Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 651

 

П.З-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1063 дугаар магадлалтай, П.З-т холбогдох 1809011050490 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18/3443 тогтоолоор эдэлж дууссан, Ш овогт П-ын З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон мөн тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш овогт П-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авч залилсан” гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.З-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.З-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.З-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч П.З-ын нийт эдлэх ялын төрөл хэмжээг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-т оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч П.З-аас нийт 104.000.000 /нэг зуун дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Б.Г хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг үндэслэн шүүгдэгч П.З- нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн буюу ажил олгогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийн тухайд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Завших гэмт хэргийн субъектын хувьд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль буюу гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох аргаар үйлдэгддэг, шүүгдэгч П.З- нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба уг гэрээгээр түүнд эд хөрөнгийн эрх олгогдоогүй байна. Мөн Компанийн тухай хууль болон компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалт зэргээс судлан үзвэл түүнийг компанийн албан ёсны шийдвэр гаргах болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог, бусдаас авах авлагыг цуглуулж авах зэрэг санхүүгийн эрх мэдэл түүнд олгогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн зарим үйлдлийг завшсан гэж дүгнэхдээ аж ахуйн нэгж, байгууллагуудаас зар сурталчилгаа хийлгүүлсний төлбөрт шилжүүлэн өгсөн мөнгө, эд хөрөнгийг ажил олгогчийн дансанд шилжүүлэлгүйгээр зувчуулан бэлнээр болон “Дижитал Инк” ХХК, “Өргөн дэлгэц” ХХК-уудын дансаар өөртөө шилжүүлэн авч завшсан бөгөөд түүний энэ үйлдэл Л.Баатархүү, Ч.Пүрэвхүү нар хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Хавтас хэрэгт цугларсан баримтаас нягтлан үзвэл шүүгдэгч компанийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан бус “JICA KRI” ХХК, “Эко Капитал ББСБ” ХХК, “Бид энд Бид” ХХК, “Эм Си Эс Кока Кола” ХХК, “Зоос одон тэмдэг” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийг ажил албан тушаалын байдлаа ашиглаж дээрх аж ахуйн нэгжүүдэд итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авсан, ингэхдээ хуурамч гэрээ байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудыг төөрөгдөлд оруулж мөнгөн хөрөнгийг нь залилан авсан үйлдэл байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс ажил олгогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн байна.

Хэрэв ажил олгогчийн зүгээс дээрх аж ахуйн нэгж, байгууллагын зар сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгээгүй, өөрийн эфирээр цацаагүй, тэдгээрт учирсан хохирлыг ажил олгогчийн хувьд өөрийн ажилтны хууль бус үйлдлээс шалтгаалж харилцагч нарт хохирол учирсан байгааг хүлээн авч барагдуулаагүй бол дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийгөө залилуулсан гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэх нь тодорхой байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэх зохицуулалтыг сайтар ойлгож, ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн үйлдлээс шалтгаалан шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох учиргүй юм.

Иймд ЭХХШтХуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг үндэслэн шүүгдэгчийн үйлдэлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу ажил олгогч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д ажиллаж байхдаа ажил олгогчийн итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг завшсан үйлдэлгүй, харин “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д ажиллаж байхдаа харилцагч байгууллагыг залилсан, ингэхдээ тус компанид ажилладаг байдал, урьдын харилцаагаа ашиглан итгэл төрүүлж, хуурч, хуурамч баримт бичиг ашиглан /хуурамч гэрээ, албан бичиг/ залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн байхад залилах, хөрөнгө завших гэсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн тус тусад нь зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж зүйлчлэх нь зүйтэй бөгөөд үүнд нь тохирсон ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцэх юм.

Хохирогч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК хохирол барагдсан тухай мэдэгдлийг өмгөөлөгч надад хаяглаж ирүүлсэн байна. Шүүгдэгчийн үйлдлийг залилах, завших гэмт хэргээр тус тусад нь зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. П.З- үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн. Хэрэв завшсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл “JICA KRI” ХХК,                                 “Эко Капитал ББСБ” ХХК, “Бид энд Бид” ХХК, “Эм Си Эс Кока Кола” ХХК, “Зоос одон тэмдэг” ХХК-иудын захиалсан үйлчилгээг ажил олгогч буюу “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК гүйцэтгээгүй байсан бол тус тусдаа гомдол гаргах байсан буюу учруулсан хохирлыг барагдуулсны төлөө шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож болохгүй. Бичгээр гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна” гэжээ.

Прокурор А.О хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.З- нь албан тушаалын эрх үүргийн дагуу харилцагч байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, төлбөр мөнгийг шаардаж авах, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих боломжтой байдлыг ашиглан хуурамч гэрээ байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий байгууллагуудаас зар суртчилгаа хийлгэсний төлбөрийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Мөн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн дансанд орох ёстой мөнгө, хөрөнгийг өөр компаниудын дансаар авч завшсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон буюу өмчлөх эрхийн эсрэг бие даасан гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Т.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч П.З-ыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр байгууллагынхаа нэрийн өмнөөс “Н-У Э” ХХК, “С Х К” ХХК, “Л” ХХК, “А б” ХХК-иудтай хамтран ажиллах санал тавьж бусдаас нийт 36.887.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэх JICA KRI”, “Э К” ББСБ, “Б Э Б” ХХК, “Э С Э К К” ХХК, “З О т” ХХК-ийн үлдэх төлбөрийг хувьдаа завшиж 49.163.700 төгрөг хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн  3 дугаар хорооны нутагт байрших Революшн /Revolution/ бааранд иргэн П.О-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх П.З-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор ... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан үүссэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

П.З нь 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн П.Ойдовжамцтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татагдсан байна.

Иймд Үндсэн хуулийн цэцэд дээрх хуулийн өөрчлөлтэй холбогдуулан маргаан хянагдаж байгаа боловч тухайн заалтыг түдгэлзүүлсэн эсвэл хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд шүүгдэгч П.З-т холбогдох дээрх хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1063 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, П.З-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН