| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2016/00813/З |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 35
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар
Гуравдагч этгээд: “О” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Т” ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлал, ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг компани юм. Манай компани 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн *******,******* нэртэй газар 43989,12 гектар талбай бүхий ******* тусгай зөвшөөрөл, ******* нэртэй газарт 48150,7 гектар талбай бүхий ******* тусгай зөвшөөрөл болон ******* нэртэй газарт 71236,81 гектар талбайд ******* тусгай зөвшөөрлийг тус тус авсан.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд заасан газартай, манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий гурван талбайд ихэнх хэсэг давхацсан байдаг. Манай компани дээрх 3 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд хэд хэдэн удаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэгдэж байсан. Эдгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нь тус компанийн талд шийдвэрлэгдэж тусгай зөвшөөрлүүдээ хэвээр хадгалж ирсэн. 2013 онд Ашигт малтмалын газрын дарга нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эдгээр 106 тусгай зөвшөөрөлд манай компанийн эзэмшлийн 3 тусгай зөвшөөрөл хамааран хүчингүй болсон.
Засгийн газраас 2014 онд 07 дугаар сарын 04-ний өдөр 216 дугаар тогтоол гаргаж шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг дахин олгохоор болсон.
Манай компани ч өмнө нь эзэмшиж байсан талбайдаа сонгон шалгаруулалтад оролцохоо материалаа өгөхөд тус талбай нь улсын тусгай хэрэгцээнд авсан талаар мэдэгдсэн.
Ийнхүү манай компанийн хувьд өмнө нь тухайн тусгай зөвшөөрлүүдийн хамрах талбай хуулийн дагаа өргөдлөө өгч тусгай зөвшөөрөл авсан, зохих төлбөрүүдийг төлж байсан, холбогдох зардлуудыг гаргасны хувьд сонгон шалгаруулалтад орж давуу эрхээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй билээ. Гэтэл анх 2011 онд гарсан үеэсээ илт хууль бус байсан Засгийн газрын 175 дугаар тогтоолоос болж манай компанийн хувьд өмнө нь эзэмшиж байсан 3 тусгай зөвшөөрлийг талбайдаа ашигт малтмал эрэх, хайх, эрх эдлэх боломжгүй болоод байгаа учир манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухайн тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Дээр дурдсан тус компанийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлүүдийг анх 2001 онд “А” ХХК нь хайгуулын 3983 тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг байсан бөгөөд 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр талбайг бүхэлд нь буцааж өгсөн. Ийнхүү манай компаниас 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр уг талбайд ашигт малтмалын хайгуул явуулахаар Ашигт малтмалын газар өргөдөл гаргасан. Үүний дагуу 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын 647 тоот шийдвэрээр *******, *******, ******* тусгай зөвшөөрлүүдийг олгосон. Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрүүдийг цаг тухай бүрт нь төлж, хайгуулын ажлыг хийж эхлээд байсан. Гэтэл 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 175 дугаар тогтоол гаргаж манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан Өмнөговь аймгийн зарим газрын улсын хэрэгцээнд авсан байна.
Энэхүү 175 дугаар тогтоол нь дараах байдлаар хууль тогтоож, зөрчсөн манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-6-д “иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” захиргааны акт юм.
Тус тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасан журмыг зөрчсөн буюу Оюутолгой зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах нь хууль тогтоож, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэт боловсрогдсон эсэхийг нягталж шалгаагүй, зохих тооцоо, судалгааг хийгээгүй, холбогдох яамны саналыг аваагүй ба тухайн үед үйлчилж байсан гэх дараах үндэслэл байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын 175 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэсэн байдаг. Газрыг тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагаа нь тодорхой хуулийн зохицуулалттай.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд тусгай хэрэгцээний газарт хамаарах газруудыг тусгайлан зааж өгсөн. Газрын тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орж байсан бөгөөд маргаан бүхий захиргааны акт гарах үед 16 дугаар зүйлд 11 төрлийн газрыг хамааруулсан.
Засгийн газраас “...ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор газрыг тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд тухайн үед үйлчилж байсан хуулиар томоохон төсөл хэрэгжүүлэх зорилгоор газрыг тусгай хэрэгцээнд авах хуулийн үндэслэл байгаагүй.
Түүнчлэн маргаан бүхий тогтоол гарснаас хойш тус компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сунгасан байдгаа үзвэл уг тогтоол нь анхнаасаа хууль бус хэрэгжүүлэх боломжгүй байсан нь илэрхий байна.
Газрыг тусгай хэрэгцээнд авах талаар Газрын тухай хуульд тодорхой зааж өгсөн бөгөөд маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Газрын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тухай хууль зэрэг хууль тогтоомжийг хэрэглэх ёстой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хууль зүйн үндэслэлгүйгээр тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсаныг хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ашигт малтмалын газрын 647 тоот шийдвэрээр эзэмшиж байсан *******, *******, ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг “Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.
Үүнтэй нэхэмжлэгч болон хариуцагч талууд маргадаггүй. Мөн Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолд хамаарах талбайд Ашигт малтмалын газрын 647 тоот шийдвэрээр эзэмшиж байсан *******, *******, ******* талбайнууд бүрэн хамаарч байгаа талаар харилцан маргадаггүй.
“Т” ХХК-ийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаар магадлалаар “Уг тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэгчийг Иргэний хуульд зааснаар шаардлага гаргах эрхтэй. Эрх нь зөрчигдсөн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн" байдаг.
Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Иргэний хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хууль ёсны дагуу эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг хаасан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох байсан.
Харин 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад оролцон хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг хязгаарласан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд заасан хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага нь хоёр өөр юм.
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзсэн гол үндэслэл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Эрүүгийн хэргийн шүүхээр хүчингүй болгож шийдвэрлэчихсэн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 175 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ашигт малтмалын 106-н тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгосон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн. Тус шинээр олгох 106-н ашигт малтмалын талбайд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж байсан *******, *******, ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд бүгд багтсан болно.
Өмнө эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу давуу эрхтэйгээр эзэмшихээр өргөдөл гарган хандахад Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хамаарах талбайд хамаарч байгаа учир сонгон шалгаруулалтад оролцуулах, тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөр уралдаант шалгаруулалт явуулах боломжгүй гэж хариу өгсөн.
Иймд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох уралдаант шалгаруулалтад оролцох боломжгүй болгож, уралдаант шалгаруулалтад оролцох, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хязгаарлаж байна. Тийм учраас “Т” ХХК-ийн субъектив эрх хөндөгдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн Иргэний хэргийн шүүхэд хандан гаргаж байсан нэхэмжлэлд заасан үйл баримт нь Захиргааны хэргийн шүүхэд хандан гаргаж байгаа нэхэмжлэлд заасан үйл баримтаас өөр байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл уралдаант шалгаруулалтад хууль, журамд заасны дагуу оролцох эрхийг зөрчиж байна гэж маргаж байгаа юм.
Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тусгасан байх ба 9.1.7-д “тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэж заасан. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд тусгай хэрэгцээний газарт хамаарах газруудыг тусгайлан зааж өгсөн. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд хэд хэдэн өөрчлөлт орж байсан бөгөөд маргаан бүхий захиргааны акт гарах 2011 онд 11 төрлийн газрыг хамааруулан үзэж байсан. Үүнд улсын тусгай хамгаалалттай газар, улсын хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай, чөлөөт бүсийн газар, цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар, бичил уурхайн зориулалтаар олгосон газар зэрэг хамаарахаар заасан байна.
Гэтэл Засгийн газраас “...ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор” газрыг тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар томоохон төсөл хэрэгжүүлэх зорилгоор газрыг тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн үндэслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан газрыг тусгай хэрэгцээнд авах хуулийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 16.1.13 дэх заалт тухайн үед байгаагүй. Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн байдаг юм.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" бол захиргааны акт илт хууль бус байхаар заасан байна. Тийм учраас 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”. Тийм учраас 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Ерөнхийдөө өмнө нь эрүүгийн асуудал шийдэгдсэн. Албан тушаалтнуудын буруутай асуудлыг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэх тогтоол зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүний үндэслэлээр тухайн хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж зөвшөөрлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус шинээр олгох 106 ашигт малтмалын талбайд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 3 тусгай зөвшөөрөл багтаж байгаа. Ингээл сонгон шалгаруулалтад оролцъё гэхээр маргаан бүхий Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор тухайн эзэмшиж байсан 3 тусгай зөвшөөрлийг улсын тусгай хэрэгцээний газарт хамруулсан учраас оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад оролцох тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжийг 175 дугаар тогтоолоор хаагаад байгаа учраас нэхэмжлэгчийн хувьд шалгаруулалтад оролцох боломжгүй болгосон. Ийм энэ актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Энэ тогтоол нь “Т” ХХК-ийн хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүд дээр хийгдэх сонгон шалгаруулалтанд оролцох эрхийг зөрчиж байгаа учраас бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн тогтоол анх гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үндэслэлгүй буюу тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан тусгай хэрэгцээнд ямар газрыг хамруулж авах вэ гэдэг зохицуулалтад хамаарахгүй асуудлаар тогтоол гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн асуудал болоод байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед үйлчилж байсан хуулиар ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх үндэслэлээр газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл байхгүй атал Засгийн газар нь нэхэмжлэгчийн субъектив эрхийг зөрчсөн асуудал гарсан учраас нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.
Хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох бөгөөд мөн хуулийн 52.5.1-д заасны дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдахаар хуульчилсан байна.
Нэхэмжлэгч “Т” ХХК өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Засгийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн гэж үзэж, шаардлага гаргасан бол уг нөхцөл байдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3-т заасны дагуу нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор нэр бүхий 106 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан *******, *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлүүд багтсан байна.
Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн эрхийг хууль бус аргаар олсон бөгөөд нэхэмжлэгч компанийн тодорхой талбай дээр ашигт малтмалын хайгуул хийх эрх нь дуусгавар болсон болохыг тогтоосон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00759 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00794 дүгээр тогтоолоор *******, *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь нотлогдсон, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх асуудал хариуцагч Засгийн газрын чиг үүрэгт хамааралгүй байгаа тул нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Учир нь Эрүүгийн гурван шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан байгаа. Тус гурван шатны шүүхийн шийдвэрээр Ашигт малтмалын газраас олгогдсон 106 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл нь хууль бус аргаар олгогдсон байна гэж үзээд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Тус 106 тусгай зөвшөөрлийн дотор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан *******, *******, ******* тоот 3 тусгай зөвшөөрөл багтдаг. 2-рт Иргэний гурван шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ бүгдээс үзэхэд “Т” ХХК нь Эрүү болон Иргэний гурван шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан боловч хууль бусаар олгогдсон байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгэхээр тус тогтоол нь Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай гээд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтад заасан Засгийн газрын өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоол бөгөөд Он гэх мэт ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогт цэций сумдын нутагт, замд гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авч тогтоосугай гэж шийдвэрлэсэн байдаг. Тус тогтоолын 2 дугаар заалтад “Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газарт давхацсан иргэн хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын тодорхой хувийг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд М.З, Сангийн сайд С.Б нарт даалгах” тухай байдаг. Тэгэхээр бид юу гэж үзэж байна вэ гэхээр 2011 онд Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргаж улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь олон улсын том төсөл буюу Он төсөл юм. Тус тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Улсын Их Хурлаас “Он ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” гээд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон юм. Мөн Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ баримт бичгүүдийн хүрээнд тус асуудал шат дараатайгаар шийдэгдсэн байдаг.
Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын 2 дугаар заалт нь тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж өмчилж байсан газрын нөхөн олговрыг хууль тогтоомжийн дагуу олгох тухай шийдсэн байдаг. Тэгэхээр “Т” ХХК нь энэ асуудлыг Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа нөхөн олговрын асуудлыг ярих нь зүйтэй юм. Түүнээс бусад асуудлаар маргах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг тайлбарлахдаа оролцох эрхийг хязгаарлаад байгаа талаар дурдлаа. Нэхэмжлэгчийн гурван тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газар юм. Бусад талбай дээр сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлаагүй бөгөөд оролцох эрх нь байгаа юм. Тэгэхээр оролцохыг хязгаарласан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тусгай хэрэгцээнд авсан газрыг авна гээд зүтгээд байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын газраас зарлаж байгаа бусад талбайд сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байгаа юм. Улмаар бид эцсийн дүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэлд заасан үйл баримт захиргааны үйл ажиллагааны талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа тохиолдолд шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай заасан байдаг. Тэгэхээр Эрүүгийн шүүхээс уг тусгай зөвшөөрөл нь анхнаасаа хууль бусаар олгогдсон гэдэг нь тогтоогдсон. Мөн Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг тогтоосон үйл баримт байгаа учраас “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч талаас сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан тухай ярьж байгаа бөгөөд түүнийхээ үндэслэлийг Иргэний шүүх дээр энэ асуудлаар яриагүй. Иргэний шүүх дээр тухайн 175 дугаар тогтоол хүчингүй болох ёстой юм гэж маргасан ба түүнийг хүчингүй болгосон. Бид нар одоо илт хууль бус болох тухай ярьж байна гэлээ. Тэгэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 768 гэсэн Магадлалд нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг нь тодорхой бичээд өгсөн байдаг. Үүнд Монгол улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор О төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн *******, зам хоолой харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж, цахилгаан дамжуулалт, агаарын шугам сүлжээ, дэд станц барихаар тус компанийн *******, *******, ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн ихэнх хэсэг нь улсын тусгай хэрэгцээнд авсан нь буруу гэж маргаж байна гэж үндэслэлээ тайлбарлаад түүнийг шүүх үнэлээд явсан байдаг. Тэгэхээр маргаж байгаа үндэслэлийн хувьд адилхан байгаа юм. Өөрөөр хэлбэл улсын тусгай хэрэгцээнд авсан нь буруу бөгөөд энэ нь анхнаасаа гарах ёсгүй, илт хууль бус акт байсан гэж маргаж байгаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад “Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэсэн байдаг. Яагаад халдсан зүйл байхгүй гэж үзэж байна вэ гэхээр халдана гэдэг нь тухайн сонгон шалгаруулалтын талбайд “Т” ХХК-ийг оролцуулахгүй гэсэн нь илт хууль бус актад хамаарагдана. Түүнээс нэхэмжлэгчийн 3 тусгай зөвшөөрлийг Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бусаар олгосон байна гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл одоо сонгон шалгаруулалтад орох тухай ярьж байна. Тухайн үед буюу 2011 оны тогтоол болон 2014 оны шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэр асуудлаар маргах боломжтой байхад маргаагүй атлаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрийн мэдлийн газрыг аваад энэ хэсэг дээр сонгон шалгаруулалт явуулна гэхээр үгүй ээ энэ цэг дээр явуул гээд төрийн эрх мэдэлд халдаад байгааг ойлгохгүй байна. Энэ хуулиар эрх нь олгогдсон төрийн бүрэн эрхийн асуудал юм. Яагаад гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрийн мэдлийн газар дээр тодруулбал 106 тусгай зөвшөөрлийн 88 дээр нь сонгон шалгаруулалт явуулъя гэсэн байдаг. Засгийн газрын 175 дугаар тогтоолын 2-т “Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөн олговрыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нөхөн олговор олгох боломж нь тус тогтоолоор олгогдсон байгаа юм.
Харин төр нь өөрийн мэдлийн газрын 106 тусгай зөвшөөрлийн 88-д хамаарах хэсэгт сонгон шалгаруулалт зарлаад үлдсэн хэсэгт нь нөхөн олговор олгоё гэсэн үг юм. Гэтэл тухайн үед маргаагүй атлаа төр өөрийн эзэмшлийн газар дээр сонгон шалгаруулалт явуулахгүй гэхээр одоо явуул гээд шүүхдэж байгаа нь төрийн бүрэн эрхэд халдаж байгаагийн нэг шинж юм.
2-р үндэслэлийн тухайд гэвэл нэхэмжлэгчээс маргаж байгаа үндэслэл нь гэхээр анхнаасаа гарах ёсгүй акт байсан гэдэг. Энэ нь Дээд шүүхийн тогтоолоор эдгээр хүмүүс хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан нь тогтоогдсон. Тэр хүмүүсийн шийтгэх тухай асуудал яригдаагүй юм. Тэр хүмүүс өөрөө хууль бусаар тусгай зөвшөөрлийг олгосон байна. Хууль бусаар олгогдсон нь тогтоогдож байгаа учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж Дээд шүүх үзсэн байдаг. Хүчингүй болгоно гэдэг нь төрийн мэдэлд шилжиж байна гэсэн үг юм. Төр өөрийн мэдлийн газар дээр сонгон шалгаруулалт явуулах гэхээр энэ хэсэгт явуул гээд шүүхдэж болохгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлаагүй юм. Тухайн талбайн бүсэд өөр ямар ч талбай дээр сонгон шалгаруулалтад орох эрх нь байгаа. Ашигт малтмалын газраас ирүүлсэн нотлох баримт дээр тухайн талбайг эзэмшиж байсан компаниудын санхүүгийн баримтад тулгуурлаад босго үнийг нь тогтооно гээд давуу эрхийг нь олгосон байгаа юм. Тэгээд “Т” ХХК-ийн хувьд яагаад заавал тэр талбайг авна гээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Тэр талбай нь төрийн мэдлийн газар юм. Гэтэл бидний давуу эрхийг хязгаарлаад байна гэж ярьж байна. Гэвч үүнд давуу эрхийн асуудал яригдахгүй юм. Ямар тохиолдолд давуу эрх яригдах вэ гэхээр яг тодорхойлсон газар дээр сонгон шалгаруулалт явуулахад давуу эрх яригдана. Тэр газар дээр сонгон шалгаруулалт явуулахгүй. Харин бусад газар дээр сонгон шалгаруулалт явуулъя гэж байгаа. Бусад газарт “Т” ХХК оролцох бүрэн эрхтэй байгаа. Төрийн эрх бүхий байгууллагаас гарсан бүрэн эрхийг хязгаарласан ямар нэгэн тогтоол, шийдвэр байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “Т” ХХК нь “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж тус тус заасан байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт... илт хууль бус болохыг .... тогтоох... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааны хуулийн хязгаарлалтыг хэрэглэхээргүй байх тул Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
“Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолд ““Оюутолгой” зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд ...сумдын нутагт зам гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих гэсэн шалтгаан, үндэслэлийг зааж, 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан ба уг тусгай хэрэгцээнд авсан газартай “Т” ХХК-ийн *******, *******, ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрууд давхацсан байна.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах газруудыг тодорхой нэрлэж заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол гарах үед “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ыг улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн зохицуулалт байхгүй байсан байна.
Харин Газрын тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт орж, уг нэмэлт зохицуулалтаар “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” улсын тусгай хэрэгцээнд хамаарахаар хуульчилжээ.
Үүнээс үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг гаргах үед “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ыг тусгай хэрэгцээнд авах хуулийн зохицуулалт байхгүй байсан тул уг Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол илт хууль бус байна.
Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг гаргах үед үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт...-ыг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн зохицуулалт байхгүй байсан тул уг 175 дугаар тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу энэхүү тогтоол хуульд заасан үндэслэлээр гараагүй, илт хууль бус акт байна.
Хэдийгээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах бүрэн эрх Монгол улсын Засгийн газарт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-дахь заалт болон Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-дахь заалтаар олгогдсон боловч Засгийн газар уг бүрэн эрхээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ... хууль дээдлэх явдал мөн”, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын хуралдаанд бэлтгэх, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална”, 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн.... хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, ....-д нийцсэн, ... байвал зохино” гэж тус тус заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь хууль дээдлэх зарчим болон хууль тогтоомжид нийцээгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” бол захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахаар хуульчилсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны актыг илт хууль бус болно гэж хуульчилсан байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гарсан, хуульд нийцээгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй илт хууль бус захиргааны акт байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэр байгаа, мөн “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон эрүүгийн хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ, 54.1.6-д заасан нэхэмжлэлд заасан үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзнэ, иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эргүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 312 дугаар тогтоолоор “Т” ХХК-ийн *******, *******, ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон байна.
Дээрх эрүүгийн хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрүүд нь холбогдох төрийн албан тушаалтнуудыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн буюу албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, дүгнэлт өгсөн шийдвэрүүд болохоос биш Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгсөн шийдвэрүүд биш юм.
Мөн Эрүүгийн хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол гарч нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газруудыг улсын тусгай хэрэгцээнд авсан байтал эрүүгийн хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хууль зүйн үр дагаваргүй байна.
Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 768 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00... дүгээр тогтоолоор “Т” ХХК-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн *******, *******, ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь нотлогдсон, үүнтэй зохигчид маргаагүй тул”, “ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх асуудал Засгийн газрын чиг үүрэгт хамаарахгүй тул” гэсэн үндэслэлүүдээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Харин иргэний хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн дээрх шийдвэрүүд нь Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд болон уг 175 дугаар тогтоол нь “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгсөн шийдвэр биш байна.
Захиргааны актын хууль зүйн үндэслэлд буюу захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгнө.
Иймд дээрх эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүхийн холбогдох хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэлт өгсөн шүүхийн шийдвэрүүд гэж үзэхгүй.
Дээрхээс дүгнэн үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэл буюу нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь нэхэмжлэгч рүү шууд чиглэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа “О” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзах тухай” №5030/1 тоот албан бичгээр болон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах тухай” №15/LE6 тоот албан бичгүүдээр гуравдагч этгээдээр оролцохоос татгалзах тухай хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б