| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0143/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 1829002650151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харилцаанаас буюу таксины явах чиглэлээс маргаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Цогт хан” дэлгүүрийн үүдэнд зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Шинэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Доржсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №146 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
- Хохирогч Б.Шинэхүүгийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 69-71-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,
- Хохирогч Б.Шинэхүүгийн “Б.М нь миний хохирлыг барагдуулсан. Одоо гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 67-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харилцаанаас буюу таксины явах чиглэлээс маргаж Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Цогт хан” дэлгүүрийн үүдэнд зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Б.Шинэхүүгийн: “...М гэх залуу Ханбогд сумын төвд байх Цогтхан дэлгүүрийн үүдний таамбарт намайг мөргөсөн. Миний толгой хагарсан, мөн баруун талын хөмсөг язарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
- гэрч Э.Оюунтунгалагийн: “...М буугаад Шинэхүүг буугаад ир гээд Шинэхүүг цаанаа байж бай бацаан минь гээд буусан. Удаагүй Доржсүрэн машины хаалга онгойлгоход ёо ёо гэх дуу гарахаар нь Доржсүрэн очиж хараад толгойг нь хагалсан байна гэхээр нь би бууж очиход зодоон болсон байдалтай М Шинэхүүгийн толгойг хагалсан байсан.” мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
- гэрч Н.Доржсүрэнгийн: “...М би яараад байна, дэлгүүр ороё гэхээр нь Цогтхан дэлгүүрийн гадаа очоод зогсоход М буугаад Шинэхүүг буугаад ир гэсэн. Тэгээд Шинэхүүг цаанаа байж бай бацаан минь гэж байсан. Удаагүй би машины хаалга онгойлгоход ёо ёо гэх дуу гарахаар нь буугаад очтол зодоон болсон байдалтай Шинэхүүгийн толгой нь хагарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №145 дугаартай шинжээчийн: Б.Шинэхүүгийн биед тархины доргилт, хуйх болон баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Б.Шинэхүү “3 000 000 төгрөг төлсөн санал, гомдол, хүсэлт байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 67-р хуудас/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Мг хохиролд одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өвөөн овогт Бат-Өлзийгийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА