Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2016/00001

 

Д.С нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай   

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Ш сум,  дүгээр баг,  дугаар байрны  дүгээр орц  тоотод оршин суух,  онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Х овогт Д С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Ш сум Э м т холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.С давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхсаруул, нарийн бичгийн дарга А.Энхбаяр  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш сумын Э мэндийн төвд сантехникчээр 2006.05 сараас 10 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна. Гэтэл 2015.11.02-ны өдөр таны ажлын байрыг цомхтгож шинээр нийгмийн ажилтны орон тоог бий болгон ажиллуулах боллоо гэж мэдэгдэх хуудас өгсөн. Гэтэл 2015.11.24-ний өдрийн Б/16 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, эрүүл мэндийн төвийн сантехникийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл болгохдоо эрүүл мэндийн төвийн сантехникийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40.1.1, 42.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

 Миний бие тус байгууллагад сантехникчээр ажилладаг боловч мужаан, цахилгаанчны ажлыг давхар эрхэлж, ямар нэгэн сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргалгүй үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Эрүүл мэндийн төвийн дарга дуудаж хуудас өгөхдөө таны ажлын байр манайд шаардлага байхгүй боллоо. Манайх нийгмийн ажилтан авч ажиллуулах болсон гэж хэлсэн. Аймгийн эрүүл мэндийн газрын дарга М-О ирж эмнэлгийн ажилтнуудтай ирж уулзахад энэ талаар хэлэхэд “байгууллагад нийгмийн ажилтан шаардлагатай байгаа бол сантехникчийн орон тоог хасах нь зөв гэсэн утгатай зүйл хэлээд явсан. Үүнээс хойш ажлаас халах тушаал шийдвэр гаргасан. Миний ажлын орон тоог үндэслэлгүйгээр хасч нийгмийн ажилтны орон тоог шинээр бий болгож, өөр хүн ажилд авч эрхийг минь ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учир Ш сумын Э м т сантехникчийн ажилд  эгүүлэн томилж, 2015.11.24-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жигжсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Ш сумын Э м т сантехникийн слесараар 10 жил гаран ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хийх ёстой ажлаа хийж байсан. Гэтэл гэнэт Эрүүл мэндийн төвд нийгмийн ажилтан авахгүй бол болохгүй, ажил төрөл урагшаа явахгүй байна гээд сантехникийн слесарийн орон тоог цомтогож, оронд нь нийгмийн ажилтанг ажилд авсан гэж миний хувьд үзэж байна. Сантехникийн слесарийн орон тоо нь үйлчлэгчийн 5 хүний орон тоонд багтаж 10 жил зохион байгуулаад болоод байсныг гэнэт нийгмийн ажилтан авна гээд халсан гэж үззж байна.

Тиймээс Д.С ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Өмнө нь манай дүн бүртгэгч Ц сувилагч нийгмийн ажилтан, архив бичиг хэрэгтэй хавсарч цалингийн 40 хувийг аваад болдог байсан зүйлийг сантехникийн слесариа ажлаас халаад оронд нийгмийн ажилтан авсан. Орон тоо нь байхад Д.С үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шивээговь сумын Эрүүл мэндийн дарга Т.Э миний бие сантехникчээр ажиллаж байсан Д.С Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор баталсан “Сум тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-д заасан А.хавсралтыг баримталж ажлаас чөлөөлсөн. Гэхдээ дээд шатны байгууллага буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга  Ц.М-О нь стандартад заагдсан орон тоогоор ажиллах үүрэг даалгавар өгсөний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр удирдлагын багийн хурал хийж, дараа өдөр нь сантехникч Д.С дуудаж, үндсэн цалингаар цалинжуулж гэрээт ажилтан болгох санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Эрүүл мэндийн барилга нь 2015 оны 5 дугаар сард Япон улсын “Өвсний үндэс” төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барилгын их засвар, гадна тохижилтын ажил 2015 оны 09 дүгээр сард Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар шугам хоолойн шинэчлэл засвар хийгдсэн тул сантехникч Д.С өдөр тутам хийгдэх ажил байдаггүй тул сумын хэмжээнд өвчлөлийг бууруулах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болох сургалт сурталчилгаа, судалгаа, олон нийтийн ажлыг тогтмолжуулах сайжруулах зорилгоор стандартад батлагдсан Нийгмийн Эрүүл мэндийн ажилтан ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/16 тоот тушаалаар Д.С 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, 11 дүгээр сарын цалинг ажлын 20 хоногоор бодож, ажилласан хугацааны ээлжийн амралт, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 1 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тус тус бодож олгосон. 2015 оны 11 дүгээр сарын цалинг олгохын тулд 11 сарын 24-нд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн   128.1.2-т зааснаар Д.С нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.С улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, ... давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.С давж заалдах гомдолдоо: Д.С миний бие Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд үйлчлэх ажилтны 6 орон тооны бүтцийн 1 сантехникийн слесарь орон тоон дээр ажиллаж ирсэн. Цалингийн жишгээр цалинжсан. Тухайн үеийн ЭМТ-ийн эрхлэгчийн тушаалаар 10 гаруй жил ажилласан. Анхан шатны шүүхээр 2013 онд бүтцээр орон тоо байхгүй гэсэн боловч тухайн оны бүтцүүдэд үйлчлэх гэсэн орон тоон дээр нярав, тогтооч, жолооч, үйлчлэгч, слесарь нарын орон тоог нэгтгэж ирдэг байсан. Энэ талаар хурал дээр хэлсэн боловч шүүгч нь нэг талыг барьж шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. мөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөх нь буруу гэж бодож байна. Хариуцагч нь хууль бусаар орон тооны бүтэц өөрчилж хүнийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлчихөөд 2013 оны бүтцээр буруу шийдвэр гаргуулсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 01-нээс чөлөөлсөн шийдвэр буруу гарсан гэж үзэж байгаа тул хянаж шалгаж өгнө үү. 2015 оны төсвийн бүтцэд үйлчлэх болон туслах ажилтны орон тоонд багтаж ажиллаж байсан гэжээ./хх 67-68/

 

ХЯНАВАЛ :

 

Нэхэмжлэгч Д.С нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/16 тоот тушаал/хх-6/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-7/, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны төсөв/хх-12/, 2014, 2015 оны цалингийн карт/хх-18,19/ зэрэгт үндэслэжээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч ... анхан шатны шүүх 2013 оны бүтцээр орон тоо байхгүй гэсэн боловч тухайн оны бүтцүүдэд үйлчлэх гэсэн орон тоонд нярав, тогооч, жолооч, үйлчлэгч, слесарь нарын орон тоог нэгтгэж ирдэг байсан. Энэ асуудлыг шүүх анхааралгүй орон тоо байхгүй гэж нэг талыг барьж шийдвэрлэсэн, мөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөх нь буруу  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж авагдсан нотлох баримтыг үнэлсэн зэргээс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

  Учир нь хэргийн материалаас үзэхэд: Хариуцагч нь сантехникчийн орон тоо хасагдсан нь MNS5081:2013 стандарт болон түүний А хавсралтаар /хх-13, 30/ тогтоогдож байгаа гэж тайлбарлаж, энэхүү баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч энэ бичгийн баримтууд нь сантехникчийн орон тоо байсан, түүнийг 2015 онд  хассан гэдгийг бүрэн нотолж чадахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд сантехникчээр байнгын орон тоонд ажиллаж байсан байна.

 

 Энэ нь  хэрэгт авагдсан “ажилд авах тухай” 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 тоот тушаал/хх-14/, “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/16 тоот тушаал/хх-6/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-7/, ажлын байрны тодорхойлолт/хх-34/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй албан тушаалтныг төрийн үйлчилгээний албан тушаалтан гэж ойлгох бөгөөд үүнийг энэхүү хөдөлмөрийн маргаанд хамааруулан авч үзвэл Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны төсөв/хх-27/-т тусгагдсан “үйлчлэх ажилтан” гэдэгт сантехникийн ажилтан хамаарахаар байна.Энэ талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/16 тоот тушаалдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн “...сантехникчийн орон тоо хасагдсан“ гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар Д.С байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж,  ажлаас чөлөөлсөн байна.

 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “ ... , орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан.

Энэхүү “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс “тодорхой ажил, албан  тушаалын байр байхгүй болохыг” ойлгох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны төсөвт байгаа “үйлчлэх  ажилтан- 5” гэсэн орон тоонд слесарь буюу сантехникч хамаарна” гэсэн  тайлбар, -хэргийн 12 дугаар талд авагдсан Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн  2015 оны төсвийн “2014 оны тодотгож батлагдсан төсөв” гэсэн хүснэгтэд “үйлчлэх ажилтан 6” гэсэн,

- мөн хэргийн 27 дугаар талд авагдсан  “Сумдын ЭМТөвүүдийн 2015 оны батлагдсан төсөв”-т  Шивээговь сумын ЭМТөвд  ...“үйлчлэх ажилтан”-ны орон тоог 6 гэж хуваарилсан   зэргээс үзэхэд 2014 онд  6 орон тоогоор батлагдсан “үйлчлэх ажилтаны орон тоо  нь 2015 онд мөн  орон тоогоороо батлагдсан байх тул  2015 онд Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн “үйлчлэх ажилтан”-ны орон тоог цөөрүүлсэн, “сантехникчийн орон тоо хасагдсан” гэж үзэх үндэслэлгүй ба энэ талаар талууд маргаагүй байна. 

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болоогүй, тодорхой тооны орон тоо хасагдаагүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удирдах байгууллагаас  стандартад заагдсан орон тоогоор ажиллах үүрэг даалгавар өгсөн, 2015 оны 09 дүгээр сард орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар шугам хоолойн шинэчлэл засвар хийгдсэн тул сантехникчид өдөр тутам хийх ажил байхгүй гэж  тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгч Д.С байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш юм. 

 

Тиймээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд сантехникчийн орон тоо хасагдсан нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэхүү үүргээ  биелүүлээгүй байна.

 

Иймд Д.С хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн “сантехникчийн” ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацаа болон дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээ зэргийг тодорхой заагаагүй байх боловч нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан талаар хариуцагч нь маргаагүй тул нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 000061669 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-7/, 2015 оны цалингийн карт /хх-18/ зэргийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэлх ажлын 102 өдрөөр тооцож олговорт 2 985 326 /хоёр сая есөн зуун наян таван мянга гурван зуун хорин зургаан/ төгрөгийг  хариуцагчаас гаргуулах  үндэслэлтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 132915 төгрөгийг хариуцагч Шивээговь сумын эрүүл мэндийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

   Түүнчлэн  ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар ... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх байтал  анхан шатны шүүх  өөрийн санаачлагаар Ц.М-О гэгчийг гэрчээр асууж улмаар уг  мэдүүлгийг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг ...,цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, энэ нь нотлох чадвараа алдах бөгөөд  шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад орон тоо төсвийн тодотголыг ЭМЯам болон ГСА-н эрүүл мэндийн газраас гаргуулах хүсэлт/хх-11/ гаргасныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар гаргасан эрх зүйн акт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал нь үүнд гомдолтой гэх боловч  уг хүсэлтэд дурдсан нотлох баримтыг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газраас шүүхэд ирүүлж хэргийн 27 дугаар талд авагдсан байх тул үүнийг нотлох баримтаар үнэлж  хэргийг шийдвэрлэх  боломжтой  тул дээрх  үндэслэлүүд нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах  үндэслэл болохгүй гэж  давж  заалдах  шатны шүүх үзсэн болно.

 

 Мөн анхан шатны шүүх нь 2016.02.05-ны өдрийн “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 170 дугаар шүүгчийн захирамжид ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг баримтлах байтал мөн хуулийн 106.5 дахь хэсгийг баримталсан  зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х овогт Д С /РД: /-г Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж,

 

           2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 102 өдрийн олговорт 2 985 326 /хоёр сая есөн зуун наян таван мянга гурван зуун хорин зургаан/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Д.С олгосугай” гэж,

 

          3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 132915 төгрөгийг хариуцагч Ш сумын Э м т гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж  тус тус өөрчилж,  энэхүү 4, 5 дахь заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЛХАГВАМАА

                    ШҮҮГЧ                        Н.БАТЧИМЭГ

                      ШҮҮГЧ                        Х.БАЙГАЛМАА