Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 215/МА2023/00006

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00038 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух Б овгийн Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзат 15- ... тоотод оршин суух Ж овгийн Д.Д-д холбогдох

Өвсний үнэ 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б (цахимаар), хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний үнэ 3,600,000 төгрөг гаргуулах тухай.

 

1.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2021 оны 01 дүгээр сарын 06-нд Д.Д нь Говь-Алтай аймгийн өвсний фондын өвсийг цуглуулж байна гэж хэлээд 600 боодол өвсийг нэг боодлыг нь 6,000 төгрөгөөр бодож 3,600,000 төгрөгөөр худалдан авч норд бенз маркийн авто машинд ачиж авч явсан.  Мөнгийг нь 7-10 хоногийн дараа дансаар шилжүүлнэ гэж тохирсон боловч 1 жил гаруй хугацаа болж байхад өвсний үнийг өгөөгүй. Мөн энэ өвс одоо энд муудаж өмхийрөөд байна ав гэж хэлдэг. Би 600 боодол өвсний үнэ 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

2.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл, тайлбар: Би 2021 оны 12 сард Говь-Алтай аймгийн аюулгүйн нөөцийн 100 тонн нарийн ногоон өвсний тендерт оролцон ялж, өвс нийлүүлэхээр болсон. Ингээд Төв аймгийн Цээл сум, Ховд аймгийн Мянгад сумаас өвс татахаар болж, Төв аймгаас 2 шланз 1400 боодол нарийн ногоон өвс ирсэн. Гэтэл өвөл өнтэй болж байна гэсэн шалтгаанаар Засаг дарга уг тендерийг цуцалсан учир Төв аймгаас ирсэн өвсийг Эрдэнэ сумын аюулгүйн нөөцөд өгч борлуулсан. Ховд аймгийн Мянгад сумаас Т.Б-той утсаар ярьж нарийн ногоон өвс авъя гэж тохиролцсон боловч түүний ачуулсан 600 боодол өвс нь нарийн ногоон өвс биш, дэрс, зэгстэй бүдүүн байсан. Тэгээд би утсаар ярьж авахгүй гэж хэлсэн. Нарийн ногоон өвсний гэрээ хийсэн. Энэ тэнцэхгүй гэтэл өмнөөс манай энд зарагдаж байгаа өвс. Зараад өгөөч гэж хэлсэн. Хариуд нь би борлуулахыг бодъё гэж хэлээд Говь-Алтай аймгийн зар дээр удаа дараа зар тавьж зарах гэсэн боловч ирж үзсэн хүмүүс голоод аваагүй. Энэ өвс зарагдахгүй байна гэж би удаа дараа утсаар ярьж ав гэж хэлсэн. Ачиж ирсэн жолооч нь 600 боодол өвснөөс тээврийн зардалдаа 80 боодол өвсийг суутган авч 520 боодол өвс манайд буулгасан байсан. 2022 оны 12 сарын эхээр Ховдоос явж байна, Ховдоос ирсэн өвсийг авах гэсэн юм гэж хүн яриад ирж үзсэн боловч энэ маш муу өвс байна, ачиж яваад ч хэрэггүй гэж хэлээд орхиод явсан. Тэгээд муу өвс өгөөд явуулсан байсан учраас зарагдахгүй одоог хүртэл байж байгаа. Иймд 520 боодол өвсийг нь буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж овгийн Д.Д-ээс 600 боодол өвсний үнэ 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овгийн Т.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ээс 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Д.Д би 2021 оны 12 дугаар сард аймгийн аюулгүйн нөөцийн өвс бэлдэх тендерт оролцож аймгийн нөөцөд 100 тонн нарийн ногоон өвс нийлүүлэхээр болж 2021 оны 12 дугаар сард Төв аймгийн Цээл сумаас 1400 боодол нарийн ногоон өвс ачуулж, Ховд аймгийн Мянгат сумаас 600 боодол нарийн ногоон өвс авсан. Ховдын өвс ирэх үед би эмнэлэгт хэвтэж байсан болохоор очиж үзэж чадаагүй. Ирсэн өвсийг Баянхайрхан багт ахынхаа хашаанд буулгуулсан. Эмнэлгээс гараад Ховдоос ирсэн өвсийг үзэхэд бүдүүн, зэгстэй, шар өвс байсан. Ховдоос өвс ачуулсан хүн рүү яриад би нарийн ногоон өвс авна гэж хэлсэн. Энэ чинь нарийн ногоон өвс биш байна гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын эхээр аймгийн Засаг дарга О.А-тай уулзахад манай аймаг энэ жил өнтэй байгаа учир аймгийн нөөцийн өвс бэлдэхгүй гэрээг чинь цуцлахаар болсон гэж хэлсэн. Би ирсэн өвснүүдээ зарах хэрэгтэй болсон. Төв аймгийн өвсийг Эрдэнэ сум руу зарж мөнгийг нь шилжүүлсэн. Ховд аймгаас ирсэн өвсийг зарах гэж удаа дараа аймгийн зар дээр зар тавьсан боловч ирж үзсэн хүмүүс голоод авахгүй байхаар нь Ховд руу авсан хүн рүүгээ ярьж манай өвсний тендер цуцлагдсан. Зарах гэхээр өвсийг чинь хүмүүс голоод авахгүй байна. Буцааж ачуулах уу? яах вэ гэхэд “Байж бай хоосон машин явуул би хэлээд ачуулъя” гэсэн. Үүнээс хойш өвсөө ав гэж удаа дараа ярьж хэлсэн. Айлын хашаанд буулгасан энэ өвсөө ав гээд байна. Онцгой байдлын газраас яриад энэ өвсөө ав хүмүүсээс гомдол ирээд байна. Гал гарах аюултай учир өвсөө ачуул. Саванд хий гэж ярьсан. Энэ бүгдийг утсаар ярьж хэлсэн. Шүүхийн шийдвэрт эд хөрөнгийн биет байдлын хувьд доголдолгүй гэж үзсэн нийцэхгүй заалт гэж үзэж байна. Нарийн ногоон өвс ачуулаарай гэсэн боловч ирсэн өвсийг харахад маш муу шар зэгс ачуулсан байсан. Зарагдахгүй гологдоод байгаа учир Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт нийцэхгүй гэж үзэж байна. Ховд руу өвс авах гэж ярихдаа нарийн ногоон өвс авна гэж тохиролцсон. Миний гар утас нь дээр бичлэг нь байгаа. Би Ховдоос ирсэн өвсийг харсан даруйдаа энэ чинь миний авах өвс биш байна. Би авахгүй гэдгээ хэлсэн. Энэ намар Ховдоос ирж байна өвсөө ачиж явах гэсэн юм гээд нэг хүн над руу ярьсан. Би тэг тэг гээд хаягаа хэлээд цуг очиж үзсэн. Очиж үзээд муу өвс байна. Ачиж яваад хэрэггүй юм байна гээд орхиод явсан. Т.Б-оос 600 боодол өвс ирсэнээс 80 боодол өвсийг тээврийн зардалд нь өгсөн. Үлдэгдэл 520 боодол өвсийг нь буцааж авна гэсэн боловч одоо хүртэл айлын хашаанд байж байгаа. Иймд энэ өвсийг нь буцааж өгөх хүсэлтэй байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Д.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

6. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Д-д холбогдуулан өвсний үнэ 3,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7. Хариуцагч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 06-нд Т.Б-оос нэг бүрийг нь 6000 төгрөгөөр тооцож 600 боодол өвсийг 3,600,000 төгрөгөөр худалдан авч үнийг 7-10 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон байна.

8. Нэхэмжлэгч Т.Б нь Ховд аймагт худалдаж байсан өвсөө нийтэд санал болгож байсан үнэ болох 6000 төгрөгөөр Д.Д-д худалдсан байна.  

9. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин хариуцагч Д.Д нь 600 боодол нарийн ногоон өвс авахаар Т.Б-той тохиролцсон ч зэгс, дэрстэй бүдүүн шар өвс явуулсан байсан тул уг өвсийг авахгүй гэж Т.Б-т хэлсэн.

Уг өвсийг Ховд аймгийн Буянт сумд байдаг хүнээр дамжуулж Т.Б-той холбогдож, Ховд аймагт явж байсан найзаараа ачуулж авч ирсэн гэж тайлбарлажээ.

 

10. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний дагуу үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

11. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар тодорхой заагаагүй буюу нарийн ногоон өвс худалдах, худалдан авах талаар тохиролцсон болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Энэ талаар нэхэмжлэгч Т.Б нь миний зарсан өвс анх авахад нь хөгцөрсөн, гандсан байгаагүй. Шинэ хадсан хар ногоон сайн боодолтой өвс байсан. Тухайн үед Ховд аймагт зүгээр зарагдаж байсан өвснөөс  “Болно. Авна.” гээд авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Д.Д нарын тайлбараар Д.Д нь Т.Б Ховд аймагт худалдаж байсан өвснөөс худалдаж авахаар ярилцаж тохиролцсон нь тогтоогдож байгаа бөгөөд Т.Б зарж байгаа өвснөөс илүү сайн чанарын өвс авахаар тохиролцсон байдал тогтоогдоогүй, Т.Б нь өөрийн зарж байсан өвснөөс өөр чанар муутай өвс өгсөн байдал тогтоогдоогүй, өөрийн зарж байсан өвснөөсөө Д.Д-ийн заасан тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн байна.

13. Тиймээс хариуцагч Д.Д нь уг өвсийг Ховд аймагт хүлээж авсан гэж үзэх бөгөөд тухайн үед эд хөрөнгийн доголдлын талаар нь мэдэх боломжтой байсан ч тухайн эд хөрөнгийг хүлээн авсан байна.

 

14. Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр, хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан бөгөөд Т.Б нь өвс худалдах худалдан авах гэрээг Д.Д-тэй амаар хийхдээ өвсний чанарын талаар тухайлбал нарийн ногоон өвс худалдах талаар тусгайлан тохиролцсон болох нь тогтоогдоогүй байна.

15. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.

16. Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2 дахь хэсэгт зааснаар худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл шилжихээр заасан тул Т.Б нь хариуцагчийн хүсэлтээр өвсийг тээвэрлэгчид шилжүүлсэн үеэс үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Түүнчлэн Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцахаар заасан, талууд тээвэрлэлтийн зардлын талаар тусгайлан тохиролцсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргийг үндэслэн тээвэрлэгчийн тээвэрлэлтийн зардалд суутган авсан 80 боодол өвсний үнийг Д.Д хариуцах үүрэгтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

18. Нэхэмжлэгч Т.Б нь гэрээнд заасны дагуу 600 боодол өвсийг гэрээний дагуу худалдан авагч тал болох хариуцагч Д.Д өмчлөлд шилжүүлсэн, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, хариуцагч Д.Д нь худалдан авсан 600 боодол өвсний үнэ болох 3,600,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 3,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

19. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан  холбогдох зүйл заалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Д гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.О

            ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                  Ч.Э