| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 121/2019/0003/З |
| Дугаар | 221/МА2019/0182 |
| Огноо | 2019-03-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0182
|
2019 оны 03 сарын 27 өдөр |
Дугаар 221/МА2019/0182 |
Улаанбаатар хот |
Ж.Ж нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 121/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Н давж заалдах гомдлоор, Ж.Ж нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.Ж 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Миний 1983-1986 онд аспирантурт суралцсан 3 жилийг ажилласан хугацаанд оруулж тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах, 2008 оны 6 дугаар сараас хойш дутуу олгосон тэтгэврийг тооцоолж нөхөн олгохыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 121/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр:
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Улсад ажилласан хугацааг тооцох журмыг батлах тухай” 406 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “к”, 5 дугаар зүйлийн “б” хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ж “1983-1986 онд аспирантурт суралцсан 3 жилийг ажилласан хугацаанд оруулан тооцож, 2008 оны 6 дугаар сараас хойш дутуу олгосон тэтгэврийг тооцоолж нөхөн олгох”-ыг хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Ж.Ж 2008 оны 6 дугаар сард нийт 32 жил ажилласнаар өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Ж.Ж “...1983-1986 онд ЗХУ-д аспирантурт суралцаж байсан 3 жилийн хугацааг ажилласан жилд нэмж оруулан тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны нэмэгдлийг тооцож улмаар тэтгэврийн зөрүүг олгож өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох нөхцөлд гадаад улсад аспирантурт суралцсан хугацааг оруулаагүй тул Ж.Ж суралцаж байсан хугацааг ажилласан жилд тооцож, тэтгэвэр тогтоох улмаар тэтгэврийн зөрүүг олгох, нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн.
Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Улсад ажилласан хугацааг тооцох журмыг батлах тухай” 406 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “к”, 5 дугаар зүйлийн “б” хэсэгт заасныг баримтлан Ж.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул эс зөвшөөрч байна. Үүнд:
1.БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Улсад ажилласан хугацааг тооцох журмыг батлах тухай” 406 дугаар тогтоолыг БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон.
2.Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим журам, дүрэм, тогтоолын заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай” 128 дугаар тогтоолын 8-д “Журам батлах тухай” Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан Ажилласан хугацааг тооцох журмын 1 дүгээр зүйлийн “тэтгэвэр, тэтгэмж”, ...“зэрэг” гэсэн үгийг хасч, “болон тэдний” гэсэн үг нэмж уг тогтоолын хавсралтын 1.1-д “Иргэдэд ээлжийн амралт олгох ажилласан хугацаатай холбогдох бусад эрхийг баталгаажуулахад ажилласан хугацааг тооцоход энэ журмыг баримтална” гэж өөрчлөн найруулсан.
3.1994 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох” тухай тодорхой заасан.
Иймд дээрх үндэслэлээр Ж.Ж аспирантурт суралцаж байсан хугацаа болон тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны 4.5 хувийн нэмэгдлийг бодож олгох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
МАХН-ын төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч С.Ж /1999 онд овгоо Жанчивсэнгээ гэж өөрчилсөн/ ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцуулахаар шийдвэрлэж, улмаар Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хорооны Гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2008 онд түүний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо улсад ажилласан хугацааг зохицуулаагүй нийгмийн даатгалд даатгуулах нөхцөлийг хуульчилсан 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг буцаан хэрэглэж, 3 жил суралцсан хугацааг хасч тооцсон нь “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй байх” эрх зүйн суурь зарчимд нийцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Учир нь дээрх тогтоолоор цаг хугацааны хувьд нэхэмжлэгчтэй нэгэн адил аспирантурт 3 жил суралцсан Д.Ш тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллагаас 2007 онд тогтоохдоо мөн суралцсан хугацааг хасч тооцсон байсныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 223 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн, иймд эрх зүйн нөхцөл байдал, суралцсан хугацаа болон суралцуулах шийдвэр зэрэг нь адил энэ тохиолдолд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор “эцэслэн дүгнэгдсэн” гэж үзэж болохоор байна.
БНМАУ-ын СнЗ-ийн “Улсад ажилласан хугацааг тооцох журам” баталсан 1974 оны 406 дугаар тогтоолыг БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ч, уг тогтоолын хавсралтын 2 дахь хэсгийн 8-ын “о”-д зааснаар аспирантурт суралцсан хугацааг улсад ажилласан хугацаанд оруулсныг Засгийн газрын 1996 оны 128 дугаар тогтоолоор хүчингүй болгоогүй, түүнчлэн 1991 оны БНМАУ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль гарахаас өмнө өндөр насны тэтгэврийг тогтоохдоо “шимтгэл төлсөн” бус харин “улсад ажилласан” хугацаагаар тооцож байсан бөгөөд уг хуулиар энэ 2 хугацааг адилтгаж ойлгох эсэхийг зохицуулаагүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Энэ талаар Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд “…нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь батлагдсан өдрөөсөө хойших харилцаанд үйлчлэх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолын дагуу ажилласан жилээ тооцуулсан тохиолдолд түүнээс хойш батлагдсан, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг өмнөх харилцаанд буцаан хэрэглэх үндэслэлгүй…” гэж дүгнэжээ.
Үндсэндээ нэхэмжлэгчийн маргаж буй харилцааг одоогийн хүчин төгөлдөр хуулиудаар нарийвчлан зохицуулаагүй, гэвч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгчтэй адил нөхцөл байдалтай байсан иргэний нэхэмжлэлийг хангасан, нь одоогийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Харин анхан шатны шүүх нийгмийн даатгалын шимтгэл төлөх ойлголт ч байгаагүй үед аспирантурт суралцсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахдаа БНМАУ-ын СнЗ-ийн 1974 оны 406 тогтоол болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1/-ийн “төрийн албан хаагч байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулж тооцох тухай” зохицуулалтыг бус уг хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн өндөр насны тэтгэврийн нэмэгдлийн талаарх, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-ын тэтгэвэр тогтоолгоход даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр бүрдүүлэх тухай, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэсэн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.
Шийдвэрт баримталсан хуулийн зүйлийн “хэсэг, заалт”-ыг буруу бичсэн байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 121/ШШ2019/0003 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Улсад ажилласан хугацааг тооцох журмыг батлах тухай” 406 тогтоолын 1 дүгээр зүйлийн “к”, 5 дугаар зүйлийн “б” хэсэгт заасныг…” гэснийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН