Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 857

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1811001210947 дугаар 186/2018/0826/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Н.Булганчимэг,                             

Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Си ММ ХХК-нд засварчин ажилтай, гэр бүлийн байдал 3, эх, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 335 тоотод хохирогч Б.Шинэбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Батгэрэл маань гэртээ амарч байсан бөгөөд бага зэрэг архи уусан байсан. Тэгээд манай нөхөр Батгэрэл найзындаа очиж юм ярингаа ганц юм ууя гээд байхаар нь би нөхрийн хамт манай гэрээс холгүй байх найз Цэрэнбаатарын гэрт жаахан юм аваад очсон. ...Манай нөхөр Батгэрэл нь Батзоригийн хамт тамхи татахаар гарсан. Агуумаа хүүхдээ том өрөөндөө унтуулах гээд орсон байсан. Гэтэл тамхи татахаар гарсан хоёр хүн удаад байхаар нь би араас нь гартад Цэрэнбаатарын байшингийн үүдний амбаарын буланд манай нөхөр Батгэрэл нь шахагдсан Батзориг зодож байхаар нь би хараад болиоч гэж хэлтэл Батзориг нь эргэж хараад миний нүүрэн тус газар цохих шиг болсон. Тухайн үед би  ухаан алдсан байсан. Сэргээд хартал Цэрэнбаатарын гэрт орон дээр хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-22-24/,

Гэрч Д.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд: ...Манай эхнэр Шинэбаяр гарч ирээд болиоч гээд орилсон чинь Батзориг манай эхнэрийг гараараа нүүр рүү нь цохьсон. Тэгсэн цохиулчихаад толгойгоороо юм цохиж саваад ухаан алдаад уначихсан... гэсэн мэдүүлэг /хх-28-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №597 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Шинэбаярын биед дээд уруул, баруун чамархайд шарх, эрүү, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч М.Аригуунтөгс гэсэн дүгнэлт /хх-37/,     

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Цэрэнбаатарын байшингийнх нь үүдний амбаарт Батгэрэл бид хоёр зодолдсон. Би Батгэрэлийг амбаарын үүдэнд цохиж унагачихаад дээр нь гараад цохиж байтал байшингаас Шинэбаяр гарч ирээд намайг өшиглөөд авахаар нь би эргэж хараад нүүрэн тус газар нь нэг удаа баруун гараараа цохиод унагаасан... гэсэн мэдүүлэг /хх-43-44/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45, 60/, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-50/, жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-51-53/, захиргааны зөрчлийн тухай баримт /хх-54-57/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 335 тоотод хохирогч Б.Шинэбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.                                                                                                    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 335 тоотод хохирогч Б.Шинэбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ... Цэрэнбаатарын байшингийнх нь үүдний амбаарт Батгэрэл бид хоёр зодолдсон. Би Батгэрэлийг амбаарын үүдэнд цохиж унагачихаад дээр нь гараад цохиж байтал байшингаас Шинэбаяр гарч ирээд намайг өшиглөөд авахаар нь би эргэж хараад нүүрэн тус газар нь нэг удаа баруун гараараа цохиод унагаасан... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Шинэбаярын: ...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Батгэрэл маань гэртээ амарч байсан бөгөөд бага зэрэг архи уусан байсан. Тэгээд манай нөхөр Батгэрэл найзындаа очиж юм ярингаа ганц юм ууя гээд байхаар нь би нөхрийн хамт манай гэрээс холгүй байх найз Цэрэнбаатарын гэрт жаахан юм аваад очсон. ...Манай нөхөр Батгэрэл нь Батзоригийн хамт тамхи татахаар гарсан. Агуумаа хүүхдээ том өрөөндөө унтуулах гээд орсон байсан. Гэтэл тамхи татахаар гарсан хоёр хүн удаад байхаар нь би араас нь гартад Цэрэнбаатарын байшингийн үүдний амбаарын буланд манай нөхөр Батгэрэл нь шахагдсан Батзориг зодож байхаар нь би хараад болиоч гэж хэлтэл Батзориг нь эргэж хараад миний нүүрэн тус газар цохих шиг болсон. Тухайн үед би  ухаан алдсан байсан. Сэргээд хартал Цэрэнбаатарын гэрт орон дээр хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Батгэрэлийн:  ...Манай эхнэр Шинэбаяр гарч ирээд болиоч гээд орилсон чинь Батзориг манай эхнэрийг гараараа нүүр рүү нь цохьсон. Тэгсэн цохиулчихаад толгойгоороо юм цохиж саваад ухаан алдаад уначихсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №597 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 335 тоотод хохирогч Б.Шинэбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-47/ тогтоогдож байна.           

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Б.Шинэбаяр хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.