| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0101/э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-ийн М-т холбогдох 1816002010115 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, Говь-Алтай аймгийн******** оршин суудаг, 1*** оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, татварын нягтлан бодогч мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д............ регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ийн М гэв.
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Алтай таван богд дэлгүүрийн арын засмал зам дээр **-** ГАҮ улсын дугаартай Raum маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн журмын 15.1 а/-д заасан “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзлэж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтуудыг
зөрчсөний улмаас явган зорчигч Я.Н-г мөргөж унагаан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Алтай таван болд дэлгүүрийн арын засмал зам дээр **-** ГАҮ улсын дугаартай Raum маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Н-г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.М-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим гэр рүүгээ буцах замд аюулгүйн тойргоор тойроод хойшоо эргэх замд нар гялбаад байхаар нь нарны хамгаалалтаа уруу нь буулгахад нар хаахгүй байсан. Гараараа хаахад хүн мөргөх шиг болсон тэгээд зогссон... 20-30 километр цагийн хурдтай явж байсан... Аюулгүйн тойргоор тойрход замаар хүн явж харагдаагүй... Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг баримтаар, баримтгүй 358.980 төгрөг, мөн 20.000 төгрөг өгсөн...4 настай хүүхэдтэй...хохирогч 10.000.000 төгрөг өг гэж хэлсэн... гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Я.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Таван богд дэлгүүр орчихоод гэр орондоо ойр зуурын юм авчихаад зам хөндлөн гараад дуусаж байхад хажуу талаас нэг машин ирээд мөргөх шиг болсон юм. Тэгээд би машин доороос хоёр хөлөө гаргах шиг болсон. Тэгээд намайг мөргөсөн гэх цагаан өнгийн машинаас нэг хүн бууж ирээд намайг цээжин биеэр тэврээд суухад нэг эрэгтэй хүн охинд чинь очиж хэлчихээд ирье гэж хэлэх шиг болж байсан... Намайг зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөнийг харахад хол машин ирж байсан ба би зам гарахдаа тухайн машинаас амжаад зам гарчих байх шиг бодсон... Мөнхцэцэгээс эмчилгээний 359.580 төгрөг авсан байгаа...” гэх мэдүүлэг/хх 13-15-рт/,
Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Говь-Алтай аймгийн төв замаар ертөнцийн зүгээр хойд зүгрүү буюу Таван богд дэлгүүрийн хажуу талын аюулгүйн тойргоор хойшоо эргэх үед нар жаргаж байсан болохоор миний өмнөөс нар тусаад нүд гялбахаар нь машины шилний дээр байдаг нарны гялбаанаас хамгаалах саравчийг нь доош нь буулгахад мөн адил нар гялбаад байсан юм. Тэгэхээр нь би гараараа нарны гялбааг хаах үед өмнүүр нэг хүн ороод ирэх шиг болохоор нь тоормозаа гишгэхэд нэг хүн мөргөх шиг болохоор нь би машинаасаа буугаад ирэхэд 50-60 насны настай эгч миний машины өмнө газарт уначихсан байсан...Уг осол болоход байгалийн болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Харин өмнөөс тээврийн хэрэгслийн өмнөөс нар гялбаж байсан болохоор осол гарах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг/хх 16-17-рт/,
Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Г ахын гэрийг цэвэрлэж байхад гаднаас Г гэх залуу орж ирээд А -ээ ээж чинь гадаа машинд дайруулсан зам дээр хэвтэж байна гэж хэлэхээр нь би -ийн гэрээс гараад засмал зам дээр гүйгээд иртэл цагаан өнгийн жижиг суудлын машины урд манай ээж Н-г нэг танихгүй эмэгтэй хүн тэврээд газарт сууж байхаар нь би машины жолооч нь хаана юм бэ гэж нөгөө үл таних эмэгтэйгээс асуухад би машины жолооч нь байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 18-20-рт/,
Гэрч Л.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Я.Н нь бүсэлхийн 1-р нугаламын их бие шахагдсан хугаралтай, хуучин уушигны архаг өвчтэй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн...бүсэлхийн 1-р нугалам их биеэр шахагдсан гэмтэл нь шинэ гэмтэл юм...” гэх мэдүүлэг/хх 21-22-рт/,
Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Я.Н-гийн биед үүссэн гэмтлүүдээс бүсэлхийн нурууны 1-р нугаламын шахагдсан хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно...Я.Н-гийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслийн тасгийн өвчний түүхэнд онош хэсэгт бүсэлхийн 1-р нугаламын шахагдсан хугарал гэж бичигдсэн байсныг үндэслэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг/хх 23-24-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, ахмад Д.Даваахүүгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаартай “...1. Иргэн Н-гийн биед бүсэлхийн нурууны 1-р нугаламын шахагдсан хугарал, бөгсний нүхний орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Шинээр нөхцөл байдал илэрсэнгүй...” гэх дүгнэлт/хх 34-35-рт/,
Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасан, цагдаагийн ахмад Л.Лхагвадорж, "Мөнх жолоо" жолооны сургуулийн дүрмийн багш Ч.Д нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...НЭГ: Жолооч Д овогтой М нь 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 15.1 а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзлэж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Хоёр: Явган зорчигч Я.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг. 3.4 Явган зорчигч хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна зэрэг заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Гурав: Жолооч Д.М , явган зорчигч нарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг бүрэлдэхүүнтэй комисс тогтоосон. Осол хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтооно.
Дөрөв: Шинжээч, цагдаагийн хошууч Б.Түмэнбаярын 2018.09.05-ны өдөр гаргасан дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 2.5, 9.2, 3.4 зэрэг заалтуудыг тусгаагүй нь учир дутагдалтай байна
Тав: Шинжилгээний явцад шинээр ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 41-рт/,
Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Тээврийн хэрэгсэл жолоодож явах нүд гялбах үед би хүн мөргөх шиг болсон. Надад зам хөндлөн гарч байгаа хүн харагдаагүй...Би нүд гялбах үед тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, зогсоох гэж байхдаа хүн мөргөсөн юм. Тийм болохоор тоормас гишгэсэн мөр хэрэг учралын газар үлдээгүй...Би хохирогч Я.Н-гийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн 360.000 төгрөгийг төлсөн, ойр зуурын хэрэгцээний бүх зүйлээр хангаж өгсөн, мөн Я.Нансалмааг Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад нь 1.000.000 төгрөг данс руу нь хийсэн. Өөр ямар нэгэн байдлаар хохирол барагдуулсан зүйл байхгүй байна...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх 51-52-рт/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх 4-6-рт/,
Замын цагдаагийн тасгийн жолоочийн мэдээллийн дэлгэрэнгүй хуудас/хх 30-рт/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх 56-рт/,
Хохирол төлсөн баримт/хх 57-58-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх 4-6-рт/, хохирогч иргэний нэхэмжлэгч На-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг/хх 13-15-рт/, шүүгдэгч Д.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 16-17-рт/, гэрч А-ийн мэдүүлэг/хх 18-20-рт/, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Г-ийн мэдүүлэг/хх 21-22-рт/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн мэдүүлэг/хх 23-24-рт/, яллагдагч Д.М нь “В” ангиллын жолоодох эрхтэй байна гэсэн замын цагдаагийн тасгийн жолоочийн мэдээллийн дэлгэрэнгүй хуудас/хх 30-рт/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 34-35-рт/, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын шинжээч цагдаагийн ахмад Мөнхнасан, ахмад Лхагвадорж, Мөнх-Жолоо жолооны сургуулийн дүрмийн багш Дайрийжав нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, яллагдагч Д.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 51-52-рт/, хохирогчид төлсөн хаан банкны орлогын баримт/хх 57-58-рт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх 56-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.М-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Я.Н-д 1.378.980 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...хохирогч хэвтэрт байгаа цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн тул уг хүсэлтийг хангаж, хохирогч Я.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М-ийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасан, цагдаагийн ахмад Л.Лхагвадорж, "Мөнх жолоо" жолооны сургуулийн дүрмийн багш Ч.Д нарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...Хоёр: Явган зорчигч Я.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг. 3.4 Явган зорчигч хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Зэрэг заадтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-рт/, хохирогч Я.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Намайг зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөнийг харахад хол машин ирж байсан ба би зам гарахдаа тухайн машинаас амжаад зам гарчих байх шиг бодсон...” гэх мэдүүлэг/хх 14-15-рт/ зэргээр хохирогчийн буруутай үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг баримтаар, баримтгүй 378.980 төгрөг төлсөн...гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Я.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “М-ээс эмчилгээний 359.580 төгрөг авсан байгаа...” гэх мэдүүлэг/хх 14-15-рт/, хохирол төлсөн баримт/хх 57-58-рт/ зэргээр тогтоогдож байгаа мөн прокурор 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.М-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналтай шүүгдэгч Д.М нь танилцаж, гарын үсэг зурсан/хх 94-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын болон шүүгдэгч Д.М-ийн ам бүл хоёул, 4 настай хүүхэдтэйгээ хамт амьдардаг болон уг гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нь хохирогчид 1.378.980 төгрөг төлсөн, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Д.М-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Д.М нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нь хохирогчид 1.378.980 төгрөг төлсөн, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА