Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00523

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 10 210/МА2023/00523

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03690 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: М ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдан авсан дизель түлшний үлдэгдэл төлбөр 295,962,975 төгрөг, алданги 130,942,486.79 төгрөг, нийт 426,905,461.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д ХХК болон М ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах А23/2019 дугаар гэрээг нэг жилийн хугацаатай байгуулагдсан. Гэрээний 1.3-т заасны дагуу талууд сар бүр бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээ, үнийг шинэчлэн тохиролцож байх бөгөөд гэрээний нэмэлтээр баталгаажуулахаар үүрэг хүлээсэн. Гэрээний 1.5-д зааснаар худалдан авагч М ХХК тухайн сардаа авсан барааны үнийг дараа сарын 05-ны дотор төлөх, гэрээний 3.8-д зааснаар худалдагч Д ХХК сар бүр бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээхээр заасан.

1.2 Худалдан авагчийн хүсэлт, төлбөрийн байдлыг харгалзан худалдагч Д ХХК төлбөрт ирүүлсэн мөнгөн дүнгээс гэрээнд заасан алданги суутгалгүй, үндсэн төлбөрөөс хасч тооцож байсан тул худалдан авагчийн төлөх алдангийн хэмжээ хуримтлагдаж үлдсэн. Худалдан авагч М ХХК дээрх гэрээний дагуу нийт 16 удаа гэрээний нэмэлт байгуулж захиалга өгсөн бөгөөд гэрээний нэмэлтээр авсан барааны үлдэгдлийг төлөөгүй байна.

Иймд хариуцагч М ХХК-аас худалдан авсан дизель түлшний үлдэгдэл төлбөрт 295,962,975 төгрөг, алдангид 130,942,486.79 төгрөг, нийт 426,905,461.79 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Д ХХК, М ХХК-ууд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах А23/2019 дугаар гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарч, хил гаалийн асуудал, гадаад худалдааны болон түүнийг дагуулан гаргаж буй Засгийн газар болоод орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр тогтоол зэргээс дотоодын болон гадны аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон.

2.2 Мөн Монгол Улсын Засгийн газрын ковид 19 цар тахлын тархалтыг бууруулах, хариу арга хэмжээ, тогтоол зэргийг хэрэгжүүлэхийн тулд нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн нутаг дэвсгэрийн хүрээнд цар тахлын эсрэг арга хэмжээ тус тус авч, ажиллаж байсан. Уг арга хэмжээг авч, ажиллаж байх үед орон нутгийн иргэдийн болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, ээлжийн ажилтныг солигдох хугацааг сунгах, хил гаалийг хаах, хязгаарлах, зэрэг арга хэмжээг авч байсан. Үүнээс үүдэн манай байгууллагын үйл ажиллагаа доголдон бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж хумигдсан хэдий ч бид үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжгүй байсан хэдий ч Д ХХК-тай худалдаж авч байсан газрын тосны төлбөрийг бид өөрсдийн боломжит хэмжээгээр төлж, барагдуулж байсан.

Иймд маргаан бүхий гэрээг байгуулахдаа гэрээний 7 дугаар зүйлд заасан гэнэтийн шинжтэй давагдашгүй хүчин зүйлийг талууд харилцан тохиролцож тооцохоор заасан байдаг. Иймд гэрээний 7.2-т заасны дагуу алданги 130,942,486 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас худалдан авсан дизель түлшний үлдэгдэл төлбөр 295,962,975 төгрөг, алдангид 130,942,486.79 төгрөг нийт 426,905,461.79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,292,477 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,292,477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 М ХХК нь маргаан бүхий А/23/2019 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г Д ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулан хамтран ажиллаж эхэлснээс хойш дэлхий нийтийн хэмжээнд цар тахал Ковид-19 халдварлан тархаж уул уурхайн түүхий эдийн экспорт хязгаарлагдаж санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Энэ талаараа Д ХХК-ийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, холбогдох албан бичгээр харилцаж байсан. Мөн түүнчлэн уул уурхайн компаниуд болон экспорт, импортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд байдалд орсон болох нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоол. Дорноговь аймгийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/234 дугаартай захирамж, 2020 оны 05 дугаар сарын 01 -ний өдрийн А/373 дугаартай захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/674 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/206 дугаартай захирамж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/316 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудаар санхүүгийн ямар нөхцөл байдалд орсон нь тогтоогдох буюу нийтэд илэрхий үйл баримтууд.

4.2 Анхан шатны шүүх маргаан бүхий нөхцөл байдлыг дүгнэхдээ бүрэн гүйцэт дүгнээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд болон нийтэд илэрхий баримтуудыг хангалттай дүгнээгүй бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй нь хууль зөрчсөн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй явдал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. М ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу хөл хорио тогтоохоос өмнө гэрээ хийж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 16 удаа нэмэлт гэрээ хийж, гэрээний нэмэлтээр дизель түлш худалдаж аваад мөнгийг нь төлж байсан. Гэрээнд Давагдашгүй болон гэнэтийн нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэн даруй нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн гэрээний заалтын дагуу ганц ч удаа мэдэгдээгүй. Хэргийн оролцогч нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл үүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл бэлэн мөнгөөр нийт 7 удаа худалдан авалт хийсэн байдаг. Гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэх нь зөв гэж үзэж байна. Мөн гэрээний дагуу алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдан авсан дизель түлшний үлдэгдэл төлбөр 295,962,975 төгрөг, алданги 130,942,486.79 төгрөг, нийт 426,905,461.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн төлбөр 295,962,975 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 130,942,486.79 төгрөг гаргуулахыг эс зөвшөөрч маргасан.

3. Талууд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А23/2019 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр худалдагч Д ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн /зуны, өвлийн/ дизель түлшийг захиалсан хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч М ХХК нь дизель түлшийг хүлээн авч, гэрээнд заасан үнийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон /хх14-18/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Хариуцагч М ХХК нь 07 дугаар нэмэлт гэрээний дагуу 109,404,575 төгрөгийн, 08 дугаар нэмэлт гэрээний дагуу 108,339,000 төгрөгийн, 09 дугаар нэмэлт гэрээний дагуу 93,220,000 төгрөг, нийт 295,962,975 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбар, М ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01100/1283 дугаар албан бичиг зэргээр тогтоогдсон байна. /хх143/

Иймд нэхэмжлэгч Д ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас 295,962,975 төгрөг шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Гэрээний 4.8-д Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байна. Хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс 295,962,975 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь түүнд ногдох алданги 130,942,486 төгрөгийг гэрээ болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

5.1 Гэрээний 7.1-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс болж талууд үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл, үндэслэл, журмын талаар заасан. Хариуцагч нь уг үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон буюу алданги төлөхгүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх гэрээний үүргийн хариуцлагад алданги 130,942,486 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Түүнчлэн, хариуцагч нь ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид гэрээнд заасан журмын дагуу мэдэгдэж байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03690 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,292,477 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН