Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 237

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

      Улсын яллагч                                             М.Энхбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                              М.Гансүх

      Нарийн бичгийн даргаар                           С.Энхтайван нар оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Буттулгын Чинзоригт холбогдох 1831002980227 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Цагааннуур суманд 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар нуга” 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Өөлд овогт Буттулгын Чинзориг, /РД: МХ90092430/,

          

  Шүүгдэгч Б.Чинзориг нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар нуга” 2 дугаар багийн 2-162 тоотод орших өөрийн гэртээ эхнэр болох Б.Уранчимэгтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 

1.Шүүгдэгч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 25-нд яллагдагчаар  өгсөн:  ... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний бие “Гурван толгой” гэх газарт бригад дээрээ ажиллаж байгаад ажлаасаа 20 цагийн үед бууж, дэлгүүрээс 0,5 мл-ийн “Хараа” нэртэй архи авч гэртээ өөрийн эхнэр Уранчимэгтэй архиа хувааж уусан юм. Архиа уугаад сууж байтал Уранчимэг миний бага хүүхдийг “чиний хүүхэд биш” гэх зэргээр над руу хэрүүл маргаан үүсгээд байсан юм. Тэгтэл хүүхдүүд уйлаад байсан ба эхнэр хүүхдүүд рүү “та нар дуугай бай, шээснүүдээ” гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би уурандаа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан юм. Тэгээд байж байтал түүний эгч П.Уранцэцэг гэрт орж ирсэн юм. Тэгэхээр нь би гэрээс гараад ажил руу очиж хонъё гэж бодоод явсан. Тэгээд замдаа ер нь гэртээ хонъё гэж бодоо буцаад явсан. Тэгээд би гэрийнхээ хашаа руу ороод гал тогооны өрөөний цонх нь онгорхой байхаар нь эхнэрээ юу хийж байгааг харахад утсаараа ярьж дуулдсан ба “хайр нь одоо Дархан орж 7 хоноод, удахгүй хот орно” гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би цонхоо цохиж, хаалгаа онгойлгохоор нь эхнэрээ “чи хэнтэй хайраа энэ тэр гэж яриад байгаа юм бэ” гэхэд “хэнтэй ч яриагүй, ер нь хэнтэй ярих нь чамд хамаагүй” гэхээр нь шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөж, баруун талын нүд рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд нүүрээ 2 гараараа дарахаар нь 2 гар луу нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би гэрээс гараад гэрийн гадна амбаарт унтаад өгсөн. Тэгээд үүрээр гэртээ орж унтаад 08 цагийн үед ажилдаа явсан. Эхнэр унтаад үлдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

2.Шүүгдэгч Б.Чинзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэр өдөр ажлаасаа ирэхэд эхнэр маань найз нартайгаа нийлээд архи уучихсан байсан. Би гэртээ ороод эхнэртээ “чи цай чанаад байж байхын оронд яагаад архи уугаад байдаг юм бэ” гэж хэлчихээд гараад явсан. Гэтэл эхнэр араас гарч ирээд “ганц юм аваад өг” гэхээр нь би ганц шил архи авч өгсөн. Найз нар нь явсны дараа би “унтая” гэхэд намайг учир зүггүй хараагаад хөөгөөд 3 хүүхдээ загнаад байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Ажил дээрээ очиж хоноё гэж бодоод гарсан бөгөөд замдаа эргээд гэртээ очиж хоноё гэсэн бодол төрөөд буцаад ирэхэд эхнэр маань нэг эрэгтэй хүнтэй “хайраа” гээд утсаар яриад байсан. Тэгэхээр нь хардсаны улмаас нүүр лүү нь нэг алгадаж, хөл рүү нь хоёр өшиглөж, гар луу нь нэг өшиглөсөн. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг,

3.Хохирогч П.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:  ...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Би Түшиг сумын 2 дугаар багийн нутагт гэртээ байхад нөхөр Чинзориг гаднаас архи уусан байдалтай 0,5 литрийн “Хараа” нэртэй архи барьсан байдалтай орж ирсэн юм. Тэгээд Чинзориг бид 2 тухайн архийг хамт хувааж уусан юм. Архиа ууж сууж байтал Б.Чинзориг нь “миний бага хүүхэд миний хүүхэд биш” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгтэл миний нүүр лүү Б.Чинзориг нь 1 удаа алгадсан юм. Тэгэхээр нь би өөрийн эгч Уранцэцэг рүү залгахад түүний нөхөр Мягмардорж ах утсыг нь авсан юм. Тэгэхээр нь “намайг Б.Чинзориг цохиод байна” гэж хэлээд байж байтал гаднаас миний том эгч Ууганцэцэг гэрт орж ирсэн юм. Тухайн үед Чинзориг гадагшаа гараад зугтаасан. Тэгээд байж байтал Мийгаа ах орж ирээд “намайг хамт архи уулаа” гэж загнаад миний 3 хүүхдийг Мягмардорж ах аваад явсан. Тэгээд байж байтал гэрийн цонх цохих шиг болсон. Тэгээд хаалгаа онгойлготол Чинзориг “чи хэнтэй утсаар яриад байгаа юм бэ” гэж хэлээд миний шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд доошоо тонгойтол миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, нүүрээ дарахад миний зүүн талын гар луу 2 удаа бакалан гутлаараа өшиглөсөн. Тэгээд намайг зодчихоод гараад явсан. Би эмчилгээний зардалд 200.000 төгрөг гарсныг нөхөр Чинзориг төлж барагдуулсан. Одоо нада нэхэмжлэх гомдол, санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

4. Гэрч О.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байтал П.Уранчимэг над руу залгаж “манайд хүрээд ирээч ээ” гэж хэлсэн юм. Тэгээд өөрийн хамаатан Ууганцэцэг рүү залгаад Чинзоригийн гэрт очиход П.Уранчимэг архи уусан байдалтай, 3 хүүхэдтэйгээ орон дээр хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би “чи өөрөө хамт архи уучихаад юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд 3 хүүхдийг нь аваад гэр лүүгээ явсан юм. Тэгээд өглөө нь өөрийн эхнэртэйгээ хамт Чинзоригийн гэрт очиход П.Уранчимэгийн баруун талын нүд, зүүн гар нь хавдсан байдалтай байсан юм. Тэгээд эхнэрийнхээ хамтаар сумын цагдаагийн хэсэгт мэдэгдсэн. Энэ 2 дүү маань урьд өмнө нь зодолдож байсан эсэхийг мэдэхгүй. Хоорондоо гэр бүлийн асуудлаас болж хэрэлдэх зүйл гардаг юм. Б.Чинзориг ажилсаг, шударга, сайн залуу, архи уух дуртай, уухаараа жаахан ааш араншин эвдрэх шинжтэй байдаг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

5.Гэрч С.Эрдэнэцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бодлоор Б.Чинзоригийн эхнэр П.Уранчимэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байдал нь ихэссэнтэй холбоотой гэж ойлгож байна. Эхнэр хүний архидалттай холбоотойгоос энэ гэмт хэрэг гарсан гэж бодож байна. Б.Чинзориг зан байдлын хувьд хүнтэй яриа сайтай, биеэ зөв аваад явчихдаг, шударга, амьдралтын төлөө гэсэн сэтгэлтэй залуу шиг санагдсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 16-р ху/,       

6. Гэрч Ч.Сонинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Түшиг сумын 2 дугаар багийн иргэн П.Уранчимэг нь 12 цаг 35 минутын үед нөхөртөө зодуулсан гэх дуудлага өгч, очиж үзэхэд баруун нүд, зүүн шанаа хөхөрсөн, зүүн чих арьс нь зулгарсан, зүүн талын хөх орчмоор хөхөрч хавдсан, зүүн гар нилэнхүйдээ хөхөрч, хавдартай, гараа дээш болгох, хөдөлгөх хөдөлгөөн хязгаарлагдмал, юм барьж чадахгүй, өвдөлт ихтэй байсан. ...гэх мэдүүлэг, /хх 17-р ху/,

7.Гэрч А.Мөнхбатын 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний төрсөн ах А.Мөнхбатын хувьд даруу төлөв, дуу шуу цөөтэй, ажилсаг, хичээнгүй хүн байгаа юм. Ар гэрийн амьдралын хувьд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Тогтсон ажилгүй, хүнд хүчир ажил хөдөлмөр хийж үр хүүхдээ тэжээдэг. Миний хувьд хэргийн талаар сая л мэдлээ. ...гэх мэдүүлэг, /хх 22-р ху/,

  8.Гэрч Б.Хишигсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний дүү Б.Чинзориг даруухан, ажилсаг, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Архи дарс их уугаад байдаггүй. Багаасаа өнчин өссөн болохоор амьдрал үзсэн хүүхэд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх 20-р ху/,

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн № 358 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.П.Уранчимэгийн биед зүүн шуу ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн хөх, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. П.Уранчимэгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 23-р ху/,

 

 10. Шүүгдэгч Б.Чинзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 48-р ху/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-07-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл_ /хх-ийн 24-25-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 28-29-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 30-31-р ху/, Түшиг сумын 2 дугаар багийн засаг даргын тодохойлолт, /хх-ийн 34-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 47-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чинзориг нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар нуга” 2 дугаар багийн 2-162 тоотод орших өөрийн гэртээ эхнэр болох Б.Уранчимэгтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, Түшиг сумын 2 дугаар багийн засаг даргын тодохойлолт, хэрэгт хууль сануулан авсан гэрч нарын мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Б.Чинзоригийг согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой гэртээ эхнэр  Б.Уранчимэгтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 Шүүгдэгч Б.Чинзоригнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, мөн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна..

  Шүүгдэгч Б.Чинзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь  гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялаас нь чөлөөлж, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4,  36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Өөлд овогт Буттулгын Чинзоригийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т   зааснаар шүүгдэгч Б.Чинзоригийг 01 /жилийн/  жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинзоригтод оногдуулсан 01 /жилийн/  жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Чинзоригтод оногдуулсан 01 /жилийн/  жилийн  хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хязгаарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Чинзориг нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял ооногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Б.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

7.Шүүгдэгч Б.Чинзоригтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

  12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН