Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00410

 

 

 

2023 02 17 210/МА2023/00410

 

 

А.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03674 дугаар шийдвэртэй

А.Б ын нэхэмжлэлтэй, В газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01785 дугаар шийдвэрээр А.Б аас 82,315,636 төгрөг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

В газар нь уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2022 оны 09 сарын 21-ний өдөр А.Б ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 0В байрны 0 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 85,15 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 217,000,000 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээний тайланг танилцуулсан.

Тухайн компанийн үнэлгээ нь зах зээлийн бодит ханшид нийцэхгүй, хэт багаар үнэлгээ тогтоосон, мөн ямар аргачлалаар дүгнэлт гаргасан нь тодорхой бус байх тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01785 дугаар шийдвэрээр А.Б аас 82,955,364 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэж, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 0В байрны 0 тоотод байрлах, 3 өрөө бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан.

Гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 11 сарын 23-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй тул дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Д ХХК-ийг шинжээчээр томилсон.

Тус компани барьцаа хөрөнгийг 217,000,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний тайланг 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 4-140/16737 дугаар албан бичгээр Г ХХК, төлбөр төлөгч А.Б нарт тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

2022 оны 09 сарын 21-ний өдөр төлбөр төлөгчийн гэрийн хаягаар мэдэгдэл болон үнэлгээний тайлангаа гардуулахаар очиход эзэнгүй байсан тул хаалган дээр нь наагаад үлдээсэн. Энэ талаараа гэрэл зураг авч, тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн. Түүнчлэн, А.Б ын оршин суугаа хорооны Засаг дарга А.Сүххишигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүлээлгэн өгснийг А.Б тухайн өдрөө авсан байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад А.Б ирж оролцдоггүй, төлбөр төлөх талаар ямар нэгэн санал, санаачилга гаргадаггүй. Нөгөө талаар үнэлгээний тайлангийн ямар хэсэг нь хууль зөрчсөн болох талаарх нотолсон баримт хэрэгт өгөөгүй. Түүнд өөрийн хөрөнгийг үнэлгээний үнээс өндөр үнээр худалдан борлуулаад зөрүүг нь авах боломж нь нээлттэй байхад шүүхэд гомдол гаргаж ажиллагааг саатуулж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 183/ШЗ2022/16346 дугаар хүсэлт хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн өмчлөлийн 85,15 м.кв талбайта орон сууцыг 217,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хотын төвд байрлалтай орон сууц 1 м.кв нь 3,200,000 төгрөг байгаа тул уг үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй. Мөн үнэлгээ хийсэн аргачлал тодорхой бус, хэт нуршсан, үйл баримтыг бодитоор тогтоогоогүй байхад нэхэмжлэийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Шүүх хуралдаан эхэлсний дараа хүсэлт хэлэлцэх үед өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хангаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр 91.1.3, 91.1.4-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлээгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь В газарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 0В байрны 0 тоотод байрлах 85,15 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 217,000,000 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01785 дугаар захирамжаар А.Б нь Г ХХК-д 2021 оны 08 сарын 31-ний өдрийн дотор 82,315,636 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг барагдуулаагүй тохилдолд Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 0В байрны 0 тоотод байрлах 85,15 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 000 дугаарын гэрчилгээтэй 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталжээ. /хх6-7/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

3.1. Төлбөр төлөгч А.Б нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ГХ2021/01093 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн В газрын 2021 оны 11 сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 37,43/

 

В газар нь дээр дурдсан 3 өрөө сууцыг 2022 оны 01 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн, мөн оны 08 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх49-50, 57-59/

 

3.2. Мөн талуудад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч А.Б үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч Г ХХК тус 3 өрөө орон сууцыг шинжээч томилон үнэлүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт гаргажээ. /хх61/

 

Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул В гүйцэтгэх газар 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 8/219 дугаар тогтоолоор шинжээч томилж, эрх үүргийг тайлбарласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх62-64/

 

3.3. Шинжээч Д ХХК нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 0В байрны 0 тоотод байрлах 85,15 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 2022 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар 217,000,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч В газрын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгджээ. /хх87/

 

4. Төлбөр төлөгч А.Б ын итгэмжлэлээр Б.Бэхбат 2022 оны 09 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, мөн оны 09 сарын 30-ны өдөр хэрэг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцсэн.

 

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор сунгасан ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25, 38 дугаар зүйлд заасан шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4.2. Учир нь шүүх 2022 оны 11 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааны товыг мэдэгджээ. /хх96, 99/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2022 оны 12 сарын 05-ны өдөр дахин хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх103/

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг шүүх хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч төлбөр барагдуулах хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, бодит бадалд нийцээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй.

 

5.1. Түүнчлэн, Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Үнэлгээчин үнэлгээний 3 аргын аль аргыг сонгон хэрэглэхийг өөрөө шийдвэрлэх ба хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргыг хэрэглэж, үнэлэгдэж буй хөрөнгийн ойр орчимд байрлах орон сууцуудын ханшийг харгалзаж үнэлгээ тогтоосныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэхбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ