Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0153

 

“Ж Э м т” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З, А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ж Э м т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлд 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг баримтлан Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаартай гэрчилгээний хавсралтад 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг илт хүчин төгөлдөр бусад тооцож, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг хууль заасан эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн Y-22.......... дугаар бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л давж заалдах гомдолдоо: “... Уг шүүхийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22.......... дугаартай бүртгэлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Улсын дээд шүүхийн 37 дугаар тогтоолын 20-д “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гаргасныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар нь алдаатай акт гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй, тухайн бүртгэл хийх үед Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасан тул 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн.

Анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22......... дугаартай бүртгэлийг түдгэлзүүлсэн. Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 7.7-д “7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биш байх тул ... анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Л.Б давж заалдах гомдолдоо: “... шийдвэр хүчин төгөлдөр болбол гуравдагч этгээд Л.Б миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж, хохироход хүрч буй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. “Ж Э м т” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хулээн авсан нь хуульд нийцсэн эсэх талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хуулийн энэхүү заалттай хэрхэн нийцэж байгааг шүүх анхаарч үзсэн эсэхийг хянуулах. Уг асуудал болсноос хойш 10 гаруй жилийн хугацаанд “Ж Э м т” ХХК шүүхэд хандаагүй явж ирснээс нь үзэхэд хөрш залгаа газарт нь О.О-ийн явуулж байсан үйл ажиллагаа тэдний эрх ашигт ноцтой нөлөөлж, хохироосон зүйл байхгүй байна. Хуульд зааснаар бол хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хохирсон тохиолдолд л шүүхэд гомдол мэдүүлэх эрх үүсдэг атал “Ж Э м т” ХХК гэнэт юуны учир шүүхэд нэхэмжлэл гаргах болсон, нэхэмжлэлээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гаргасан эсэх нь тодорхойгүй байгааг анхаарч үзэх. “Ж Э м т” ХХК нь О.О-ийн үед болон Л.А-ийн үед ч шүүхэд хандаагүй явж иржээ гэсэн ойлголт надад төрсөн тул өдгөө гомдол гаргаж, ямар ч буруугүй шударга эзэмшигч намайг хохироох болсон явдлыг сайтар анхаарч авч үзэх ёстой байлаа.

2. Ямар ч буруугүй шударга эзэмшигчийн эрх ашиг, сонирхол хөндөгдөж хохироход хүрсэн талаар: Анхан шатны шүүх шударга эзэмшигч миний эрх ашиг сонирхлыг хамгаалах талаар огт анхаарч үзээгүйд гомдолтой байна. Үүгээр ч зогсохгүй шүүхийн энэ шийдвэр шударга эзэмшигч Л.Б миний эрхийг ноцтой зөрчихөд хүрэв.

“Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч” гэнэ гэсэн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалт манай компанид /Б/ тохирч байгаа юм. Уг хуулийн 92.1-д “шударга эзэмшигч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан нь шударга эзэмшигч хуулиар хамгаалагдах эрхтэй болохыг тодорхойлжээ.

3. Шүүх хуралдаанд зохигчдыг бүрэн оролцуулаагүй нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн тухай: Үл хөдлөх эд хөрөнгийн эрх анх О.О-ийн нэр дээр үүссэн байдаг. О.О-г шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь буруу шийдвэр гаргахад хүргэлээ гэж үзэж байх тул анхны эзэмшигч О.О-г шүүх хуралдаанд биеэр заавал оролцуулж мэдүүлэг гаргуулах нь болсон хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой болно. Манай компани уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Л.А-аас авсан, Л.А-г шүүх хуралдаанд оролцуулаагүй, О.О Л.А нараас ямар ч мэдүүлэг тайлбар авахгүйгээр шүүх шийдвэр гаргасан нь бодит үнэнд үл нийцсэн шийдвэр гаргахад хүргэв.

4. Шүүх хуралдаан мэтгэлцэх зарчим дээр үндэслэгдэн явагдаж чадсан эсэх талаар: Тус шүүх хуралдаан мэтгэлцэх зарчим дээр үндэслэж явагдсан гэхэд хэцүү байна. Хариуцагч нар, гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан ч тэдний гаргасан тайлбар, мэдүүлгийг үл хэрэгсэн зөвхөн нэхэмжлэгчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нягтлан шинжлэх хуулийн шаардлага, зарчимд тохирохгүй байна.

Иймээс шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, үндэслэл муутай гарсан байна. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг магадалж, нягталж үзээгүй, хариуцагч нарын аль алиных нь өгсөн тодорхой тайлбар, мэдүүлэгт огт байхгүй зүйлийн талаар шийдвэртээ заасан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.

5. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нарын тайлбар, мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтой гэж шүүх үнэлж үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй талаар: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ “ ... Иргэн О.О нь байшин барьж 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү-22....... дугаартай гэрчилгээ гаргуулан авахад үндэслэл болсон Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаартай гэрчилгээний хавсралтад заасан талбайн солбицлууд нь “Ж Э м т” ХХК-ийн газрын байршлаас өөр буюу Зайсан толгойн зүүн тал Чингис хааны сэрэг дүр бүхий уулын баруун бэлд байршилтай О.О-ийн газар юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар давхцуулан олгоогүй” гэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд О.О-ийн газар ашиглах гэрээ, гэрчилгээ, газрын кадастрын зураг, фото зураг, план зураг зэргийг үндэслэн хууль, журмын дагуу Ү-22....... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00....... тоот гэрчилгээ олгосон. Нэхэмжлэлд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж дурдсан нь үндэслэлгүй байх тул “Ж Э м т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.

6. Улсын Дээд шүүхээс гаргасан хуулийн тайлбар албан ёсны бөгөөд хуулийн адил хүчинтэй болох талаар: Улсын Дээд Шүүхийн 37 дугаар тогтоолын 20-д “...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно” гэж заасан байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дараах байдалтайгаар гарчээ.

Иймд: 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлд 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг баримтлан Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаартай гэрчилгээний хавсралтад 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг илт хүчин төгөлдөр бусад тооцох,

2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг хуульд заасан эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22......... дугаар бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй гэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Ингэх боломжгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж буй нь уг шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  “Ж Э м т” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан “... хариуцагч О.О-ийн өмчлөлд Ү-22........ дугаар бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхдээ газрын кадастрын цэгүүдийн солбицлыг санаатай өөрчилж, хуурамч материал бүрдүүлж манай эзэмшлийн газар дээр барилга барьсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус зөрчсөн ... Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээний хавсралтад ... 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр санаатай,  хуурамч,  өөрчлөлт хийсэн ... ” гэх үндэслэлээр “Ж Э м т” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж /17023/ хаягт орших, 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн Ү-22.......... дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган маргажээ.  

Анхан шатны шүүх “... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь хүчин төгөлдөр бус актыг үндэслэн бүртгэгдсэн ... шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг судалж, тогтоосны үндсэн дээр бүртгэлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх боломжтой ...” гэж дүгнэж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-22......... дугаар бүртгэлийг шинэ акт гартал түдгэлзүүлж, “... хариуцагчийн тайлбар, ... Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын архивт хийсэн баримтын үзлэгээр Ү-22......... дугаар бүртгэл хийгдэх үндэслэл болсон Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээний хавсралтад ... 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байх тул” гэсэн үндэслэлээр “... 678 дугаар гэрчилгээний хавсралтад 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх хүчингүй болгох боломжтой байтал дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь буруу, ... шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” талаар тус тус давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй, хэргийн хоёр оролцогчоос давж заалдах гомдол гаргасан байх тул хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-22.......... дугаар бүртгэлийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, мөн “678 дугаар гэрчилгээний хавсралтад хийгдсэн өөрчлөлтийг илт хүчин төгөлдөр бусад тооцох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтүүдийг тус тус оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэг. “Ж Э м т” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж /17023/ хаягт орших, 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн Ү-22........ дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “... манай компани Зайсан толгойн баруун талд байрлах 17023 хаягт орших 0,7 га газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2003 оноос хойш ашиглаж ирсэн ... уг газарт “М к” ХХК өөрийн хөрөнгөөр дулаан, цахилгааны шугам дамжуулах төвийн барилга барих тухай мэдэгдсэн ... гэтэл иргэн О.О Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2008 оны 678 дугаар гэрчилгээний хавсралтад санаатай нэмж өөрчилсөн хуурамч баримтыг бүрдүүлж өгсөн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар манай газартай давхцуулан тус барилгыг 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, Ү-22......... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн нь хууль бус ...” гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргажээ.

Гуравдагч этгээд дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... маргаан бүхий газарт “М к” ХХК дулаан дамжуулах шугамын барилга байгууламжийг анх барьсан, ... нэхэмжлэгч тус компанитай иргэний хэргийн шүүхээр маргаж, ... улмаар дулаан, цахилгааны хангамжийг үнэ төлбөргүй холболт хийлгүүлж, 500 сая төгрөг гаргуулахаар эвлэрсэн ... талаарх баримт авагдсан ...  дараа нь “М К” ХХК өөрийн хөрөнгөөр барьсан дулаан, цахилгаан дамжуулах төвийн барилгаасаа 2 дугаар давхрын хэсгийг иргэн О.О-д 96.600.000 төгрөгөөр худалдсан, тус компани О.О нарын хооронд тооцоо хийгдсэн тухай баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгсөн. Энэ нь тухайн үед  “Ж Э м т” ХХК маргаан бүхий газарт “ЦТП” буюу цахилгаан, дулаан хангамжийн байгууламжийг барихыг “М к” ХХК-д зөвшөөрч байсныг нотолж байна ... уг барилгын 2 дугаар давхрын хэсэгт О.О өмчлөх эрхийн гэрчилгээг “М к” ХХК-тай тохирсны үндсэн дээр бүртгэлийн албанд хуулийн дагуу хүсэлт гаргаж, гэрчилгээ авсан нь “Ж Э м т” ХХК-ийн ямар эрх ашгийг хөндсөн нь ойлгомжгүй” гэх үндэслэлээр тайлбар, гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Ж Э м т” ХХК-д гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөс өмнө буюу 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газар ашиглах 101 дугаартай гурвалсан гэрээ[1] байгуулж, 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 1/52 дугаартай гэрчилгээ авснаар Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам нэртэй газар 2.8 га газрыг ашиглах эрх нь үүссэн байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсээс гаргасан газрын байршлын зураг[2], Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн газрын байршлын зураг[3], хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн “Ж Э м т” ХХК-ийн кадастрын зураг[4], шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт зургууд[5], хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 678 дугаартай гэрчилгээний хавсралтад заасан солбицлууд нь “Ж Э м т” ХХК-ийн газрын байршлаас өөр буюу Зайсан толгойн зүүн тал Чингис хааны сэрэг дүр бүхий уулын баруун бэлд байршилтай ...” гэх тайлбар зэрэг нотлох баримтууд болон гуравдагч этгээдээс хэрэгт авагдсан эдгээр баримтууд, хариуцагчийн тайлбарыг баримтаар няцааж, үгүйсгээгүй байдал зэргээс үзвэл иргэн О.О-ийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өмчлөх эрхийн 000248002 дугаар гэрчилгээ[6] гарч, улмаар 585 м.кв-аар өргөтгөж, 795.6 м.кв болгон өөрчлөх хүсэлт гаргаснаар 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206024181 дугаарт бүртгэж, 000304944 дугаартай гэрчилгээ[7] олгогдсон “ЦТП”-ийн барилга нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар дээр баригдсан болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт хавсарган ирүүлэх баримт бичгийг жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж тус тус заасан байна.

Мөн хуульд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг батлан мөрдүүлсэн байна.

Уг журмын 3.5-д “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүн дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх нь тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар хэлцэл эсхүл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна” гэж заасны дагуу уг бүртгэлийг хийхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичиг бүрдсэн байхыг шаарджээ. 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа хавсарган шүүхэд ирүүлсэн баримтуудаас үзэхэд О.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17023/, Дүнжингаравын гудамж, 12 тоотын хоёр давхрын хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалт бүхий 210.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад анх 2013 оны 03 дугаар сарын 28-нд хандахдаа “М к” ХХК болон иргэн О.О нарын хооронд төлбөр тооцоо хийсэн 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн протокол[8], “У д с” ТӨХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “... “ЦТП”-ийн барилга болон тоног төхөөрөмжийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдээгүй ...” гэх 2/122[9] дугаартай албан бичиг, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 678 дугаар гэрчилгээ[10], газар ашиглах тухай 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/03 дугаартай гэрээ[11], газрын кадастрын зураг болон үл хөдлөх эд хөрөнгийг 4 талаас нь харуулсан фото зураг, тус байгууламжийн план зураг зэрэг  баримтуудыг хавсаргажээ.

Тухайн үед иргэн О.О-ийн улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргахдаа хавсаргасан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээнд заасан үндсэн солбицолтой холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 678 дугаартай гэрчилгээний хавсралтад заасан солбицлууд нь “Ж Э м т” ХХК-ийн газрын байршлаас өөр буюу Зайсан толгойн зүүн тал Чингис хааны сэрэг дүр бүхий уулын баруун бэлд байршилтай ...” гэж тайлбарласныг гуравдагч этгээд үгүйсгэж няцаагаагүй байна.

Мөн хэрэгт авагдсан Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн газрын байршлын зураг[12], шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[13], “Ж Э м т” ХХК, иргэн О.О нарын эзэмшил газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн зураг[14] зэрэг баримтуудаас үзвэл иргэн О.О-ийн газар эзэмших эрхийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-нд оруулсан өөрчлөлтөөр 0.012 га-аар нэмэгдүүлэн ашиглах эрхтэй болсон гэх газар нь гуравдагч этгээдийн өмчлөлийн “ЦТП” буюу цахилгаан, дулаан хангамжийн байгууламжийн доорх газар биш харин тус барилгын гадна талд авто зам дагуух газар болох нь тогтоогдсон, гуравдагч этгээдээс үүнийг няцааж маргаагүй байна.

Ийнхүү “ЦТП” буюу цахилгаан, дулаан хангамжийн байгууламж” гэх үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг “анхны өмчлөгч буюу иргэн О.О эзэмших, ашиглах эрхтэй байжээ” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, гуравдагч этгээдээс “энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байгаа” гэж маргахгүй байх тул тус үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Ү-22........ дугаарт бүртгэж, 00....... дугаар гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “манай эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгож манай газар эзэмших эрхийг хөндсөн” гэх агуулгаар маргасныг үгүйсгэж, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхээс дүгнэвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17023/, Дүнжингаравын гудамж, 12 тоотын хоёр давхрын хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалт бүхий 795 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан иргэн О.О тус барилгын доорх газрыг хууль ёсоор эзэмшигч мөн болохыг нотолсон баримтыг бүртгэлийн байгууллагад гаргаагүй байхад тус барилгыг улсын бүртгэлийн Ү-22.......... дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-22........ дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “7.3-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасны дагуу тус бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хоёр. “Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 /бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй/-д заасныг үндэслэн “Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” шаардлага гаргаж, “тус гэрчилгээний нэмэлт өөрчлөлтөөр газрын кадастрын цэгүүдийн солбицлыг О.О санаатай өөрчилсөн” гэж маргажээ.

Түүнчлэн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... хариуцагчийн тайлбар, ... Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын архивт хийсэн баримтын үзлэгээр Ү-22....... дугаар бүртгэл хийгдэх үндэслэл болсон Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээний хавсралтад ... 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт хийгээгүй болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч байгууллагын архивт хийсэн шүүхийн үзлэгээр газар ашиглах 678 дугаар гэрчилгээний хавсралтад ... 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт хийгээгүй болох нь тогтоогдсон” гэж дүгнэхдээ үзлэгээр ямар нөхцөл байдал илэрсэн тэрхүү илэрсэн нөхцөл байдал нь тухайн үед газар ашиглах гэрчилгээнд өөрчлөлт хийгдээгүй болохыг хэрхэн нотолж буй талаарх шалтгаан үндэслэлийг огт тайлбарлаагүй, мөн нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болж буй хариуцагчийн тайлбарыг ямар шалтгаан үндэслэлийн улмаас эргэлзээгүй баримт гэж үзэж буй талаар дүгнэлт хийхгүйгээр зөвхөн эдгээр дүгнэлтүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүй байна.

Түүнчлэн шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг 2008 оны үйл баримттай холбогдуулан буцаан хэрэглэж, маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2-д заасан шинжийг агуулсан гэж дүгнэн илт хууль бус болохыг тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхаас гадна хэрэгт авагдсан баримтаар маргаж буй актад заасан газрын байршил нь нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй буюу тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөх үндэслэл тогтоогдоогүй байхад тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. 

Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Шүүхээс тухайн акт илт хууль бус эсэхийг тогтоохын тулд зөвхөн тухайн цаг үеийн буюу захиргааны акт гарах үеийн хууль тогтоомж болон бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр шийдвэрлэх ёстой тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх учиртай.

Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан солбицлын өөрчлөлт, уг өөрчлөлтөөр нэмэгдсэн гэх 0.012 га газар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй болох нь дээр дурдагдсан зургууд, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул уг солбицол нэмсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заажээ.

Нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар шалтгаан үндэслэлийг тайлбарлах шаардлагатай, шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх зорилгын хүрээнд маргаж буй акт илт хууль бус байх шинжийг агуулж буй эсэхийг шалгахаас гадна тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг шалгах үүрэгтэй. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус шаардлагын хууль зүйн үндэслэлийг дурдаагүй буюу маргаан бүхий акт захиргааны актын илт хууль бусад тооцох аль үндэслэлд хамаарч байгаа талаарх хууль зүйн үндэслэлийг заагаагүй, “санаатай өөрчилсөн, хуурамч тул илт хууль бус” гэж ерөнхий байдлаар маргасан байхад шүүх энэ талаар тодруулаагүй нь буруу болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-22......... дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.2,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Э м т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж /17023/ хаягт орших 0.7 га газар ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт үл хөдлөх өмчлөх эрхийг бүртгэсэн Ү-22........ дугаар бүртгэлийг хүчингүй болгож, үлдэх “Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1ХХ150 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 131 дүгээр хуудас

[3] 1ХХ-ийн 238 дугаар хуудас

[4] 2ХХ-ийн 3, 4 дүгээр хуудас

[5] 2ХХ-ийн 5-23 дугаар хуудас

[6] 1ХХ-ийн 45 дугаар хуудас

[7] 1ХХ-ийн 49 дүгээр хуудас

[8] 1ХХ-ийн 31 дүгээр хуудас

[9] 1ХХ-ийн 32 дугаар хуудас

[10] 1ХХ-ийн 33 дугаар хуудас

[11] 1ХХ-ийн 35-38 дугаар хуудас

[12] 1ХХ-ийн 238 дугаар хуудас

[13] 2ХХ-ийн 5, 8-23 дугаар хуудас

[14] 2ХХ-ийн 7 дугаар хуудас,