Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00411

 

 

 

 

 

       2023          02            17                                      210/МА2023/00411

                           

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/00094 дугаар шийдвэртэй

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б д холбогдох

Зуучлалын гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэнгэл,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “А” ХХК нь “Б” ХХК-тай 2017 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан Сурталчилгаа, зуучлалын гэрээнд “Б” ХХК-ийг менежер А.Б тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Энэхүү гэрээгээр “А” ХХК нь “Б” ХХК-ийн эзэмшлийн 3 хүлээн авалтын танхимыг сурталчилж, хүлээн авалтын захиалгыг зуучилж ажиллахаар тохиролцсон.

Манай компани нь уг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, нилээдгүй тооны хүлээн авалтын захиалгыг эдгээр хүлээн авалтын танхимд оруулсан. Гэтэл 2018 оны 01 сараас Сурталчилгаа, зуучлалын гэрээний 3.1-д заасан сар тутмын сурталчилгааны суурь төлбөр төлөгдөөгүй нь нийт 3,600,000 төгрөг болсон.

1.2. “А” ХХК нь “Б” ХХК-аас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч хойшлуулсаар өдий хүрсэн. Гэрээний 6.3-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан тул 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацааны алданги  1,800,000 төгрөг  болсон.

Гэрээнд заасны дагуу маргааныг Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт хандаж шийдвэрлүүлэхэд А.Б д гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл болон зөвшөөрөл тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр нэмэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх арбитрын шийдвэрийг үндэслээд Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч А.Б гаас гэрээний үүрэгт ажлын хөлс 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, арбитрын зардалд төлсөн 260,000 төгрөг, нийт 5,660,000 төгрөгийг гаргуулна гэжээ

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд “А” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, энэ талаар зохих үйл ажиллагаа явуулаагүй тул бид төлбөр төлөх үүрэггүй.

Талууд маргаан гарвал ямар байгууллагаар шийдвэрлүүлэх талаар гэрээнд Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт хандан шийдвэрлүүлэхээр урьдчилан тохиролцсон ба арбитрын шийдвэр гарснаар энэхүү асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ,” гэж, 13.2-т “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ,” гэж 13.3-т “Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус тодорхой заасны дагуу тухайн үед асуудал шийдвэрлэгдсэн.

2.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу.

“А” ХХК нь зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй компани ба хэрвээ гэрээ байгуулсан гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Арбитрын хүчин төгөлдөр шийдвэрт хоёр компани гэрээ байгуулсан гэдгийг зөвшөөрсөн байдаг. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн арбитрын шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б гаас гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Арбитр хэргийг хянах явцад "Б” ХХК нь Арбитрт ируулсэн хариу тайлбартаа “... 2017 онд "Г” ХХК-тай тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан бөгөөд тухайн үед бид дор бүр тооцоо нийлж төлбөр тооцоог барагдуулж байсан...” гэх тайлбарыг гаргасан. Дээрх тайлбараас үзэхэд манай компани гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн болохыг ”Б” ХХК хүлээн зөвшөөрч байна.

Энэ нь Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс З,600,000 төгрөгийн зуучлалын ажил хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн нь илт үндэслэлгүй.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч хангасан. Харин хариуцагч манай компанийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэх тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзлаа нотлоогүй.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Арбитрын шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөөр байтал нотлох баримт хэрэгт авагдаагүй мэтээр үндэслэлгүй дугнэлт хийсэн.

Гэтэл анхан шатны шүүх Арбитрын шийдвэрийг хяналгүй зөвхөн хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн анхан шүүх хариуцагч А.Б гийн үндэслэлгүй тайлбарт дүгнэлт өгөөгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг бүхэлд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлуулэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь “Б” ХХК-тай 2017 оны 10 сарын 01-ний өдөр сурталчилгаа, зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр зуучлагч “А” ХХК нь өөрийн эзэмшлийн huree.mn цахим сайтад үйлчлүүлэгчийн Хан-Уул дүүрэгт байрлах П , Баянзүрх дүүрэгт байрлах Туул гарден, Баянгол дүүрэгт байрлах Ю үйлчилгээний газруудын  мэдээлэл байршуулах, үйл ажиллагааг уг цахим сайтаар болон бусад хэлбэрээр сурталчлах, үйлчлүүлэгчийг хэрэглэгчтэй холбож, захиалга олоход зуучлах, үйлчлүүлэгч “Б” ХХК нь зуучлагчийг шаардлагатай мэдээллээр хангах, сурталчилгаа, зуучлалын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх10-11/

 

Уг гэрээний нэг тал болох “А” ХХК нь “Б” ХХК-аас гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын 2019 оны 10 сарын 04-ний өдрийн шийдвэрээр сурталчилгаа зуучлалын гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлээр “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх5-9/

 

2.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь тухайн харилцаанд “Б” ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан тус компанид менежерээр ажиллаж байсан А.Б г Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар татаж, түүнээс маргаан бүхий гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

2.3. Учир нь маргаан бүхий гэрээг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын шийдвэрээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх энэ үйл баримтыг дахин нотлохгүй.

 

2.4. Тухайн хэлцлийг “Б” ХХК-д менежерээр ажиллаж байсан А.Б төлөөлөх бүрэн эрхгүйгээр хийснээр өөртөө ямар нэгэн ашигтай байдал үүсгэсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин “Б” ХХК хожим нь тухайн гэрээний харилцаанд заасан үүргийг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлж өөрт ашигтай нөхцөл байдлыг үүсгэжээ. Иймээс хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б д маргаан бүхий хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иймд хариуцагч А.Б гаас гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндлэслэлтэй байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй.

 

3. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00094 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...410 дугаар зүйлийн 410.1” гэснийг “...69 дүгээр зүйлийн 69.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,510 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

                 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ