Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00016

 

2023        02            28                                           209/МА2023/00016

 

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

Миний бие Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгосон №000691001 тоот гэрчилгээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн 10б байрны 43 тоот орон сууцыг өмчилдөг.

Дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох ******* ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл ******* гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар ашиглаж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна.

Иймд хариуцагч *******ийг миний хууль ёсны өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах ******* ХХК-ийн 144 айлын орон сууцны Ласти таун хотхоны 10б байрны 43 тоот 71.40 м.кв 2 өрөө орон сууцыг ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 120 тоот гэрээ байгуулан 100 хувь төлбөрөө төлж худалдан аваад 5 жил амьдарсан.

Гэтэл ******* ХХК-ийн захирал Чимэддулам нь ******* гэх хүний өр төлбөрт миний байрыг өгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгсөн байдаг. Энэ талаар шүүхэд дуудагдан очихдоо мэдээд ******* ХХК нь нэг өмчийг хоёр өөр хүнд худалдан борлуулж болохгүйг мэдсээр байж гэрээний дагуу миний эзэмшилд байгаа уг байрыг надад мэдэгдэлгүйгээр бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдын өр төлбөрт өгч намайг хохироосон гэж үзэж ******* ХХК болон ******* нарыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул уг хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Үүний дараа ******* нь надад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай захирамжаар “Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201800303 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоолд ...ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байна...” гэж үзэж шийдвэрлэжээ.

Харин дээрх эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-т энэ хуулийн 65.1.1, 65.13-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ гэж шийдвэрлэсэн.

Миний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд уг байрыг би өөрийн хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны 43 тоот, орон сууцны зориулалттай, Ү-2******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн тухай:

Анхан шатны шүүх нь тус маргаатай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусгавар болоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201800299 дугаартай хэрэг нээсэн байхад *******тай холбоотой хэрэг нээсэн эсэх нь тодорхойгүй байна гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан боловч уг маргаан бүхий байртай холбоотой ажиллагаа дуусгавар болоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх боломгүй байсан.

Мөн анхан шатны шүүх *******тай холбоотой хэрэг бүртгэл нээсэн эсэх нь тодорхойгүй байна гэж үзсэн бол түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ...эрхийг эдлэх... гэж заасны дагуу нөхцөл байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх боломж байсан.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн тухай:

Анхан шатны шүүхэд маргаан бүхий байртай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг шийдвэрлээгүй, мэтгэлцэх эрхийг олгоогүй. Учир нь шүүх уг хүсэлтийг шийдвэрлэсэн бол би баримтаа бүрдүүлж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх байсан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө дээрх хүсэлтийг дэмжиж байгаа эсэхийг тодруулаагүй, үүнийг тодруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасан заалтыг зөрчсөн мөн өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадаагүй.

Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргасан олон хуудас нотлох баримт гаргаж өгсөн байхад шүүгч энэ нотлох баримттай танилцах эрхийг түүнд олгоогүй, талуудын мэтгэлцэх эрхийг тэгш шударгаар олгоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан ба хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.1 Нэхэмжлэгч *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй, эрүүгийн журмаар шалгагдаагүй болох нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35/6/5691 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагаа хэрэг бүртгэлт гэнэ”, 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүй, гомдол мэдээлэлд холбогдуулж хэрэг бүртгэлийн хэрэг нээдэг байхаар хуульчилсан. Хуулийн энэхүү зохицуулалтаар тус нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаагүй эрүүгийн хэрэг үүсгээгүй зөвхөн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Нөгөө төлөөс захирал *******д залилуулсан гэх агуулгатай байдаг бөгөөд *******д хамаагүй. Маргаан бүхий байруудыг хуулийн хүрээнд өмчилсөн түүний улсын бүртгэл нь хууль ёсны болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолтой.

Хариуцагчийн гаргаж буй хүсэлт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа асуудлыг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй шүүх хуралдаанаар шийдвэрлэх асуудал тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон.

5.2 Анхан шатны шүүх хариуцагчийн эрх үүргийг танилцуулж, гарын үсгийг зуруулан авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ба өмгөөлөгч авах хүсэлтийг албан ёсоор гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон шүүх хуралдаанд оролцуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэх үед Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын Дээд шүүхийн тогтоол зэргийг гаргаж өгөх үед шүүх хуралдаан даргалагч нь хариуцагчийн төлөөлөгчөөс уг баримтуудтай танилцах эсэхийг асуухад танилцах шаардлагагүй гэж хариуцагчийн төлөөлөгч өөрөө танилцахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл дээрээс харагдана.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

         2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Хэргээс  судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т  холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13-р хорооллын “Ласти таун хотхон” 10б байрны 43  тоот  өрөө орон сууцыг ******* нь  хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах  боломжгүй болж, хохирч  байна. Иймд *******ийг  уг орон сууцнаас   албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

4. Хариуцагч *******  нь ... миний бие  тус байрыг 2017 онд  ******* ХХК –тай орон сууц захиалгаар бариулах 120 тоот гэрээ байгуулан 100 хувь төлбөрөө төлж худалдан авч, энэ байрандаа 5 жил шахам амьдарч ирсэн.

Гэтэл “*******” ХХК-ийн захирал Чимэддулам нь ******* гэх хүний өр төлбөрт миний байрыг өгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгсөн байдаг. Энэ талаар шүүхэд дуудагдан очихдоо мэдээд нэг өмчийг хоёр өөр хүнд худалдан борлуулж болохгүйг мэдсээр байж гэрээний дагуу миний эзэмшилд байгаа байрыг надад мэдэгдэлгүйгээр бусдын өр төлбөрт өгч хохироосон гэж үзэж уг хууль бус үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба Цагдаагийн байгууллагад  гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд уг байрыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг  гаргаж маргажээ. 

5. Анхан шатны шүүх нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж,

мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч *******  нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэн авч буй хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх үүргээ  биелүүлээгүйгээс дээрх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь нэхэмжлэгч *******д үүссэн байна гэж,

 нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд маргааны зүйлтэй холбоотой болон өмчлөх эрхийн маргаантай асуудал байхгүй байх тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж тус тус дүгнэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10б байрны  43 тоот орон сууцыг  хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн  хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Хариуцагч *******  гомдолдоо ...6.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн, 6.2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийг шалгаж дуусаагүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан ба уг  хүсэлтийг  шийдвэрлээгүй, мэтгэлцэх эрхийг маань олгоогүй, хэрэв шүүх хүсэлтийг шийдвэрлэсэн бол баримт бүрдүүлж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө дээрх хүсэлтийг дэмжиж байгаа эсэхийг тодруулаагүй, үүнийг тодруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шийдвэрлэх байтал уг заалтыг зөрчиж мэтгэлцэх эрхийг олгоогүйд гомдолтой, 6.3.миний төлөөлөгч нь шүүх хуралдаанд цахимаар орсон бөгөөд нэхэмжлэгч талаас олон хуудас  нотлох баримтууд гаргаж өгсөн. Энэ нотлох баримттай танилцах эрхийг олгоогүй атал шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан, иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж  өгнө үү гэжээ. 

7. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр шилжих иргэний эрх зүйн үндсэн дүрмээс гадна маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нь хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж буюу шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүссэн байх бөгөөд *******д өмчлөх эрх нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр  баталгаажсан байна. /хх- 5/

8. Хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээс хариуцагч *******ийн  ...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь  9. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар  шүүгч энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 45/8 тоот “хэрэг үүсгэх тухай” захирамж/хх-24/ гаргаж, уг захирамжийн хувийг хариуцагч *******т 2022 оны 08 дугаар сарын 29-нд гардуулсан/хх-27/,

10. Мөн хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагч *******т 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр  баримт №4-р гардуулж /хх-28/, мөн өдрөө баримт №5-аар  зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүргийг танилцуулсан /хх-29,30/ байх ба эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-д заасанд нийцэж  байна.

Тухайлбал, хэргийн 30 дугаар талд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй бичсэн баримт авагдсан байх ба үүнтэй танилцаж, ойлгосон гэж хариуцагч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар гарын үсэг зурсан байх тул хэргийн оролцогч нарт эрх, үүргийг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгсөн гэж үзнэ.

11. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзал, үндэслэлээ өөрөө нотлох, үүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хуульд заасан  энэхүү үүргээ нэхэмжлэлийг гардан авч шаардлагын талаар маргаж буй тохиолдолд  анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө хүртэл хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тэрээр хуульд заасан  дээрх үүргээ биелүүлээгүй, татгалзлаа нотлоогүй  байна.

12. Мөн шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах,

хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх  шалтгаантай гэж шүүх үзвэл  түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах  эрхийг шүүх эдлэх учиртай.

13. Хариуцагч ******* нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх  шатанд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилаагүй, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий  хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5961 дүгээр шүүгчийн захирамж/хх-43-45/-аар *******ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Үүнээс дүгнэхэд хариуцагч *******ийн хүсэлт нь нотлох баримт  бүрдүүлүүлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульчилсны дагуу гаргасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх  талаар өөрийн татгалзалтай холбогдуулан гаргасан “хүсэлт” гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ үүднээс анхан шатны шүүх хангахаас татгалзсан  нь үндэслэлтэй байна.

14.Улмаар хэргийн 37 дугаар талд авагдсан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай  “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаас үзвэл :

******* нь “******* ХХК-д холбогдуулан ...10б байр, 43 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,  харин ******* нь  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх ба шүүх, ...эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн *******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.  Энэ нь  *******гийн хариуцагч  *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэж үзэх үндэслэл болохгүй  байна.

15.Хэргийн 74 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд ...нэхэмжлэгч талаас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны 189 тоот тогтоол зэргийг гаргаж өгсөн байх ба эдгээр нотлох баримттай танилцах эсэхийг шүүх хуралдаанд цахимаар оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон-с тодруулахад тэрээр танилцах шаардлагагүй гэсэн байх тул түүний эрхийг нь зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч *******ийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******оос  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

             

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                         Л.АМАРСАНАА                                                                                                                                                                      Х.БАЙГАЛМАА