| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0016/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 20.14.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д.Б-т холбогдох эрүүгийн 1820001310119 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Давст суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улс хооронд зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Ж овогт Д.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашинаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох шингэн эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж овогт Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний таньдаг Өвөрмонгол хүн байдаг юм. Би тэр хүнд их итгэдэг байсан. Намайг 2-3 хайрцаг ачаа байна ачаад явчих гэсэн. Тухайн үед ийм төрлийн ачаа байсан гэдгийг мэдээгүй, гааль дээр ирээд шалгуулж байхдаа мэдсэн. Миний буруу. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Үнэлгээ тогтоох компанийн гаргасан дүгнэлтээр үнэлэх боломжгүй гэсэн хариу гаргасан тул миний зүгээс үнэлгээтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. ...Тухайн бараа эд зүйл нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хэрхэн шийдвэрлэх асуудлыг захиргааны зөвлөлөөр оруулж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэжээ. /хх-ийн 18-19/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагч ажилтай бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хилээр орох импортын хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 17:40-ын үед ... улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машиныг шалгахад жижиг цаасан хайрцагтай эд зүйлийг нээж үзэхэд тариа, дуслын шингэн мэт зүйл байхаар нь ахлах байцаагчдаа танилцуулсан чинь зөвшөөрөлтэй орж ирэх ёстой байдаг, аж ахуй нэгж байгууллага юм уу, хувь хүн аль нь болохыг тодруул гэсэн, тэгээд тухайн авто машины жолооч Д.Б-с асуусан чинь ачиж яваа бараагаа мэдэхгүй эмнэлгийн эд зүйл байна гэж мэдээгүй тухай тайлбарлаж байсан. Тухайн тариа шингэнтэй хайрцаг нь нуугаагүй ил байсан, ерөнхий байгаа эд зүйлээ хэлээд боодолтой бээлий 6 боодол байсан санагдаж байна. Д.Б нь нуусан хаасан, шалгуулхаас зайлсхийсэн үйлдэл бол гараагүй тухайн жолооч ямар бараа эд зүйл ачиж яваагаа мэдээгүй хайхрамжгүй хандсан гэж бодож байна тухайн барааны зөвшөөрөл дагалдах бичиг байгаагүй...” /хх-ийн 22/
Эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 24/
Эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоол / хх-ийн 71/
МХЕГ-ийн хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 40-46/
2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:
Хариулт нэг. Энэ эд зүйлс нь МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн
• 2018-1233 тоот сорилын дүнгээр: Tranexamic acid (1000mg/10ml)-тун шилтэй эм
• 2018-1234 тоот сорилын дүнгээр: Глютатион-Glutathione 200mg-тун шилтэй эм
• 2018-1228 тоот сорилын дүнгээр: Аскорбины хүчил-Ascorbic acid 20ml-тун шилтэй эм, Л-Цистейн 80 мг
• 2018-1232 тоот сорилын дүнгээр: Л-Цистеин, ГлицинГлюколин 20мл-тун шилтэй эм
• 2018-1231 тоот сорилын дүнгээр: Рибофлавин пиридоксин гидрохлорид –Лайпомин 1мл-тун шилтэй эм
• 2018-1230 тоот сорилын дүнгээр: Биотин 1 мг-Biotin 1mg/2mlтун шилтэй эм. Лабораторийн таних урвалжаар тодорхойлогдсон дээрх эд зүйлс нь хүн эмнэлгийн зориулалттай.
Хариулт хоёр. Япон улсад үйлдвэрлэсэн дээрх эд зүйлс нь тухайн улсад хүн эмнэлгийн зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн бүтээгдэхүүн мөн.
Хариулт гурав. Дээрх зүйлс нь хүнд хэрэглэж болно
Хариулт дөрөв. МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн сорилын дүнгээр дээрх зүйлс нь стандартын шаардлага хангаж байна.
Хариулт тав. Дээрх эд зүйлс нь Япон хаяг шошготой тул Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй.
Хариулт зургаа. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход Эм, эмнэлгийн
хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалт 15 дугаар зүйлийн 9.3 дахь заалт 22 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус хангасан байх шаардлагатай гэжээ. /хх-ийн 47-48/
А ХХК-ийн үнэлгээний тайланд “Ш.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай 1999 онд Орос улсад үйлдвэрлэсэн 1999-09-16 –нд Монгол улсад орж ирсэн УАЗ-31512 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2018 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 800.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэжээ. /хх-ийн 27-28/
А ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/98 дугаартай алба бичигт “2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн 182000131 дугаартай хэрэгт шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолтой танилцаад судалгаа хийж үзсэн боловч энэ талын мэдээлэл хомс, зохих хэмжээний мэдлэг туршлага бидэнд дутагдалтай, манай байгууллагын мэдээллийн санд энэ төрлийн үнэлгээ гаргах мэдээлэл хомс зэргээс хамаарч тус үнэлгээ гаргахаас татгалзаж байгааг мэдэгдье” гэжээ. /хх-ийн 33/
... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгч Д.Б-н жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 65/
Шүүгдэгч Д.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн авто машинаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох шингэн эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагч ажилтай бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хилээр орох импортын хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 17:40-ын үед ... улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машиныг шалгахад жижиг цаасан хайрцагтай эд зүйлийг нээж үзэхэд тариа, дуслын шингэн мэт зүйл байхаар нь ахлах байцаагчдаа танилцуулсан чинь зөвшөөрөлтэй орж ирэх ёстой байдаг, аж ахуй нэгж байгууллага юм уу, хувь хүн аль нь болохыг тодруул гэсэн, тэгээд тухайн авто машины жолооч Д.Б-с асуусан чинь ачиж яваа бараагаа мэдэхгүй эмнэлгийн эд зүйл байна гэж мэдээгүй тухай тайлбарлаж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 22/, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 24/, эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоол / хх-ийн 71/, МХЕГ-ийн хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 40-46/ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 47-48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр үйлдсэн, хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс шүүгдэгч Д.Б-н Улсын хилээр хууль бусаар оруулж ирүүлсэн 7 төрлийн эмэнд үнэлгээ тогтоолгохоор А компанийг шинжээчээр томилсон боловч уг компаниас “судалгаа хийж үзсэн боловч энэ талаар мэдээлэл хомс, зохих хэмжээний мэдлэг, туршлага бидэнд дутагдалтай, манай байгууллагын санд энэ төрлийн үнэлгээ гаргах мэдээлэл хомс байгаа зэргээс хамаарч үнэлгээ гаргахаас татгалзаж байна” гэсэн хариу ирүүлсэн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох боломжгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчийг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, Улсын хилээр импортлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан ascorbic aced 1 хайрцаг 29 ширхэг, ascorbic aced 1 хайрцаг 30 ширхэг, 10 мл савлагдсан 70171А, 70161А бичигтэй шингэн 75 ширхэг, НҮ 710 гэсэн бичигтэй шингэн 79 ширхэг, GNO 33 гэсэн хүрэн шилтэй шингэн 60 ширхэг, 18А18С, 17L12C гэсэн бичигтэй 1 мл савлагдсан шингэн 60 ширхэг, цагаан нунтаг 200 мл савлагдсан 59 ширхэг зэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд “Япон хаяг шошготой тул Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд цаашид ашиглах боломжгүй тул устгахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 800.000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, УАЗ-315120 маркийн, саарал өнгийн суудлын автомашин нь шүүгдэгч Д.Б-н өмчлөгчийн машин мөн болох нь тээврийн хэргслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 65/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн баримт бичиг болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Б нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Д.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 800.000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, УАЗ-315120 маркийн, саарал өнгийн суудлын автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ascorbic aced 1 хайрцаг 29 ширхэг, ascorbic aced 1 хайрцаг 30 ширхэг, 10 мл савлагдсан 70171А, 70161А бичигтэй шингэн 75 ширхэг, НҮ 710 гэсэн бичигтэй шингэн 79 ширхэг, GNO 33 гэсэн хүрэн шилтэй шингэн 60 ширхэг, 18А18С, 17L12C гэсэн бичигтэй 1 мл савлагдсан шингэн 60 ширхэг, цагаан нунтаг 200 мл савлагдсан 59 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт нь бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц