Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00433

 

 

 

 

 

 

2023 02 27 210/МА2023/00433

 

 

 

А ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/03566 дугаар шийдвэртэй

А ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Э , Д.С нарт холбогдох

Гэм хорын хохиролд 2,116,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Э ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагч Б.Э , түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт даатгуулагч Б.Э ын Тоёота Хайландер маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 03 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, Өлзийт хорооллын 1 дүгээр буудлын ойролцоо замд явж байхад Д.С нь Тоёота Рактиц маркийн 00-00 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ мөргөсөн бөгөөд даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 2,116,380 төгрөгийн хохирол учруулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С ын гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас албан бичигт ...тээврийн хэрэгслийн жолооч нар хоорондоо тохиролцож, гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэжээ.

Иймд бид гэм хор учирсан гэж үзээд, даатгуулагч Б.Э нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.10.5-д заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний үндсэн дээр хохирлын мөнгийг төлсөн учир 2,116,380 төгрөгийг хариуцагч нарын аль буруутайгаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Д.С ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2022 оны 03 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийтийн зам дээр баруунаас зүүн талын зам руу өөрийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ дохио өгч, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урд талд явж байсан 00-00 УУУ улсын дугаартай, машины жолооч толиндоо харахгүй зүүн гар тал руугаа огцом эргэж, миний машины жолоочийн хаалганаас карлан хүртэл мөргөсөн.

Тухайн үед Б.Э ын аав автомашиныг жолоодож байсан, Б.Э манай аав 5 оноотой, би машин барьсан болъё, манай 100 хувийн буруу, би танай машины хохирлыг барагдуулъя гэж гуйгаад аав нь цагдаа ирэхээс өмнө явж, Б.Э надтай үлдсэн. Замын цагдаа ирж зам тээврийн ослыг шалгаад биднийг 50, 50 хувийн буруутай гэж дүгнэж, өөр өөрсдийн хохирлоо хариуцаарай гээд гарын үсэг зуруулсан.

Гэтэл А ХК-аас надад холбогдуулаад Б.Э ын төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Э ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би А ХК-ийн даатгуулагч бөгөөд Тоёота Хайландер маркийн 00-00 УУУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг манай аав унадаг, миний нэр дээр даатгалтай тээврийн хэрэгсэл юм. Тухайн өдөр манай аав над руу залгаад зам тээврийн осол гаргачихлаа, хүрээд ир гэсэн. Биднийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиход цагдаагаас жолооч нарын 50, 50 хувийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж хэлсэн. Мөн даатгалын байгууллагын ажилтан ирээд жолооч нарын 50, 50 хувийн буруутай үйлдэл гэж байхгүй, цагдаа хийгээгүй үйлдлийн чинь төлөө буруутгасан байна гэж хэлсэн.

А ХК намайг гуравдагч этгээдтэй хохирол дээр харилцан тохиролцсон гэж хариуцагчаар татсан байна. Миний зүгээс Д.С тай харилцан тохиролцоогүй. Тухайн үеийн хэргийн газрын үзлэг, цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор хэн нь ямар буруутайг тогтоосон.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд талууд харилцан тохиролцсон тохиолдолд ямар нэгэн хариуцлагын арга хэмжээ авахаар тусгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 2,116,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож, хариуцагч Д.С т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 48,813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Б.Э ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Осол болсны дараа Б.Э-ын ах Ш.Ч гэх хүн ослын газарт очоод 50, 50 хувийн буруутай ямар нэг гомдол санал байхгүй гэх бичгийг Б.Э ын зөвшөөрөлгүй хийж өгсөн ба Б.Э энэ талаар мэдээгүй.

Уг маргааны оролцогч биш Ш.Ч-ийн гаргасан бичиг нь ямар нэг эрх зүйн ач холбогдол, үр дагавар үүсгээгүй.

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал гэх 4 баримтыг үндэслэж нөхөн олговор олгодог ба тухайн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, түүнтэй холбоотой зөрчлийн шийтгэл оногдуулах ажиллагаа нь тухайн иргэний хэрэг маргаанд хамааралгүй тусдаа салбар эрх зүйн харилцаа юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэж зөв шийдвэр гаргасан. н.Чинзориг гэх хүн даатгуулагч биш тухайн автомашиныг барьж яваагүй хэрнээ даатгуулагчийг төлөөлж бичиг үйлдсэн. Гэтэл дараа нь энэ хүн хамааралгүй, энэ бичиг ач холбогдолгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн замын цагдаагийн газрын тодорхойлолтод Д.С гарын үсэг зурсан эсэхийг шалгаагүй нөхөн төлбөрийг олгосон. Ингээд шүүхийн шатанд үнэн зүйл нь илэрч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан.

Учир нь Б.Э болон даатгалын компанийн хооронд байгуулсан гэрээнд нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцөлийг заасан. Уг гэрээнд хуурамч бичиг баримт бүрдүүлэхгүй байх, худал мэдүүлэг өгөхгүй байх, замын цагдаагийн шийдвэр гарахаас өмнө буруутай этгээдтэй тохиролцохгүй байх гэсэн үүргийг зөрчсөн гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Д.С ын тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн өмгөөлөгч намайг замын цагдаа дээр очоод гэм буруугаа хүлээсэн гэдэг боловч би ямар нэг баримтад гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Б.Э , Д.С нарт холбогдуулан 2,116,380 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Э нь А ХК-тай 2021 оны 12 сарын 21-ний өдөр тоёота хайландер маркийн 00-00 УУУ улсын дугаартай автомашиныг даатгуулах, даатгалын хураамж төлөх, даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн гэрээг байгуулсан. /хх7/

 

3.1. Д.С нь 2022 оны 03 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол 1 дүгээр автобусны буудлын хажуу авто замд тоёота рактиц маркийн 00-00 УУУ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасныг зөрчиж Ш.Б-ын жолоодож явсан даатгуулагч Б.Э ын дээрх автомашиныг мөргөж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаарх Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

3.2. Нэхэмжлэгч А ХК нь даатгуулагч Б.Э т даатгалын нөхөн төлбөр 2,116,380 төлж, улмаар түүнтэй 2022 оны 04 сарын 19-ний өдөр нөхөн төлбөрт төлсөн хохирлыг шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан атлаа шаардах эрхээ шилжүүлэн өгсөн Б.Э аас хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хариуцагч нарын хэнээс ямар үндэслэлээр, хэдэн төгрөг шаардсан талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч А ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Э , Д.С нарын хэн буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан..

 

Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Б.Э т төлсөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол нэхэмжилж байна уу, эсхүл зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

3.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай хуулийг хэрэглэх учиртай.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулах, мөн нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Б.Э , Д.С нарын хэнд холбогдуулан, ямар шаардлага гаргасныг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай.

 

3.4. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хариуцагч Б.Э ын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/03566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,813 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ