Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 241

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

 

     Улсын яллагч                                        М.Энхбаатар

     Нарийн бичгийн даргаар                      Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мижиддоржийн Батцэнгэлд холбогдох эрүүгийн 1831003470253 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Ховд аймагт 1970 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхан тосгонд оршин суух хаягтай, 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэрэг хариуцах чадвартай гэх Бэсүд овогт Мижиддоржийн Батцэнгэл, /РД: МД-70011670/,

 

Шүүгдэгч М.Батцэнгэл нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үед Шаамар сумын 3 дугаар багийн иргэн Ч.Ганхуягийн итгэмжлэн хариуцуулж өгсөн адууг маллаж байхдаа түүний нэг тооны халзан гүүг өөрийнхөө адуу худалдаж авсан өрөнд бусдад өгч завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                     Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч М.Батцэнгэлийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Намайг адуутай болсон болохоор Ганхуяг нь өөрийн 5-6 тооны адуугаа манай адуутай нийлүүлсэн юм. Би олон жил Ганхуягийн хэдэн адууг өөрийн юм шиг маллаж байсан болохоор 1 тооны адууг нь хүнд өрөнд өгчихсөн юм. Ганхуягийн ийм зан гаргаж Цагдаагийн байгууллагад хандсан гэхэд би их гайхаж байна. ...Ганхуягт би 1 тооны гүү, унагатай өгсөн. Мөн дээрээс нь 200.000 төгрөг бэлэн өгч хохирлыг нь бүрэн төлсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

2.Шүүгдэгч М.Батцэнгэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: .... Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Ганхуягийн хүрэн халзан гүүг Батмөнх гэх залууд өгсөн. Маш их гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлсөн. Гүүний оронд нь унагатай гүү өгсөн. Мөн морио эрж хайсны зардалд нь 200.000 төгрөг өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Ч.Ганхуягийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны намар 9 сарын сүүлээр Цэнгээгийн адуун дотор байсан миний хүрэн халзан зүсмийн буруу гуяндаа өргөстэй дэгрээ тамгатай, өсгий цагаан гүү алга болсон байсан бөгөөд би тухайн үед нь бэлчээрээр хайж хүн амьтнаас сураг ажиг тавиад ямар ч сураг гараагүй. Тухайн үедээ Дулаанхан тосгоны цагдаад хэлж алдуул малын бүртгэлд тэмдэглүүлж байсан бөгөөд бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд ямар нэг сураг чимээ гараагүй байгаа болохоор хэргийн эзэн холбогдогчийг олохоор цагдаад хандаж байна. Хохиролоо нөхнө төлүүлсэн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 7-р ху/,

4.Гэрч Э.Энхмандахын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2017 оны хавар 5 дугаар сард Дулаанханд байдаг Цэнгээ гэдэг хүнээр маллуулахаар 17 тооны адууг аваачиж өгсөн. Тэгээд намар 9 сарын дундуур мөнгөний хэрэг гараад нэг адуугаа нядалж зарах гээд очиход манай адуу нилээд турчихсан байсан бөгөөд би “мөнгөний хэрэгтэй байна, адуу ямар туранхай байна аа, их унасан байна” гэхэд Цэнгээ “чи ахдаа хул морио өгчих, ах нь чамд одоо нэг адуу өгье, намар нэг үхэр өгье” гэхээр нь би зөвшөөрч хул морио өгсөн. Тэгээд хул морины өртгөнд өгсөн “адууг авъя” гэхэд хүрэн азаргатай адуун дээрээ очиж аль нэг гуяндаа тэгрээ тамгатай, хүрэн халзан зүсмийн, ахар дэлтэй байдсан гүүг барьж өгсөн. Бид 2 халзан гүүг хөтлөөд Орхон орж хоноод маргааш өглөө нь надад халзан гүүг нядалж өгөхөд мах идчихээд буцсан.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р ху/,

5.Гэрч Ц.Батмөнхийн 2018 оны 10 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны намар 09 дүгээр сарын дундуур манай хүргэн Энхмандах “адуунаасаа адуу авч ирнэ, нядална” гэж Дулаанхан яваад ирэхдээ Батцэнгэлтэй хамт хүрэн халзан зүсмийн гүүг авч ирж уяж хоноод маргааш нь хоёулаа нядлаад авч явж зарсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/

6.”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 700.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт, /хх-ийн 18-20-р ху/,

7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 21-22-р ху/, шүүгдэгчид  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай  тогтоол, /хх-ийн 26-27-р ху,/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхан тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, /хх-ийн 33-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 39-р ху/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, /хх-ийн 35-р ху/, ял шалгах хуудас, /хх-ийн 43-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Батцэнгэл нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үед Шаамар сумын 3 дугаар багийн иргэн Ч.Ганхуягийн итгэмжлэн хариуцуулж өгсөн адууг маллаж байхдаа түүний нэг тооны халзан гүүг бусдад өгч завшсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас авсан тэмдэглэл, зэргээр  батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Батцэнгэл нь өөрт холбогдох хэргийг шүүхэд шилжин ирсний дараа үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэрэг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

1.Шүүгдэгч Бэсүд овогт Мижиддоржийн Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн  хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1-т заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Мижиддоржийн Батцэнгэлийг ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлэхгүй бол прокурорын тогтоолоор уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Батцэнгэлд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч М.Батцэнгэл нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай.   

6. Шүүгдэгч  М.Батцэнгэлд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН