Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/0022

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Татварын

 ерөнхий газрын даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                    Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Х.Батсүрэн                                   

                                           М.Батсуурь

                                           Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0543 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 612 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.А, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Х.Э нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0543 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 612 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Маргаан бүхий акт илт хууль бус актад хамаарах үндэслэлгүй тухай: Маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй эсхүл илт хууль бус захиргааны актын аль нь болохоос хамаарч эрх зүйн үр дагавар буюу нэхэмжлэлийн шаардлагын өөр өөр төрлийг сонгон хэрэглэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актын зөрчил буюу харагдах байдал нь хэлбэрийн хувьд хэн ч харсан илэрхий зөрчилтэй, алдаа нь тодорхой, түүнтэй хэн ч маргахгүй тохиолдолд илт хууль бус бөгөөд тэрхүү акт нь гарсан цагаасаа эрх зүйн ямар нэгэн үйлчлэлгүй, үр дагавар үүсгэхгүй.

4. Энэ тохиолдолд маргаан бүхий тушаал хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус шинжийг агуулж байгаа эсэхийг л шүүх хянах бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаал нь хэлбэрийн хувьд эрх бүхий этгээдээс бичгээр гаргасан нэхэмжлэгч Б.Б-ийг Хяналт шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсон нь ямар нэгэн илэрхий алдаатай, зөрчилтэй биш, тэрхүү асуудлыг шийдвэрлэсэн нь ойлгомжтой, тодорхой байх тул илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх гагцхүү бүтэц баталсан 2020 оны А/18 дугаар тушаалд ач холбогдол өгч, харьцуулах байдлаар бүтцийн өөрчлөлтөөр Татвар төлөгчтэй харилцах тасаг байхгүй болсон учраас маргаан бүхий тушаал илт хууль бус гэж өрөөсгөл дүгнэлт хийж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

5. Шинэ бүтцээр Татвар төлөгчтэй харилцах тасгийг татвар төлөгч хүн, хуулийн этгээдийн орлогын хэмжээнээс хамаарч Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг /сегмент/ болгон зохион байгуулсныг шууд Татвар төлөгчтэй харилцах тасаг байхгүй болсон, А/18 дугаар тушаалаар баталсан бүтэц, зохион байгуулалт батлагдсан өдрөөс шууд хэрэгжсэн гэж үзэхгүй бөгөөд албан тушаалын тодорхойлолт батлагдаж, алба хаагчдыг чөлөөлж, шинэ бүтцээр томилох хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэл төрийн алба тасралтгүй явагдах зарчмын дагуу хуучин бүтцээр чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан үйл баримтыг шүүх анхаарч дүгнэлт өгөөгүй. Татвар төлөгчтэй харилцах тасаг нь А/18 дугаар тушаал батлагдсанаар хэрэгжүүлж байсан чиг үүрэг байхгүй болоогүй хийж хэрэгжүүлж байсан чиг үүрэг байсаар атал нэхэмжлэгчийг огт байхгүй албан тушаалд томилсон, нэхэмжлэгч уг тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй байсан мэтээр маргааны үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн.

6. Тухайн үед нэхэмжлэгч болон Баянзүрх дүүргийн татварын алба хаагчид А/18 дугаар тушаал болон шинэ бүтэц зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй, уг тушаал гарснаар ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй байсан гэх тайлбар нь нэхэмжлэгч Б.Б-ийн Татварын ерөнхий газарт гаргасан ажлаас чөлөөлөх тухай хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлэх албан бичгийн төслийг хянасан баримтуудад “Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга” гэж гарын үсэг зурсан баримтаар няцаагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэг нь тухайн захиргааны актаар зохицуулж буй зүйлийг хэн нэгэн хийж, биелүүлж чадахгүй болох нь илэрхий, тодорхой байхыг ойлгох ба энэ нь төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчийн чиг үүрэгт хамаарах, уг харилцаанд хэрэгжих /гарах/ боломжгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “өрөө тасалгаа, ширээ, сандал байгаагүй” гэх тайлбарыг гол үндэслэл болгон дурдаж төрийн байгууллагын өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг огт байхгүй болсон, үүний улмаас ямар нэгэн үйл ажиллагаа үйлдэл хийх боломжгүй болсон мэтээр өрөөсгөл дүгнэсэн байна.

7. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тухайд: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгч илт хууль бус болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасан тохиолдолд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, илт хууль бус болохыг тогтоолгосноор зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар тодорхойлох үүрэгтэй атал үндэслэлээ тодорхойлоогүй, нэхэмжлэлдээ огт дурдаагүй. Нэхэмжлэгч Б.Б-ийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлж, нөөцөд бүртгэснээр Татварын алба болон нэхэмжлэгч Б.Б-ийн хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт хамааралгүй хэргийн оролцогчийн маргаагүй асуудал буюу “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн гэж үзэхээргүй”, “сэргэх эрх байхгүй гэж урьдчилан дүгнэх боломжгүй” гэх үндэслэлгүй, арга ядсан дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн.

8. Өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш, өмнөх Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсон тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасантай нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгчид уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох, тогтоолгосноор төрийн албанд ажил үүрэг эрхлэхтэй холбоотой ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, төрийн алба эрхлэхтэй холбоотой онцгой ашиг сонирхол байхгүй байхад хариуцагчийн тайлбар, үндэслэлийг үгүйсгэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, маргаагүй асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр бодитой, үр нөлөөтэй байх шаардлагад нийцэхгүй шийдвэр болжээ.

9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0543 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 612 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

11. Хэргийн үйл баримтын талаарх шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч  Б.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/158 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байсан, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн бүтцийг өөрчилсөн ба уг өөрчлөлтөөр хуучин байсан Татвар төлөгчтэй харилцах тасаг нь Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг болж өөрчлөгдсөн, гэтэл маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өөрчлөгдөж байхгүй болсон Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулсан байна.

12. Ийнхүү байхгүй болсон тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан захиргааны актыг “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлд хамаарах боломжтой боловч нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Тус хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагч Б.Б би ...Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид магистрын зэрэг хамгаалахаар элсэн суралцаж байна. Суралцаж байх хугацаандаа албан үүргээ цалгардуулалгүй хавсран хийж байгаа бөгөөд цаашид сургуульдаа сурахын тулд ажлаасаа чөлөө авч, хичээлдээ цаг гаргах шаардлагатай тулгарч байна... Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна...” гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг нь үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар “зургаан сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдах хүсэлт гаргасан тул 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс албан тушаалаас нь чөлөөлсөн”, энэхүү тушаал хүчин төгөлдөр байна.

13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б нь өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр /Б/79 дүгээр тушаал гарснаар/ маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, нэгэнт дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, энэ утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзнэ.

14. Гэтэл шүүхүүд эрх зүйн нөлөөлөлгүй буюу дуусгавар болсон захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

15. Иймээс “...Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлж, нөөцөд бүртгэснээр Татварын алба болон нэхэмжлэгч Б.Б-ийн хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш, өмнөх Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсон тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасантай нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгчид уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох, тогтоолгосноор төрийн албанд ажил үүрэг эрхлэхтэй холбоотой ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, төрийн алба эрхлэхтэй холбоотой онцгой ашиг сонирхол байхгүй байхад хариуцагчийн тайлбар, үндэслэлийг үгүйсгэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, маргаагүй асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-8-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0543 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 612 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ээс гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

               ШҮҮГЧ                                                                     Г.БАНЗРАГЧ