Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00438

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00438

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/03527 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК,

Хариуцагч: В-өд тус тус холбогдох,

311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

хариуцагч В-ийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч В-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, хариуцагч В-ийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар: Б ХХК нь манай компанитай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулж Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч В-ийн өмчлөлийн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ гудамж 33 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 70.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авсан.

1.1. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 106,200 литр буюу 208,419,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлсэн.

Гэрээний 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна гэж, 5.2.2-т "Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлнө гэж, 5.2.3-т Худалдан авагч нь энэ гэрээний 5.2.1-т заасан хугацаанд нийлүүлсэн барааны үнийг бүрэн төлж барагдуулаагүй, хавсралтаар нийлүүлсэн барааны төлөгдөөгүй төлбөр зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд худалдагч тал барааны нийлүүлэлтийг зогсоож, төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулна гэж тус тус заасан.

Б ХХК гэрээний дагуу нийлүүлсэн Дизель түлшний төлбөр 208,419,000 төгрөгийг төлөх үүргээ 678-766 хоногоор хэтрүүлсэн байх тул гэрээний 5.2.2, 5.2.3 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын хэмжээг тооцож үзэхэд нийт 10,353,450 төгрөгийн торгууль, 93,181,050 төгрөгийн алданги төлөх тооцоо гарч байна.

Иймд үлдэгдэл төлбөр 208,419,000 төгрөг болон торгууль 10,353,450 төгрөг, алданги 93,181,050 төгрөг, нийт 311,953,500 төгрөгийн төлбөрийг хариуцагч Б ХХК-иас гаргуулж, дээрх төлбөрийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. В- нь улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн учраас түүнийг тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй. Хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон гэх асуудлын хувьд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тухайн үйлдлийг гэм буруутай эсэхийг тогтоохоос бус прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж үзэхгүй. Барьцааны гэрээний хувьд Компанийн тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчөөгүй.

 

2. Хариуцагч Б ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Б ХХК нь А ХХК-аас гэрээний дагуу дизель түлш авч байсан боловч 6 удаагийн ачилтаар 127,300 литр буюу 247,454,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш авч байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх хэмжээний дизель түлшний захиалга өгч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Шатахуун тослох материалын зарлагын падаан дээр хүлээн авсан гэх этгээдүүдийн зарим нь тус компанийн ажилтан биш буюу компанид хамааралгүй хүмүүс байна.

Мөн Б ХХК-иас тэдгээр хүмүүст дизель түлшийг хүлээн авах эрхийг олгож байгаагүй тул компанийн хүлээн авсан дизель түлшний хэмжээ болон үнийн дүн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй.

Мөн талуудын байгуулсан гэрээний 5.1-д Энэ гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны зээлийн шугамын үнэ 105,000,000 төгрөг байна гэж, 5.1.1-д Гэрээний хавсралтуудаар нийлүүлж буй барааны төлөгдөөгүй үнийн дүн зээлийн шугамын хэмжээнээс хэтрээгүй байна гэж тус тус заасан бөгөөд гэрээнд зээлийн шугамын дээд хязгаарыг тогтоосон атал ямар ч итгэмжлэлгүй, байгууллагын ажилтан бус этгээдүүдэд зээлийн шугамын хязгаараас хэтрүүлэн дизель түлш худалдсан гэх нэрээр Б ХХК-ийн нэр дээр өр төлбөр үүсгэн нэхэмжилж байна.

Гэрээний 3.2-д Энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулна гэж заасан атал ямар хэмжээний дизель түлшийг, хэзээ, хэнд хэрхэн хүргэж өгөх талаар худалдан авалтын захиалга баталгаажуулсан хавсралт үйлдэгдээгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч В-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. В- нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд уул, уурхайн ажил хийх зорилгоор Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Г-тай хамтран ажиллахаар тохиролцож, тус компанид хөрөнгө оруулалт хийхийн тулд Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бие даан хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх захирлаар В-ийг томилох, үйл ажиллагаанаас олсон ашгийг 50 хувиар тэнцүү хуваах болзолтойгоор тохиролцсон.

Уул уурхайн үйл ажиллагааг явуулахын тулд түлш авах шаардлагатай болсон бөгөөд А ХХК-аас зээлээр түлш худалдан авах санал гаргахад барьцаа хөрөнгө шаардсан. Энэ талаар Г-тай ярилцаад өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, А ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж Б ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч В- гарын үсэг зурж, компанийн тамга дарсан.

3.2. Гэвч Г- нь Б ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүжилт авахын тулд В-өд худал ярьж компанийн хувьцаагаа шилжүүлэн өгч, захирал болсон гэж итгүүлэн маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгээд, дараа нь хууль бусаар компанийн гүйцэтгэх удирдлагыг хүртэл шилжүүлэн авсан. Улмаар хуурамч бичиг, баримт үйлдэн компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар хэрэгжүүлсний улмаас В-өд маш хохирол учруулсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Г-г шалгуулахаар гомдол гаргаж, хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Прокурорын тогтоолоор Г-гийн үйлдлүүд хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоосон.

3.3. Мөн В- нь хэдийгээр хувьцаа эзэмшигч байсан ч гэсэн А ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд гүйцэтгэх захирлын удирдлагыг хэрэгжүүлж, Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, барьцаалуулагчийн өмнөөс гарын үсэг зурах боломжгүй байсан. Мөн Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г- нь В-өд тухайн хэлцлийг хийх зөвшөөрлийг олгосон аливаа итгэмжлэл олгоогүй байхад В- нь Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж гэрээнд төлөөлөн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн бтул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

3.4. Иймд В-ийн барьцаалуулагч Б ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан 2019.06.06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г дээр дурдсан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо. Үйлдвэр/17060/ Үйлдвэр гудамж ЗЗ дугаар байр, ** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 247,069,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,884,500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч В-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,884,500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч В-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч В-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж 33 дугаар байр, ** тоот хаягт байршилтай 70,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс 120,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,787,917 төгрөг, хариуцагч В-өөс төлсөн 753,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 1,393,295 төгрөг, хариуцагч В-өөс 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 5.1 дэх хэсэгт Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ үндсэн гэрээ болон түүний хавсралтаар нийлүүлэгдсэн барааны төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр тодорхойлогдоно гэж, 5.2 дахь хэсэгт Үндсэн гэрээ болон нэмэлт гэрээнүүдийн төлбөрийн үүргийн хэмжээ: Үндсэн гэрээгээр тодорхойлогдсон зээлийн шугамын хэмжээнд хавсралтаар нийлүүлэгдсэн барааны бүхий л төлбөр, торгууль, алдангийн хэмжээгээр тодорхойлогдоно гэж тус тус заасан байдаг.

Анхан шатны шүүхээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 208,419,000 төгрөг, алданги 38,650,000 төгрөг, нийт 247,069,000 төгрөгийг Б ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч барьцаа эд хөрөнгийн үнээс 120,000,000.00 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж үнийн дүнгийн зөрүү гаргасан байна. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөөр хангагдах шаардлагын нийт хэмжээ нь анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дагуу 247,069,000.00 төгрөг байтал эд хөрөнгийн үнээс 120,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

 

6. Хариуцагч В-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хариуцагч В-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. В- нь улсын бүртгэлд Б ХХК-ийн захирлаар бүртгэгдсэн ч Компанийн тухай хууль болоод компанийн дүрэмд захирал гэх албан тушаалын талаар зохицуулсан зүйлгүй, зөвхөн гүйцэтгэх захирал-тай байхаар, гүйцэтгэх захирал нь Г- байхаар заасан, мөн Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г-гаас В-өд маргаан бүхий хэлцлийг хийх зөвшөөрөл олгосон итгэмжлэл өгөөгүй байхад В- нь тус компанийн хувьцаа эзэмшигч гэж гэрээнд төлөөлөн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г А ХХК-тай байгуулсан нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

6.2. Түүнчлэн, маргаан бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний 1.1- д барьцаалуулагч нь Б ХХК байхаар, 2.2-т барьцаалуулагч-ийн эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалахад гэрээний зорилго орших талаар тусгасан боловч бодит байдал дээр барьцаа хөрөнгө нь тус компанийн хөрөнгө биш, иргэн В-ийн хөрөнгө байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,4.4-т зааснаар барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Б ХХК болохын хувьд гуравдагч этгээдээс зөвшөөрлийг нь хуулийн дагуу авсан байх ёстой бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т зааснаар барьцааны гэрээнд тухайн зүйл нь барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримтыг тусгахаар заасан боловч энэ талаарх баримт хэргийн материалд байдаггүй. Иймд, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Гэтэл анхан шатны шүүх барьцааны гэрээ нь хууль зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй" хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нар нь ийм хэмжээний түлш хүлээн аваагүй гэж маргасан хэмээн зөв дүгнэсэн атлаа хариуцагч нар нь нэхэмжлэгчээс дизель түлш авч байсан талаар үгүйсгээгүй бөгөөд ... 106,200 литр дизель түлшийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна хэмээн өөр хоорондоо зөрүүтэй буюу ойлгомжгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 106,200 литр дизель түлш хүлээлгэн өгсөн болохыг нотолсон баримт байдаггүй бөгөөд 106,200 литр дизель түлшийг хариуцагчид нийлүүлсэн болохоо буюу нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсан Шатахуун тослох материалын зарлагын падаанд хүлээн авагчийн нэрийг Б ХХК гэж тэмдэглэсэн ч тухайн түлшийг тээврийн хэрэгслийн жолооч нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан, жолооч нарыг гэрчээр асуухад зарим нь Сэлэнгэ аймагт, зарим нь Бугант тосгонд буулгасан талаар, зарим нь хаана, хэзээ, хэнд буулгаснаа ч санахгүй байна хэмээн тайлбарлаж, Б ХХК, В- нарт хүлээлгэн өгсөн гэдгийг нотолж чадаагүй.

6.4. Иймд, хариуцагч В-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү.

 

7. Хариуцагч В-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийг шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд юм. Тухайн үед гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн нь хариуцагч В- байсан. улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм хууль ёсны байсан учраас барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаад, улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Гэрээ байгуулах үед Б ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь В- байсан бөгөөд хүсэл зоригийн хүрээнд гэрээ байгуулсан. Барьцаа хөрөнгө нь бусад этгээдийн хөрөнгө байж болно гэх зохицуулалт Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулах тухай хуульд байгаа учраас энэхүү гэрээ хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэж шүүх үзсэн үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч талд шатахуун хүлээлгэж өгсөн болох нь жолооч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Тухайн үед гүйцэтгэх удирдлага хариуцаж байсан Б ХХК, В- нь тодорхой жолооч явуулаад тухайн агуулахаас гаргасан шатахууныг хөндлөнгийн байгууллага буюу Жаст ойл ХХК, болон Петро ойл ХХК-аар баталгаажуулж байгаа. Жаст ойл ХХК, Петро ойл ХХК нь гаалийн тусгай баталгаат агуулахтай тул А ХХК нь шатахуунаа хадгалуулдаг байсан. Тухайн жолооч нар Б ХХК-ийн шатахууныг авахаар ирлээ гээд гарын үсэг зурж авсан. Иймээс шатахуун хүлээлгэж өгсөн гэх баримт бүрэн нотлогдож байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдэл нь зөв, хууль хэрэглээний зүйл заалт хэсгийг засаж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

 

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч В-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс 120,000,000 төгрөгийг Газрын тоосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаагаар дуусгавар болсон, түүнээс хойш асуудлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлтийг удирдлага болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээнээс тусдаа харилцаа болохыг дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн энэхүү шийдвэрт гомдол гаргаагүй боловч гэрээний харилцаа үргэлжилж байгаа талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд барьцаа хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн гэрээний 3.4-т барьцааны зүйлийг зөвхөн талуудын хоорондоо байгуулагдсан үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болохыг баталгаажуулж харилцан тохиолцсон гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгчийн болон хариуцагч В-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд давж заалдах гомдолд хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай Б ХХК-ийн зүгээс уг дизель түлшийг авч байгаагүй, хэрэгт тухайн түлшийг хүлээн авсан баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гомдлыг зөвшөөрөхгүй байгаа. Тодруулбал, хариуцагч В- нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийгөө Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилоод, хуурамчаар гарын үсэг зурж, бүртгүүлсэн өдрөөс А ХХК-тай Газрын тосны бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээнийхээ дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний падаанд А ХХК-аас Б ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх баримт байхгүй. Тухайн түлшийг Б ХХК хүлээж аваагүй, хариуцагч В- хүлээн авч захиран зарцуулж, хуурамчаар гэрээ хэлцэл хийсэнтэй холбоотой учраас В-ийн барьцаа хөрөнгөөр үүргийг нь хангуулах үндэслэлтэй.

Барьцааны болон худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдөр Улсын бүртгэлийн газарт компанийн гүйцэтгэх удирдлагаар В-ийг бүртгэсэн бүртгэл хийгдсэн. Тухайн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага болон шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзээгүй тул барьцааны гэрээ болон худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Түүнтэй холбогдуулаад гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан В-, компани болон гуравдагч этгээд учирсан хохирлоо өөрийн хөрөнгөөр барагдуулах шаардлагатай.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК, В-өд тус тус холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч В- нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. А ХХК нь Б ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан, барьцааны гэрээний үндсэн дээр В-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж 33 дугаар байр, ** тоот хаягт байршилтай 70,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй /1хх 8-14,17/.

 

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, гэрээгээр тохиролцсон нөхцөлд эрх зүйн дүгнэлт өгөөгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.1. Худалдагч нь худалдан авагчид бараа бүтээгдэхүүнийг гэрээнд зааснаар хүлээлгэн өгсөн эсэхэд зохигч маргасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 7 дугаар зүйлд шатахуун захиалах, ачилт гүйцэтгэх, тээвэрлэлт гүйцэтгэх, буулгах нөхцөлийг зааж, талуудын уг харилцаанд хүлээх үүргийг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх А ХХК нь Б ХХК-нд 208,419,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлсэн болох нь 6 ширхэг Шатахуун тослох материалын зарлагын падаан, гэрч Д, Е, Ё, Ж нараас мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэхдээ гэрээнд заасан нөхцөлөөр шатахууныг захиалсан, хүлээлгэж өгсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болсон байна.

 

4.2. Учир нь Жаст ойл ХХК, Петро ойл трейд ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахаас ачигдсан шатахуун нь нэхэмжлэгчийн өмчлөлийн шатахуун мөн эсэх, шатахууныг зарлагын падааны дагуу Б ХХК нь хүлээн авсан эсэх, шатахуун тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн этгээдүүд нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан эсэх, эсхүл өөр гэрээний үндсэн дээр тээвэрлэлт хийсэн эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Үүнээс шалтгаалан тээвэрлэлт хийсэн этгээдүүдийн эрх зүйн байдал тодорхойгүй, тээвэрлэгч үүргээ бодитоор гүйцэтгэсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

А ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн арилжаалах ажиллагааны мэргэжлийн оролцогчийн хувьд гэрээнд заасан нөхцөлөөр шатахууныг Б ХХК-нд нийлүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/03527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг, хариуцагч В-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,150 төгрөг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ