| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0141/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: А.Амгалан,
Шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Дамдины Бод холбогдох 1829000900143 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шунахайн зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт “Биэс Тур Транс” ХХК-ийн нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 48-32 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолооч М.Батбаяраас хүлээн авч, 5.595.000 /таван сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд ангиудыг тонож завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18-р хуудас
Хохирогч Э.Туваандоржийн өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Цагаан хаданд байж байх үед М.Батбаяр над руу гар утсаар залгаад миний хариуцан жолоодож байсан 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүнд талд тоноод орхичихсон байна гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар тодруулж асуухад “би 48-32 УНЦ улсын дугаартай Норд-бенз маркийн тээврийн хэрэгслийг Ганц модонд хүлээж авсан юм. Тэгээд Гашуун сухайт хилийн боомтоор жолоодон гарч ирээд өөрийн найз Бод хүлээлгэж өгсөн. Тэгсэн Б тухайн тээврийн хэрэгслийг Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүн талд дугуй болон бусад эд ангийг нь тоноод үлдээгээд явчихсан байна” гэж надад хэлсэн. Тэгээд би утсаар ярьж дуусаад машин байгаа газарт очиход 48-32 УНЦ улсын дугаартай манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 22-34 БЧ дугаартай чиргүүлийн 7 ширхэг дугуй, 2 ширхэг запас дугуй, чирэгч толгойн жолооч талын хаалга 1 ширхэг, кабины хөгжим 1 ширхэг, кабины халаагч 1 ширхэг, бүтээлэг 1 ширхэг, мөн 380 литр түлш, багажны ком зэрэг нь алга болсон байсан. Би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй. ...5,595,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, манай компанийн хохирлыг арилгасан тул манай компанийн зүгээс болон миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/
Гэрч Д.Даваабаярын өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед Батбаяр над руу гар утсаар залгаад “миний нүүрс тээврийн машин засвараас гарчихлаа би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явахаар болсон энэ 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн найз Бод өгчихлөө” гэж хэлсэн. Тэгсэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөөгүүр Батбаяр над руу гар утсаар залгаад “нөгөө Бын гар утас нь холбогдохгүй байна. Цаадах чинь Цагаан-Хаданд байна уу?” гэж асууж байсан. Би тухайн үед Цагаан хаданд ирчихсэн байсан. Тэгсэн оройны 20 цагийн үед Батбаяр би Цагаан хаданд ирчихлээ гэж надад хэлсэн. Тэгээд Батбаяр бид 2 Шинэбаяр найзын хамтаар 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Цагаан хадаар хайж байгаад Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүн талд тоногдсон байдалтайгаар олсон. Тэгээд Батбаяр бид хоёр 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээ манаж хоносон. Маргааш нь цагдаа ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
Гэрч М.Батбаярын өгсөн: “...манай найз Даваабаяр нь танил Хятадаасаа 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад авч өгсөн. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод яг 2 жилийн голд явж байсан чинь манай хөтөч Өвөрмонгол над руу гар утсаар залгаад чиний машин чинь засвараас гарчихлаа. Чи машинаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд би шууд Б руу гар утсаар залгаад миний машин засвараас гарчихлаа, чи боомтон дээр ирээд 48-32 УНЦ улсын дугаартай яг одоо миний жолоодож байгаа тээврийн хэрэгслийг аваад тээвэрт яв гэсэн чинь “тэгье” гэсэн. Тэгээд би Монгол улсын хил гараад Бод 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгчхөөд өөрөө буцаад БНХАУ-руу орсон. ...Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүн талд 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуй, 1 ширхэг хаалга болон 400 литр түлш, нүүрс хучлага 1 ширхэг, хөгжим 1 ширхэг зэргийг тоносон байдалтай орхисон байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Гэрч Ц.Нямдалайгийн өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газарт байрлах Шунхлай ШТС-ийн менежер ажилтай. 2018 оны 03 дугаар сарын 21-ний оройн 18 цагийн үед манай түлш ирээд би буулгаж байх үед манай колонкийн ар хэсэгт буюу ертөнцийн зүгээр зүүн талд байрлуулж тавьсан нүүрс тээврийн автомашины чиргүүлийн хойд дугуйнуудыг танихгүй 3 хүн тайлж байгаа харагдсан. Тэгэхээр нь би дөхөж очоод “Наад машины чинь жолооч нь байна уу” гэхэд “би байна ” гээд танихгүй нэг залуу над руу дөхөж ирсэн. Тэгээд би жолооч нь юм аа мэдэж байгаа байлгүй гэж бодоод “за за” гэж хэлчихээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №76/01 дугаартай “нийт дүн 5,595,000 төгрөг ” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/
Д.Бын яллагдагчаар өгсөн: “...Батбаяр БНХАУ-аас жолоодох машин Монгол улс руу оруулж ирнэ гээд хүлээж байсан юм. Тэгээд 23-ны өглөө Батбаяр 48-32 УНЦ дугаартай машин жолоодож БНХАУ-аас Монгол улсын хилээр орж ирсэн. Би хил дээр тосч очоод уг 48-32 УНЦ дугаартай авто машиныг 22-34 БЧ дугаартай чиргүүлийн хамт Батбаяраас хүлээж авсан. Батбаяр эргээд явганаар хилээр Хятад руу орсон. Тэгээд би машин жолоодоод Цагаан хад руу явж байхад Цагаан хадны өмнө байдаг 4-р пост дээр цагдаа зогсоож шалгаад намайг эрхээ хасуулсан, авто машин жолоодох эрхгүй байна гээд машины бичиг баримт хурааж аваад намайг машинаа журмын хашаанд тавьчихаад эргээд ирж уулз гэж хэлсэн. Тэгээд би цагдаагаас жаахан холдож байгаад Батбаяр руу утсаар залгаад цагдаад журамлуулчихлаа би эрхээ хасуулчихсан байсан юм гэсэн чинь “журмын хашаанд битгий ороорой авах гэж их удна” гэж хэлсэн. ...өмнө нь хүмүүс хужаа эзэнтэй машины дугуй, эд ангийг зардаг гэж сонсож байсан болохоор эд ангийг зарахаар шийдсэн. Тэр өдрийн орой 18 цаг өнгөрөөд бүрэнхий болохоор зам дээр түлш авна гэсэн машин явж байхаар нь дуудаад 380 литр түлшийг 1 литрийг нь 1000 төгрөгөөр зарсан. ...би тэр машины чиргүүлээс 7 дугуйг, запасанд нь байсан 2 дугуй нийт 9 ширхэг дугуйг нэгийг нь 150,000 төгрөгөөр бодож нийт 1,350,000 төгрөгөөр бэлнээр авсан. ...эргэж нөгөө машин дээрээ очиход ямар нэг хүн байхгүй болохоор нь жолооч талын хаалга, хөгжим, цүнхтэй түлхүүр, багажийг аваад нөгөө хүнд 150,000 төгрөгөөр зарчхаад Улаанбаатар явах машинд суугаад Цагаан хаднаас явсан...” гэх мэдүүлэг / хх-н 42-43 -р хуудас/
Шүүгдэгч Д.Бын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/,
Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шунахайн зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт “Биэс Тур Транс” ХХК-ийн нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 48-32 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолооч М.Батбаяраас хүлээн авч, 5.595.000 /таван сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд ангиудыг тонож завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18-р хуудас, Хохирогч Э.Туваандоржийн өгсөн “......5,595,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, манай компанийн хохирлыг арилгасан тул манай компанийн зүгээс болон миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/, Гэрч Д.Даваабаярын өгсөн: “...Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүн талд тоногдсон байдалтайгаар олсон. Тэгээд Батбаяр бид хоёр 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээ манаж хоносон. Маргааш нь цагдаа ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, Гэрч М.Батбаярын өгсөн: “...Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүн талд 48-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуй, 1 ширхэг хаалга болон 400 литр түлш, нүүрс хучлага 1 ширхэг, хөгжим 1 ширхэг зэргийг тоносон байдалтай орхисон байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Гэрч Ц.Нямдалайгийн өгсөн: “... ертөнцийн зүгээр зүүн талд байрлуулж тавьсан нүүрс тээврийн автомашины чиргүүлний хойд дугуйнуудыг танихгүй 3 хүн тайлж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №76/01 дугаартай “нийт дүн 5,595,000 төгрөг ” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/ шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Туваандорж нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдины Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 5, 6, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Д.Бод тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА