Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 244

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

      Улсын яллагч                                             Г.Цолмонгэрэл

      Нарийн бичгийн даргаар                           Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Улаанхүүгийн Мягмарт холбогдох 1831002150261  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Ерөө суманд 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, 5-37 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгүүлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Улаанхүүгийн Мягмар, /РД: МЕ83040610/,

          

Шүүгдэгч У.Мягмар нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харгант” гэх газар Н.Батболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч У.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 28-нд яллагдагчаар  өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харгант” гэх газарт Ерөө сумын нэр бүхий хүмүүстэй гар аргаар алт олборлож байхад “Гурван Эрдэнэ төгөл” гэх нэртэй нөхөн сэргээлтийн уурхайн ажилтан анх надтай маргалдаж байгаад тухайн үедээ буу гаргаж ирээд бид нарыг айлгаад дээшээ нэг буудсан. Энэ үед миний уур хүрээд тэр буутай залуугийн гар бууг нь булааж аваад нүүр лүү нь гараараа хэдэн удаа цохиод бууг нь аваад яваад өгсөн юм. Тухайн үед би тэр бууг ямар буу байсныг мэдэхгүй байсан ба сүүлд тэр бууг сайн хартал хийн гар буу байсан. Буутай байсан залууг Н.Батболд гэдэг залуу байсныг би сүүлд мэдсэн. Батболдыг надаас өөр хүн зодоогүй, буу гаргаж ирээд бид нарын зүгт буудсан болохоор миний уур хүрсэн юм. Надад ямар нэгэн хүн зодох санаа зорилго байгаагүй юм. Гэмт хэрэг үйлдэх үедээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хуулийн дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 139-р ху/,

2.Шүүгдэгч У.Мягмарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэр орой найзуудтайгаа алт ухаж байгаад Н.Батболдтой маргаж ганц хоёр удаа цохисон. Н.Батболдод 7.600.000 төгрөг төлж барагдуулсан ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Н.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:  ...Манай нагац ах Эрдэнэ-Очирын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харгант” гэх газарт “Гурван эрдэнэ төгөл” нөхөрлөл бичил уурхай нь 2018 оны 04 дүгээр сарын дундуур нөхөн сэргээлт хийхээр анх гарсан. Би өөрийн гэсэн ажилгүй болохоор туслах ажилтангаар 2018 оны 05 дугаар сард очиж ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед уурхайн амралтын байранд унтах гээд хэвтэж байхад манай ажилтан Цолмон станцаар “Ерөө сумын иргэд гар аргаар алт олборлож байсан хэсэг иргэд ажил хийлгэхгүй дайраад байна” гэж хэлсэн. Ингээд Эрдэнэ-Очир, Дагва нарын хамт “Ланд 105” маркийн тээврийн хэрэгсэлтэй уурхайн нөхөн сэргээлтийн талбай руу очиход 30-40 орчим иргэд манай нөхөн сэргээлтийн талбай руу дайран орж алттай шороо авах гээд хэл ам хийгээд байхаар нь Эрдэнэ-Очир ах “та нар манай нөхөн сэргээлтийн талбайгаас гар, бид ажил төрлөө хэвийн явуулах гэсэн юм” гэхэд тэр хүмүүс “манай Ерөө сумаас зайл, бүгдийг чинь ална” гээд олон хүмүүс орилоод байсан. Ингээд би айсандаа машинд байсан хийн буу гаргаж ирээд дээшээ нэг удаа буудсан боловч гар аргаар алт олборлож байсан хүмүүс бүгд дайрсан. Бид нар олон хүмүүс байсан болохоор айсандаа машинд суух гэхэд миний араас нэг намхан залуу тэвэрч аваад бид 2 ноцолдож байгаад газарт унасан. Ингээд нөгөө залуу босож ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөж байгаад гарт байсан хийн бууг аваад яваад өгсөн. Ингээд Эрдэнэ-Очир, Дагва 2 машинаас гарч ирээд намайг эмнэлэгт үзүүлэх зорилгоор Бугант тосгонд хүргэж өгөөд буцсан юм. У.Мягмартай хоорондоо тохиролцож үлдсэн 10.600.000 төгрөгийг авахаар болсон тул надад Мягмартай холбоотой ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 07-р ху/,

4. Хохирогч Н.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн дахин:  ...Миний биед хамар ясны цөмөрсөн хугарал, дээд эрүүний сэртэнгийн хугарал, 1 шүдний мултрал, 1 шүд хөдөлгөөнд орсон, уруул, эрүүнд язарсан шархтай зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсон. Би нүдний хагалгаанд орсон, мөн хамарны хагалгаанд орох гэж байгаа. Нийт хагалгааны төлбөр 7.500.000 төгрөгний үнэтэй, шинээр 2 шүд хийлгэхэд 2 сая төгрөг гарна. Тэгэхээр би 10.600.000 төгрөг нэхэмжилж байна. Надад Мягмар нь эмчилгээний зардал гэж 5.600.000 төгрөгийг дансаар өгсөн байгаа. Үлдсэн 5 сая төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн. Би 2018 оны 01 дүгээр сард интернэтээр хүнтэй холбогдоод уг хийн бууг 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад хийн бууг ашиглах тусгай эрх байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/,

5. Гэрч С.Цолмонбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой нөхөн сэргээлтийн талбайд Мөнхбаатартай хамт эксковаторын хамгаалалтанд гарч байхад шөнийн 23 цагийн үед манай талайд 30-40 орчим гар аргаар алт олборлож байсан Ерөө сумын иргэд архи уучихсан байдалтай ирээд манай нөхөн сэргээлтийн газарт алт олборлохоор дайрсан. Энэ үед би хүмүүсийг шороонд дарагдахаас урьдчилан сэргийлж “боль” гэж хэлэхэд Мөнхбаатар бид 2 луу чулуу шидэж байгаад эксковаторын цонхыг хагалчихсан. Хэн нь шидсэн болохыг шөнө байсан болохоор хараагүй. Ням-Очир станцаар Эрдэнэ-Очирыг дуудсан. Удалгүй машинтай Эрдэнэ-Очир, Дагва, Батболд 3 ирээд гар аргаар алт олборлож байсан хүмүүстэй уулзах үед нөгөө хүмүүс дахин чулуу шидсэн. Тэгтэл Эрдэнэ-Очир утсаар бичлэг хийж байхад машины ойролцоо зогсож байсан Батболдыг Жагаа гэдэг залуу миний танихгүй 2 залуутай хэдэн талаас нь барьчихсан цохиж, газарт унах үед Батболдын толгой руу өшиглөж байсан. Энэ үед манайхны нэг нь хүмүүсийг айлгах зорилгоор дээшээ хэд хэдэн удаа буудсан боловч айсан шинжгүй харанхуйгаас чулуу шидэж Эрдэнэ-Очирын машины цонхыг хагалсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,

6. Гэрч Г.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед тогооч Ууганцэцэг, түүний нөхөр Жагаа бид 3 илүү гэрт унтах гэж байхад Эрдэнэ-Очир, Дагваа, Батболд нар нөгөө гэрт зурагт үзэж байсан. Удалгүй гэрийн гаднаас Эрдэнэ-Очирын ахын машин хөдлөөд явсан. Ма5шин дотор хэн, хэн ямар зорилгоор явсныг мэдэхгүй. Бид 3 унтаад өглөө сэрээд Эрдэнэ-Очир ахын гэр лүү ортол Эрдэнэ-Очир, Дагваа 2 унтаж байсан. Батболд байхгүй болохоор Цолмонбаатар ахаас асуутал “урд шөнө нөхөн сэргээлтийн талбай руу гар аргаар алт олборлож байсан хүмүүс машины шил, эксковаторын шил хагалсан мөн Батболдыг зодож, үүдэн шүдийг нь хугалчихсан гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

7. Гэрч Н.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ерөө сумын гар аргаар алт олборлож байсан хүмүүс “Эрдэнэ-Очирын карьераас гайгүй алт гарч байна. хүмүүс  карьер дээр байна” гэхээр нь өөрийн металь хайгчаа аваад орой 22 цагийн үед очтол тэнд гар аргаар алт олборлох гэж байсан хүмүүс 40-50 орчим иргэд хажуухан талд нь өөр өөрсдийн металь хайгчаа барьчихсан байж байсан. Би Батболд гэдэг хүнийг хэн зодсон талаар хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

8. Гэрч Ц.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой алт олборлохоор найзуудтайгаа очсон. Тэтэл Эрдэнэ-Очирын уурхайн дээр 60-70 орчим гадна дотны гар аргаар алт олборлох гэж ирсэн зөндөө хүмүүс байсан. Эрдэнэ-Очирын эксковаторын жолооч ажиллаж байхад хажууд нь алт олборлох гэж байсан олон нинжа нар хажууханд нь хүлээгээд байж байсан. Миний хувьд хажуухан талд нь өөрийн металь хайгчаар алт хайж байхад эксковаторын жолооч “цонх хагарчихлаа” гээд буух үед эксковаторын шил хагарсан талаар мэдсэн. Би хэрэг маргаан гарсны маргааш нь Эрдэнэ-Очиртой уулзах үед Эрдэнэ-Очир “манай дүүг чулуу оноогүй, харин нинжа нар осковоор цохисон” гэсэн. Тэрнээс өөр ямар нэгэн яриа сонсоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

9. Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой цагийг нь сайн санахгүй байна Эрдэнэ-Очирын газарт нинжа нар бөөнөөрөө алт ухах гээд байсан нь алт ухах зорилгоор очсон. Эрдэнэ-Очирын эксковатор байхад гэнэт шилний чимээ сонсогдох үед хүмүүс хоорондоо “эксковаторын шил хагарчихсан” гэж шаагилдаад байсан. Энэ үед би шуудайнд шороо хийгээд аваад очсон. Намайг шороо авах үед эксковатор, хоовоо байсан өөр ямар нэгэн машин байгаагүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № 281 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Н.Батболдын биед хамар ясны цөмөрсөн хугарал, дээд эрүүний сэртэнгийн хугарал, 1 шүдний мултрал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 41-р ху/,

11. Гэрч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед “Харгант” гэх газар нөхөн сэргээлтийн талбай дээр манай техникүүд үйл ажиллагаа явуулж байхад тус сумын гар аргаар алт олборлодог 100 гаран иргэд манай нөхөн сэргээлтийн талбай дээр “ажил хийлгэхгүй байна” гэж манай ажилтан станцаар хэлсэн. Ингээд би хамт байсан Дагва, дүү Батболд 2-г машиндаа суулгаад нөхөн сэргээлтийн талбайд очтол 100 гаран иргэд манай техникийг тойроод чулуу барьчихсан техник рүү шидэж байхад нь Батболд машинаас гарч ирээд чулуу барьсан хүмүүсийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсан. Энэ үед олон ард иргэд буун дуу сонсож манай дүү Батболдыг барьж аваад машины ард зодсон байсныг Дагва бид 2 машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед хэрэг явдал их хурдан болоод өнгөрсөн болохоор хэн гэдэг хүн Батболдыг зодсон талаар анзаарч хараагүй. Батболдыг машинд суулгах үед жижиг биетэй туранхай нэг залуу Батболдын гарнаас хийн бууг аваад харанхуй руу гүйж байгаа харагдсан. Дагва бид 2 Батболдыг шууд Бугант тосгоны эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд буцсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-р ху/,

12. Гэрч О.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2018 оны 01/53 тоот удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харгант”, “Могой”, “Өлөнт” гэх газруудад байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогт, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын эдийн засгийн ахлах, цагдаагийн хошууч Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй тус газруудад хяналт шалгалт явуулсан. Тухайн үед “Харгант” гэх газарт “Гурван Эрдэнэ Төгөл” нэртэй нөхөрлөл нь бичил уурхайн ашигт малмтал олборлох журмын дагуу тус сумын Засаг дарга Ганбаатарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт гаргасан байсан. Мөн өөрийн техникийг Харгантад байрлуулчихсан, хүсэлт гаргасан талбайд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед хяналтаар очсон ажлын хэсэг нөхөн сэргээлтийн талбай дээр очиж гэрэл зургаар бэхжүүлэн авч баримтжуулсан. “Гурван Эрдэнэ Төгөл” бичил уурхайг ашигт малтмал олборлож болохгүй талаар урьдчилсан сэргийлэх таниулга хийгээд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 62-р ху/,

13.Гэрч Н.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:  ...Манай “Гурван Эрдэнэ Төгөл” нөхөрлөл нь 2018 оны 05 дугаар сард тус сумын “Харгант” гэх газарт очиж нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан байсан. Манай нөхөрлөл нь ямар нэгэн байдлаар ашигт малтмал олборлосон асуудал огт байхгүй. Би тус сумын засаг даргад бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан байгаа. Надад хариуг одоо болтол өгөөгүй байна. Миний хувьд ашигт малтмал олборлохын өмнө “Харгант” гэх газарт урьд өмнө ашиглаад явсан талбайд нөхөн сэргээлт хийсэн байгаа. Тухайн нөхөн сэргээлт явуулж байхад аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газраас хэд хэдэн алба хаагч ирж шалгасан. Одоо манай нөхөрлөл нь нөхөн сэргээлт явуулсан талбайгаа сум орон нутагт хүлээлгэн өгөхөд бэлсэн болсон гэж үзэж байна. Манай нөхөрлөл нь ямар ч ашигт малтмал олборлосон асуудал огт байхгүй. Манай техникүүд нь зөвхөн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-р ху/,

14.Шүүгдэгч У.Мягмарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 45-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 42-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 121-123-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 124-125-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 129-р ху/, хохирогчийн эмчилгээний зардлын талаархи баримтууд, /хх-ийн 10-19-р ху/, хохирол төлөх талаархи шүүгдэгч хохирогч нарын хүсэлтүүд, /хх-ийн 21-21–р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 40,99,112-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн  42, 118-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 41, 11-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 41,100, 114-116-р ху/, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 147-148-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Мягмарыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харгант” гэх газар Н.Батболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч У.Мягмар нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хурлын хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Шүүгдэгч Боржигон овогт Улаанхүүгийн Мягмарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Улаанхүүгийн Мягмарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Мягмарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Мягмарт мэдэгдсүгэй.

 5.Шүүгдэгч У.Мягмар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус  дурьдсугай.

 6.Шүүгдэгч У.Мягмарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН