Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 233

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                         А.Энхтуяа

      Нарийн бичгийн даргаар                        Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Лувсандоржийн Цогтсайханд холбогдох холбогдох 1831003220243 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цорос овогт Лувсандоржийн Цогтсайхан, /РД: МН88081970/,

          

Шүүгдэгч Л.Цогтсайхан нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт хадлангийн газрын маргаанаас болж С.Ариунболдын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Л.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын  07-нд  яллагдагчаар  өгсөн:  ...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед миний бие Түшиг сумын 1 дүгээр багийн нутаг “Номт” гэх газарт хадлангаа хадахаар өөрийн найз Золбаяр, эхнэр Мөнхжаргал нарын хамт явсан. Тэгээд хадлангийн талбай дээр очиход манай сумын иргэн Ариунболд манай хадлангийн газар дээр Сод гэх хүнээр хадлан хадуулж байсан. Тэгэхээр нь би Ариунболдтой уулзаж “миний хадлангийн газар яагаад хадаж байгаа юм бэ” гэхэд Ариунболд нэг залуутай пиво уугаад сууж байсан юм. С.Ариунболд ирээд намайг “гөлөг, бөөс минь яагаад миний хадаж байгаа газрыг болиулж байгаа юм бэ” гээд элдвээр доромжлоод цохих гэхэд нь би нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон юм. Тухайн үед Ариунболд ухаан алдаад газар унаад өгсөн ба ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг өгч барагдуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/,

2.Шүүгдэгч Л.Цогтсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би хадлангийн газартаа өвс хадах гэж очсон боловч Ариунболд гэж хүн манай хадланг хадаж байсныг болиулахыг шаардаж улмаар маргалдаж нэг удаа цохисон чинь ухаан алдахаар нь би ухаан оруулсан...гэх мэдүүлэг,

3.Хохирогч С.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:  ...Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед Түшиг сумын “Номт” гэх газарт хадлангаа хадах гээд очиход манай сумын Сод ах болон миний найз Алтан-Очир нар байсан юм. Тэгээд хадлангаа хадах гээд байж байтал манай хажууд өвөлждөг Цогтсайхан хүрч ирсэн юм. “Миний хадлангийн газрыг чи хадлаа” гээд над руу уурлаад байсан. Энэ асуудлаас болж бид 2 маргасан. Тэгээд удалгүй Цогтсайхан нь Сод ахыг манай хадлангийн газрыг хадах гэж байхад нь болиулсан байсан. Тэгээд би хадлан дээрээ очоод “чи яагаад манай хадлан хадаж байсан хүнийг болиулж байгаа юм бэ” гэхэд Цогтсайхан “чи ер нь яахаараа манай хадланг хадаж байдаг юм бэ” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү цохисон юм. Тэгээд би ухаан алдаад унасан юм. Өөр хаашаа цохисоныг би мэдэхгүй. Тэгээд намайг Алтан-Очир ирж салгасан гэж байсан. Л.Цогтсайханаас 200.000 төгрөг эмчилгээний зардал болгож авсан. Надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул би одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 8-р ху/,

4.Гэрч А.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Л.Цогтсайхан нь намайг гэрт байхад 13 цагийн үед “хадлан хадаад өгөөч” гээд манай гэрт ирсэн юм. Тэгээд би өөрийн 94-38 СЭҮ улсын дугаартай “Пронтер” маркийн машин дээрээ хадлан хаддаг, трактороо ачаад Л.Цогтсайхан болон түүний эхнэр Мөнхжаргал нарыг суулгаад Түшиг сумын “Номт” гэх газарт очиж, трактороо буулган Цогтсайханы хадланг хадах гэж байхад Сод гэх хүн Ариунболдын хадланг хадаж байсан юм. Тэгээд Цогтсайханаар хадлан хадах талбайгаа заалгаад хадаж байтал С.Ариунболд нь Цогтсайхантай “миний хадлангийн газар хадлаа” гээд маргалдаж байгаад Цогтсайхан нүүр хэсэг рүү нэг удаа цохиход Ариунболд газар унасан. Тэгэхээр нь би очиж салгасан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

5.Гэрч С.Эрдэнэцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ...Би Л.Цогтсайханыг манай сумын 1 дүгээр багийн иргэн гэдгээр нь танина. Хамаатан садны холбоо байхгүй. Л.Цогтсайхан эхнэр, 4 хүүхэдтэй, гэр бүлээ авч явахын тулд хэдэн малаа маллаад амьдардаг. Өрхийн орлого гээд байх зүйл муу. Гэхдээ амжиргааны түвшингөөс доогуур айл өрхдөө хамрагддаггүй. Зан байдлын хувьд даруухан, шударга, сайн залуу шиг санагддаг. Янз бүрийн архи дарс уугаад хэрэг төвөг хийгээд байдаггүй. Сумаас явуулсан арга хэмжээнд идэвхтэй хамрагддаг сайн залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 13-р ху/,

6. Гэрч Э.Мөнхжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед миний бие Түшиг сумын “Номт” гэх газарт хадлангаа хадахаар нөхөр Цогтсайхан, түүний найз Золбоо нарын хамт явсан. Тэгээд хадлангийн талбай дээр очиход манай сумын иргэн Сод гэх хүнээр С.Ариунболд хадлан хадуулж байсан юм. Тэгэхээр нь Сод гэх хүнтэй уулзаж “манай хадлангийн газар юм, Ариунболдын хадлан биш, бид нар өөрсдөө хадна” гэж хэлээд хадлангаа хадаж байтал С.Ариунболд ирээд миний нөхрийг “гөлөг, бөөс минь яагаад миний хадаж байгаа газрыг болиулж байгаа юм бэ” гээд элдвээр доромжлоод цохих гэхэд нь Цогтсайхан нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон юм. Тэгтэл Ариунболд газар унасан. Миний нөхөр зан байдлын хувьд их даруухан, үг дуу цөөтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, шударга сайн хүн юм. Янз бүрийн архи дарс уугаад хэрэг төвөг хийгээд байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх 14-р ху/,

7.Гэрч Ө.Бадамхандын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн үед манай сумын иргэн С.Ариунболд нь “хүнд зодуулсан, толгой өвдөнө, нүд бүрэлзэнэ” гэсэн дуудлага утсаар өгсөн. Дуудлагын дагуу очиход биеийн байдал ерөнхийдөө сайн, амин хувийн үзүүлэлт хэвийн, уруул хөхөрч хавдсан, уруулын дотор талын завьж шархалсан, цус гарч байсан. Толгойд өөр ил харагдах шарх байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх 15-р ху/,

8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № 369 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

           1.С.Ариунболдын биед тархи доргилт, хамрын хянга нуруу, уруулд няцарсан шархтай цус хуралтын  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 18-р ху/, 

 

 Шүүгдэгч Л.Цогтсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 35-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 34-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татах тогтоол, /хх 25-26-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 27-28-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 19,20-р ху/, Сэлэнгэ аймаг, Түшиг сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 29-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 37-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 38-р ху/, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 36-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 43-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Л.Цогтсайханыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт хадлангийн газрын маргаанаас болж С.Ариунболдын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 650 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.      

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 650 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.Цогтсайханы хувийн байдал болон цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан мөн шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялаа багасгаж өгөх хүсэлт зэргийг харгалзан аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийг 650 нэгжээр торгох санал гаргасныг багасган шүүгдэгчийг 450 нэгжээр торгож шийдэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цорос овогт Лувсандоржийн Цогтсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цорос овогт Лувсандоржийн Цогтсайханыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Лувсандоржийн Цогтсайханыг цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Цогтсайханд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Л.Цогтсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.  

6.Шүүгдэгч Л.Цогтсайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН