Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/113

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Р,

улсын яллагч Б.М,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Илжгэн овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1817001500108 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Илжгэн овогт Б-ийн Б /РД:ЕЙ96100403/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 105 тоотод оршин суух, түрээсээр авто угаалга эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 105 тоот хашааны гадна иргэн М.Э-тай маргалдах үедээ чулуу шидэж насанд хүрээгүй 3 настай Э.Х-лын толгойн тус газар нь онож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны  өдрийн 18 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 105 тоот хашааны гадна М.Э-тай маргалдаж түүнийг онох зорилгоор чулуу шидсэний улмаас М.Э-ын өргөж явсан Э.Х-ын толгойн тус газар нь онож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлүүд бүгд үнэн. Би гэртээ нөхрийнхөө цайг хийж өгөөд байж байтал манай хүргэн ирээд бид 3 нэг пиво хувааж уусан. З ах ирээд хүргэнтэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд дэлгүүр яваад манай хүүхдэд 1300 төгрөгөөр нэг чипс, нэг ундаа авч ирж өгсөн. Тэр авч өгсөн юмныхаа мөнгийг авна гэхээр нь надад одоо мөнгө байхгүй байна орой өгье гэж хэлсэн чинь тэгвэл  авгайгаа авч ирж та хоёрыг зодуулна гээд авгайгаа аваад ирэхээр нь би янхан авгайгаа аваад яв гээд газны сав аваад шидсэн. З намайг үсдээд баруун гар мушгихаар нь би орилсон чинь эгч гарч ирж салгасан. Авгай нь хашааны үүдэнд бас намайг элдвээр хэлээд байсан. Тэгээд би чулуу аваад Э луу шидсэн. Э хүүхэд оночихлоо гээд ирж хэлсэн. Тухайн өдөр би архи уусан байсан. Гэхдээ болсон явдлыг санаж байгаа. Би тэр хоёроос уучлалт гуйгаад эвлэрсэн. Гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би  нөхөр Б, хүү Х-лын хамт хорихын дэлгүүрээс тамхи аваад гарахад Б Рашааны 105 тоотод очиж хүнтэй уулзана гэхээр нь би дагаад явсан. Рашааны 105 тоотод очиход тэр айлын хүмүүс гэртээ архи ууцгаагаад хэрэлдэж байсан. Гэр дотроос Б гэдэг хүүхэн З янхан авгайгаа дагуулаад ирсэн байна гэж орилсон. Манай нөхөр Б чи яахаараа миний эхнэрийг янхан гэдэг юм гэхэд Б над руу шанагатай ус шидэхэд намайг оноогүй. Дараа нь юу ч хэлэлгүй нэг хэрэглээний газны төмөр сав аваад шидэхэд миний хажууд зогсож байсан хүү Х-ын нуруунд оноод манай хүүхэд урагшаа шургаад унахад Б хүүхдээ тэврээд яв гэж хэлсэн. Би хашаагаар гарах гээд явж байхад Б 120 литрийн усны цэнхэр савны хар таг авч шидээд намайг оноогүй. Тэгээд би хашаанаас гараад цаашаа гүйж байхад араас Б хөөгөөд зогсооч ээ гэж орилж байгаад газраас чулуу аваад над руу шидэхэд хүү Х-ын толгойг оноод хагалсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-41 хуудас/

 

1.3. Гэрч Н.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Рашааны 03 тоотод С-тай ажил ярихаар очиход С нэг шил архи авч өгсөнийг С-ийн эхнэр Ч, мөн Ч-ийн дүү Б бид хэд уугаад байж байтал Ч, Б хоёр С луу чи туранхай мал хийж ирсэн байна гээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би тэднийхээс гараад эхнэр Э-ыг тосож аваад буцаад иртэл гэрт хэрүүл маргааны шуугиан их байхаар нь буцаад эхнэр хүүхдээ дагуулаад явтал гэрээс Б, Ч хоёр янхан эхнэрээ хоноцын шээстэйгээ дагуулаад явж байна гэхээр нь би чи юу яриад байгаа юм гэтэл Золбоо гарч ирээд газны сав шидэхээр нь манай эхнэр хүүхдээ тэврээд гүйхэд араас нь Б чулуу аваад гүйхээр нь би араас нь гүйгээд гүйцэж амьжаагүй байтал Б чулуу шидээд манай хүүхдийн толгойг хагалсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9 хуудас/

 

1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Тэр өдөр нөхөр С-ийн хамт хүргэн дүү М-ийнд 11 цагийн үед ирж зарах 2 хонь төхөөрсөн. Манай нөхөр бид хоёр дэлгүүр орж ойр зуурын эд зүйл авахдаа 2,5 литрийн пиво аваад буцаад М-ийн гэрт нь очиж Б бид гурав пиво ууж байх үед гаднаас Б нэг шил 0,5 литрийн Ерөөл архи авч ирсэн. Би нялх хүүхэдтэй учир архинаас нь уугаагүй ба тэр гурав архийг хувааж уугаад Б мотоциклио унаад надтай хамт төмөр замын Д  дэлгүүрээс хоёр литрийн хоёр пиво аваад буцаж М-ийн гэрт нь ирж уусан. Дараа нь Б Б-той хамт яваад дахиад хоёр литрийн пиво хоёрыг авчирч уусан. Тэгээд Б Б-с хүүхдэд нь нэг чипс, жижиг ундаа авч өгснөө мөнгийг нь нэхэхээр нь Б би нөхрөө ирэхээр нь чиний 1300 төгрөгийг өгье гэхэд Б би орой эхнэртээ өгөх задгай мөнгө дутчихлаа мөнгө өг гэснээс болж тэр хоёр муудалцсан. Тэгтэл Б тэгвэл би эхнэрээ авч ирж та хоёрыг зодуулна гээд мотоцикльтойгоо давхиад явсан. Удалгүй эхнэр хүүхдээ дагуулаад ирсэн.  Б, Б-д чи эхнэрээ аваад зайл гэж хэлээд эхнэрт нь эгч бид хоёрыг зодох гэж байгаа бол барахгүй гэж хэлээд 120 литрийн савны хар таг аваад шидсэн. Б гэр лүү орох гэтэл Б түлэхээд тэр хоёр биеэсээ зууралдаад хашааны гадна гарцгаасан. Би Б Б-ийн үснээс нь зулгаасан байхад нь тэр хоёрыг салгатал Б цаашаа зугтахаар нь Б чулуу аваад шидэхэд Б-ийн эхнэр ирээд чи хүүхдийн толгой хагалчихлаа гээд Б-г үсдээд өшиглөтөл Б зөрүүлээд үсдэхээр нь би очиж салгасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10, 42 хуудас/

 

1.5. Шинжээч Б.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Хохирогч Э.Х-ын толгой, нуруунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Нуруунд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байсан. Хохирогчийн толгойн тус газарт үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үүсгэгдэх боломжтой тав тогтсон гэмтэл байсан. Тав тогтоно гэдэг нь гэмтэл авсан үеэс 12 цагаас дээш хугацаанд үүсэж эхэлнэ. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61 хуудас/

 

1.6. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаар дүгнэлтэд: Э.Х-ын биед зулай, нуруунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 18 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 218 дугаар нэмэлт дүгнэлтэд: Э.Х-ын биед зулай, нуруунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь 2018.06.16-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Э.Х-ын биед үүссэн нуруунд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зулайн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 58 хуудас/

 

1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 4 хуудас/

 

1.9. Төрсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 80 хуудас/ зэрэг болно.

 

   Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэдийгээр хохирогч Э.Х нь бага насны хүүхэд болох нь төрсний лавлагаагаар тогтоогдож байгаа боловч шүүгдэгч Б.Б нь Э.Х-ыг бага насны хүүхэд болохыг нь мэдсээр байж түүний эрүүл мэндэд хохирол учруулах сэдэлт, зорилго агуулж чулуу шидсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь М.Э-тай хэрүүл маргаан үүсгэн улмаар түүн рүү чулуу шидсэн ба уг чулуун нь бага насны хохирогч Э.Х-ын толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх шаардлагагүй болно.

 

            Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ын мөрдөн байцаалтанд  мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-41 хуудас/

 

2.2. Гэрч Ц.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай эхнэр Б нь  ааш араншин байдаггүй, төлөв даруу зантай, сайхан сэтгэлтэй, хамт амьдраад 5 жил болж байна, дундаасаа хоёр хүүхэдтэй. Одоо бид хоёр хувиараа машин угаалгын газар ажиллуулдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51 хуудас/

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 79 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б-г анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгч Б.Б-г 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрснийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Илжгэн овогт Б-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТТУЛГА