам.долларыг бэлнээр өгөөд баримт үйлдсэн бөгөөд 200 ам.долларыг банк шимтгэлд суутгаж авсан байсан. Анх *******ийг Солонгос улсын иргэн *******гтай танилцуулах үед түүний дүү ******* нь ...хоёулаа энэ гэрээнд зуучлаад өгвөл ах авсан мөнгөнөөсөө 10 хувийг нь чи бид хоёрт зуучилсны хөлсөнд өгнө гэж байна гэж надад хэлж байсан. Миний бие *******ид долларыг өгчхөөд гараад явсан. Гэтэл 2 цаг орчмын дараа ******* над руу утасдаж Тусгаар тогтнолын ордны 410 тоотод хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон.

******* ажилд зуучилж өгсөнд баярлалаа гээд 9,800 ам.долларыг надад бэлнээр өгсөн юм. Уг мөнгийг авах үед түүний дүү ******* хамт байсан бөгөөд би *******ийн нүдэн дээр долларыг тоолж, 50 хувь буюу 4,900 ам.долларыг *******т бэлнээр өгсөн.

Миний бие *******оос авсан 4,900 ам.долларыг Солонгос улсын иргэн *******гтай холбож өгч үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад нь зуучилсны хөлс буюу урамшуулал гэж авсан бөгөөд уг гэрээ амжилтгүй болбол *******ид буцааж өгөх талаар бидний хооронд ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, гэрээ нь амжилтгүй болсон нь надаас ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй тул миний бие зуучлалын хөлсөнд авсан 4,900 ам.долларыг *******ид буцааж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна.

...Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хөлсөө буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ******* нь өөрөөсөө 10,000 ам.долларыг *******өд төлж хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд энэ хохирол нь хариуцагч *******ад хамааралгүй асуудал юм. ******* нь 10,000 ам.долларыг *******өд төлж хохирсон гэж үзэж байгаа бол уг ам.долларыг авсан *******өөс хохирлоо нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор нотлогдон тогтоогдсон байх бөгөөд уг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгөө бусдаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул 4900 ам доллар буюу 16,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 11,741,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, 4,918,326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,460 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 202,817 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зуучлалын гэрээ амаар байгуулагдаж нэхэмжлэгч ******* нь Солонгос улсын иргэнээс залилан мэхлэх замаар олж авсан 99,800 ам доллараас  гэрээнд зуучилсны хөлсөнд төлсөн 4,800 ам долларыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд нийцээгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг *******ад 4,800 ам доллар зээлүүлсэн гэж тодорхойлж байгаатай нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг хэрэглэж байгаа бол Иргэний хуулийн 492.4, 492.4.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой байсан.

...зохигчдын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн байхад уг үйл баримтад буруу дүгнэлт хийж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ *******ад 4800 ам долларыг зээлүүлсэн гэж тодорхойлж байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой байсан боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 9800 ам доллар буюу 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4900 ам доллар буюу 15,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, мөн Монгол банкны зарласан ханшаар тооцож нийт 16,660,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хавтаст хэргийн 1, 40, 64/

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 11,741,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,918,326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.

4. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын санал болгосны дагуу Солонгос улсын иргэн *******гтай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 100,000 ам доллар авч,  тухайн үед хариуцагч *******ад 4900 ам доллар өгсөн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир хариуцагч *******ад өгсөн 4900 ам долларыг буцаан авах ёстой мөнгө гэж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийг Солонгос улсын иргэн *******гтай холбож өгч үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад нь зуучилсны хөлс буюу урамшуулал гэж авсан тул миний бие зуучлалын хөлсөнд авсан 4,900 ам.долларыг *******ид буцааж өгөх үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

5. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан ба зуучлалын гэрээний үндсэн шинж нь зуучлуулагч буюу даалгавар өгөгч зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах  буюу зуучлуулагч, гуравдагч этгээдийн хооронд гэрээ байгуулахад зуучлагч тодорхой хувь нэмэр оруулсан байхыг шаардана.

Энэ хэргийн хувьд хариуцагч ******* нь Солонгос улсын иргэн *******гийн нэхэмжлэгч *******той байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахад оролцсон талаар талууд маргаагүй боловч тэрээр өөрийн ажиллаж байсан Солонгосын хөрөнгө оруулалттай “Ийст Эжиа Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой  үйлчилгээ үзүүлэх хэлцэл хийгдэх үед оролцсоны хувьд нэхэмжлэгч *******оос зуучлалын хөлс шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч ******* нь үйлчилгээ үзүүлэх хэлцэл хийгдэх үед “Ийст Эжиа Энержи” ХХК-нд ажиллаж байсан гэж тайлбарладаг бөгөөд Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан бол зуучлуулагч нь зуучлагчид зуучлалын хөлс, шагнал болон зардлыг нөхөн төлөхгүй гэж хуульчилсан учир 4900 ам доллар нь зуучлалын хөлс гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 6. Анхан шатны шүүхээс талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч *******ад шилжүүлсэн 4900 ам.долларыг нэхэмжлэгч ******* нь   бусдын өмнө хариуцан төлсөн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь бусдад шилжүүлсэн мөнгийг шаардах эрхтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж хуульчилсны дагуу үүрэг үүсэх үеийн ханш буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр тооцон 11,741,674 төгрөгийг /4,900 ам.доллар х 2,396 төгрөг/ хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,918,326 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/00002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА                                 

                                                  ШҮҮГЧИД                                       Х.БАЙГАЛМАА                                         

                                                                                                             Я.ТУУЛ