Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 245

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

     Улсын яллагч                                        Г.Цолмонгэрэл

     Нарийн бичгийн даргаар                      Б.Намуунзул нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луугар овогт Баярсайханы Өлзийжаргалд холбогдох эрүүгийн 1831000000264 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн  1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулаг 2 дугаар гудамжны 40 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 65 тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэрэг хариуцах чадвартай гэх Луугар овогт Баярсайханы Өлзийжаргал, /РД: МУ-89020461/,

 

Шүүгдэгч Б.Өлзийжаргал нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа НКС гэсэн бичиг бүхий хар өнгийн 32 инчийн хэмжээтэй, хавтгай дэлгэцтэй телевизорыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                     Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Өлзийжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай зочид буудлын ажилчид зугаалганд явсан юм. Тэр үед би угтагч Цагаансарнай, Мөнгөнцэцэг, харуул Тулга нарын хамт зочид буудалд ажилласан. Би ажилдаа ирэхдээ өөрийн эд хогшил болон цэвэрлэгээний юмнуудаа 3 давхарын ямар нэг дугаар үгүй өрөөнд тавьдаг бөгөөд тэр өрөөнд нэг хуучин хар өнгийн хавтгай зурагт байсан. Оройн 16-17 цагийн үед буудлын цахилгаан тасарсан бөгөөд үүдний хэсэгт ямар нэг ажилтан байхгүй байсан тул тухайн 3 давхрын өрөөнд байсан хар зурагтыг хүнд харагдалгүй авч гараад гэртээ харьсан. Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байхад манай хуучин ажлын хүсүүс ирээд тухайн зурагтыг аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р ху/,

2.Шүүгдэгч Б.Өлзийжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын дундуур ажлынхаа байрнаас 32 инчийн зурагт хулгайлсан. Зурагтыг нь буцаан өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Л.Цэрэнжаргалын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2018 оны 11 дүгээр сарын 19-20-ны орчим “Сэлэнгэ” зочид буудлын эд хөрөнгийн тооллого болсон. Тус тооллогыг би өөрөө гардаж удирдаж хийсэн. Тооллогоор буудлын эд хөрөнгө бүрэн бүтэн байх шиг байсан. Тэгсэн чинь  манай компанийн захирал намайг дуудаад “буудлын нэг хавтгай дэлгэцтэй зурагт алга болсон юм биш үү” гэхээр нь би “тооллого хийхэд бүрэн байх шиг байсан, ямартай ч ажилчдаас асууж сураглая” гэж хэлээд буудлын ажилчдаас асуухад зурагт алга болсон, уг зурагтыг үйлчлэгчээр ажиллаж байсан Өлзийжаргал авсан талаар ихэнх нь ярьж байсан. Тэгээд би ажилчдаа “Өлзийжаргалын гэрт очоод зурагт байгаа эсэх талаар үзээд байвал аваад ир” гэж үүрэг өгсөн. Удалгүй өнөөх алдагдсан гэх зурагтыг аваад ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,

4.Гэрч Н.Шинэтулгын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд удаа ч үгүй хоёр гурав хоногоос  тэр зурагт алга болсон гэдгийг мэдсэн. Би алга болсон зурагтыг хэн авсан гэдгийг гадарлаж байсан болохоор  удирдлагад мэдэгдэхгүйгээр шийдчихнэ гэж болсон. Дараа нь намайг ээлжнээс буугаад амарч байхад тэр алга болсон зурагт олдсон талаар яригдаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

5.Гэрч У.Баярмаагийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өлзийжаргалын гэрээр мэнд, ус асуухаар орсон. Гэтэл гэрт нь манай ажлын газарт байдаг НКС гэсэн бичигтэй хар өнгийн хавтгай дэлгэцтэй телевизор байсан. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ ирээд ажлын газрын хүмүүст “манай алдагдсан телевизортой адилхан нэртэй зурагт Өлзийжаргалын гэрт байна лээ” гэж хэлсэн.  Гэтэл ажлынхан гэрт нь очиж “зурагтаа авъя” гэж ярилцсан боловч хэн нь очиж авахаа мэдэхгүй яриад өнгөрсөн.  ...гэх , /хх-ийн 15-16-р ху/,

6.”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнэ 450,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ,  /хх-ийн 27-30-р ху/,

Шүүгдэгч Б.Өлзийжаргалын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 43-р ху/, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол,/хх-ийн 02-03-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 35-36-р ху/,шинжээч томилж, шинжилгээ хийлэгх мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 24-р ху/,үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 27-30-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан, /хх-ийн 31-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан, /хх-ийн 32-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа ,/хх-ийн 39-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 39-42-р ху/,  шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 44-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 45-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 53-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өлзийжаргалыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа “НКС” гэсэн бичиг бүхий хар өнгийн 32 инчийн хэмжээтэй, хавтгай дэлгэцтэй телевизорыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, үнэлгээний дүгнэлт, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, зэргийг харгалзан шүүгдэгч Б.Өлзийжаргалыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа “НКС” гэсэн бичиг бүхий хар өнгийн 32 инчийн хэмжээтэй, хавтгай дэлгэцтэй телевизорыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

           Шүүгдэгч Б.Өлзийжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөрийг төлж барагдуулсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

           Шүүгдэгч Б.Өлзийжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохиролыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Луугар овогт Баярсайханы Өлзийжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх бол  хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Өлзийжаргалд мэдэгдсүгэй.

  4.Шүүгдэгч Б.Өлзийжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

  5.Шүүгдэгч Б.Өлзийжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                 С.НОЛХООСҮРЭН