Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00428

 

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00428

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02793 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

Б-т  холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А-а нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Ш ББСБ” ХХК-аас 40,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан боловч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй учир ББСБ-аас шүүхэд хандсан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчтэй эвлэрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00860 тоот захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Захирамжаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн - хороо, бэлхийн   - гудамж - тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ***, *** тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2.Үүний дагуу 2020 оны 10 дугаар сард гүйцэтгэх хуудас бичигдэж, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах тухай 21280835 тоот тогтоол гарсан. Тус тойргийн шийдвэр гүйцэтгэгч П- нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор А-аас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн санал авсан ба тухайн үед зах зээлийн бодит үнэ ханшийг судалж мэдээлэл цуглуулж 300,000,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн боловч уг саналыг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “Д” ХХК-ийг томилж, хөрөнгийг 149,550,652 төгрөгөөр үнэлсэн.

1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсний дагуу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан “Д” ХХК-ийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч ахлах шийдвэр гүйцэтгэгчид тэр даруйд хандсан боловч “бидний зүгээс тайлан үндэслэлтэй үгүйг хэлж мэдэхгүй, та хуульд заасан харъяаллын дагуу хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу өгсөн учир Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

1.4.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь гарааштайгаа 3 давхар, сингл хаус ба 4 улирлын зориулалттай орон сууц, түүнчлэн тэр хавийн ижил төрлийн орон сууцнууд 350-400 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад орон сууцыг яагаад 149,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн орон сууц нь хаус гэж явах ба нийтийн зориулалттай орон сууцнаас м.кв-ийн үнэлгээ харьцангуй өндөр боловч уг үнэлгээг гаргахдаа 1 м.кв талбайн төлбөрийг 1,000.000 орчим төгрөгөөр үнэлж тооцоо гаргасан. Гэтэл нийтийн зориулалттай гэр хороолол дундах орон сууцны 1 м.кв талбайн төлбөр хамгийн багадаа 2,000,000 төгрөг байна.

Түүнчлэн цэвэр агаартай, уул ойр, эрүүл газрыг ганданд байршилтай газартай харьцуулж үнэлгээ гаргасанд гомдолтой байна.

1.5.Иймд “Д” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00860 дугаар захирамжаар А-аас 51,526,323 төгрөгийг гаргуулж “Ш ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2.Төлбөр төлөгч А-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүргэлтэй, Сүхбаатар дүүргийн - хороо, Бэлхийн - - тоот хаягт байрлах, 144 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар А-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдох Сүхбаатар дүүргийн - хороо, Бэлхийн - - тоот хаягт байрлах, 144 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 149,550,625 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А-ын өмчлөлийн 144 м.кв талбайтай 4 улирлын зориулалттай амины орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур 149,550,652 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг гаргасан цаг хугацаанд 55 м.кв талбайтай гэр хороолол дунд байрлалтай 2 өрөө орон сууц 150,000,000 төгрөгөөр олдохгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өндөр ханштай байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулж бодит үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А-а нь хариуцагч Б-т холбогдуулж үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2020/00860 дугаар захирамжаар А-а нь 51,526,323 төгрөгийг “Ш ББСБ” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа болох Сүхбаатар дүүргийн - хороо, Бэлхийн - гудамж, - тоотод байршилтай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 144 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Б- шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 19ний өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.3. Төлбөр төлөгч А-аас ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй бөгөөд шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/34 дугаар тогтоолоор “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.

 

4.1. Шинжээч “Д” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 149,550,652 төгрөг гэж үнэлсэн, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-226/2890 дугаар албан бичгээр төлбөр төлөгч А-ад хүлээлгэж өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, уг тэмдэглэлд А-а гарын үсэг зурсан байдлаар тогтоогдож байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцжээ.

 

4.2. Төлбөр төлөгч А-а нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт: “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, А-а нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу мөн оны 02 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргах байтал уг хугацааг 1 сар 13 хоног хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоосон атлаа энэ талаар дүгнээгүй байгааг залруулах боломжтой.

 

4.3. Үнэлгээнд гомдлыг хуульд зааснаар шүүхэд гаргах учир нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм. 

 

4.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/02824 дугаар захирамжаар А-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг   7 хоногоор тоолсон ч 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болжээ. 

 

4.5. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Анхан шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж дүгнэж залруулав.

 

5. Гомдлыг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй тохиолдолд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагааны хүрээнд томилогдсон шинжээчийн үнэлгээний талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02793 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “55.1” гэснийг “55.7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АЛТАНЦЭЦЭГ

             ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ                                                                                      

Э.ЗОЛЗАЯА