| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0235/Э |
| Дугаар | 251 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 251
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Хохирогч Ж.Уламбаяр
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргынхан овогт Амгалангийн Балдоржид холбогдох 1831002560240 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Ховд аймаг, Дарви суманд 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр баг, 1-11 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шаргынхан овогт Амгалангийн Балдорж, /РД: ТГ93012510/,
Шүүгдэгч А.Балдорж нь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн 6-2 тоотод оршин суух Ж.Уламбаярын эрүүн тус газар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч А.Балдоржийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 02-нд яллагдагчаар өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай сумын баяр наадам болж байсан юм. Тэгээд соёлын төвийн гадаа Уламбаярын хамтаар пиво уусан. Манай гэр Уламбаярын хашаанд байдаг юм. Тэгээд бид нар тус тусдаа гэртээ харьсан юм. Гэртээ харьсны дараа дүү Бадамдоржтой хамт пивонд явсан юм. Эргээд ирэхэд Уламбаяр намайг “түрийвчтэй мөнгө авсан” гээд хэрүүл эхэлсэн. Тэрнээс болж зодолдсон юм. Би гараараа нүүр хэсэгт нь цохисон. Тэр үед эрүү нь хугарсан байсан. Би маргааш өглөө нь хугарсан эрүүг нь харсан. Би хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,
2.Шүүгдэгч А.Балдоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай сумын баяр наадам болж бид нийлж архи ууж байсан. Тэгээд байж байтал Уламбаяр нь “түрийвч алга болчихлоо чи авсан уу” гээд дайраад байсан. Түүнээс болж маргалдсан. Тэгтэл эхнэр нь орны тэндээс түрийвчийг нь олоод Уламбаярт өгсөн. Тэгээд би уурлаад нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд маргааш өглөө нь эрүү нь хугарсан болохыг мэдсэн. Надаас эмчилгээний зардал гэж 3.500.000 төгрөг нэхээд байгаа. Би хохирогчид одоо 2.500.000 төгрөг банкаар шилжүүлж өгсөн байгаа. Миний буруутай үйлдлээс болж Уламбаярын эрүү хугарсан. Би хийсэн хэрэгтээ ихэд гэмшин, энэ хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Ж.Уламбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:... А.Болдорж бид хоёр сумын соёлын төвд орж тоглолт үзэж бүжгэнд орсон. Тэгээд А.Балдорж бид 2 гарч ирээд нэг хүний хоёр пиво ууцгаагаад гэр рүүгээ явсан. Гэртээ хариад жоохон байж байгаад эргэж гэрээсээ гараад А.Балдоржтой уулзаж дахин пиво уухаар болсон. Миний хэтэвч халаасанд байгаагүй учир би А.Балдоржоос “чамд миний хэтэвч байна уу, алга болчихсон байна” гэж асуусан. Гэтэл А.Балдорж уурлаад намайг цохисон. Би А.Балдоржид “миний эрүү хугарчихсан байна шү дээ” гэж хэлсэн чинь “маргааш өглөө болъё” гэж хэлсэн. Өглөө нь сумын эмнэлэгт үзүүлсэн чинь намайг аймгийн төв яв гэж хэлэхээр нь би аймагт ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод хагалгаанд орж эрүүгээ эмчлүүлсэн. Зодуулсны маргааш өглөө нь би А.Балдоржид энэ талаар хэлсэн боловч над дээр ирээгүй. Тэгээд эхнэртэйгээ би Улаанбаатар хот руу очиж хагалгаанд орж 10 хоног эмнэлэгт хэвтсэн. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч Ж.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны үүрийн 04 цагийн үед гэртээ архи уугаад ганцаараа сууж байтал Хархүү, Балдорж 2 манай гэрт орж ирээд авдар дээр байсан түрийвчтэй мөнгийг Балдорж авахаар нь “яагаад чи миний мөнгийг авч байгаа юм бэ” гэсэн чинь Балдорж намайг нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд миний хамарнаас цус гоожсон. Хархүү намайг 2 удаа нуруу хэсэг рүү цохисон. Тэгэхэд би урагшаагаа тонгойход Балдорж миний эрүү рүү өшиглөсөн. Тэгээд Балдорж намайг зодож байсан. Нэг мэдэхэд нүүр нил цус, битүү хавдартай, эрүү минь унжсан, түрийвчтэй мөнгийг гаргаад орон дээгүүр цацчихсан байсан. Тэгээд би эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очиход “миний эрүү хугарсан байна, яаралтай аймаг яв” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод хагалгаанд орсон. Намайг зодож эрүүг минь хугалсанд гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/,
5.Хохирогч Ж.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн: ... Намайг Балдорж нь цохиж зодсон юм. Өмнө мэдүүлэг дээр Хархүүг цуг зодож гэмтэл учруулсан гэж буруу мэдүүлсэн байна. Намайг Балдорж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж миний эрүүг хугалсан. Балдорж архи уусан байдалтай байсан байх, Би архи уусан согтуу байсан. Манай эхнэр Ариунаа, Балдорж болон эхнэр Оюунзул, Бадамдорж бид 5-луу байсан. Би хагалгаа болон эмчилгээний зардал болох 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,
6.Гэрч Ж.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 07-ны үүрээр манай дүү Уламбаяр над руу өөрийнхөө дугаараас 3 удаа залгасан байсан. Тэгээд би өглөө босоод утсаа хараад яасан юм бол гэж бодоод гэр лүү очиход Уламбаяр орондоо нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “урд айлын Балдорж, Хархүү гэдэг залуучууд намайг зодлоо” гэж байсан. Түр үед дүүгийн эрүү хугарсан, нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд би сумын эмнэлэг рүү дүүгээ дагуулаад ирэхэд эмч нар сумын наадмын морь луу ажлаар явсан байхаар нь дүүгээ эмнэлэг дээр үлдээгээд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
7.Гэрч С.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай сумын баяр наадам болсон юм. Орой соёлын төвд болсон арга хэмжээн дээр ирээд 01 цагийн орчим гэртээ ирсэн юм. Тэгээд унтах гэж байхад гаднаас Балдорж, Хархүү нар орж ирсэн юм. Тэгээд архи ууя гээд архи, пивотой орж ирсэн. Тэгээд Балдорж бид 2-г “ууя” гээд ятгаад байсан. Тэгж байгаад хэл үгээр идээд эхэлсэн. “мөнгөтэй болжээ чи, надад мөнгө байхгүй” гэх мэтээр яриад байсан. Тэр үед Уламбаяр “миний халаасанд байсан мөнгө байхгүй байна, чи авсан уу” гэхэд Балдорж уурлаад “би яахаараа авдаг юм” гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Би “боль” гээд дийлээгүй, хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгж байхад Хархүү бас Балдоржтой нийлээд манай нөхөр Уламбаярыг цохиж зодоод байсан. Эрүү рүү нь хэн цохисныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Балдорж манай нөхрийг нилээн удаан зодсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,
8.Гэрч С.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн. ...Бадамдорж Уламбаярыг 2 удаа нуруу, толгой орчим руу нь цохиод авах шиг болсон. Тэр үед Балдорж Уламбаяр луу дайраад зууралдаад гэрээс гарч зодолдсон. Тэгж байхад Уламбаярын эрүү хугарсан байсан. Балдоржид ямар нэгэн эмчилгээний зардал гаргаж өгөөгүй. Бэлэн мөнгө байхгүй гээд 2 үхэр өгөхөөр болсон. Тэр үхрийг нь ченжид зараад хохирлоо барагдуулна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,
9.Гэрч Б.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. ...2018 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед би Соёлын төвийн гадаа харих гээд байж байхад Уламбаяр гарч ирээд “намайг гэрт хүргээд өгчих” гэхээр нь би суулгаад гэрт нь хүргэж өгөөд буцаад зоогийн газар дээрээ ирсэн юм. Балдорж ааш зангийн хувьд хүнтэй хэрэлдэж, муудалцаад байдаггүй, хүнд тусархуу, үг дуу цөөтэй, ажилд сайн залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,
10.Гэрч Л.Бадамдоржийн /Хархүү/ 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ... Би ах Балдоржийн гэрт амьдардаг юм. Тухайн өдөр би Балдоржийн ахын гэрт хүүхдийг нь харж байсан юм. Гаднаас С.Ариунаа, Балдорж ах, Оюунзул эгч нар жаахан архи уусан ирсэн. Араас нь Уламбаярын Төрөө гэдэг залуу хүргэж ирсэн. Бид нар юм яриад сууж байхад Ариунаа гарч хараад “дүү Эрка ирж байна” гэхэд Уламбаяр нь “яасан овоо гэр лүү ордог юм” гэхэд Ариунаа “орж л байг” гэсэн. Тэгэхэд Уламбаяр гараад Эрка руу очсон юм. Би Балдорж ахын гэрээс удалгүй гараад очиход Уламбаяр Эркагийн дээр гарчихсан цамцаар нь боож байхаар нь би салгахад Уламбаяр Эркаг цохих гэж байгаад намаг цохисон. Би Эркаг цаашаа холдуулахад яваад өгсөн юм. Уламбаяр эргээд гэрт орж ирээд 2,5 литрийн “боргио” пиво уусан. Тэгээд пиво дуусаад Балдорж ах бид 2 Оюунзул эгчээс 20.000 төгрөг аваад дэлгүүр ороод ирсэн чинь Уламбаяр Оюунзул эгчтэй хэрэлдээд гэрийн гадаа зогсож байсан. “Миний түрийвчтэй мөнгийг авсан” гээд маргалдаад байсан. Намайг очиход над руу мөнгө авсан гээд дайраад байсан. Би тэр үед Уламбаярын толгой шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Ариунаа, Оюунзул эгч нар “боль” гээд салгасан. Тэгээд Уламбаяр, Балдорж ах нар нь бас түрийвчтэй мөнгөнөөс болоод хэрэлдэж байгаад зодолдоод эхэлсэн. Би салгаж байгаад хүч хүрэхгүй болохоор нь хаячихаад Балдорж ахын гэр лүү ороход Уламбаяр Балдорж ах руу “чи миний шүдийг хугалчихлаа” гээд орилоод байсан. Тэгж байгаад гэр гэр лүүгээ ороод унтсан юм. Маргааш өглөө нь Балдорж ах бид 2 Уламбаярын эрүүг харахад доод шүд нь хугарчихсан, эрүү нь хугараад хөдөлчихсөн байсан. Балдорж ах болохоор “ямар хүчтэй цохичихсон юм бэ, хамаа” гээд өөрийгөө хэлээд байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р ху/,
11.Гэрч Л.Бадамдоржийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн. ... Анх Уламбаяр “түрийвчтэй мөнгө алга боллоо” гээд Балдорж ахын эхнэр Оюунзултай гэрийнхээ гадаа хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгээд гэрт нь хамт орцгооход түрийвчтэй мөнгө нь орных нь хөлд байж байсныг эхнэр Ариунаа нь аваад Уламбаярт өгсөн юм. Тэгсэн чинь түрийвчээ аваад “энд 700.000 төгрөг байх ёстой” гээд дотор нь байсан мөнгөө дээш нь цацсан. Тэгээд би “мөнгө чинь наана чинь байгаа юм бишүү” гээд Уламбаярын толгойн зүүн хэсэг рүү 2 удаа хальт цохиж авсан. Тэр үед Балдорж ах Уламбаярыг “чи бид нарыг хулгай хийлээ гэж хэллээ, бид нар аваагүй байгаа биз дээ” гэж хэлээд Уламбаяртай маргалдаж хоорондоо зодолдоод эхэлсэн. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэр үед Балдорж ах Уламбаярын эрүүг хугалсан байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
12.Гэрч Л.Бадамдоржийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...Балдорж миний бага хүү байгаа юм. Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Балдорж хаана байгааг мэдэхгүй байна. Ховд аймгийн төвд Балдоржийн эхнэрийн хамаатны хүмүүс байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,
13.Гэрч А.Цэрэнчимэдийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ... Балдорж миний төрсөн дүү байгаа юм. Дүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хүнтэй эвтэй, хүнд тусархуу, үг дуу цөөтэй сайн хүн байгаа юм. Гэтэл 2018 оны 07 дугаар сард нэг хашаанд хамт байсан айланхаа залуутай маргалдаад зодолдсон хэрэгт холбогдсоныг гайхаад байх юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,
14.Гэрч Т.Буянбатын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...Би Балдоржтой нэг компанид 5 жил хамт ажиллаж байгаа. Балдорж ажилдаа сайн. Хүний үгэнд ордог, илүү дутуу ааш байхгүй, үг дуу цөөтэй, хүнтэй аятайхан харьцдаг хүн байгаа юм. Балдорж ажил дээрээ болон гадуур ч гэсэн зан харилцааны асуудал гаргаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,
15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8864 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ж.Уламбаярын биед эрүү ясны хугарал, 1 шүдний хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 35-р ху/,
Шүүгдэгч А.Балдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 65-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, яллагдагчаар татах прокурорын тогтоол, /хх-ийн 41-3-44-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 45-46-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 34-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 35-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 37-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн -р ху, хохирогчийн өвчний түүх, /хх-ийн 48-59-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 64-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл,/хх-ийн 70-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 71-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Балдоржийг 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн 6-2 тоотод оршин суух Ж.Уламбаярын эрүүн тус газар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийн өвчний түүх, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч А.Балдоржийг 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн 6-2 тоотод оршин суух Ж.Уламбаярын эрүүн тус газар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Балдорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч нь хохирлын талаар ямарч нотлох баримт хавсаргаагүй мөртлөө шүүгдэгчээс 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүгдэгч 2.000.000 төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 1, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шаргынхан овогт Амгалангийн Балдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаргынхан овогт Амгалангийн Балдоржийг 500 /таван зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Балдоржийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Балдоржид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч А.Балдорж нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд гэж 2.000.000 төгрөг өгсөн болохыг тус тус дурьдсугай.
6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.
7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Балдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН