| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/03913/И |
| Дугаар | 210/МА2023/00381 |
| Огноо | 2023-02-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2023/00381
2023 02 15 210/МА2023/00381
А.Б ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/04334 дугаар шийдвэртэй
А.Б ы нэхэмжлэлтэй, В ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б , түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч С.Ванчиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. А.Б нь 2020 оны 09 сарын 08-ны өдөр В ХХК-тай худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өмнөговь аймгийн Манлай сум, Өгөөмөр багийн нутаг, Үүд баян гэх газарт 33,000,000 төгрөгийн өртөгийн үнэтэй нэг ширхэг гүний худаг гаргаж ажлаа хүлээлгэн өгсөн.
В ХХК урьдчилгаанд 24,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 9,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Гэрээний 6.3-т зааснаар алданги 4,500,000 төгрөг болсон.
2020 оны 10 сарын 17-ны өдрийн худаг хүлээлцсэн акт бидний хэн алинд эх хувиараа байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Өлзийгийн ...Г ХХК -д хүлээлгэж өгөөрэй гээд тамга тэмдгээ дарж хүлээлгэж өгсөн гэх тайлбараар захиалагч тал худгийг хүлээн авсан.
Энэ нь 2021 оны 02 сарын 03-ны өдөр нотариатаар батлуулсан талаар нотариатаар тодорхойлолт, нотариатын дэвтэрийн хуулбар болон Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын ...уг худаг 2020 оноос эхлэн тоолуур тавиад тасралтгүй ажиллаж байгаа гэх бичиг зэрэг баримтуудаар тогтоогдоно.
Мөн гар утсан дахь солбилцолын паспортод үзлэг хийлгэхэд илэрсэн үр дүн Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын албан бичигтэй таардаг.
1.2. В ХХК нь худаг ухах цэгийг тодорхойлохдоо усгүй цэг тодорхойлсон тул захиалагч буюу хариуцагч биднийг цэгээ өөрсдөө тодорхойл гээд 2,000,000 төгрөг шилжүүлж, ажлын хөлсний үлдэгдлийг 9,000,000 төгрөгөөр тооцсон. Иймд геофизикийн ажлын 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
1.2. 2021 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн.
Иймд төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 13,570,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Манай компани А.Б тай 2020 оны 09 сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 33,000,000 төгрөгийн өртөг үнэтэй ширхэг гүний худаг гаргуулахаар тохиролцсон. Гэвч А.Б худгийг манай компанид хүлээлгэж өгөөгүй, цаад компанид хүлээлгэж өгөөд алга болсон.
Бид тэднийг цаагуураа тохиролцоод мөнгөө авчихсан гэж үзэж байна. Худгийг манай компани хүлээж аваад худгийн паспортын бичиг өгөх ёстой, үүнийг үзүүлээд орон нутгийн байгууллагаас буюу Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас худгийн регистр олгох ёстой.
2.1. Хариуцагч нь урьдчилгаанд 26,000,000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн. Геофизикийн хайгуулд зарцуулсан 3,000,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 3,300,000 төгрөгийг 33,000,000 төгрөгөөс хасаж 700,000 төгрөг үлдэнэ. А.Б эхний худгаа ухаад ашиглалтад өгөхөөр ирэхэд нь цаад компанид хүлээлгэж өг гээд акт бичээд явуулсныг хариуцагчийг хүлээж авсан акт гэж нэхэмжлэгч ойлгодог гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б ы хариуцагч В ХХК-д холбогдуулан гаргасан 13,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 1-230 тоот албан бичиг, тоолуурын фото зураг, тандалтын хайгуулын ажлын төсөв, худаг ашиглалтанд өгсөн 2020 оны 10 сарын 17-ны акт, худгийн паспортын солбилцолын зургийн, гар утсанд хийсэн үзлэг зэрэг баримтуудыг хариуцагч тал үгүйсгээгүй.
Мөн хариуцагч А.Б миний таньдаг Эрдэнэбаатартай манай ажил дээр ирээд Өмнөговийн худгийг чинь гаргаж өгье гээд надтай гэрээ хийж тохирсон юм. Өөрөөр хэлбэл би зуучилж өгч, 2 худаг гаргаж нийт 73,500,000 төрөгийн ажил хийсэн гэсэн гэх тайлбар гаргасан.
Хариуцагч тал 2 худаг гаргасан буюу ажил хийснийг зөвшөөрч байхад нотлох баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлиг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.
4.2. Хариуцагч тал 700,000 төгрөгийн асуудал бидэнд байгаа гэх тайлбар гаргасан тул шүүх 9,000,000 төгрөг үлдсэн эсэх, 700,000 төгрөг үлдсэн эсэхийг тогтоох ёстой байсан. Хариуцагч тал шаардах эрхгүй гэж маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу. г
4.3. Ажил хийгдсэн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд мөнгө хүлээн авсан болохоо хариуцагч мөн зөвшөөрч байхад талуудын маргааны хүрээнээс хальж буюу ажил огт хийгдээгүй тул мөнгө шаардах эрхгүй" хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч В ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг, алдангид 4,500,000 төгрөг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардалд 70,200 төгрөг нийт 13,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчийн хооронд 2020 оны 09 сарын 08-ны өдөр өрөмдмөл худаг шинээр гаргах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.Б нь 1 м.кв-ийг 220,000 төгрөгөөр нийт 33,000,000 төгрөгийн үнэтэй худгийг 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс 10 хоногт багтаан хийж гүйцэтгэх, В ХХК нь гэрээ батлагдсан өдрөөс хойш 3 хоногт 40 хувийн ажлын хөлсийг, ажлыг дуусгаж акт үйлдсэний дараа 60 хувийг 3 хоногт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. (хх6-7)
3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4. Захиалагч В ХХК нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж ажил гүйцэтгэгч А.Б д 2020 оны 09 сарын 08-ны өдөр 26,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Голомт банк ХХК дахь В ХХК-ийн эзэмшлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна. (хх42)
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.
4.2. Талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэн эсэх талаар маргасан бөгөөд тухайн худгийг 2020 оны 10 сарын 17-ны өдөр ашиглалтад өгсөн талаар худаг ашиглалтад өгсөн акт хэрэгт авагдсан байна. (хх8)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд ...манайх Г ХХК -тай гүйцэтгэгчээр гэрээ байгуулж, А.Б ыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан, худгийг хүлээлгэж өгсөн актад би гарын үсэг зурж өгч явуулсан, манай компани болон Г ХХК -ийн хооронд төлбөр тооцооны маргаангүй... гэх тайлбарыг гаргасан.
4.3. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч хүлээн аваагүй нь нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 33,000,000 төгрөгийн үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч В ХХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй.
4.4. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагчийн тодорхойлсон цэгт худаг ухсан боловч ус гараагүй тул нэмэлт ажил буюу хайгуулын ажил хийсэнтэй холбогдуулан 2,000,000 төгрөгийн зардал гарсан гэх үндэслэлээр гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг /7,000,000+2,000,000/ хариуцагчаас гаргуулахаар тайлбарласан.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид нэн даруй мэдэгдсэн байх үүрэгтэй бөгөөд үүнийг нөгөө тал зөвшөөрсөн бол мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т зааснаар гэрээг өөрчилсөн байх шаардлагатай.
Нэхэмжлэгч нэмэлт ажлыг гүйцэтгэх талаар хариуцагчид мэдэгдэж, улмаар нэмэлт ажлын хөлсийг хариуцагч төлөхөөр талуудын хооронд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хайгуулын ажил хийсэнтэй холбогдох 2,000,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
5. Талууд гэрээний 6.3-т захиалагч нь хийсэн ажлын төлбөрийг саатуулсан тохиолдолд хоног тутамд гэрээнд заасан санхүүжилтийн 0,3 хувийн торгууль төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч А.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өрөмдмөл худгийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байхад хариуцагч В ХХК нь үлдэх төлбөр 7,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 3,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6. Хэргийн 9-11 дэх талд авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/02578 дугаар шийдвэрээр В ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн А.Б ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч А.Б тус хэрэгт нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
7. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан зардал 70,200 төгрөг, нийт 10,570,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,929,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/04334 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В ХХК-аас 10,570,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,929,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,801 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 184,073 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б ы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,801 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ