Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 104

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б 

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Б 2015 оны 9 дүгээр сарын 11-ний Б/158 тоот тушаалаар Хөдөлмөрийн сайдын дэргэдэх Хөдөлмөр, Нийгмийн зөвлөлийн гурван талт үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 25-ны Б/41 тоот тушаалаар оро тоо, бүтцийн өөрчлөлт гэсэн үндэслэлээр ажлаас хууль бусаар халагдсан. Хөдөлмөр, Нийгмийн зөвлөлийн гурван талт үндэсний хороо нь Хөдөлмөрийн хуулийн 138 дугаар зүйлийн дагуу Хөдөлмөрийн сайдын дэргэд ажилладаг бүтэц бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 28 дугаар тогтоолоор баталсан дүрмээр орон тооны ажлын албатай байх ба албаны орон тоо бүтцийг Хөдөлмөр, Нийгмийн зөвлөлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр тогтоодог ба 7 хүний орон тоотой ажлын алба ажиллаж, албаны даргаар нь миний бие ажилласан хэрэг. Санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан ба улсын төсвөөс санхүүждэг болно. 

Шинээр байгуулагдсан яамны бүтэц болоод төсөвт тусаагүй шалтгаанаар 7 сараас миний цалинг олгоогүй /ажлын албаны бусад ажилтнуудад 8 сарын цалин олгогдсон/Ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй байсан ба биеэр эдлүүлээгүй тохиолдолд амралтын мөнгөтэй дүйцэх нөхөн олговор олгох хуулийн заалт байгааг хэрэгжүүлээгүй.

Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 заалтаар ажлаас чөлөөлсөн гэх мөртлөө энэ тухай урьдчилан огт мэдэгдээгүй. Энэ талаар хуулийн 40.5-д зааснаар бөөнөөр халах тухайд 45-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх заалт огт хэрэгжээгүй. 

Хөдөлмөр, Нийгмийн зөвлөлийн гурван талт үндэсний хорооны ажлын албыг татан буулгасан шийдвэр огт гараагүй байхад Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 үндэслэн ажлаас чөлөөлсөн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон тул Хөдөлмөрийн сайдын 2016 оны 8 сарын 25-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож хуучин ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг олгуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “.... Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б158 тоот тушаалаар ажилд орсон. Тухайн оны 01 дүгээр сарын  26-нд хуралдсан Засгийн газрын 28 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сайдын онцгой бүрэн эрх гэж олгосон Нийгмийн зөвшилцлийн гурван талт хорооны дүрмийг баталсан. Тус дүрмийг шинэчлэн батлахдаа Засгийн газар бүрэн эрхийнхээ дагуу ажлын албатай байх ба ажлын албаны орон тоо, зардлыг Хөдөлмөрийн сайдын багцаас гаргахыг Сангийн сайд, Хөдөлмөрийн сайдад даалгах тухай тус тогтоол гарсан юм. Энэхүү шинэ байгуулагдсан ажлын албаны анхны дарга З гэдэг хүн Э.Ч сайдын тушаалаар ажиллаж байгаад тэр хүний дараа АА2 гэдэг ангиллаар цалинжиж явсан. З гуай солигдож улмаар би 09 дүгээр сарын 08-ны өдрөөс тэр ажилд үргэлжлүүлэн томилогдсон юм. Гэхдээ тэр үед Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт дээр цомхон аппаратаар ажиллана гээд улс төрийн албан тушаал болох сайдын зөвлөх гэдэг орон тоог байхгүй болгосон ба яамны сайд орон тооны зөвлөхгүй ажиллаж байсан юм. Тэр үеэс Б сайд тушаал гаргахдаа заавал туршлагатай хүн байх ёстой гээд ажлын албаны зөвлөх гэсэн статусаар надад тусалж бай гээд улмаар давхар ажиллаж байсан. Тэгэхээр миний тушаал дээр ажлын албаны дарга бөгөөд сайдын зөвлөх гэсэн үг үсэг орсон юм. Ингээд ажиллаж байтал оны төгсгөлд аудитын шалгалт ирэхэд зөвлөх орон тоо байхгүй байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б34 тоот тушаал гарсан. Тэр нь ажлын албаны даргаа АА цалинжина. Сарын цалин 1.100.000 орчим төгрөг байна гэж тогтсон. Ингээд тус ажлыг хийгээд явж байтал 08 дугаар сарын 29-ны өдөр Э.Ч сайдын тушаалыг танилцуулж байна гэж хэлээд надад 08 дугаар сарын 25-ны өдрийн Б41 дугаар тушаалыг өгсөн. Ингэж халахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Учир нь орон тооны цомхтголд орсон гэдэг. Гэтэл би Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах статустай ажилтан байгаагүй ба орон тооны бүтэц хамаарах шийдвэр надтай холбоотой гараагүй. Яагаад гэхээр тэр ажлын алба гэдэг 7 орон тоо өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Засгийн газрын тогтоол, Гурван талт Үндэсний хорооны 4 тоот тогтоол, Хөдөлмөрийн хуулийн 138 дугаар заалт тус тус хүчинтэй байгаа. Тэгэхээр эдгээр бүх эрх зүйн акт хүчинтэй, орон тоо нь цомхтгогдоогүй байхад надтай уулзаагүй ба хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэг сарын тэтгэмж олгоно гэж хэлээд 08 дугаар сарын 25-нд гаргахдаа 07 дугаар сард буюу нэг сарын өмнө хэлсэн байдаг.  07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш цалин өгөөгүй ба яагаад өгөхгүй байгаа талаар лавлахад “Та сайдыг дагаж томилогдсон албан тушаалтан учраас, улс төрийн албан тушаалтан сайд, зөвлөх, туслах, жолоочтойгоо шалгагдах ёстой” гэж хэлсэн.

1-рт. Миний тушаалд тусгагдсан хуулийн заалтууд бүгд үндэслэлгүй бөгөөд надтай огт хамааралгүй хууль болон ишлэлүүдийг тавьсан байдаг. Тэнд яамны бүтэц орон тооны тухай асуудал хамаагүй. Учир нь яамдын бүтэц орон тоонд ордоггүй ба Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан сайдад олгогдсон тусгай бүрэн эрх гэдэг заалтад хамаарсан Нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо гэдэг өөр функц юм. 

2-рт. Миний ажил ТЗ биш Улсын Их Хурлын 2009 оны ангилал зэрэглэлийн тогтоолын бусад гэсэн ангилалд хамаардаг. Ийм төрийн албан хаагчийг халахдаа тухайн ажлын байр нь байхад Хөдөлмөрийн гэрээт ажилтан шиг халсан тухайн тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

3-рт. Мөн энэ хугацаанд намайг ажил, орлогогүй хохироосон тул хохирлоо барагдуулах тухай юм.  Хэрэв тухайн үедээ надтай уулзсан бол магадгүй ба зөвшөөрөх байсан. Тиймээс одоо нэхэмжилж байгаа 6 сарын цалин нь үндэслэлгүй биш бөгөөд тэтгэмжээр олгогдох ёстой байсан юм.

Шийдвэр гаргахдаа яарсан. Мөн Хөдөлмөрийн сайд нь Ардчилсан намын хүн учраас нам талын хүн гэдэг байдлаар надтай уулзаагүй. Миний хувьд 2009 онд намын харьяаллаас татгалзсан нам бус хүн юм. Миний хувийн хэрэгт намаас гарсан тухай байдаг. Тэгэхээр энэ асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2 дахь заалтад шууд хамаарч байгаа юм. Тиймээс тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан үндэслэлээр тус актыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.Б-г ажилд томилсон Хөдөлмөрийн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалын талаар:

Иргэн Д.Б нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тоонд 6.1.14-д заасан Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал хамаарна гэж заасан байна. 

Нийтийн албаны нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглно”, 18.5-т “Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно” гээд 18.5.1-т “хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил”, 18.5.2-т “багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил”, 18.5.3-т “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг” гэж тус тус заасан. Д.Б-г Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхөөр томилохдоо давхар ажил эрхлэхийг хориглосон дээрх хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна. 

Гурван талт үндэсний хорооны Ажлын албаны дарга гэдэг албан тушаал нь яамны бүтэц орон тоонд байхгүй болно. 

Мөн Хөдөлмөрийн сайдын албан ёсны зөвлөхөөр 1 хүн байхаар Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийн тухай” 66 тогтоолд заасан байдаг бөгөөд Хөдөлмөрийн сайдын орон тооны албан ёсны зөвлөх нь Тэгшжаргал гэдэг хүн байсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гаргасан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалын Д.Б-г Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхөөр томилсон нь илт хууль бус болно. 

Хоёр. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/41 дүгээр тушаалын тухайд:

Монгол Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтцийн тухай хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталснаар Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан бөгөөд үүнд 3 талт ажлын албаны бүтэц орон тоо гэж байхгүй учраас Д.Б-г тухайн байгууллагын Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн. 

Д.Б нь улс төрийн албан тушаалтан учраас Төрийн албаны хуулийн 6.4-т зааснаар Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ хуулийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө гэж заасны дагуу чөлөөлсөн. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б гуайг томилсон Хөдөлмөрийн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б158 болон 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б34 дүгээр тушаал нь томилгооны хувьд хууль зөрчиж гарсан тушаал гэж үзэж байна. Учир нь Засгийн газрын 2015 оны Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай 28 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтад Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны дүрэмд ажлын албаны даргыг томилно гэсэн зохицуулалт байхгүй. Харин 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн ажлын албаны орон тооны хязгаар батлах тухай 4 дүгээр тогтоолын 2-т “Ажлын албаны бүрэлдэхүүнийг томилж, ажиллах нөхцөлөөр хангаж ажиллахыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М-д зөвшөөрсүгэй” гэж заасан байгаагаас харахад Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хорооны ажлын албаны даргыг сайд биш Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу байсан гэж харагдаж байгаа юм.

Гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга гэсэн албан тушаал яамны бүтэц орон тоонд байгаагүй ба одоо ч байхгүй юм. Тийм учраас манай талаас гаргасан ажлаас чөлөөлөх тушаал хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. Учир нь ажлын алба гэсэн орон тоо байхгүй юм” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б нь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” дугаар Б/41 тоот тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2016 оны “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо /орон тооны бус/-г Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулна”, 138.3-д “Үндэсний хорооны дүрмийг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагатай зөвшилцөн Засгийн газар батална” гэж тус тус хуульчилсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо /цаашид Үндэсний хороо гэх/-ны дүрмийг баталсан байна. 

Үндэсний хорооны дүрмийн 2.3-д “Үндэсний хорооны дарга нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна”, 2.4-д “Үндэсний хороо нь нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор гурван талын төлөөлөл бүхий орон тооны ажлын албатай байна”, 2.5-д “Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг Үндэсний хороо тогтооно” гэж заасан байна.

Үндэсний хорооны дүрмийн дээрх заалтуудад үндэслэн гарсан Үндэсний хорооны 2015 оны оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай” 04 дүгээр тогтоолоор Үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 7 байхаар тогтоож, ажлын албаны бүрэлдэхүүнийг томилох эрхийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад олгосон байх ба уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дээрхээс үзэхэд ажлын албаны орон тоог цөөрүүлсэн буюу хассан,  эсхүл ажлын албыг өөрчлөн байгуулсан, татан буулгасан, ажлын албаны даргыг чөлөөлөх эрхийг холбогдох албан тушаалтанд олгосон шийдвэрийг Үндэсний хорооноос гаргасан тохиолдолд л Үндэсний хорооны ажлын албаны даргыг чөлөөлөх үндэслэл, нөхцөл байдал бий болно. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар  заасан байна.

Гэтэл Үндэсний хорооны ажлын албаны орон тоог цөөрүүлсэн, хассан эсхүл Үндэсний хорооны ажлын албыг татан буулгасан,  ажлын албаны даргыг чөлөөлөх эрхийг холбогдох албан тушаалтанд олгосон шийдвэрийг Үндэсний хорооноос гаргаагүй байхад буюу Үндэсний хорооны ажлын албаны даргыг чөлөөлөх үндэслэл бий болоогүй, үүсээгүй байхад Хөдөлмөрийн сайд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Д.Бг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” дугаар Б/41 тоот тушаалыг гаргасан нь үндэслэлгүй бөгөөд уг засгийн газрын тогтоол нь энэ маргаанд хамааралгүй юм.

Учир нь Үндэсний хороо нь яамны бүтцэд хамаарахгүй бөгөөд төрийн захиргааны төв байгууллага биш учир Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолыг энэ маргаанд хэрэглэхгүй буюу Үндэсний хорооны ажлын албаны даргыг чөлөөлөх харилцаанд уг тогтоол хамааралгүй юм.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/41 тоот тушаалыг гаргахдаа  дээрх Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэсэн нь буруу бөгөөд Засгийн газрын тогтоолоор “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан асуудал нь Үндэсний хорооны ажлын албанд хамааралгүй ба яамны бүтэц, орон тоог шинэчлэн батлах нь Үндэсний хорооны ажлын албаны даргыг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” дугаар Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцон олгож эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах нь зүйтэй байна.

Д.Б-гийн ажиллаж байсан хугацааны цалингийн тооцооны хүснэгтийн дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 1,205,080 (нэг сая хоёр зуун таван мянга ная) төгрөгөөр тооцож, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх нийт 6,593,834 (зургаан сая таван зуун ерин гурван мянга найман зуун гучин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” дугаар Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Бг урьд эрхэлж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Б-д 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,593,834 (зургаан сая таван зуун ерин гурван мянга найман зуун гучин дөрөв/-төгрөгийг олгож, Д.Б-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  М.Б