Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2022/02321/И |
Дугаар | 210/МА2023/00468 |
Огноо | 2023-03-03 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2023/00468
2023 03 03 210/МА2023/00468
Ц.Н ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02683 дугаар шийдвэртэй
Ц.Н ын нэхэмжлэлтэй, Б газарт холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие эцэг О.Ц , эх Д.С нар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00а байрны 1 тоот хаягт байрлах, 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу өмчлөн, амьдарч байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн дээрх орон сууцыг М.Н , Д.М нарын зээлийн төлбөрт тооцуулан дуудлага худалдаа явуулж байгаа талаар хожим мэдсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн орон сууцыг үнэлүүлэхээр 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 9/459 дугаар тогтоолоор шинжээч томилуулан үнэлгээ гаргуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу надад мэдэгдээгүй, танилцуулаагүй, миний саналыг аваагүй, тэмдэглэл хөтлөлгүй миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн.
Иймд уг ажиллагааг хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 1195 дугаар шүүгчийн захирамжаар Д.М , М.Н нараас 88,664,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.
Д.М , М.Н нарт төлбөр төлөх талаар төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00а байрны 1 тоотод байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоолгосон.
Төлбөр төлөгч Д.М үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 109 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Төлбөр төлөгч нар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байдалд хүргэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар талуудад мэдэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай Ц.Н ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан эрхийн хүрээнд нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжийн хамт өгсөн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хэрэгт нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой баримтууд авагдсан атал шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 181/ШЗ2022/13611 дугаар захирамжаар В банк ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Д.Т ын хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт В банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Д-г гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл авагдсан, энэхүү иргэний хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Б-д итгэмжлэл олгохдоо В банкны тусгай активын хэлтсийн захирал Д.Т гарын үсэг зурж итгэмжлэл олгосон. Д.Т нь В банк ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс энэүү үйл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцохдоо ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэсэн ажиллагаа хийгдээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй гомдол үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байхад дуудлага худалдаа явуулсан нь нотлогдоогүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Б газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01195 дугаар шийдвэрээр Д.М , М.Н нараас 88,664,163 төгрөг гаргуулж В банк ХХК-д олгож, уг төгрөгийг төлж барагдуулаагүй тохилдолд барьцаа болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48/а байрны 01 тоотод байрлах 53,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх18-19/
Анхан шатны шүүх барьцаа хөрөнгийн өмчлөгч нь О.Ц , Д.С , Ц.Н нар болох үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Б газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр битүүмжилж, мөн оны 12 сарын 07-ны өдөр хураан авсан ба эд хөрөнгө хураан авсан тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгож, улмаар 2020 оны 05 сарын 05-ны өдрийн тогтоолоор хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.
3.3. Төлбөр төлөгч Д.М , М.Н болон барьцаа хөрөнгийн өмчлөгч О.Ц , Д.С , Ц.Н нараас ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч В банк ХХК зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 05 сарын 28-ны өдөр Виннер вэй ХХК-ийг шинжээчээр томилсон.
4. Шинжээч Виннер вэй ХХК нь 2020 оны 07 сарын 29-ний өдөр үнэлгээний тайлан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 85,643,000 төгрөг гэж үнэлснийг Д.М эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01959 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэжээ. /хх120-121/
4.1. Улмаар, 2020 оны 05 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч тус тогтоолыг хүчингүй болгож, мөн оны 09 сарын 03-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан.
4.2. Төлбөр төлөгч Д.М , М.Н болон барьцаа хөрөнгийн өмчлөгч О.Ц , Д.С , Ц.Н нараас ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч В банк ХХК зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 09 сарын 22-ны өдөр Х ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.
4.3. Шинжээч Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 сарын 29-ний өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Д.М , М.Н , өмчлөгч Д.С , О.Ц , Ц.Н нарт хүлээлгэн өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 29, 09 сарын 30-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх92-94/
Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэнэ.
Тодруулбал, анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан 3 хоногийн дотор мэдэгдэх зохицуулалт нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хоорондын эрх зүйн зохицуулалт гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.4. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгчийн нөхөр болох Б.Б-т мэдэгдсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 94 дэх талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй.
Учир нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь бие даасан тусдаа шаардлага байх тул энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
7. Түүнчлэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид В банк ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд итгэмжлэл олгосон эсэхийг тодруулаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх асуудал нь В банк ХХК-д хамаарахаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй юм.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В банк ХХК нь энэ талаар гомдол гаргаагүй тул энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ