Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/0014

 

“М т и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Газар

зохион байгуулалтын албанд

холбогдох захиргааны хэргийн

тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                  Х.Батсүрэн

                                     М.Батсуурь                             

                                     Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:      Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгааг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0359 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 496 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Д.А нарыг оролцуулж,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0359 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т и” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 496 дугаар магадлалаар: Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6, 34.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “нэхэмжлэгч “М т и” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа үйл ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг ханган захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4238-т бүртгэсэн, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2019 оны №6-д нийтлэгдсэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Баянзүрх дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу тогтоогдсон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй газрын төлбөрийн дагуу тооцсон газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэж үзсэн. Үүнээс үүдэн захиргааны хэм хэмжээний актыг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл бүрдсэн байна.

5. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д заагдсан бүрэн эрхийнхээ дагуу Газрын төлбөрийн тухай хуульд нийцүүлэн газрын төлбөрийг тодорхойлж ногдуулсан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэмжилсэн гэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээг үгүйсгэсэн. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа”, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд “газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.” гэж зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон газарт төлбөр ногдуулахаар байна.

6. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд тус тус эрх олгогдсон газрын эрх дуусгавар болох нөхцөлийг заасан бөгөөд “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” нөхцөлд газрын эрхийг дуусгавар болгохоор заасан. Гэтэл “М т и” ХХК нь газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан.

7. “М т и” ХХК нь 2019 онд газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг өгч газар ашиглаж буйгаа хүлээн зөвшөөрөн хуучин мөрдөгдөж байсан газрын төлбөрийн хэмжээгээр эхний 3 улирал /9.900.000 төгрөг/-ын төлбөрийг төлж барагдуулсан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хэмжээ нэмэгдсэнд нэхэмжлэгч тал маргаагүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндэслэлгүй нэмэгдүүлсэнд тооцож шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Тодруулбал, магадлалд “...хариуцагчаас газрын төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж, шаардах үед нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрээний хугацаа болон газар ашиглах эрх дуусгавар болсон байсан, гэрээнд сунгалт хийж, өөрчлөн шинэчлээгүй байсан, мөн газар ашиглах эрхийн хугацааг эрх бүхий этгээдээс сунгаагүй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын үнэлгээ, итгэлцүүр шинэчлэн тогтоосон 25 дугаар тогтоол нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх хугацаа дууссанаас хойш гарсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;” 34.8.“Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заажээ. Газар ашиглах эрхтэй байх хугацаандаа дээрх хуульд заасан газрын төлбөрөө төлөх үүргээ нэхэмжлэгч компани зөрчөөгүй, төлбөрөө төлж ирсэн, мөн газар ашиглах эрхийн хугацаа дууссан, гэрээг шинэчлээгүй байхад нэхэмжлэгчээс газрын төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж, шаардсан хариуцагчийн үйлдэл нь дээр дурдсан хуульд нийцээгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр газрын төлбөр төлөх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.

10. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “М т и” ХХК-ийн газар ашиглах эрх болон газар ашиглах гэрээний хугацаа дуусгавар болсон, эрх бүхий этгээдээс уг хугацааг сунгаагүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй байхад хариуцагч тухайн цаг хугацаанаас хойш гарсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн төлбөр шаардсан нь хууль бус гэж дүгнэсэн нь агуулгын хувьд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон, гэрээг шинэчлээгүй тул хариуцагч төлбөр шаардах үндэслэлгүй гэж үзжээ.

11. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх 2014 онд үүссэн ба нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргасан, уг хугацаа 2024 он хүртэл сунгагдсан буюу газар ашиглагчийн хүсэл зориг хэвээр үргэлжилж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

12. Тодруулбал, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-08 дугаар тушаалаар үүсэж, улмаар 2016 онд гэрчилгээ авч, гэрээ байгуулсан, уг газар ашиглах эрх болон гэрээний хугацаа нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр дуусгавар болсон, гэвч нэхэмжлэгчийн зүгээс хуучин мөрдөгдөж байсан газрын төлбөрийн хэмжээгээр эхний 3 улирал /9.900.000 төгрөг/-ын төлбөрийг төлж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын байгууллагад хандан “...Манай компанийн газар ашиглах гэрчилгээний хугацаа 2021 оны 04 сарын 27-ны өдөр дуусах юм. Иймд өөрийн ашиглаж буй 11 га газрынхаа ашиглах эрхийг сунгуулах хүсэлтэй байна...” гэсэн хүсэлтийг гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалаар “Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын М-ын амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А-08 дугаар тушаалаар “М т и” ХХК-д олгосон 11 га газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгасугай” гэж шийдвэрлэснээс үзвэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь үргэлжилсэн, үүнийг анх үүссэн газар ашиглах эрх нь дуусгавар болж, сайдын 2020 оны А/70 дугаар тушаалаар шинээр үүссэн гэж үзэхгүй.

13. Нэгэнт нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй тохиолдолд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх” үүрэгтэй /уг үүргээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөнө, эсхүл хөнгөлөгдөнө/, иймд “нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь үргэлжилж байгаа, газрын төлбөрийг нэмсэн тогтоолын талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-7-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

14. Нөгөөтэйгүүр газар эзэмших, ашиглах эрхтэй боловч гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээг шинэчлээгүй, тухайлбал төлбөрийн дүнг өөрчлөөгүй бол газар эзэмшигч/ашиглагч нь хууль, тогтоомжоор заасан газрын төлбөрийг төлөхгүй, эсхүл зөвхөн гэрээнд заасан үнийн дүнгээр л төлөх ёстой гэж үзэхгүй юм.

15. Учир нь, газар эзэмших болон ашиглах гэрээ нь нийтийн эрх зүйн хэм хэмжээ буюу газрын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагаас байгуулдаг захиргааны гэрээний нэг төрөл бөгөөд энэхүү гэрээний зорилго нь нэг талаас газар эзэмшигч/ашиглагч, нөгөө талаас захиргааны байгууллагын хооронд газар эзэмших/ашиглахтай холбоотой үүсэх харилцааг буюу талуудын хуульд заасан эрх, үүргийн хэрэгжилтийг тодорхой болгоход чиглэгддэг бөгөөд гэрээний нөхцөл нь хууль, захиргааны хэм хэмжээний актад нийцэх учиртай /Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/.

16. Иймээс газар эзэмших/ашиглах гэрээнд хуульд зааснаас бусад тохиолдолд газрын төлбөр төлөхгүй байхаар, эсхүл тогтоосон хэмжээнээс багаар төлөхөөр заах боломжгүй, бүр тодруулбал газрын төлбөрийг талуудын хүсэл зоригоор гэрээгээр тогтоодоггүй, гагцхүү эрх бүхий этгээдээс тогтоосон хэмжээний дагуу талбайн хэмжээгээр тооцсон дүн, төлбөр төлөх хугацаа, данс зэрэг төлбөр төлөх нөхцөлийг тодорхой болгодог.

17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 496 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0359 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                        Г.БАНЗРАГЧ