Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00413

 

 

 

 

 

       2023          02            17                                      210/МА2023/00413

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/005210 дугаар шийдвэртэй

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 128,494,222 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Марал-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “А” ХХК нь Хятадын Төмөр Замын 20-р товчооны Монгол Улсын Улаанбаатар хот дахь “Г” ХХК-ийн захирал В-тай 2019 оны 05 сарын 08-ны өдөр тулц хана барих барилгын ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр гүүрний байгууламжийн Олимпын гудамжны хэсэгт “А” гарцын төв замын ажлын баруун талын хэсгийн гүүрний тулц хананы ажлын МКО+080-аас МКО+249.323 хүртэлх нийт 170 м урттай ажлын улны бетон цутгах, суурийн бетон цутгах, тулц хананы бетон цутгах, арматур зангидах, хэв хашмалын ажлуудыг 234,521,304 төгрөгийн үнэлгээтэй хийхээр талууд тохиролцож 25 барилгачин, 2 инженерийн бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүлсэн.

Гэрээгээр захиалагч урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь болох 70,356,391 төгрөгийг төлөх, үлдэх 70 хувийг ажлаа дуусгасны дараа өгөхөөр тохиролцсоны дагуу 30 хувийн төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Гэрээгээр 20 хоногт ажлыг гүйцэтгэх байсан боловч тухайн үед хятадаас орж ирэх материал саатаж хугацаа хоцорсон.

Бид ажлаа гүйцэтгэж дуусахын өмнө үлдэгдэл ажлын хөлсийг тооцон авахаар нэхэмжлэхэд “танай компанид  нэмж мөнгө төлж чадахгүй, ...танайх манайхаас илүү мөнгө авсан байна” гэж маргасан тул ажлаа зогсоосон.

Бид арматур, хэв хашмалын ажлыг 92,73 хувь, бетон цутгуурын ажлыг 76,86 хувь гүйцэтгэсэн ба үүнийг барилга угсралтын ажлын нийт хэмжээгээр авч үзвэл 84,79 хувийн А гүйцэтгэлтэй ажилласан.

Энэ тооцоог ажилд тусгайлан хяналт тавьж байсан хятад талын инженерүүд тооцон гаргаж баталгаажуулсан. Монгол Улсын мэргэжлийн мэргэшсэн төсөвчнөөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа тарифаар бодуулахад бидний хийсэн ажлын хөлс 198,850,613 төгрөг болсон ба үүнээс урьдчилгаанд авсан 70,356,391 төгрөгийг хасаад үлдэх 128,494,222 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “А” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 2018-20 дугаар гэрээний 1.2-д зааснаар гүйцэтгэгч “А” ХХК нь тулц ханын арматур тээвэрлэх болон угсрах, тулц хананы бетон цутгалт болон арчилгааг мөн өдрөөс 2019 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл 20 хоногт хийж гүйцэтгэн 234,521,304 төгрөгийн ажлын хөлс авахаар тохиролцсон.

Манай компани нь гэрээний 2.5-д зааснаар урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь болох 70,356,391 төгрөгийг 2019 оны 05 сарын 14-ний өдөр “Х” ХХК дахь  хариуцагчийн эзэмшлийн 00000 тоот дансанд шилжүүлсэн.

Гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч нь ган төмөр хэв хавтан угсрах, хүчитгэх, бетон цутгах, арчилгаа хийх зэрэг бүхий л барилгын ажил болон төрөл бүрийн бараа материал, талбай дотор тээвэрлэлтийн ажлыг 1 м.куб-ыг 36,000 төгрөгөөр хийх, энэхүү зардалд ажиллах хүчний зардал, тоног төхөөрөмж, машин механизмын зардал багтсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж чөлөөтэй байгуулсан бөгөөд компанийн тамгаа дарж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаанд нь чанартай гүйцэтгэж чадаагүй атлаа мэргэжлийн улсын төсөвчин 198,850,613 төгрөгийн ажлын хөлс авах ёстой гэж үнэлгээ гаргасан хэмээн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй.

2.2. Нэхэмжлэгч нь гэрээний 1.3-т заасан үүргийн дагуу 20 хоногт ажлаа гүйцэтгэж чадаагүй, ажилчдын ур чадвар хангалтгүйн улмаас ажил гүйцэтгэх хугацааг удаашруулж, технологийн горимын зөрчил удаа дараа гаргаж СЗО маркийн бетоны оронд С15 бетоныг сууринд цутган ноцтой алдаа гаргасан.

Захиалагч талын зөвлөх “Р” ХХК болон Нийслэлийн авто замын хөгжлийн газраас туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг шалгаж хянаад зөвлөх “Р” ХХК-аас 2019 оны 06 сарын 07-ны “Туслан гүйцэтгэгчийн ажлын чанар, гүйцэтгэлийн тухай” гэх, 2019 оны 07 сарын 05-ны “Туслан гүйцэтгэгчийн тухай” гэх албан бичгүүдээр шаардлага тавих гэхэд ажлаа хаяж явсан байсан.

Гэрээний 2.6-д “Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч, зөвлөх “Р” ХХК болон Нийслэлийн авто замын хөгжлийн газар шалгаж, шаардлага хангасан тохиолдолд 30 хоногт 1 удаа тооцоо хийнэ” гэж заасан. Талууд 2019 оны 08 сарын 27-ны өдрийн “Ажлын гүйцэтгэл тооцоолсон хүснэгт”-ээр 15,247,365 төгрөгийн ажил гүйцэтгэснээс чанарын баталгааны 5 хувийн суутгалд 762,368 төгрөг суутгагдах 14,484,997 төгрөг олгох тооцоо гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан.

2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Ажлын гүйцэтгэл тооцоолсон хүснэгт”-ээр 10,497,600 төгрөгийн ажил гүйцэтгэснээс чанарын баталгааны 5 хувьд 524,880 төгрөг суутгахад 9,972,720 төгрөг олгох тооцоо гарсан. Эдгээр гүйцэтгэлийн хүснэгтээр нэхэмжлэгч нийт 25,744,965 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь тогтоогддог ба чанарын баталгааны 5 хувийг хасаж 24,457,717 төгрөг олгох тооцоо гарна.

Эдгээр баримтуудаар “А” ХХК нь гэрээний үнийн дүнгийн 11 хувийн ажлыг гүйцэтгэсэн ба нэхэмжлэлд дурдсан мэргэжлийн төсөвчний үнэлгээгээр тухайн ажлуудыг 76-92 хувьтай хийж гүйцэтгэсэн гэдэг нь илт худал юм.

Иймд урьдчилгаанд шилжүүлсэн 70,356,391 төгрөгөөс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 25,744,965 төгрөгийг хасахад 44,621,426 төгрөгийг илүү шилжүүлсэн нь батлагддаг. Үүнд чанарын баталгаанд суутгах нийт 1,287,248 төгрөгийг нэмж 45,898,674 төгрөгөөр манай компани хохирсон.

Нэхэмжлэгч компани гэрээ болон хуульд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ил далд ажлын актыг гаргаж бодит үнэлгээ гаргаагүй атлаа хариуцагч талыг байлцуулалгүй төсөвчнөөр төсөв гаргуулан ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр 128,494,222 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 128,494,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 800,421.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй процессын алдаа гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж, нэг талд давуу байдал бий болгосон.

4.2. Хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг чанарын шаардлага хангахгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй гэж хэргийг нэг талыг барьж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Замын цагдаагийн баруун талд баригаж буй гүүр хэвийн ажиллагаатай, улсын комисс хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл Монгол Улсын зам, замын байгууламжийн норм ба дүрэм ЗЗБНбд-81-013-18-н журмыг хууль хэмээн үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн ажлыг БНХАУ-ын албан ёсны хэл дээр үйлдсэн гарын үсэг бүхий баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу орчуулж, шүүхэд гаргаж өгсөн боловч үнэлээгүй. 

Нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлаа Монгол Улсын төсөвчин Н.П, Ж.Н нараар хянуулж, үнэлгээ гаргуулсан боловч анхан шатны шүүхээс уг баримтыг үнэлж, энэ талаар тайлбар гаргаагүй нь шүүхийн өмнө тэгш байх зарчмыг зөрчсөн гэжээ. 

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 128,494,222 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Талуудын хооронд 2019 оны 05 сарын 08-ны өдөр тулц хана барих барилгын ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “А” ХХК нь Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажлын тулц хананы арматур тээвэрлэх болон угсрах, тулц хананы бетон цутгалт, арчилгааны ажлыг мөн өдрөөс 2019 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд гүйцэтгэх, “Б” ХХК нь ажлын хөлс 234,521,304 төгрөгийн урьдчилгаа 30 хувийг гэрээ байгуулснаас хойш 5 өдрийн дотор, гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангасан тохиолдолд нийт 95 хувийг төлж, 5 хувийг чанарын баталгаат барьцаанд авч үлдэхээр харилцан тохиролцсон байна. /хх4-11/

 

Анхан шатын шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Талуудын маргааны зүйл нь ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон үнэлгээ болжээ.

 

4.1. Нэхэмжлэгч “А” ХХК хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 84,79 хувь, төсвийг 198,850,613 төгрөг гэж тодорхойлон Монгол Улсын төсөвчин Н.П, Ж.Н нарын гаргасан “гүүрийн бетон цутгах ажлын төсөв” гэх тайланг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж дүгнэснийг буруутгахгүй. 

 

Учир нь тус баримтыг нэхэмжлэгч “А” ХХК хийлгэсэн нэг талын баримт байхаас гадна өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул эргэлзээгүй баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд уг тайланг үндэслэн ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 84,79 хувь, төсвийг 198,850,613 төгрөг гэж дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй. /хх 57-60/

 

4.2. Хэргийн 53-56 дахь талд авагдсан Хятад хэл дээр орчуулгатай, талуудын үйлдсэн тооцоо нийлсэн актад “...С15 орлуулах бетоноор 493 м.куб, С30 суурь ба хана 364,5 м.куб, ган арматур бэхэлгээ 32,4 тонн” гэжээ.

 

Анхан шатны шүүх уг тооцоо нийлсэн актыг хэргийн бусад баримтуудтай харьцуулан нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хэмжээг дүгнэсэн нь зөв.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...БНХАУ-ын албан ёсны хэл дээр үйлдсэн гарын үсэг бүхий баримтыг ...шүүх үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй.  

 

4.3. Улмаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг талуудын гэрээгээр тохиролцсон буюу ган төмөр хэв хавтан угсрах, хүчитгэх, бетон цутгах, арчилгаа хийх зэрэг барилгын ажил болон төрөл бүрийн бараа материал талбай дотор тээвэрлэх ажлын хөлсийг 1 м.кубыг 36,000 төгрөгөөр, арматур тээвэрлэх, зангидах, гагнаж холбох, угсрах ажлын 1 тонныг 183,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 36,799,200 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “Б” ХХК нь 2019 оны 05 сарын 14-ний өдөр гэрээний урьдчилгаа 70,356,391 төгрөгийг “А” ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй байна. /хх132/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан урьдчилгаа төлбөрөөс илүү хэмжээний ажил гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/05210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 800,500 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

                 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ