| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0134/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч А.Амгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэенхандын өмгөөлөгч Д.Ганхуяг /онлайнаар оролцсон/,
Иргэний хариуцагч “Монпорт” ХХК-ийн төлөөлөгч Б.Амарсанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэдэнбалжирын Сад холбогдох 1829001940118 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Монпорт” ХХК-ийн эзэмшлийн 13-39 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий 79-01 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар Монгол улсын замын хөдлөгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу “Таван толгой транс” ХХК-ийн урд талын зогсоол дээр иргэн Г.Чулуунбатыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Монпорт” ХХК-ийн урд зогсоол дээр машинаа орхичихоод Цагаанхаданд очиж хоол идсэн. Тэгээд машин дээрээ эргэж ирээд ухрах үйлдэл хийж байгаад хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.“ гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-19 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэенхандын: “Би 1993 онд талийгаач Г.Чулуунбаттай гэр бүл болж, хамт амьдарсан. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. ... 8 сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад сумын цагдаагаар дамжуулж, Өмнөговь аймгийн цагдаа талийгаачийг нас барсан талаар мэдэгдсэн. ...бид нарыг Өмнөговь аймагт очоод шарилаа аваад гарахад С араас оршуулгын зардалдаа хэрэглээрэй гээд 3,000,000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн байсан. Үүнээс хойш 2018.09.03-нд Саас хохирол барагдуулав гэж 5,000,000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн. Манай талийгаачийн ажиллаж байсан “Монпорт” ХХК нь 3,000,000 /гурван сая/ төгрөг өгсөн. Энэнээс өөр хохирол төлбөрт мөнгө өгөөгүй. ....Би гомдолтой байна. Би оршуулгын зардалд гарсан зардлаа нэхэмжилнэ. Оршуулгын зардалд 5,000,000 /таван сая/ төгрөг нэхэмжилнэ. Талийгаач бид 2-ын нэрээр авсан зээлнээс 3 жилийн хугацаагаар цалингийн зээлийн үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ. Насанд хүрээгүй 14 настай хүүхдийг 18 нас хүртэл мөнгийг 48 сарын тэтгэмжийг олгуулах хүсэлтэй байна. Үүнд миний нөхөр сард 2,400,000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад 2,157,000 төгрөгийг сар бүр нэхэмжилнэ. Сар бүрийн хүүхдийн мөнгийг 18 нас хүртэл хугацаанд нэхэмжилнэ. Энэ нэхэмжилж байгаа зүйлүүдийн баримтыг өгнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 33-34 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч Б.Амарсанаагийн:“...79-01 УНЦ, 81-62 ӨМА дугаартай авто машинууд нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй, хятад эзэнтэй машинууд байсан. Машины хятад эзэд нь өөрсдөө жолооч нартай аман гэрээ байгуулан хөлсөлж явуулсан байсан. ...Компанийн зүгээс цалин авч байгаагүй. Харин хятад эздээс хэдэн төгрөг яаж тооцож цалин авч байсныг нь мэдэхгүй. ....Тухайн үед манай компани мэдсэн. Хүн томилж, талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзаж, шарил тээвэрлэх зардалд нь 3 сая төгрөг өгсөн ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Ц.Сын гэрчээр өгсөн: “....толиндоо хараад ухрах үйлдэл хийж байх үед миний машин зэрэгцэж зогссон машинуудаас хойшоо сугараад гарч байх үед миний машины доороос дээшээ хараад хэвтэж байгаа хүн ил гараад ирсэн. Тэгээд би тэр хүнийг дайрснаа мэдээд сандраад буугаад хэвтэж байсан хүн дээр очсон чинь амьсгалж байсан, бас гар нь хөдөлж байхаар нь би тэр хавиа тойруулаад харсан чинь нэг ч хүн харагдахгүй байхаар нь өөрөө цагдаад мэдэгдэх, түргэн тусламж дуудах гээд баруун тийш гүйгээд засмал зам дээр гарсан чинь цагдаагийн машинт явж байхаар нь өөдөөс нь гүйж очоод би машинаараа ухарч байгаад хүн дайрчихлаа гэж хэлээд цагдаагийн хүмүүстэй хамт хэргийн газарт очиход тэр хавьд хүн байхгүй, дайруулсан хүн ганцаараа гар нь хөдлөөд ам нь ангалзаад байж байсан. .... цагдаагийн хүмүүс хоорондоо нөгөө хүн нас барчихлаа гэж ярьж байхыг нь сонсоод миний машинд дайруулсан хүн нас барсан юм байна гэж мэдсэн. ...Би 2010 онд Е ангиллын жолооны үнэмлэх авсан байсан юм. 2018 оны 4 дүгээр сард согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан юм. Одоогоор эрхгүй байгаа. .... Би аюулгүй байдлаа хангаагүйгээс хүн дайрсан нь миний буруу. Аюулгүй байдлаа хангах үүрэгтэй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Н.Лхагвадоржийн: “79-01 УНЗ улсын дугаартай Норд-бенз маркийн шар чиргүүлтэй автомашин зэрэгцэж зогссон. Хэсэг хугацааны дараа Мягмардорж, Ням-Очир, Нэргүйбаатар нар Цагаанхад руу 25-42 УНЗ улсын дугааратай нүүрс тээврийн автомашиныг байрлуулж тавих хашаа олох гээд таксигаар явцгаасан. Би харин машинуудаа сахиад үлдсэн. Өдрийн 16 цаг өнгөрч байх үед 79-01 УНЗ улсын дугаартай тээврийн автомашины жолооч нэг харсан чинь кабиндаа ороод машинаа асаагаад арагшаагаа ухрах үйлдэл хийн хөдөлж байсан. Би тухайн үед машиныхаа сүүдэрт сууж байсан юм. Тэгтэл нөгөө жолооч нилээд хол зайнд ухрах үйлдэл хийн машинаа унтраан зогсоогоод гэнэт Цагаанхадны чиглэлд гүйгээд явчихсан. Тэгсэн удалгүй нөгөө жолооч цагдаа нар дагуулаад машин дээрээ ирсэн. Харин би цагдаа ирэхээр нь 79-01 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн автомашины чирэгч толгой хэсэгт очиход чирэгч толгойн урд хэсэгт танихгүй нэг эрэгтэй хүн машинд дайруулсан байдалтай 79-01 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн автомашины урд хэсэгт газар хэвтэж байсан. Тэгтэл хэргийн газарт ирсэн цагдаа цаашаа бай гэхээр нь би өөрийн машины хажууд очиж зогссон. Тухайн газарт 79-01 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн автомашинаас өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл огт хөдлөөгүй, бүгд зогсож байсан. .... Миний бодлоор тухайн жолооч кабиндаа ганцаараа байсан, учир нь тухайн жолооч кабиндаа суухад нэг талын хаалга ганц удаа дуугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас /,
Гэрч У.Мягмардоржийн мэдүүлэг / хавтаст хэргийн 44-45 дугаар хуудаст/,
Гэрч Х.Нэргүйбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудаст/,
Гэрч А.Ням-Очирын мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудаст/,
Гэрч П.Наранбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дугаар хуудаст/,
Гэрч В.Оюунчимэгийн: “...цус тогтоох, зүрх дэмжих тариа хийгээд зүрх арай зогсоогүй байсан болохоор цагдаагийн машинаар уг хүнийг тээвэрлэн эмнэлэг дээр ирэхэд үүдээр орж ирээд зүрх нь зогссон. ... намайг очиход 53-54 орчим насны эрэгтэй хүн эгц дээшээ харсан, толгой баруун тийшээ харсан, 2 хөл тэнийсэн байдалтай, хэвлий хэсгээр няцарсан, шалбарсан зулгарсан шархтай байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 63 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжилгээний 8677 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх биологийн шинжилгээний 8678 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжилгээний 5034 дүгээр дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,
Замын цагдаагийн шинжээчийн: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “...а/ Ослын үед Норд бенз маркийн 79-01 УНЗ улсын дугаартай чирэгч, 13-39 АЧ дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэдэнбалжир овогтой С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна....”, б/ Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн мэдээллийн сангаас лавлагаа авахад Цэдэнбалжир овогтой С нь /РД:ЙМ80052118/ регистрийн дугаартай Монгол улсын “ВСЕ” ангиллын 563064 тоот жолооны хүчингүй эрхийн үнэмлэхтэй байна...” в/ Талийгаач Гэндэнжамц овогтой Чулуунбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/,
Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/,
Ц.Сын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 136, 137 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн хохирлын баримт /хавтаст хэргийн 165-215 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Ц.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Монпорт” ХХК-ийн эзэмшлийн 13-39 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий 79-01 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар Монгол улсын замын хөдлөгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу “Таван толгой транс” ХХК-ийн урд талын зогсоол дээр иргэн Г.Чулуунбатыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-19 дүгээр хуудас/,
- Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас/,
- Гэрч Н.Лхагвадоржийн: “79-01 УНЗ улсын дугаартай Норд-бенз маркийн шар чиргүүлтэй автомашин зэрэгцэж зогссон. Хэсэг хугацааны дараа Мягмардорж, Ням-Очир, Нэргүйбаатар нар Цагаанхад руу 25-42 УНЗ улсын дугааратай нүүрс тээврийн автомашиныг байрлуулж тавих хашаа олох гээд таксигаар явцгаасан. Би харин машинуудаа сахиад үлдсэн. Өдрийн 16 цаг өнгөрч байх үед 79-01 УНЗ улсын дугаартай тээврийн автомашины жолооч нэг харсан чинь кабиндаа ороод машинаа асаагаад арагшаагаа ухрах үйлдэл хийн хөдөлж байсан. Би тухайн үед машиныхаа сүүдэрт сууж байсан юм. Тэгтэл нөгөө жолооч нилээд хол зайнд ухрах үйлдэл хийн машинаа унтраан зогсоогоод гэнэт Цагаанхадны чиглэлд гүйгээд явчихсан. Тэгсэн удалгүй нөгөө жолооч цагдаа нар дагуулаад машин дээрээ ирсэн. Харин би цагдаа ирэхээр нь 79-01 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн автомашины чирэгч толгой хэсэгт очиход чирэгч толгойн урд хэсэгт танихгүй нэг эрэгтэй хүн машинд дайруулсан байдалтай 79-01 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн автомашины урд хэсэгт газар хэвтэж байсан. Тэгтэл хэргийн газарт ирсэн цагдаа цаашаа бай гэхээр нь би өөрийн машины хажууд очиж зогссон. Тухайн газарт 79-01 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн автомашинаас өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл огт хөдлөөгүй, бүгд зогсож байсан. .... Миний бодлоор тухайн жолооч кабиндаа ганцаараа байсан, учир нь тухайн жолооч кабиндаа суухад нэг талын хаалга ганц удаа дуугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас /,
- Гэрч В.Оюунчимэгийн: “...цус тогтоох, зүрх дэмжих тариа хийгээд зүрх арай зогсоогүй байсан болохоор цагдаагийн машинаар уг хүнийг тээвэрлэн эмнэлэг дээр ирэхэд үүдээр орж ирээд зүрх нь зогссон. ... намайг очиход 53-54 орчим насны эрэгтэй хүн эгц дээшээ харсан, толгой баруун тийшээ харсан, 2 хөл тэнийсэн байдалтай, хэвлий хэсгээр няцарсан, шалбарсан зулгарсан шархтай байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 63 дугаартай “1. Талийгаачид аарцаг умдагны зүүн дээд салаа, зүүн сүүж, ууцны үелэмжээр хугарч дээш зөрсөн, умдагны заадал, зүүн сүүж, ууцны үелэмжээр салсан, зөрөөгүй, баруун 2-3-р хавирга эгэмийн дунд шугамаарх шууд, баруун, зүүн дунд чөмөгний доод 1/3 хэсгээр хугарч зөрсөн далд хугарал, зүүн гуяны цавь хэсэг арагшаа хошного руу үргэлжилсэн урагдсан шарх, төмсөг ил унасан байдал, баруун мөр, баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалга, шуу, цээж, хэвлий, нуруу, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөгт зулгарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын нуруун, баруун гуя, тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд дайрагдах үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Талийгаач нь дээрх биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас буюу автомашинд дайрагдсанаас болж нас баржээ.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
- Замын цагдаагийн шинжээчийн: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “...а/ Ослын үед Норд бенз маркийн 79-01 УНЗ улсын дугаартай чирэгч, 13-39 АЧ дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэдэнбалжир овогтой С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна....”, б/ Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн мэдээллийн сангаас лавлагаа авахад Цэдэнбалжир овогтой С нь /РД:ЙМ80052118/ регистрийн дугаартай Монгол улсын “ВСЕ” ангиллын 563064 тоот жолооны хүчингүй эрхийн үнэмлэхтэй байна...” в/ Талийгаач Гэндэнжамц овогтой Чулуунбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/,
- Ц.Сын гэрчээр өгсөн: “....толиндоо хараад ухрах үйлдэл хийж байх үед миний машин зэрэгцэж зогссон машинуудаас хойшоо сугараад гарч байх үед миний машины доороос дээшээ хараад хэвтэж байгаа хүн ил гараад ирсэн. Тэгээд би тэр хүнийг дайрснаа мэдээд сандраад буугаад хэвтэж байсан хүн дээр очсон чинь амьсгалж байсан, бас гар нь хөдөлж байхаар нь би тэр хавиа тойруулаад харсан чинь нэг ч хүн харагдахгүй байхаар нь өөрөө цагдаад мэдэгдэх, түргэн тусламж дуудах гээд баруун тийш гүйгээд засмал зам дээр гарсан чинь цагдаагийн машинт явж байхаар нь өөдөөс нь гүйж очоод би машинаараа ухарч байгаад хүн дайрчихлаа гэж хэлээд цагдаагийн хүмүүстэй хамт хэргийн газарт очиход тэр хавьд хүн байхгүй, дайруулсан хүн ганцаараа гар нь хөдлөөд ам нь ангалзаад байж байсан. .... цагдаагийн хүмүүс хоорондоо нөгөө хүн нас барчихлаа гэж ярьж байхыг нь сонсоод миний машинд дайруулсан хүн нас барсан юм байна гэж мэдсэн. ...Би 2010 онд Е ангиллын жолооны үнэмлэх авсан байсан юм. 2018 оны 4 дүгээр сард согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан юм. Одоогоор эрхгүй байгаа. .... Би аюулгүй байдлаа хангаагүйгээс хүн дайрсан нь миний буруу. Аюулгүй байдлаа хангах үүрэгтэй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
- Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь хохирол хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлддэг, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдаг бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам буюу шүүгдэгчийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөнөөр гэмт хэргийн үйлдлийн шинж бүрдэх юм.
Иймд шүүгдэгч Ц.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэенханд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, төлбөрт:
Дээрх хохирол, төлбөрөөс шүүгдэгч Ц.С нь 8,000,000 /найман сая/ төгрөг, иргэний хариуцагч “Монпорт” ХХК-иас 3,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэенхандад төлсөн /хавтаст хэргийн 38-39, 136, 137 дугаар хуудас/ байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн талийгаачийг оршуулах зан үйлтэй холбогдох бодит зардал 8,600,000 /найман сая зургаан зуун мянга/-/Оршуулгын зардалд 5,000,000 төгрөг, бензин, түлшний 2,000,000 төгрөг, мал худалдаж авсан 1,600,000 төгрөг/ төгрөгнөөс шүүгдэгч Ц.Саас 8,000,000 /найман сая/ төгрөгийг хохиролд төлсөн байх тул үлдэх 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн цалингийн зээлийн үлдэгдэлд 18,546,336 төгрөгнөөс тал хувь болох 9,273,168 /есөн сая хоёр зуун далан гурван мянга нэг зуун жаран найм/ төгрөгний нэхэмжлэл, мөн Новел Лизинг ХХК-иас зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 4,432,855 төгрөг нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй гэж дүгнэв. Учир нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ201743263708 дугаартай /хавтаст хэргийн 210 дугаар хуудас/ зээлийн гэрээ нь Хэрэглээний зээл, малчны зээлийн зориулалтаар олгогдсон байх ба тус гэрээнд зээлдэгчээр Б.Цэенханд, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №С1807-08 дугаартай /шүүх хуралдаанд ирүүлсэн/ Зээлийн гэрээнд зээлдэгчээр Д.Цэнд-Очир гэх хүмүүс оролцжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9,273,168 /есөн сая хоёр зуун далан гурван мянга нэг зуун жаран найм/ төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4,432,855 /дөрвөн сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун тавин тав/ төгрөгийг хохирол, хор уршигт тооцохгүйгээр шийдвэрлэв.
Талийгаачийн насанд хүрээгүй хүүхэд болох 14 настай хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэлэгийн зөрүүг иргэний хариуцагч “Монпорт” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн боловч тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох нотлох баримт /хүүхдийн төрсний гэрчилгээ, талийгаачийг сард 2,400,000 төгрөгний орлоготой гэх боловч түүнийг нотлох баримтууд гэх мэт/-уудыг тус хэрэгт ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэлэгийн зөрүүг гаргуулахтай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, зохих баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч “Монпорт” ХХК-иас хохиролд 3,000,000 төгрөг төлсөн болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч Ц.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/-н жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэв.
Тэнсэгдсэн хугацаанд ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэдэнбалжирын Сыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Цэдэнбалжирын Сыг
-Эрүүгий хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/-н жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэн Цэдэнбалжирын Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч Ц.Сад тэнсэгдсэн 4 /дөрөв/-н жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Сад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Саас нийт 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэенхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,273,168 /есөн сая хоёр зуун далан гурван мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэенханд нь хэлэлцээгүй орхисон тэжээгчээ алдсаны тэтгэлэгийн зөрүүтэй холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.
9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Сын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Сад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1, дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН