| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2022/00742/И |
| Дугаар | 210/МА2023/00396 |
| Огноо | 2023-02-17 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/00396
| 2023 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/00396 |
А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/00045 дугаар шийдвэртэй,
А-гийн нэхэмжлэлтэй
“Б” ХХК, “Банк” ХХК-д тус тус холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 126,041,189 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонцэцэг, хариуцагч “Банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, П.Нямзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. А- өөрийн нөхөр талийгаач Г.Г-ын хамт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор 145,000,000 төгрөгийн зээлийг “Банк” ХХК-аас 15 жилийн хугацаатай авч, улмаар зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах ёстой гэсний дагуу банкнаас санал болгосон даатгалын компаниудтай амь нас, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамрагдаж гэрээг тухай бүр байгуулж байсан. Хамгийн сүүлд талийгаач нь дэлхий нийтээр тархсан цар тахал /Ковид-19/-ын улмаас банкны зүгээс санал болгосон “Б” ХХК-тай байгуулсан 200208103225 дугаартай гэрээнд гарын үсэг зураагүй боловч банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу даатгалын хураамжийг цаг хугацаанд нь төлж байсан.
1.2. Талийгаач Г.Г- нь цэргийн албан хаагч байсан ба 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймагт албан үүргээ гүйцэтгэж явахдаа нас барсан бөгөөд нас барсан шалтгаан нөхцөлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинжээчийн 102 дугаартай дүгнэлтээр “тархины баруун тал бөмбөлгийн зулай, баруун, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсэгт жижиг голомтот, духны суурь /баруун/, бага тархины орой, суурь хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан болох”-ыг тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь 6-9 насны 3 хүүхдийн хамт үлдэж хоцорсон бөгөөд даатгалын эрсдэл үүссэнтэй холбоотойгоор банкнаас авсан зээлийг хаах зорилгоор даатгалын нөхөн төлбөр авахаар “Банк” ХХК-аар дамжуулан хандсан боловч “Б” ХХК-аас гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.8-д “өвчин эмгэгийн улмаас нас барах тохиолдол нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болно” гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
1.3. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 9/242 дугаартай албан бичгээр “...Г.Г- нь нас барснаар даатгалын тохиолдол бий болжээ гэсэн атлаа ... дээрх тохиолдолд даатгагчийн зүгээс даатгуулагчийн гэнэтийн ослын улмаас бус өвчний учир нас барсан гэж үзэн даатгалын гэрээний 8.1.8-д заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн.
1.4. “Б” ХХК болон Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн хариуг зөвшөөрөхгүй байна. Учир нь талийгаач Г.Г-ын хувьд эрүүл саруул, ямар нэг хууч өвчингүй, үхэлд хүргэх гэмтэл авч байгаагүй талаар шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 102 дугаартай дүгнэлтэд тодорхой бичсэн байхаас гадна талийгаачид учирсан цус харвалт нь ямар нэг суурь болон хүнд өвчтэй, эсхүл цоо эрүүл байх эсэхээс үл хамаарч, эрүүл саруул хэнд ч тохиолдож болдог гэнэтийн шинжтэй аюултай нөхцөл байдал юм. Эрүүл саруул ажлаа хийж байсан хүн өвчин эмгэгийн бус гэнэт цус харваж нас барсныг гэнэтийн осолд хамруулж үзэх ёстой гэж ойлгож байна.
“Банк” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан 200208103225 дугаартай гурвалсан гэрээний 3.2-т гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгалын эрсдэлд тооцож, улмаар уг гэрээний 7.1, 7.6.3-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор заасан байхад даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаа нь хууль болон гэрээ зөрчиж байна. Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгчийн ар гэр болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал гэж ойлгож ирсэн.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Ипотекийн даатгалын 200208103225 дугаартай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.6.3-т заасныг үндэслэн “Б” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр болох 126,041,189 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч “Б” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Г.Г- нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Банк” ХХК-аас 145,000,000 төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцны зээлдэгчийн амь нас, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг манай компанитай байгуулсан. Даатгуулагч Г.Г- нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан байх бөгөөд нөхөн төлбөр хүссэн баримтуудтай танилцахад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд даатгуулагч нь тархины баруун тал бөмбөлгийн зулай, баруун, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан гэж тодорхойлжээ.
2.2. Зээлдэгчтэй байгуулсан Ипотекийн даатгалын баталгааны 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгасан. Тодруулж хэлбэл зээлдэгч буюу даатгуулагч нь нэмэлт эрсдэл болох зүрх гэнэт зогсох, цус харвах зэргийг сонгож, даатгалын хураамж төлөөгүй байх тул даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй хэсэг буюу 8 дугаар зүйлийн 8.1.8-т “Өвчин эмгэгийн улмаас нас барах” гэх заалтад хамаарч байна гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Хариуцагч “Банк” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. “Банк” ХХК болон иргэн Г.Г-, А- нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр банк нь 145,000,000 төгрөгийн орон сууцны зээлийг 156 сарын хугацаатайгаар зээлдэгч нарт олгосон ба Банк2ны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу Г.Г- болон А- нарыг амь насны даатгалд хамруулж, зээлдэгч нартай 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 170200001540 тоот даатгалын баталгааг байгуулсан. Тус даатгалын баталгаанд даатгуулагчийг төлөөлж зээлдэгч А- гарын үсэг зурж, танилцсан байна.
3.2. Зээлдэгч А- 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус банкны салбарт ирж, даатгагч компанийг сольж “Д” ХХК-ийг сонгож даатгуулах хүсэлт гаргасан ба тухайн үед Банк1 нь “Д” ХХК-тай 18/047 дугаартай (2018.05.10) “Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байсан тул зээлдэгч болон даатгагчийг зуучилж 202603046652 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгааг байгуулсан. Харин зээлдэгч нь тус баталгаатай танилцаж байгуулахдаа тус баталгааны 2 дугаар зүйлд заасан нэмэлт эрсдэлийг даатгуулаагүй ба үндсэн эрсдэл буюу тус баталгааны 1 дүгээр зүйлийн 1.1-1.5 дахь хэсэгт заасан эрсдэлүүдийг сонгож даатгалын баталгаанд гарын үсэг зурсан. Мөн тухайн өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр банк нь зээлдэгчтэй Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд тухайн нэмэлт гэрээний 2.4-т “...даатгалын хураамжийг Гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэгтэй” гэж, мөн 2.6-д “Банк нь Гэрээний 7.2.13-д заасны дагуу Зээлдэгчийн сар бүр төлсөн даатгалын хураамжийн төлбөрийг даатгалын гэрээний хугацаанд тусгай дансанд хуримтлуулж, даатгалын гэрээний хугацаа дуусмагц даатгалын хураамжийг даатгалын компанид шилжүүлж, даатгалын гэрээг сунгана...” гэж тус тус заасан байдаг.
Гэвч 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгчийн “Д” ХХК-тай байгуулсан 202603046652 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгааны хүчинтэй хугацаа дууссан ба тухайн үед “Банк1” ХХК нь “Банк” ХХК-д нэгтгэгдсэн, мөн “Банк1” ХХК “Д” ХХК-тай байгуулсан 18/047 дугаартай “Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ”-ний хугацаа дууссан.
Дээрх нөхцөл байдлаас гадна “Банк” ХХК нь “Д” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байсан тул зээлдэгчтэй байгуулсан Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээний 2.6-д заасан үүргээ банк биелүүлж, өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу, хамтран ажиллах гэрээ байгуулсан “Б” ХХК-тай зуучилж 200208103225 дугаартай Ипотекийн даатгалын баталгааг байгуулан зээлдэгчийн даатгалын баталгааг сунгасан. Банк нь зээлдэгчийн баталгааг тийнхүү сунгахдаа “Д” ХХК-тай байгуулсан 202603046652 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгааны нөхцөлийг ямар нэгэн байдлаар дордуулаагүй ба зээлдэгчийн хүсэл, зоригийг хэвээр хадгалсан.
Харин нэхэмжлэгчийн маргаж буй шалтгаан нь гэнэтийн ослын даатгал нь цус харваж нас барах эрсдэлийг хамгаалахгүй байгаа талаар, мөн нөхөн төлбөр өгөхгүй байгаа талаар даатгагч компанитай маргадаг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргах хүсэлтдээ “Банк” ХХК даатгалын зуучлагчийн үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дурдсан байх боловч банкны ямар үйлдэл нэхэмжлэгчид ямар хохирол учруулсан талаар дурдаагүй байна.
Иймд банк зээлдэгчийн даатгалын баталгааг сунгасан үйлдэл нь зээлдэгч буюу нэхэмжлэгч А-д ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй, хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгээгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан даатгалын нөхөн төлбөрт шаардаж буй 126,041,189 төгрөгийн тус банканд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч “Банк” ХХК, “Б” ХХК нарт холбогдох “Банк” ХХК-г 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30С21106048 дугаартай “Банк” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан “Ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ”-ний 6.18-д заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, хариуцагч “Б” ХХК-аас 64,090,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,951,189 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А-гийн 788,156 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК, Банк ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 478,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс зээлийн төлбөрийн эзлэх хувийг 44.2 хувиар тооцож 64.090.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл даатгуулагч Г.Г- нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Б” ХХК-д даатгуулж, 170200001541 тоот Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулж, уг гэрээг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин нэг жилийн хугацаанд сунгаж гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.
Харин 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 202603046652 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгааг даатгуулагч “Д” ХХК-тай байгуулсан.
Энэхүү маргаан нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Ипотекийн даатгалын баталгааны гэрээтэй холбоотойгоор үүссэн маргаан байтал өмнөх гэрээнүүдийг бүгдийг “Б” ХХК-тай байгуулсан гэж буруу ойлгож гэрээний нөхцөл өөрчлөгдсөн байхад танилцуулаагүй мэтээр даатгагчийг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.4-т хэсэг нь Санхүүгийн зохицуулах хороо нь журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна авч хэрэгжүүлж болох арга хэмжээг тодорхойлсон хэсэг юм.
Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ хэрэгжүүлнэ” гэсний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичгээс үзвэл “Б” ХХК болон даатгуулагч Г.Г-, А- нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Ипотекийн даатгалын баталгааны гэрээг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам зөрчиж байгуулсан гэрээ гэж үзээгүй бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.5 болон 5 дугаар зүйлийн 5.4.2-т үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг анхаарч үзээгүй, процессыг буруу дүгнэсэн байна.
5.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт “...Мөн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ... гэсэн байтлаа ... Гэрээний 8.1-д даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдлыг заасан байх ба хариуцагч нарын зүгээс даатгуулагчийн амь насны нэмэлт эрсдэлийг хураамжийг төлөөгүй тул тухайн эрсдэлийг аваагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх нь гэрээний агуулга болоод хуульд нийцэхгүй болно... гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгагчийн нөхөн төлбөр олгох үүрэг болон даатгуулагчийн хураамж төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулсан бөгөөд нөхөн төлбөр олгох гол үндэслэл нь даатгуулагчийн төлсөн хураамж болохыг тодорхойлсон заалт юм. Гэтэл шүүхээс даатгагчийн нөхөн төлбөр олгох үүргийг л хэрэгжүүлэхээр тогтоож, даатгуулагчийн төлсөн даатгалын хураамжийн хэмжээг анхаарч үзээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
5.3. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан “...даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;” буюу даатгуулагчийн төлсөн хураамжийн хэмжээгээр нөхөн төлбөр олгох үүргийг даатгагчид хүлээлгэсэн.
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.5-д “Даатгагч ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын хураамжийн хувийг эрсдэл тус бүрээр тооцож боловсруулсан байна” гэж заасны дагуу “Б” ХХК даатгалын эрсдэл тус бүрийг тодорхойлон хураамжийн хэмжээг тогтоосон байдаг бөгөөд үүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж хянуулсан байдаг.
Иймээс Ипотекийн даатгалын баталгааны гэрээний 3 дахь хэсгийн 3.2.3-т “нэмэлт хураамж төлж хамрагдах эрсдэлд цус харвах, зүрх гэнэт зогсох эрсдэлийг хамруулна” гэж тусгасан байна. Харин даатгуулагч Г.Г-, А- нар нь даатгалын гэрээний зөвхөн үндсэн эрсдэлийг сонгож даатгалын хураамж төлсөн байх бөгөөд энэ тохиолдолд даатгагчийн хариуцах эрсдэл даатгуулагчийн төлсөн хураамжийн хэмжээгээр хязгаарлагддаг болно.
Өөрөөр хэлбэл, даатгагч нь даатгуулагчийн гэрээнд сонгосон эрсдэл, төлсөн даатгалын хураамжийн хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг гэрээгээр хүлээсэн байтал огт хураамж төлөөгүй, даатгуулагчийн сонгоогүй эрсдэл болох “цус харвах” эрсдэлийн улмаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийг төлүүлэхээр шүүхээс тогтоосон нь даатгагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан.
5.4. Санхүүгийн зохицуулах хорооны Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно.” гэж заасны дагуу даатгагч нь Ипотекийн даатгалын гэрээний 8 дахь хэсгийн 8.1.8-д даатгуулагч “өвчин эмгэгийн улмаас нас барах” тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар тодорхой заасан байтал шүүхээс уг зохицуулалтыг анхаарч үзээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
5.5. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн хянаж үзээгүй, зарим нотлох баримтыг буруу дүгнэсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Хариуцагч “Банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Г.Г-, А- нар нь тус банкны салбарт ирж, ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаа “Д” ХХК-ийг сонгож, зөвхөн үндсэн эрсдэлийг даатгуулах хүсэлтээр 202603046652 дугаар даатгалын баталгааг байгуулан, тус даатгалын баталгаанд зээлдэгч Г.Г- гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус даатгалын баталгааны хугацаа 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох үед “Банк1” ХХК “Банк” ХХК-д нэгтгэгдсэн, мөн “Банк1” ХХК-иас “Д” ХХК-тай байгуулсан 18/047 дугаартай “Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ”-ний хугацаа дууссан байсан.
Ийнхүү банк нь зээлдэгчийн баталгааг сунгахдаа “Д” ХХК-тай байгуулсан 202603046652 дугаартай “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа”-ны нөхцөлийг дордуулалгүй зээлдэгчийн хүсэл сонирхлыг хэвээр хадгалж, зээлдэгч нартай 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ”-гээр “2.6. Банк нь Гэрээний 7.2.13-д заасны дагуу Зээлдэгчийн сар бүр төлсөн даатгалын хураамжийн төлбөрийг даатгалын гэрээний хугацаанд тусгай дансанд хуримтлуулж, даатгалын гэрээний хугацаа дуусмагц даатгалын хураамжийг даатгалын компанид шилжүүлж, даатгалын гэрээг сунгана. ...” гэж тохиролцсоны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан “Б” ХХК-тай зуучилж 200208103225 дугаартай Ипотекийн даатгалын баталгааг байгуулан зээлдэгчийн даатгалын баталгааг сунгасан.
Зээлдэгч Г.Г- нас барах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2021 оны 200208103225 дугаар Ипотекийн даатгалын баталгаа нь зөвхөн үндсэн эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах эрсдэлийг даатгасан. Даатгуулагч нь даатгалын хураамжаа үндсэн эрсдэлийн 0,1 хувиар төлсөн байна.
Гэвч шүүх талуудын хооронд байгуулсан даатгалын баталгаа, түүний нөхцөл, даатгалын хураамж төлсөн баримт болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй байна.
6.2. “Банк” ХХК “Д” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байсан тул зээлдэгчтэй байгуулсан “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ”-ний 2.6 дахь хэсэгт заасан үүрэг болон Банк2ны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-д тус тус заасны дагуу ипотекийн зээлдэгч нарыг ипотекийн даатгалд заавар хамруулах үүргээ банк биелүүлж ажиллахын тулд хамтран ажиллах гэрээ байгуулсан “Б” ХХК-тай зуучилж 200208103225 дугаартай Ипотекийн даатгалын баталгааг зээлдэгчийн өмнө нь илэрхийлсэн хүсэл сонирхлыг хэвээр хадгалж, гэрээний нөхцөлийг дордуулалгүй сунгасан.
Ипотекийн даатгалын мэдүүлгийн маягтыг даатгуулагчаар бөглүүлэх үүргийг банк хүлээж буй боловч даатгуулагч банканд хүрэлцэн ирээгүй үед бөглүүлэх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны даатгалын гэрээний хугацаа дуусах үед коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас нийгэмд хөл хорио тогтоосон нь банкийг тус үүргээ биелүүлэхэд саад болсон. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2021 онд сунгасан даатгалын баталгааны дагуу даатгалын хураамжийг данснаасаа суутгуулах үед тус гэрээг танилцуулаагүй гэж маргаагүй, банканд нэмэлт эрсдэл сонгож даатгуулах хүсэлтээ илэрхийлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Талуудын хооронд нэгэнт байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд нэмэлт эрсдэлийг сонгох хүсэл зоригоо даатгуулагч илэрхийлээгүй байхад нэмэлт эрсдэлийг мэдүүлгийн маягт бөглүүлээгүйгээс даатгуулагчид ашиггүй байдлыг бий болгосон гэж үзсэн нь бодит үйл явдалтай нийцээгүй тул үндэслэлгүй.
Хэрэв зээлдэгч нар нь даатгалын баталгаа сунгах үед “Б” ХХК-аар даатгуулахгүй, нэмэлт эрсдэлийг сонгох тухай хүсэлтээ банканд илэрхийлсэн байсан бол банк нь даатгалын баталгааг зээлдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу зуучилж, мэдүүлгийн маягтыг бөглүүлэх байсан.
6.3. “Банк1” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууцны урт хугацаат зээлийн эрсдэлийн дүгнэлт нь зээл олгох шийдвэр гарахаас өмнө зээлдэгч нарын нийт орлого, нийт зардал, өрийг судлан, тооцоолж зээлдэгч нарын зээлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой эсэх саналыг гаргадаг баримт бичиг юм.
Даатгагч болон Даатгуулагч нарын хооронд байгуулсан 200208103225 тоот Ипотекийн даатгалын баталгаанд зээлийн төлбөрт хариуцах хувь дээр 50 хувь гэж заасан байхад зээл олгох шийдвэр гаргахад бүрдүүлдэг материалд үндэслэн Г.Г-ын зээлийн төлбөр төлөх үүргийн эзлэх хувийг 44.2 хувь гэж тооцоолсон нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч “Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч “Банк” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” ХХК, “Банк” ХХК-д тус тус холбогдуулж “Банк” ХХК, “Б” ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ”-ний 6.18-д заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох, хариуцагч “Б” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 126,041,189 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч 2 компанийн хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байгааг анхан шатны шүүх анхаараагүйг залруулах боломжтой гэж дүгнэлээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. “Банк1” ХХК болон Г.Г-, А- нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ” болон “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ барьцааны” гэх нэртэй гэрээнүүд тус тус байгуулагдсан, уг гэрээгээр “Банк1” ХХК 145,000,000 төгрөгийг 13 жил буюу 156 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл болон зээлийн хүүг төлөх, барьцааны зүйлээр Г.Г- болон А- нарын өмчлөлийн 2 ширхэг орон сууцыг тодорхойлсон байна.
4.1. “Б” ХХК-аас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Ипотекийн даатгалын баталгаа” үйлдэж, уг баталгаанд үндсэн зээлдэгч Г.Г-, хамтран зээлдэгч А- нарыг тодорхойлж, тэдгээрийн орон сууцны даатгалын үнэлгээг 155,750,000 төгрөгөөр, зээлдэгчийн амь насны даатгалын үнэлгээг 126,041,188 төгрөгөөр тогтоож, уг үнийн дүн бүрээс 0,1 хувиар тооцож даатгалын хураамжийг 155,750 төгрөг, 126,041 төгрөгөөр тус тус тодорхойлсон байх ба уг хураамжийг зээлдэгч нар төлсөн байна. Харин уг баталгааны даатгалын зүйлд заасан “зүрх гэнэт зогсох”, “цус харвах” гэсэн хэсэгт даатгалын үнэлгээ, хувь хэмжээг тодорхойлоогүй орхигдсон байна.
Даатгуулагч нар энэ баталгаанд гарын үсэг зураагүй, даатгагч нь Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагч нарт гардуулан өгсөн талаар талууд маргаагүй.
Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ. Уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4.2. Зээлдэгч нар өмнө нь “Д” ХХК-тай даатгалын гэрээ байгуулж байсныг “Б” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Ипотекийн даатгалын баталгаа”-аар сунгасан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.
5. Даатгуулагч Г.Г- нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барж, даатгалын тохиолдол үүссэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд “Г.Г- нь тархины баруун тал бөмбөлгийн зулай, баруун, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас баржээ” гэж дүгнэсэн байна. /1 хх 8-9 дэх тал/
6.1. “Банк1” ХХК-ийг “Банк” ХХК-д нэгтгэсэн талаар талууд маргаагүй байна.
6.2. “Банк” ХХК, “Б” ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ” байгуулагджээ. /1 хх 130-138 дахь тал/
6.2.а.“Банк” ХХК нь тус гэрээний 6.18-д “Ипотекийн даатгалын гэрээг Гэрээний хавсралт 4-ын дагуу Даатгуулагчтай байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг танилцуулж, Гэрээний хавсралт 3-т заасан “Мэдүүлгийн маягт”-ын загварын дагуу Даатгуулагчийн мэдээллийг авч, Даатгуулагчаар баталгаажуулах үүрэгтэй” байх бөгөөд энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК нь даатгалын гэрээ байгуулах эрх, үүргийг гуравдагч этгээд болох “Банк” ХХК-аар гүйцэтгүүлэхээр болжээ.
6.2.б. “Банк” ХХК нь даатгуулагч Г.Г-од гэрээний нөхцөл, шаардлагын талаар танилцуулсан гэх тайлбараа нотлоогүй, Гэрээний хавсралт 3-т заасан “Мэдүүлгийн маягт”-ыг даатгуулагчаар баталгаажуулаагүйг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
6.3. Иймд “Ипотекийн даатгалын баталгаа”-нд даатгалын зүйлийг орон сууц, зээлдэгчийн амь нас, зүрх гэнэт зогсох, цус харвах гэж тус тусад нь тодорхойлсныг даатгуулагч нар мэдэх боломжгүй байсан гэж дүгнэнэ.
7. Даатгуулагч Г.Г-ын нас барсан шалтгаан нь цус харвалтаас болсон гэнэтийн байх тул даатгалын тохиолдол бий болсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
8. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.4.2-т “Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх”-ээр заасан байна.
9. Иймд даатгалын гэрээний даатгагч тал болох “Б” ХХК-аас даатгалын гэрээний 7.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагч даатгалын хураамжийг зохих ёсоор төлсний дараа даатгалын тохиолдол үүссэн үед гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг даатгагч олгоно” гэж заасны дагуу анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг 64,090,000 төгрөгөөр тодорхойлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдсон байхад мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг шийдвэрийн үндэслэл болгосон алдааг залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
10. Хариуцагч “Банк” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байх тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар үүсгэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
11. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад техникийн алдаа гаргасныг залруулна.
12. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/00045 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-аас 64,090,000 төгрөгийг гаргуулж А-д олгож, “Б” ХХК-д холбогдох 61,951,189 төгрөг гаргуулах тухай болон “Банк” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
Шийдвэрийн 2 дахь заалтад “хариуцагч “Б” ХХК, “Банк” ХХК нараас” гэснийг “Б” ХХК-аас” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Банк” ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “Б” ХХК-ийн төлсөн 478,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА