Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00479

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00022 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: И ХХК

Хариуцагч: Л ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 582,406,023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, Д.Бадамчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 И ХХК болон Л ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М20/05 дугаартай Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ- байгуулагдсан. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр М20/05-01 дугаартай нэмэлт гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаао И ХХК нь хариуцагчийн захиалгын дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Элстэйн хүдрийн уурхайд тэсрэх материалыг тухай бүр тээвэрлэн хүргэж, нийлүүлэх ажлыг гүйцэтгэсан.

1.2 Гэрээний дагуу 2020 онд нийт 908,270,682 төгрөгийн тэсрэх материал нийлүүлсэн. Үүнээс 644,026,592 төгрөгийн савалсан эмульс, эмульс, анфо зэрэг тэсрэх бодис, 222,381,500 төгрөгийн өдөөгч, цооногийн нонель хэрэгсэл, гадаргуун нонель хэрэгсэл, далд уурхайн нонель хэрэгсэл, цочир дамжуулах шижим, Реле РПД, хавчаар зэрэг тэсэлгээний хэрэгсэл, хэрэглүүр нийлүүлсэн. 41,862,590 төгрөгийн тээврийн зардал гарсан.

1.3 Л ХХК нь дээрх төлбөрөөс 520,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл 388,270,682 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд зааснаар захиалагч нь нийт төлбөрийн 50 хувийг бараа хүлээн авахаас өмнө урьдчилж, үлдэгдэл төлбөрийг бараа хүлээж авснаас хойш хуанлийн 15 хоногийн дотор нийлүүлэгчийн төгрөгийн дансанд шилжүүлсэн байхаар тохиролцсон. Захиалагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүйн улмаас төлбөрийн үлдэгдэл хуримтлагдаж, төлбөр төлөх үүргийн хугацаа хэтэрсэн. Гэрээний 7.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 224,679,020 төгрөгийн алданги тооцогдсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 194,135,341 төгрөгийн алдангийг гаргуулна.

Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 388,270,682 төгрөг, алданги 194,135,341 төгрөг, нийт 582,406,023 төгрөгийг нотариатын зардлын хамт Л ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Л ХХК нь И ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ-г байгуулж, хамтарч ажилласан. Энэ хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хүртэл нийт 908,270,682 төгрөгний тэсрэх бодис хүлээн авсан. 520,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн. Үлдэгдэл 388,270,682 төгрөгийн үлдэгдэлтэй.

2.2 2020 онд Монгол улс төдийгүй дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын улмаас хил гааль хаагдаж, орон нутгийн зам хязгаарлалт хийж, орон даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан ба одоо хил гаалийн хувьд маш хүнд байдалтай байгаа тул санхүүгийн хувьд чадвар чадамжгүй болсон.

Гэрээний 9.1-д ...төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр...-р гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалтай байгааг харгалзан үзэж алдангийг хасч тооцуулах, гэрээний үндсэн төлбөр 388,270,682 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хил гаалиар экспорт хэвийн гарч эхэлсэн үед бид гэрээний төлбөрийг төлнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хууль 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Л ХХК-иас 582,406,023 төгрөг гаргуулж, И ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,070,152 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 3,070,152 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх ...хариуцагч Л ХХК нь энэхүү гэрээний үүргийг биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх талаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгодог гэрчилгээг бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар манай компанид үүссэн санхүүгийн нөхцөл байдал нь Ковид-19 цар тахлын улмаас уул уурхайн түүхий эдийн экспортын хязгаарлалтаас үүдэн гарсан нөхцөл байдал бөгөөд энэ нь дэлхийн нийтэд хийгээд Монгол Улсын нийгэм эдийн засаг хүнд ам буюу нийтэд илэрхий байгаа баримт. Энэ талаар дахин нотлох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 194,135,341 төгрөгийн алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

4.2 Мөн анхан шатны шүүх ...тухайн өдөр хяналтын шатны шүүхийн 09.00 цагаас товлон зарлагдсан шүүх хуралдааны 3 дугаарт хянан хэлэлцэх шүүх хуралдаантай гэсэн үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хурал давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргасан. Гэвч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх, өмгөөлөгч авах өмгөөлүүлэх эрхэд халдсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил. Шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, өмгөөлөгч авах эрхээр хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд 8 сарын хугацаа зарцуулсан. Учир нь, хариуцагчийн хүсэлтээр 4 удаа хурал хойшилсон. 4 дэх хуралд хариуцагч талаас давагдашгүй нөхцөл байдал үүссэн, тухайн орон нутагт онцгой байдлын шийдвэр гарсны улмаас бид гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, үүнтэй холбоотой баримтыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Онцгой комиссоос гаргуулж өгнө үү буюу шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргаж, холбогдох баримтууд ирсэн. Үүний дараа шүүх хуралдаан зарлагдсан байхад өөр хурал давхацсан гэж хүсэлт гаргасан. Мөн хариуцагч талаас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч талаас Улсын Дээд шүүхэд 09 цагаас 3 дахь хуралтай байсан. Манай шүүх хуралдаан 16 цаг 30 минутад товлогдсон байсан. Улсын Дээд шүүхийн 3 дахь хурал цайны цагаас өмнө тарсан байсан. Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Дээд шүүхийн хуралд өөрийн биеэр оролцож байгаа талаар баримтыг хүсэлтдээ хавсаргаагүй.

Хариуцагч гомдолд өмгөөлөгчийн тухай дурдсан боловч өмнө өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж байгаагүй. 5 дахь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд өмгөөлөгч авна гэж дурдаагүй. Анхан шатны шүүх процессын алдаа гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 388,270,682 төгрөг, алданги 194,135,341 төгрөг, нийт 582,406,023 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн төлбөр 388,270,682 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 194,135,341 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Талууд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр МА20-05 дугаартай Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр худалдагч И ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг худалдан авагч Л ХХК-д нийлүүлэх, Л ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. И ХХК нь гэрээний дагуу нийт 908,270,682 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг Л ХХК-д нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 17-26/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 388,270,682 төгрөгийн авлагатай болохыг талууд харилцан баталсан байна. /хх29/

4.3 Хариуцагч гэрээний дагуу 520,000,000 төгрөг төлсөн, үлдэх 388,270,682 төгрөг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 388,270,682 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Гэрээний 7.2-т захиалагч нь нийлүүлэгчээс гэрээгээр заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байна. Хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс 388,270,682 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь түүнд ногдох алдангийг гэрээ болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

6. Гэрээний 9-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс болж талууд үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл, үндэслэл, журмын талаар заасан. Хариуцагч нь уг үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон буюу алданги төлөхгүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх гэрээний үүргийн хариуцлагад алданги 194,135,341 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн зөв. Түүнчлэн, хариуцагч нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид гэрээнд заасан журмын дагуу мэдэгдэж байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ковид-19 цар тахлын улмаас уул уурхайн түүхий эдийн экспортын хязгаарлалтаас үүдэн төлбөрийг төлөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурал давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон нь Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх иргэний хэрэг гэх баримтаар тогтоогдоогүй байна. /хх125-126/ Иймд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул ...мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,128,627 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

М.БАЯСГАЛАН