Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.БатТ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: О.Т, Н.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрсүүд овогт Нямаагийн Н, Баяжих овогт Оюунбаатарын Т нарт холбогдох 1829000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.Ганбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргаж,  зүүн суга орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Н.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, толгойн орой, баруун бугалганд төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн замын  90 дэх км дээр засварын кемп дээр байсан. Урьд өдөр нь бид нар архи уусан байсан. Маргааш нь үлдэгдэл архиа ууж байсан. Тэгсэн Н сэлбэгээ аваад ирчихлээ гэсэн. Тэгээд цилкон цавуу байхгүй байна гээд бид 2 гэрт маргалдсан. Гэрээс гараад гадаа маргалдаж байгаад Н машин руугаа орсон. Тэгэхээр нь Ганбат бид 2 уулны энгэр рүү зугтсан. Даваажавыг мартаад зугтсан байсан. Даваажав айл руу мах хөргөгчид хийх гээд явсан байсан юм. Эргээд ирсэн чинь Даваажав Н 2 контейнерт маргалдаж байсан. Тэгээд Н рүү алх шидээд нуруунд гэмтэл учруулсан. Даваажав, Н 2-ыг салгах гээд Ганбат дундуур нь ороод салгах гэсэн чинь хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би араа төмрөөр гар руу нь цохиж гэмтээсэн. Тэгээд Ганбатыг аваад Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан. Би хүн гэмтээсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Таван толгой” ХХК-аас  81 дэх км дээр машин эвдрээд явсаар байгаад 90 дэх км дээр ирсэн. Тэгсэн кропны араа чинь болохоо байсан байна гээд сэлбэгээ аваад ир гэсэн. Тэгээд би сэлбэгээ аваад ирсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой Т, Ганбат нар нь архи уусан байсан. Маргааш нь хүрээд ирсэн бас архи уучихсан байсан. Тэгээд машинаа янзлахаар болсон чинь цилкон цавуу авчраагүй байна гэсэн. Би цилкон цавуу авчирсан байсан юм. Байхгүй бол дахиад аваад ирье гээд түүнээс болж маргалдсан. Даваажавтай контейнер дотор кропоо янзлах юм уу гээд хоорондоо муудалцаад байж байсан чинь Ганбат, Т нар орж ирсэн.  Тэгээд над руу төмөр араа шидсэн. Би хутга барьж айлгая гэж бодож байсан чинь хутгалчихсан байсан... ” гэв.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12-р  хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-р  хуудас/

Н.Нгийн хохирогчоор өгсөн : “...маргааш өглөө нь буюу 08-ны өглөө засварын газарт очсон бас архи уусан байсан би “нэгийг нь татаад кропоо засах уу?“ гэсэн  “за тэгий” гээд босож ирээд сэлбэгээ үзсэн целкон авсан юм уу? гэхээр нь би авч ирсэн наан чинь байгаа гээд бид хоёр маргалдсан тэгсэн нөгөө хоёр гарч ирээд намайг зодох гээд байсан. Би гараараа далайгаад хаасан чинь Т миний гар хэсэгт кропны араа төмрөөр цохиж гэмтэл учруулсан...”гэх мэдүүлэг /хх-н 21-23-р хуудас/

 Хохирогч Х.Ганбатын өгсөн : “...Та машинаас буугаад очоод алга болсон. Тэгээд би хойноос нь яваад очсон. Тэгсэн Н Т хоёр контейнераас нэг нэгийгээ зууралдан гарч ирсэн тэгээд би явж очоод салгах гэж оролдсон. Тэгсэн салахгүй болохоор нь би Нгийн зүүн талын мөр хэсэгт хоёр удаа цохисон. Тэгсэн миний зүүн суга эвгүй болсон. Тэгэхээр би зугтаагаад машинд очиж суугаад үзсэн чинь миний зүүн талын суга хэсэгт хутгалсан цус гарч байсан...”гэх мэдүүлэг /хх-н 26-27-р хуудас/

  Гэрч Э.Нямдоржийн өгсөн: “...Тухайн үед машинаа засуулж байгаа гэх залуу хутга барьж засварын газрын өндөр залууг хутгалсан гэж байсан. ...Нгийн биед засвар хийдэг Т гээд залуу гэмтэл учруулсан...”гэх мэдүүлэг /хх-н 28-р хуудас/

Н.Нгийн гэрчээр өгсөн: “Би Ганбаагийн биед модон иштэй хутгаар баруун гарт нь хутгалж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 29-31-р хуудас/

Гэрч О.Даваажавын өгсөн: “..Н, Ганбатын биед бор өнгийн хутгаар суга хэсэгт нь хутгалж гэмтэл учруулсан ... Нгийн биед Т төмөр, алх шидэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудас/

О.Тулгын гэрчээр өгсөн: “Би Нгийн гарын алга хэсэгт нь араа төмрөөр цохиж, нуруу хэсэгт нь алх шидэж гэмтэл учруулсан. ...Ганбатын биед Н халдаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 33-35-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №156 дугаартай дүгнэлт:

  1. Х.Ганбатын биед зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-н 39-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №155 дугаартай дүгнэлт:

  1. Н.Нгийн биед толгойн орой, баруун бугалганд зүсэгдсэн шарх, зүүн шанаа, баруун чихний араар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэг, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь моноо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-н 45-р хуудас/

О.Тулгын яллагдагчаар өгсөн: “...би очоод Нг салгаж аваад арагшаа болохоор нь хажууд араа төмрөөр далайсан чинь Н гараараа хаахаар нь гарыг нь цохисон. Тэгээд Н халааснаасаа хутга гаргаад ирэхээр нь хажууд байсан алхыг араас нь шидсэн. Тэгсэн Нгийн дал хэсэгт цохих шиг болсон. Тэгээд Ганбат хажуу талаас гарч ирээд бид хоёрыг салгах гэж байгаад хажуу талаас гийлц төмөр бариад мөр хэсэгт цохисон. Тэгсэн Н хутгааар Ганбатыг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/

Н.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр маргалдсан. Тэгсэн нөгөө хоёр гарч ирээд намайг зодох гээд байсан. Би гараараа далайгаад хаасан чинь Т миний гар хэсэгт кропны араа төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед хажуу талаас нь Ганбат ороод ирэхээр нь би халаасанд байсан дунд зэргийн модон иштэй хутгаа гаргаад Ганбааг айлгах гээд гараараа хажуу тийш нь савсан. Тэгсэн Ганбаа гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51-р хуудас/

 Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч О.Т, Н.Н нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-68-р хуудас/,

Шүүгдэгч О.Тулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69-71-р хуудас/,

Шүүгдэгч Н.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72-74-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.Ганбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргаж,  зүүн суга орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Н.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, толгойн орой, баруун бугалганд төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12-р  хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-р  хуудас/, Н.Нгийн хохирогчоор өгсөн : “... Би гараараа далайгаад хаасан чинь Т миний гар хэсэгт кропны араа төмрөөр цохиж гэмтэл учруулсан...”гэх мэдүүлэг /хх-н 21-23-р хуудас/, Хохирогч Х.Ганбатын өгсөн : “...Тэгсэн салахгүй болохоор нь би Нгийн зүүн талын мөр хэсэгт хоёр удаа цохисон. Тэгсэн миний зүүн суга эвгүй болсон. Тэгэхээр би зугтаагаад машинд очиж суугаад үзсэн чинь миний зүүн талын суга хэсэгт хутгалсан цус гарч байсан...”гэх мэдүүлэг /хх-н 26-27-р хуудас/, Гэрч Э.Нямдоржийн өгсөн: “...Тухайн үед машинаа засуулж байгаа гэх залуу хутга барьж засварын газрын өндөр залууг хутгалсан гэж байсан. ...Нгийн биед засвар хийдэг Т гээд залуу гэмтэл учруулсан...”гэх мэдүүлэг /хх-н 28-р хуудас/, Н.Нгийн гэрчээр өгсөн: “Би Ганбаагийн биед модон иштэй хутгаар баруун гарт нь хутгалж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 29-31-р хуудас/, Гэрч О.Даваажавын өгсөн: “..Н, Ганбатын биед бор өнгийн хутгаар суга хэсэгт нь хутгалж гэмтэл учруулсан ... Нгийн биед Т төмөр, алх шидэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудас/, О.Тулгын гэрчээр өгсөн: “Би Нгийн гарын алга хэсэгт нь араа төмрөөр цохиж, нуруу хэсэгт нь алх шидэж гэмтэл учруулсан. ...Ганбатын биед Н халдаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 33-35-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №156, 155 дугаартай дүгнэлтүүд /хх-н 39, 45-р хуудас/, О.Т, Н.Н нарын яллагдагчаар, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

О.Т, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Н, Х.Ганбат нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нараас нэхэмжилсэн хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лантуу 1 ширхэг, хутга 1 ширхэг, араа төмөр 1 ширхэг, нимгэн гийлц төмөр 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссод шилжүүлэх.

Шүүгдэгч О.Т, Н.Н нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Бэрсүүд овогт Нямаагийн Н, Баяжих овогт Оюунбаатарын Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, О.Т нарт 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, О.Т нарт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Н, О.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Н.Н, О.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан лантуу 1 ширхэг, хутга 1 ширхэг, араа төмөр 1 ширхэг, нимгэн гийлц төмөр 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Н, О.Т нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Т, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА