| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б д холбогдох эрүүгийн 1806 05317 1838 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 7 дугаар гудамжны 113 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №295 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, О.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 264 тоотын гадна иргэн Б.Баасанбаярын мопедыг 700.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан,
Мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 24 тоотод байрлах “Талст эрчим” ХХК-ийн байрнаас иргэн Б.Мөнхсайханы мопедыг 600.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Баасанбаярын өгсөн мэдүүлэг /1хх-8/, хохирогч Б.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /1хх-59/, иргэний нэхэмжлэгч М.Сэргэлэнбаярын өгсөн мэдүүлэг /1хх-72/, гэрч Л.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-73/, хохирогч Б.Баасанбаярын эд зүйлийн үнэлгээ /1хх-26/, хохирогч Б.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /1хх-89/, иргэний нэхэмжлэгч М.Сэргэлэнбаярын гар утас, зөөврийн цэнэглэгчийг үнэлсэн үнэлгээний тайлан /1хх-103/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-139-138/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №861 дугаартай дүгнэлт /1хх-209/, өвчний түүх /1хх-167-204/, Сүхбаатар дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1хх-225/ шүүгдэгч О.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-140/, иргэний нэхэмжлэгч М.Сэргэлэнбаярын гаргасан хүсэлт /1хх-233/, гэрч Я.Рийнагийн өгсөн мэдүүлэг /1хх-242/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-7, 8, 9/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 264 тоотын гадна иргэн Б.Баасанбаярын мопедыг 700.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан,
Мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 24 тоотод байрлах “Талст эрчим” ХХК-ийн байрнаас иргэн Б.Мөнхсайханы мопедыг 600.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван тус тус залилсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баасанбаярын өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр unegui.mn сайтад Солонгос улсад үйлдвэрлэсэн хар өнгийн “Daelin” загварын мопедыг 700.000 төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан. Түүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг өнгөрч байхад 90610329 дугаараас миний дугаар руу залгаад “мопед зарах гэж байгаа юм уу, очиж үзвэл хаана очиж үзэх бэ” гэж хэлэхээр нь гэрээ зааж өгсөн. Тухайн хүн гэрээ зааж өгөхөд удалгүй 20 минутын дараа ирээд надтай уулзаад “хэдэн төгрөгөөр зарах бэ” гэж асуухаар нь “700.000 төгрөг гэхэд асуудал байхгүй, эхлээд унаж үзэх хэрэгтэй байна” гэж хэлээд миний мопедыг унаад яваад өгсөн.” /1хх-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхсайханы өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян-Уулын 3-24 тоотод байрлах “Талст эрчим” компани дээр байж байгаад фэйсбүүк болон үнэгүй.мн сайт дээр Солонгос улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мопед мотоциклоо 500.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. 96011829 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад “чи хүнд үзүүлэхгүй байж байгаарай, би орой мопед сайн мэддэг ахыгаа дагуулж очоод 600.000 төгрөгөөр авъя” гэж гуйгаад байхаар нь өөр хүнд үзүүлэхгүй байлгаж байсан. 35-40 орчим насны өндөрдүү эрэгтэй нэг намхан согтуу 45 орчим насны хар залууг дагуулж ирээд миний мопедыг үзэж байгаад намхан хар согтуу залуудаа “миний цүнхийг барьж бай” гээд өөрийнхөө цүнхийг үлдээчихээд миний мопедыг унаад ажлын хашаанаас гарч яваад ирээгүй.” /1хх-59/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч М.Сэргэлэнбаярын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 4-ний едөр үнэгүй зар үзэж байтал “мопед зарна” гэсэн зар явж байхаар нь асуутал “300.000 төгрөгөөр зарна” гэж надад хэлсэн. “Надад бэлэн 100.000 төгрөг байна мөн нөте-2 маркийн гар утас, зөөврийн цэнэглэгчтэйгээ байна солих уу” гэхэд “тэгвэл чи Баянзүрх дүүргийн Сансарын клонк дээр хүрээд ир үзье” гэж хэлсэн. Нэг өндөр залуу ирж миний гар утас, цэнэглэгч хоёрыг үзээд “чи наанаа байж бай би мопедоо аваад ирье” гэж хэлээд 15-20 минутын дараа улаан өнгийн мопед унаж ирээд надад үзүүлээд бид хоёр наймаа тохироод би тэр залууд бэлэн 100.000 төгрөг, гар утас, цэнэглэгчээ өгөөд мопедыг унаад гэртээ харьсан. Гар утсаа 60.000 төгрөгөөр авч байсан. Зөөврийн цэнэглэгчээ 15.000 төгрөгөөр авч байсан. Эдгээрийг авсан үнээрээ үнэлнэ.” /1хх-72/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Л.Одгэрэлийн өгсөн: “...2018 оны 6 сарын 24-ний өдөр архи уугаад ганцаараа Баянхошууны жанцангийн буудлын орчим явж байхад 35 орчим настай эрэгтэй ирээд “чи надад туслаач би чамд 10.000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь “за гэхдээ би хүнд юм өргөж чадахгүй шүү” гэж хэлсэн чинь “за за” гэж надад хэлсэн. Ингээд тухайн залууг дагаж Баянхошуунд нэг айлын хашааны гадна ирсэн. Тэгтэл тухайн залуу “чи техник мэддэг юм шиг байгаарай” гэж хэлсэн. Уг хашаанаас нэг эрэгтэй улаан өнгийн мопед гаргаж иртэл нөгөө залуу үзэж харж байснаа “би нэг унаж үзье” гэж хэлээд шууд зугтаагаад явсан.” /1хх-73/ гэх мэдүүлэг,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №861 дугаартай дүгнэлтэд:
"1 О.Б нь танин мэдэхүйн хөнгөн эмгэг, сэтгэцийн эмгэгтэй байна.
6. О.Б д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх-206-209/ гэх дүгнэлт,
-“Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан /1хх-25-26/,
-Эд зүйлийн үнэлгээ /1хх-76/,
-Утасны ярианы билл /1хх-86, 117-118, 128-129/,
-“Арвижих-Эстимейт” ХХК-ны үнэлгээний тайлан /1хх-89-90/,
Иргэний нэхэмжлэгч М.Сэргэлэнбаярын гар утас. зөөврийн цэнэглэгчийг үнэлсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 103/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-139, 138/,
-Хохирол төлсөн тухай баримт /1хх-233/,
-Шүүгдэгч О.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-228/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 264 тоотын гадна иргэн Б.Баасанбаярын мопедыг 700.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан, мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 24 тоотод байрлах “Талст эрчим” ХХК-ийн байрнаас иргэн Б.Мөнхсайханы мопедыг 600.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан болох нь хохирогч Б.Баасанбаяр, Б.Мөнхсайхан, иргэний нэхэмжлэгч М.Сэргэлэнбаяр, гэрч Л.Одгэрэл, эд зүйлсийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 264 тоотын гадна иргэн Б.Баасанбаярын мопедыг 700.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан, мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 24 тоотод байрлах “Талст эрчим” ХХК-ийн байрнаас иргэн Б.Мөнхсайханы мопедыг 600.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 264 тоотын гадна иргэн Б.Баасанбаярын мопедыг 700.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар,
мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 24 тоотод байрлах “Талст эрчим” ХХК-ийн байрнаас иргэн Б.Мөнхсайханы мопедыг 600.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн мопедыг авч яван залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэ үйлдэлд тооцно” гэж хуульчилсан.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Б 2 удаагийн залилах гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэгт тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйчлэхээр шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгчийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч О.Б бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Баасанбаярт 500.000 төгрөг, хохирогч Б.Мөнхсайханд 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Сэргэлэнбаярт 250.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.Б д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Сумьяа бэс овгийн Одбаярын Бат-Эрдэнийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. О.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй
болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС