| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 184/2022/02570/И |
| Дугаар | 210/МА2023/00506 |
| Огноо | 2023-03-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2023/00506
| 2023 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2023/00506 |
******** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02883 дугаар шийдвэртэй,
******** нэхэмжлэлтэй, ********т холбогдох, 411,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь ********ын хашаан доторх щитний тоолуураас цахилгааны тоолуураа залгаж, цахилгаан авдаг. ******** нь щитний цоожийг эвдэж бүх тоолуурын ломбыг хуу татаж, өөрийн цахилгаан утсыг нэхэмжлэгчийн тоолуур дээр залган, цахилгааны утас шатаасан. Иймд ********аас АВВ-2х2.5-ын 10 метр утас 20,000 төгрөг, 5 ширхэг чийдэн 5,000 төгрөг, цахилгааны автомат 2 ширхэг 20,000 төгрөг, цахилгаан зуухны ширэм 1 ширхэг 50,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, хариуцагчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 270,000 төгрөг, цахилгааны хэрэгсэл шинээр авсан 71,000 төгрөг, нийт 411,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******** гаргасан нэхэмжлэл үндэсгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 2017 оноос тог, цахилгаан огт хэрэглээгүй, хэрэглэх тогны утас, гар чийдэн, залгуур байдаггүй. Анх нэхэмжилсэн 170,000 төгрөгийг шүүлгэж шалгасны дараа үндэслэн төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ********аас эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож, үлдэх 341,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ********эс 4,550 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч ********аас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********д тус тус олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Цахилгааны тоолуураа ********ын хашаан доторх щитний тоолуураас залгадаг. ******** нь щитний цоожийг эвдэж бүх тоолуурын ломбыг хуу татаж, өөрийн цахилгаан утсыг манай тоолуур дээр залган, цахилгааны утас шатаасан. Иймд ********аас нийт 411,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******** миний тоолуураас залгасан фото зураг байгаа. Хариуцагч ******** нь шүүх хуралдаанд оролцдоггүй. Цахилгаан тоолуур шатсан эсэх талаар газар нь дээр нь харуулах хүсэлтэй байх тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********т холбогдуулан АВВ-2х2.5-ын 10 метр утас 20 000 төгрөг, 5 ширхэг чийдэн 5,000 төгрөг, цахилгааны автомат 2 ширхэг 20,000 төгрөг, цахилгаан зуухны ширэм 1 ширхэг 50,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, хариуцагчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 270,000 төгрөг, цахилгааны хэрэгсэл шинээр авсан 71,000 төгрөг, нийт 411,200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. ******** нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч болох тухай баримтууд хэрэгт авагдсан. /хх 8, 32, 69, 83-86/
Нэхэмжлэгч нь ******** нь щитний цоожийг эвдэж бүх тоолуурын ломбыг хуу татаж, өөрийн цахилгаан утсыг нэхэмжлэгчийн тоолуур дээр залган, цахилгааны утас шатаасан талаар тайлбарласан байх бөгөөд энэ нь эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага эсэхийг тодруулах нь зүйтэй байжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбарт биш харин хэргийн үйл баримтад ач холбогдол өгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь ********ын хашаан доторх щитний тоолуураас цахилгааны тоолуураа залгаж цахилгаан авдаг эсэх, ********ын үйлдлээс щитний цоож эвдэрч тоолуурын ломбо хөдөлсөн, цахилгааны утас шатсан үйл баримт болсон эсэх тогтоогдоогүй байна.
Хариуцагч нь 170,000 төгрөгийг шүүлгэж шалгуулсны дараа төлөхөөр тайлбар гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь ******** өөрийнх нь тоолуураас залгасан талаар фото зураг байгаа, монтер дуудаж цахилгаанаа залгуулж байсан талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тодруулаагүй, хүсэлт бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ш.ОЮУНХАНД