| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т т холбогдох эрүүгийн 1806 06209 1961 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Тольт хөдөлгүүр” ХХК захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” 803 байрны 308 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэж хянан харгалзсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүгийн 6 дугаар хороо, 80 дугаар байрны 202 тоот орон сууцанд Г.Оргилтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах
ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Оргилын өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Б.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч Ж.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №9225 дугаартай дүгнэлт /хх-20/, шүүгдэгч Б.Т ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүгийн 6 дугаар хороо, 80 дугаар байрны 202 тоот орон сууцанд Г.Оргилтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Оргилын өгсөн: “... 2018 оны 7 сарын 26-наас 27-нд шилжих шөнө танил Б.Т над руу фейсбүүк чатаар залгаад надаас “юу хийж байна” гэхээр нь би “гэртээ зурагт үзэж байна” гэж хэлсэн чинь “би танай гэрт очиж үзье” гээд 02 цагийн орчим Э.Эрдэнэбилэг, Б.Т нар согтуу такси бариад 10 орчим шил пиво, 1 шил Болор архитай таксины мөнгөгүй ирэхээр нь би таксины мөнгөнд нь 10000 төгрөг өгсөн. Б.Т хивсэн дээр шүлсээ хаяхаар нь 00 өрөөнд орсон. Тэндээ суултуур дээр биш шалан дээр шээж эхэлсэн. Тэгэхээр нь би “ингэж гэртээ доромжлуулж чадахгүй манайхаас яв” гээд Б.Т ыг гэрээс хаалга руу түлхсэн. Б.Т дандаа миний толгой тус гараараа маш олон удаа цохиж, зодож байгаад архины шилээр нэг удаа цохисон.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч Г.Оргилын гаргасан: “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болох шүүх хуралд оролцохгүй бөгөөд Б.Т аас ямар нэгэн зүйл гомдол нэхэмжлэхгүй, гомдолгүй болно.” гэх хүсэлт,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Эрдэнэбилэгийн өгсөн: “...2018 оны 7 сарын 26-ны орой Б.Т бид хоёр найзынхаа хүүхдийн үсний сэвлэг үргээх ёслолд оролцоод тэндээсээ гараад архи уусан явж байгаад Б.Т , Г.Оргил 2 утсаар яриад бид хоёр Г.Оргилынд очсон. Нэг мэдсэн бид 3 зууралдсан зогсож байсан. Г.Оргил намайг заамдсан. Би Г.Оргилыг тэвэрсэн, Б.Т бас Г.Оргилыг заамдсан байсан өөр зүйл санахгүй байна. Би Г.Оргилыг цохисон эсэхийг мэдэхгүй байна.” /хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Алтанхуягийн өгсөн: “...2018 оны 7 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүлд 115 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд үүрийн 06 цагийн үед байсан байхаа “2 хүн нэг хүнийг зодоод байна” гэх дуудлагаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 80 дугаар байрны 45 тоотод очиж шалгахад Г.Оргил зодуулсан нүүр болон цээж хэсэг нь цус болсон. Өөрийг нь зодсон Б.Т , Э.Эрдэнэбилэг нарыг шууд заахад Б.Т нь орцонд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Харин Э.Эрдэнэбилэг нь Г.Оргилын зочны өрөөнд зогсоод “би ч бас зодуулсан, миний хамраас цус гарсан” гэж хэлж байсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №7613 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Оргилын биед духны баруун хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, шанааны зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт. зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөр, баруун хөх, бугалга, зүүн бугалга. суганы зулгаралт. зүүн суганы цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-25/ гэх дүгнэлт,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-31/,
-Шүүгдэгч Б.Т ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-28/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Т ын 2018 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүгийн 6 дугаар хороо, 80 дугаар байрны 202 тоот орон сууцанд Г.Оргилтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Г.Оргил нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Т ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Т т
450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Т ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС