Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 215/МА2023/00004

 

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00608 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт оршин суух, Ж овгийн Д.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт оршин суух, Л овгийн О.Х-т холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч О.Х, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ /4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000 /таван мянга/ метр квадрат талбайтай газрыг чөлөөлүүлэх.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Б миний бие Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамжаар газар тариалангийн зориулалттай, нэгж талбарын 820200863 дугаартай 0,5 га талбайтай газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа.

 

Гэтэл О.Х нь надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр миний газар дээр тариа тарьчихаад энэ газар чинь одоо миний газар болсон гэж марган намайг өөрийн эззмшлийн газартаа тариа тарьж, хадлангаа авч ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

 

О.Х-ын энэхүү үйлдэл нь намайг өөрийн эзэмшлийн 0,5 га газраа ашиглаж, ашиг шимийг нь олж авах эрхэд минь саад учруулж байгаа тул Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Хүрхрээ голд байрлах, нэгж талбарын 8202000863 дугаартай, 0224588 дугаар гэрчилгээтэй, газар тариалангийн зориулалттай 0,5 га газрыг О.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Би Хүрхрээ голд 2005 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Д.Б гэдэг хүний 50 сот газар байгаа. Энэ талбайг 2005 оноос хойш Тогоо гэдэг хүн эзэмшиж байгаад 2006 онд Төв аймаг руу шилжсэн.

 

Ашиглагдаагүй талбайг 2005 оноос сумын Засаг даргын захирамж гарч, эзэмшиж байгаа хүмүүст шилжүүлсэн. Захирамжид үндэслээд газрын даамал байсан Б.Додгон гэдэг хүнд хүсэлт гаргаж, энэ 50 сот газрыг аавын газартай хамт эзэмшье гэхэд газрыг хэмжиж байж олгоно гэсэн.

 

Дараа нь дахин хүсэлтээ өгөхөд кадастрын зургаа баталгаажуулж газрыг чамд өгөх эсэхийг шийднэ гэсэн. Би тэр газарт 2019 он хүртэл тариалан эрхэлж эзэмшиж байсан.

Д.Б нь 2022 онд Б.Б-тай хамт надтай уулзаагүй шууд ирээд талбайгаа услаад явсан. Өмнө нь би өөрт нь хуулийн дагуу маргалдахгүй газраа ав гэж хэлсэн.

Маргаан болж байгаа үндэслэл нь манай сумын даамал кадастрын зургийг баталгаажуулсан. Тэгэхэд эцэг нь ирээд энэ манай газар байгаа юм, 50 сот газар энд байгаа. Чи хүний газар дээрэмдэж авлаа. Би газраа авна гэхээр нь “Та өөрийнхөө газрыг эзэмшээрэй” гэхэд хадлан сайн гарч байгаа энэ газрыг би авна. Урд газрыг би авахгүй гэж хэлээд кадастрын зураг хийлгэсэн.

 

Газрын байрлал нь солигдсон байгаа юм. У.Д гэдэг хүний хажууд Д.Б гэдэг хүний газар захирамж дээр байгаа гэж хэлсэн.

Би 2005 оноос хойш хүний газар булааж авч тариалан эрхлээгүй. Үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Би хөгшин хүнтэй маргалдаад яах вэ? Та учрыг нь олж өгөөрэй гэж хэлээд байгаа юм.

Өөрөө газраа мэдэхгүй, тариалан эрхэлж үзээгүй. Би газрын албанд очиж кадастрын зургаар үзүүлсэн. Энэ хүний талбайг ашиглаагүй хоосон байгаа гэж хэлсэн. Тэгэхэд үүнийг дүгнэлтдээ оруулаагүй байна. Газрын албаны хүнийг дүгнэлт дээрээ яагаад оруулаагүй талаар гайхаж байна.

Миний хүсээд байгаа зүйл нь захирамжийн дагуу У.Д гэдэг хүний газрын хажууд Д.Б гэдэг хүний газар байх ёстой гэж хэлээд байгаа юм гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б хууль ёсны эзэмшил, 8202000863 нэгж талбарын дугаартай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ /4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000 /таван мянга/ метр квадрат талбайтай газрыг хариуцагч О.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Х-аас шүүхийн нөхөн төлүүлэх зардалд 1,325,450 /нэг сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан шинжээч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Иргэний хэргийн хариуцагч О.Х-ын өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00608 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн хуулийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын 32 дахь заалтаар 9 дүгээр талбайд 0.5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар уг захирамжийг үндэслэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын газрын даамал нь 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0224588 дугаартай Монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулжээ. Энэхүү бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ голд байршилтай газар тариалангийн зориулалттай 5000 м кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдож байна гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар эхлээд газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гарч байж эзэмших гэрээ байгуулагдаж гэрчилгээ олгогдоно. Гэтэл нэхэмжлэгчийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхэд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нолтох баримтаар эргэлзээтэй буюу Засаг даргын шийдвэр захирамж гараагүй байхад эзэмших эрхийн гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдож байна. Мөн хуулийн 34.6 дугаар зүйлийн 34.6.3 дахь хэсэгт, газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээ байршил заагийг харуулсан зураг нэгж талбарын дугаар зэргийг гэрээнд тусгадаг боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээнд холбогдох газрын хэмжээ байршил заагийг харуулсан зургийг тусгаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

 

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээрт О эзэмшиж буй нэгж талбарын 8202000869 дугаартай газар нь нэхэмжлэгч Д.Б эзэмшиж байгаа 820200086 нэгж талбарын дугаартай газартай хил залгаа хоорондоо хөрш болох нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч О.Х-ыг Д.Б эзэмшлийн газрыг тариалангийн зориулалтаар ашиглаж байгааг тогтоосон гэж шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт болгож дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэс болгосон гэж үзэж байна. Учир нь хариуцагч С.Х нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа шинжээчийн багын ажлын хэсгийн ахлагч болон шинжээчээр томилогдсон Э.П нь 2020 онд тухайн маргаан бүхий газар дээр ирж хэмжилт хийж кадастрын зургийг хийсэн ба хийж явахдаа О эзэмшил бүхий газар дээр Д.Б эзэмшиж байгаа гэх газрын кадастрыг оруулсан хүн гэж хэлдэг. Гэтэл тухайн шинжээчийн бүрэлдэхүүнд орсон шинжээч Э.П нь урьд тухайн маргаан бүхий газарт кадастрын зургийг хийсэн гэх бөгөөд шинжээчээр томилогдсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэг, 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 91.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус үндэслэн ашиг сонирхолын зөрчилтэй, нөхцөл байдал байхад өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарахгүйгээр дүгнэлт гаргасан нь тухайн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, тус нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Тус дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Мөн шүүх хэргийн үйл баримтыг тогтоох зайлшгүй шаардлагатай нотлох баримт дутуу байхад маргааныг шийдвэрлэж дүгнэлт шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдлыг тогтоосон шийдвэр дүгнэлт гаргаагүй байна. Учир нь хариуцагчийн эцэг О гуай нь анх тухайн маргаан бүхий газар болох Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ голд 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Нэхэмжлэгч Д.Б нь 2010 оны шийдвэрээр газар эзэмших эрхийг дээрх газарт олж авсан гэх боловч Д.Б-д анх эзэмшүүлэх эрхийг олгоход ямар газрыг зураглаж хэмжээ хязгаар заагийг тогтоож өгсөн болох хариуцагч талын маргаж байгаа үйл баримтыг хавтаст хэрэгт тогтоогоогүй. Д.Б газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэх боловч анх эзэмших эрхийг олгоход зааж өгсөн газрын зааг зураглал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. 2020 онд тухайн тариалангийн зориулалттай газрыг кадастрын зургийг хийсэн гэх боловч хаанаас ямар байгууллага хийсэн болох, хариуцагч талын хэлсэн шинжээчийн бүрэлдэхүүнд орсон Э.П нь орсон эсэх, кадастрын зураг газрын мэдээллийн санд хэрхэн орж бүртгэгдсэн эсэх, хариуцагчийн эзэмшиж байгаа газар нь нэхэмжлэгчийн эзэмшилийн газар мөн эсэх зэргийг тодруулахгүйгээр зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээтэй байгаа тул тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн байна гэж дүгнэн хариуцагчийн эзэмшилийн газраас нэхэмжлэгчийн эзэмшилийн газар байна гэж үзэн албадан чөлөөлүүлэхээр дүгнэж хариуцагчийн эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

7. Нэхэмжлэгч Д.Б нь О.Х-д холбогдуулан Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5000 метр квадрат хэмжээтэй газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай захирамж, Монгол Улсын иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0224588 дугаар гэрчилгээ зэргээр уг газрыг Д.Б хууль ёсоор эзэмших эрхтэй гэжээ.

 

8. Хариуцагч О.Х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, эцэг Б.О-х нь эзэмшлийн газрыг Д.Б дураараа өөрийн газар гэж кадастрын зураг хийлгэж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн, газрын кадастр хийсэн мэргэжилтэн нь шинжээчээр томилогдож маргаан бүхий уг газрыг Д.Б эзэмшлийн газар гэж дүгнэсэнээс шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт “Иргэн газар эзэмших хүсэлтдээ эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргана” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсгийн 34.6.3 дахь заалтад Газар эзэмших гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар зэргийг тусгана гэж тус тус заасан байна.

11. Гэтэл Д.Б газар эзэмших хүсэлт, Чандмань сумын Засаг даргын иргэдэд газар эзэмшүүлэх тухай 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамж, түүний хавсралт зэргийн алинд ч Д.Б эзэмших газрын байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар бичигдээгүй байна.

12. Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын 32 дахь заалтаар 9 дүгээр талбайд 0.5 га газрыг Д.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж уг захирамжийг үндэслэн Говь-Алтай аймгийн газрын даамал 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0224588 дугаартай Монгол улсын иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

            Учир нь Д.Б-д 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгогдсон 0224588 дугаар гэрчилгээ нь цаг хугацааны хувьд Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаас өмнө олгогдсон байхаас гадна газрын зориулалтын хувьд тохирохгүй байна.

            Нэхэмжлэгч Д.Б нь газар эзэмшихийг хүссэн өргөдөлдөө газар тариалангийн зориулалтаар газар эзэмшихийг хүссэн ба дээрх Засаг даргын захирамжийн нэг дэх хэсэгт Иргэдийн хүсэлтийг үндэслэн тариа, төмс, хүнсний ногоо тарихад нь зориулж Хүрхрээ голын тариалангийн талбайд хувиарлагдсан газрыг эзэмшүүлэхээр заасан байна.

13. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээний дагуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын газрын даамал нь Д.Б-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэж дурдаад дээрх нотлох баримтуудаар 8202000863 нэгж талбарын дугаартай нэхэмжлэлд заагдсан газрын хууль ёсны эзэмшигч нь Д.Б болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.  

Гэвч хэрэгт Д.Б-д газар эзэмшүүлэх гэрээ авагдаагүй, харин Б.О-д газар эзэмшүүлэх гэрээ хэрэгт авагдсан боловч уг гэрээнд нэгж талбарын дугаар бичигдээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Д.Б-д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж, гэрчилгээ зэрэгт Д.Б-д эзэмшүүлсэн газрын нэгж талбарын дугаар огт тусгагдаагүй байна.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б 8202000863 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг баталгаажуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй учир хариуцагч уг газрыг эзэмших эрхгүй. Үүнийг хариуцагч О.Х хүлээн зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч Д.Б нь 2020-2021 онуудад газар чөлөөлөх шаардлагыг хариуцагч О.Х-т тавьж хоорондоо харилцаж байсан үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамжаар иргэдэд эзэмшүүлэх газрын байршлыг тодорхой заагаагүй, 8202000863 нэгж талбарын дугаартай газрыг хэн эзэмшихийг энэ захирамжаар шийдвэрлээгүй, Д.Б-д газар эзэмшүүлэх тухай гэрчилгээ нь тус сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Засаг даргын шийдвэрийг үндэслэж гарсан байна.

Хариуцагч О.Х нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: “Суманд кадастрын зураг ирсэн чинь гэрчилгээ барьчихаад талбайнхаа байршлыг мэдэхгүй байж “Миний газар энэ” гээд өөрөө дураараа кадастрын зураг оруулаад авсан. Баялаг ахыг энэ миний газар гэж тариа тарьж байхыг мэдэхгүй. Чи хуулийн хүн байна учрыг нь олж өгөөрэй гэж хүүхдэд нь хэлсэн. Өөрийнхөө талбайгаас өвс хадаж өгч байсан. Миний эзэмшдэг газарлуу 65 сот болгоод авсан байсан.” гэх зэргээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргасан байна. 

15. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад тодорхойлсноор “кадастр” гэж газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг ойлгоно.

Кадастр нь эрх бүхий байгууллагаас гаргасан газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх шийдвэрийг буюу газрын эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах болохоос газар эзэмших, ашиглах, өмчлөх ажиллагааны хууль ёсны байдлыг баталгаажуулах болон газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг бий болгохгүй.

Тиймээс Засаг даргын захирамжид газрын байршлыг тодорхой заагаагүй байхад уг Засаг даргын захирамжид үндэслэн гарсан кадастрын зургийг үндэслэж тухайн газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийг тогтоох боломжгүй байна. 

16. Хариуцагч О.Х нь тухайн маргаж байгаа газар аав Б.О-х нь эзэмшлийн газар бөгөөд хууль ёсоор эзэмшиж байгаа тул чөлөөлөх үндэслэлгүй, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын захирамжаар газрын байршлыг тодорхой тогтоолгүй, маргаантай байгаа газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг үндэслэн Б.О 2005 оноос хойш эзэмшиж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа талбайг чөлөөлөхийг шаардаж байгаа нь хууль бус гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй.  

             Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамжийн тав дугаар зүйлд “Талбайн хувиарлалтыг үнэн зөв гаргаж иргэдийн өргөдөлд хариу өгч ажиллахыг сумын Засаг даргын орлогч Н.Х, Хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн В.Х нарт даалгасан” нь хариуцагч О.Х-ын дээрх тайлбар, татгалзал үндэслэлтэй болохыг нотлож байна.

17. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

18. Өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардахын тулд хариуцагч өөрийн эзэмшлийг хууль ёсны болохыг нотлох үүрэгтэйгээс гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдсон байх ёстой. Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.

19. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч уг газрыг эзэмшиж байгаа нь хууль бус болох нь тогтоогдоогүй, түүнчлэн  нэхэмжлэгч уг газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлож чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтын үндэслэлийг тогтоогоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын Чандмань сумын Засаг даргын  газар эзэмшүүлэх тухай захирамж, газрын кадастрын зурагтай холбогдуулан зохих журмын дагуу холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Х-т холбогдох нэхэмжлэгч Д.Б газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.О

            ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                  Ч.Э