Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00440

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00440

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/00039 дугаар шийдвэртэй,

 

А-ы нэхэмжлэлтэй

“Б” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор, цалин хөлс, урамшуулал нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар Б машинч мэргэжлээр ажилд орсноос хойш тус байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан. Эрхэлж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандаж ажиллаж байсны зэрэгцээ нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан, ажил мэргэжлийн аварга зэрэг шагнал урамшуулал авч байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр албан тушаал дэвшүүлж Ус хангамжийн албаны дээд эх үүсвэрийн станцын инженер албан тушаалд томилсон бөгөөд ямар ч алдаа дутагдалгүй ажиллаж байсан.

1.2. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил тарж байхад намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсөн. Тушаалыг тайлбарлаагүй, ажил хүлээлцэх акт үйлдээгүй зэрэг хуульд заасан ажилтныг чөлөөлөхөд хийгдэх ажиллагаа хийгээгүй.   

Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэсэн байх бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэг огт гаргаагүй, хөдөлмөрлөх үйл ажиллагаанд ноцтой саад учруулсан үйлдэл огт гаргаагүй, байгууллагын дүгнэлт гаргаагүй, надад холбогдох зөрчлийг тогтоогоогүй.

1.3. Тухайн өдөр нэгдүгээр өргөгчнөөс насос станцаас дээш гардаг 80-ын цэвэр усны шугам хагарсан. Байгууллага дээр 805 дугаар анги харуул хамгаалалтаар гардаг. Хаалтыг  шалгах гэхээр 805 дугаар ангийн харуул нь оруулдаггүй. Машиныг тавиулахгүй, бүр дор тавиад бид дээшээ алхаж очдог зэрэг асуудал гардаг тул “Бөмбөг дэлбэрлээ аюул” гэсэн бичиг бичээд хаячихвал харуулууд олохыг нь үзмээр санагдаад энэ бичгийг бичээд ажилтан В-д тавьчих гээд өгсөн. Тэгээд олохгүй байхаар нь В-ыг ийм бичиг оллоо гээд аваад оч гэж хэлсэн. Ингээд бөөн юм болж баахан газруудаас хүмүүс ирсэн. Энэ үед нь бичгийг тавьсан гэдгээ дарга нартаа хэлсэн.

Нэхэмжлэгчийн асуудлыг шалгаад прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.

1.4. Даргын тушаалын үндэслэлд дурдагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалтыг тусгасан байдаг бөгөөд энэ заалт нь ажлаас чөлөөлөх хууль зүйн үр дагаваргүй заалт юм. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эрх бүхий байгууллагаас ноцтой зөрчил гэж дүгнэн шийдвэрлэсэн ямар ч дүгнэлт байхгүй юм.

1.5. Иймд Б-ын ус хангамжийн албаны дээд эх үүсвэрийн Станцын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  

2.1. А- нь Б-ын ус хангамжийн албаны дээд эх үүсвэрийн станцын инженер буюу тухайн станцын үйл ажиллагааг хариуцах бусад ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй байсан.

2.2. Гэтэл тэрээр хувийн сэтгэл хөдлөлд автан хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод тусгаагүй үйл ажиллагааг явуулж, Б улсын онцгой объект болох дээд эх үүсвэрийн станцын үйл ажиллагаа, түүний хамгаалалтыг хариуцдаг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ажилтнуудын тавьсан доор машинаа тавьж зөвшөөрлийн дагуу нэвтрэн орох ёстой хууль журамд заасан шаардлагыг эсэргүүцэж “Бөмбөг дэлбэрлээ” гэх агуулга бүхий бичиг бичиж, өөрийн удирдлага дор ажилладаг хүнээр тавиулсан үйлдэл гаргасан.

2.3. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.10, 2.2.14 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 12.26 заалтуудыг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар “...хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд комиссоор гомдлыг авч хэлэлцээд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн.

2.4. А-ы энэ ноцтой үйлдлээс болж дээд эх үүсвэрийн ажлын байранд Тагнуул, цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж ажилласан ба тухайн үед ээлжинд гарч байсан ажилтнуудыг байцаалт өгүүлэхээр удаа дараа авч явсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ундны ус аюулд орж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж бусад бүх эх үүсвэрийн цэг салбараар хяналт шалгалт хийх үүрэг чиглэл өгч ажилчид ажилласан.

Энэ үйлдлээс болж Улаанбаатар хотын ундны дээд эх үүсвэрийг аюулд өртсөн гэж үзэж төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас хамгаалалтанд авсан, дээд эх үүсвэрийн бусад ажилтнууд ажлаа хэвийн хийх боломжгүй болж зарим ажилтныг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Бусад ундны усны эх үүсвэр болох Төв, Үйлдвэр, Яармаг, Нисэх, Гачуурт болон бусад усан сангуудад байгууллагаас хяналт шалгалт хийхээр болж ажилчид илүү цагаар шөнийн цагт ажилласан, мөн гэнэтийн шалгалт хийсэнтэй холбоотойгоор тухайн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд яаралтай нэвтрэх болсон зэргээр тухайн өдөр байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

Байгууллагаас гарсан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаартай тушаал үндэслэл бүхий гарсан, хуульд нийцсэн эрх зүйн акт тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ы хариуцагч Бт холбогдуулан гаргасан “Ус хангамжийн албаны дээд эрх үүсвэрийн станцын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн “Бөмбөг дэлбэрлээ 2022” гэх бичвэрийг бичиж, байгууллагын ажилтан В-д өгч улсын онц чухал объект болох дээд эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд байршуулсан үйлдэл нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэхээр байна...” гэжээ.

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаар А-ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажил хүлээлцэх тухай тушаал нь  үндэслэлгүй. Учир нь ажил олгогчийн зүгээс гаргасан тушаалын үндэслэл нь зөвхөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Гэвч энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.

Тухайлбал, хариуцагч байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь “.. .Нийслэлийн хүн ам, байгууллага, аж ахуйн нэгжийг унд, ахуйн стандартад тохирсон цэвэр усаар тасралтгүй хангах, цэвэр бохир усанд лабораторийн шинжилгээ хийх, усны тоолуур баталгаажуулах, угсрах...” үйл ажиллагааг явуулдаг болох нь хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Энэ үйл ажиллагаа нь хариуцагч байгууллагын үндсэн үйл ажиллагаа бөгөөд хэрэгт авагдсан ямар баримтаар тухайн үйл ажиллагаа нь алдагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А-аас шалтгаалж Нийслэлийн хүн ам, байгууллага, аж ахуйн нэгж ундны болон цэвэр усаар тасраагүй, түүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй, байгууллагын үйл ажиллагаа хэвийн гормийн дагуу явагдаж байсан.

4.2. Мөн В-д хууль бус даалгавар өгсөн гэх боловч тухайн үйлдэл нь ямар хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн талаар тушаалдаа дурдаагүй зэрэг нь тухайн тушаал хууль зүйн болон бодит байдалд нийцээгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн "Бөмбөг дэлбэрлээ 2022” гэх бичвэрийг бичиж, байгууллагын ажилтан В-д өгч улсын онц чухал объект болох дээд эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд байршуулсан үйлдэл нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэхээр байна...” гэжээ.

4.3. Хэрэгт авагдсан Б-ын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудаст дурьдагдсан “Бөмбөг дэлбэрлээ 2022” гэсэн бичвэрийг тавьсан үйлдэл нь Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийг аюулд өртсөн гэж үзэн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд хамгаалалтандаа авсан,цагдаагийн байгууллага, тагнуулын ажилчид үйл ажиллагаа явуулсны улмаас дээд эх үүсвэрийн ажилтнууд ажлаа хэвийн хийх боломжгүй болгосон, зарим ажилтнууд цагдаагийн хэлтэс рүү явсан болон ундны усны бусад эх үүсвэрүүд болох Төв, Үйлдвэр, Нисэх, Яармаг, Мах, Гачуурт зэрэг усан сангуудад байгууллагаас хяналт шалгалт хийхээр болж ажилтнууд ажлын бус цагаар шөнийн цагт ажиллуулсан...” гэх нөхцөл байдал өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй болно. Зарим ажилтнууд цагдаагийн хэлтэс рүү явсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар зөвхөн А- болон В- нар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байх бөгөөд бусад албан тушаалтан, ажилчид цагдаагийн байгууллагад очсон талаар баримт байхгүй. Мөн бусад усан сангуудад байгууллагаас хяналт шалгалт явуулсан баримт байхгүй зөвхөн нэг талын баримт болох илтгэх хуудаст бичигдсэн зүйлээр А-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаар А-ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажил хүлээлцэх тухай тушаалд дурдагдсан байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан зүйл огт байхгүй байгааг анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. А-ы үйлдэл байгууллагад сөргөөр нөлөөлсөн. Манай байгууллага цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үндсэн чиг үүрэгтэй. Зөрчил гарсан Налайх дүүргийн ундны усны эх үүсвэрийг тусгай чиг үүрэг бүхий харуул хамгаалалтын 805 дугаар анги хамгаалдаг. Гэтэл энэ бичгийг тухайн өдөр тавьснаар ундны усны эх үүсвэрт хорлон сүйтгэх аюултай нөхцөл байдал үүссэн гэж үзэж, тусгай үүрэг бүхий байгууллага Налайх дүүргийн дээд эх үүсвэрийн салбарын орох, гарах хөдөлгөөнийг нь хязгаарлаж, тэнд ажиллаж байсан ажилтнуудаас тайлбар авсан. Тайлбар авсан гэдэг нь зөвхөн илтгэх хуудсаар нотлогдоно. Зөвхөн А-, н.Өлзийсайхан хоёроос мэдүүлэг авсан гэдэг нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан зөрчлийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба тэдгээр баримтад нэр бүхий 13 ажилтан байцаалт өгсөн гэсэн байдаг.

5.2. Тухайн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ундны усны бусад 6 салбаруудаар шалгалт хийж, илүү цагаар ажиллуулсан. Энэ талаар 805 дугаар ангийн харуулын хүнс шалган нэвтрүүлэх бүртгэлд бүртгэгдсэн байгаа.

5.3. Мөн А- нь доод албан тушаалтандаа худал мэдээлэл өгч тараалгасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор, цалин хөлс, урамшуулал нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Б” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 7.6, Б-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтуудыг үндэслэн Ус хангамжийн албаны дээд эх үүсвэрийн станцын инженер А-ыг байгууллагын дээд эх үүсвэрийн ус хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн ноцтой зөрчил гаргасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.10, 2.2.14 заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.б дахь заалтын дагуу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5. А- нь Ус хангамжийн албаны дээд эх үүсвэрийн инженерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гадна талдаа “Аюул”, дотор талдаа “Бөмбөг дэлбэрлээ 2022” гэх бичвэрийг бичиж, тус байгууллагын ажилтан В-д өгч улсын онц чухал объект болох Б-ын дээд эх үүсвэрийн станцын хамгаалалтын бүсэд байршуулсныг Б-ын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудас, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/108 тоот албан бичиг, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 38 тоот тогтоолыг үндэслэн анхан шүүх зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй.

 

6. Иймд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчил болох 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын онц чухал объект болох Б-ын дээд эх үсвэрийн станцын хамгаалалтын бүсэд хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоох ажиллагааг явуулсан, уг зөрчлийн улмаас Тагнуулын Ерөнхий газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн  805 дугаар ангиас хойшлуулашгүй арга хэмжээ авагдсан байна.

Ажил олгогч нь ажилтны гаргасан уг үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.10-т заасан “байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх”, мөн гэрээний 2.2.14-т заасан “бусад албан хаагчаас ... хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох” тохиолдолд хамаарах бөгөөд эдгээр тохиолдлыг сахилгын ноцтой зөрчилд тооцно гэж дүгнэж ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй, зөв болжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/00039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                  ШҮҮГЧИД                                 Э.ЭНЭБИШ

                                                                     Э.ЗОЛЗАЯА