Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Э,

Нарийн бичгийн дарга Х.Ууганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эод холбогдох 1729000060038 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг Цагаан хаданд иргэн М.Батсолонгын гэр гуанзнаас хэтэвчтэй 590,000 төгрөг хулгайлж мөн хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Хүнд өртэй байсан болохоор Батсолонго гэж хүний түрийвчинд байсан 590,000 төгрөгийг нууцаар, хэлэлгүй авчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой холбоо барих гэсэн боловч олдохгүй байгаа.” гэв.

Хохирогч М.Батсолонгын “... Б.Э гэрт орж ирээд манай нөхрийн хажууд гэрийн зүүн орон дээр сууж байгаад удалгүй гэрээс гараад явсан байсан. Тэгээд би хоол захиалж идсэн хүмүүсийн мөнгөний хариултыг өгөх гээд түрүүвчээ хайгаад олоогүй. Уул нь би тухайн түрүүвчийг хамгийн сүүлд гэрийн зүүн талд байрлах орон дээр тавьчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт .../хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/

Гэрч Ц.Мөнхбаярын “...тухайн үед 2-3 хүн манай гэрт хоол идэж байсан юм. Тэгээд тэдгээр хүмүүсийн хоолны тооцооны мөнгөний хариултыг өгөх гээд түрүүвчээ хайсан чинь олдохгүй байсан. Тэгээд хэсэг хугацаанд хайж байгаад цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Г.Анх-Өлзийгийн “...би нөгөө танихгүй эмэгтэйд хандаад хоёулаа энэ угаадсыг асгачаад ирье гээд хамт гэрээс гараад нүүрс тээврийн зам хөндлөн гарч шороон дээр угаадсаа асгачаад эргээд Батсолонгын гэрийн гадаа очоод би гэрийнх нь гаднах хогийг цэврэлсэн, харин нөгөө охин гэрлүү орсон. Тэгээд би удалгүй Батсолонгын гэрлүү ортол Батсолонго миний түрүүвч алга болчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 29-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э  нь  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг Цагаан хаданд иргэн М.Батсолонгын гэр гуанзнаас хэтэвчтэй 590,000 төгрөг хулгайлж мөн хэмжээний хохирол учруулсан, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэлд тооцогдох бөгөөд Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө болох 590,000 төгрөгийг өөртөө ашиг бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, нууцаар буюу хохирогчийн түрийвчинд байсан мөнгийг бусдад мэдэгдэхгүйгээр авсан үйлдэл нь “хүнд өртэй байсан тул 590,000 төгрөгийг хэлэлгүй авч завшсан” үйлдлээр илэрхийлэгдэж байна.

Иймд шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хүний өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид 590,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлий 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж зааснаас харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан 590,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Батсолонгод олгох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас хх-ийн 36-р хуудас/ нөхцөл байдлыг харгалзан, тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хөнгөрүүлж, Б.Эод хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж заасан үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бумаат овогт Баатарсүрэнгийн Эыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Эод тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж заасан үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тус албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Эоос 590,000 /таван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Батсолонгод олгосугай.

6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Эод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨЛЗИЙ-ОТГОН