Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1103

 

Ц.**, Л.** нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03175 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.**,

Нэхэмжлэгч Л.** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ХХК,

Хариуцагч “** ББСБ” ХХК-д тус тус холбогдох,

 

2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13/4045 тоот "Хөрөнгө барьцаалах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, 1 өрөө орон сууц, Ц.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, 2 өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.**, Л.**

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Г.**

Хариуцагч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.**

Хариуцагч “** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.**, Б.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.**, Л.** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.**, Л.** бид "**" ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЖГ/13-09, ЖГ708-09 тоот Орон сууц эзэмшүүлэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, ** байрны ** орон сууцнуудын хууль ёсоор эзэмшигч болсон ба гэрээгээр тогтоосон болзол биелмэгц "**" ХХК нь уг орон сууцнуудыг бидний өмчлөлд шилжүүлэх ёстой байсан. Энэ агуулгаараа дээрх гэрээнүүд нь болзолтойгоор өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хэлцэл байсан юм. Гэтэл "**" ХХК, "** ББСБ” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 12/1035 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13/4045 "Хөрөнгө барьцаалах гэрээ"-г нөхөж байгуулан бидний өмчлөлийн орон сууцнуудыг барьцаалсан байдаг. Ийнхүү уг барьцааны зүйл буюу орон сууцнуудын хууль ёсоор эзэмшиж буй биднээс зохих зөвшөөрлийг авахгүйгээр барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн үзэж дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Барьцааны зүйлийн өмчлөлийн тухайд "** ББСБ” ХХК-аас "**" ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг бид гуравдагч этгээдээр оролцсон. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргах боломжоор хангаагүй ба гэрээ байгуулах үед барьцааны зүйлийн өмчлөгч нь Ш.*** байна, тиймээс эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шаардах эрхгүй гэж дүгнэж барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэгэнт шүүхээс биднийг барьцааны зүйлийн өмчлөгч биш байх тул шаардах эрхгүй гэж үзсэн учир бид уг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5417 дугаар шийдвэрээр Л.**г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **од байрлах улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр, Ц.**г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **од байрлах Улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосон. Ингэснээр Л.**, Ц.** бид "**" ХХК болон "** ББСБ” ХХК-ийн байгуулсан 2013 оны 13/4045 дугаар "Хөрөнгө барьцаалах гэрээ"-ний зүйлийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон болно.

2013 оны 13/4045 тоот хөрөнгө барьцаалах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тодруулбал, "Орон сууц эзэмшүүлэх" гэрээний 4.1-т "... талууд харилцан зөвшөөрөлгүйгээр орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх, гэрээний солих, бусдад түрээслэх, барьцаалах, худалдахыг хориглоно'" гэж тохиролцсоныг зөрчсөн бидний зөвшөөрлийг авахгүйгээр барьцаалсан. Энэ тухай "**" ХХК нь бидэнд эзэмшүүлсэн орон сууцнуудыг зээлийн барьцаанд бариулахыг гэрээ байгуулах үед зөвшөөрөөгүй ба банк бус санхүүгийн байгууллагаас шаардсаны дагуу бидэнд мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулсан мөн бидний өмчлөлийн байр мөн болохыг 2015 оны 5417 дугаар шийдвэртэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад тайлбарлаж байсан. Мөн "** ББСБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн хэсэг, "** ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын 5.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг биечлэн үзэж, гуравдагч этгээдийн эзэмших, өмчлөх эрх байгаа эсэхийг шалган үзлэг хийх үүрэг, журмаа зөрчсөн. Үүнээс үзэхэд барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн зөвшөөрөл шаардагдах асуудлаас зориуд зайлсхийж хууль журам зөрчжээ. Шалгаж тодруулаагүй атлаа Хөрөнгө барьцаалах гэрээний 2.7-д “Барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байхгүй болно" гэж тусгасан байдаг. Хэрвээ барьцааны орон сууцнуудыг судалж, гуравдагч этгээдийн эрх байгаа тохиолдолд эзэмшигчдэд мэдэгдэх, тэдгээрээс зөвшөөрөл авах, барьцаалуулагчтай энэ тухай хэлэлцэх дараа дараагийн үр дагавар бий болох байсан.

Иймд 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 13/4045 тоот "Хөрөнгө барьцаалах гэрээ" хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Л.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **од байрлах улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууц, Ц.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр ** байрны **од байрлах улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "**" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед "**" ХХК-аас ажилчиддаа зориулж байр өгөөд тодорхой болзол тавьж өмчлөлд шилжүүлэхээр тохирч байсан. Сүүлд нэмэлт гэрээг нөхөж байгуулсан. Нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч нарын хувьд тодорхой хэмжээний үлдэгдэл мөнгө байгаа, үүнийг төлчихвөл "**" ХХК-аас нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Харин орон сууцнуудыг барьцаалсан тухайд "** ББСБ” ХХК өөрсдөө барьцааны зүйлээ судлах ёстой байсан гэж хэлэх байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч "**" ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2009 оноос байрны өмчлөгч болсон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь өнөөдөр ч өмчлөгч болсон эсэх нь эргэлзээтэй бөгөөд "**" ХХК-ийн төлөөлөгч үлдэгдэл төлбөрийг төлөх байсан талаар тайлбартаа хэлж байна. Нэхэмжлэгч нар уг төлбөрийг төлсөн талаар баримт байхгүй. 5417 тоот шүүхийн шийдвэрийн хувьд хариуцагч "**" XXК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснөөс биш, шүүх маргааны хувьд дүгнэлт хийсэн зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн шийдвэрт нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосон нь энэхүү орон сууцыг барьцаалагч "** ББСБ" ХХК-ийн тэргүүн ээлжинд барьцааны зүйлийг шаардлагыг хангах эрхийг зөрчих үндэслэл болохгүй гэсэн байдаг. Тэгэхээр барьцааны бүртгэл өмчлөгч болохоос өмнө хийгдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар эзэмшигч байхад нь барьцааны гэрээ хийгдсэн.

Нэхэмжлэгч нар хөрөнгө ноогдсон хөрөнгийн эзэн болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Тэгэхээр өнөөдөр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Биднийг барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзэх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр манай компанийн нэхэмжлэлтэй "**" ХХК-д холбогдох, гуравдагч этгээдээр Ц.**, Л.** нарын оролцсон маргаан 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2621 тоот шийдвэр, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 556 тоот магадлал, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 518 тоот тогтоол гарсан байдаг. Үүнд шүүх барьцааны гэрээ болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, банк бус санхүүгийн байгууллага зээлийн журмаа зөрчсөн эсэх дээр дүгнэлт өгөөд "** ББСБ” ХХК нь зохих журмын дагуу гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэдэг. Харин нэхэмжлэгч нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тухайд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 5417 тоот шийдвэр гарсан бөгөөд тухайн зээлийн гэрээ, өмчлөгчтэй холбоотой шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан “**” ХХК, “**” ББСБ нарт холбогдох 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13/4045 тоот “Хөрөнгө барьцаалах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, 1 өрөө орон сууц, Ц.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, 2 өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай Ц.**, Л.** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.**, Л.** нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ц.**, Л.** бид "**" ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЖГ/13-09, ЖГ/08-09 тоот "Орон сууц эзэмшүүлэх гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, ** байрны ** орон сууцнуудыг хууль ёсоор эзэмшигч болсон ба гэрээгээр тогтоосон болзол биелмэгц "**" ХХК нь уг орон сууцнуудыг бидний өмчлөлд шилжүүлэх ёстой байсан. Энэ агуулгаараа дээрх гэрээнүүд нь болзолтойгоор өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хэлцэл байсан юм.

Гэтэл "**" ХХК, "**" ББСБ-ын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 12/1035 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаанд бариулах зорилгоор хожим буюу 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13/4045 дугаар "Хөрөнгө барьцаалах гэрээ"-г нөхөж байгуулан бидний өмчлөлийн орон сууцнуудыг барьцаалсан байдаг. Ийнхүү уг барьцааны зүйл буюу орон сууцнуудыг хууль ёсоор эзэмшиж буй биднээс зохих зөвшөөрлийг авахгүйгээр барьцаанд бариулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн үзэж байна.

"**" ББСБ-аас "**" ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бид гуравдагч этгээдээр оролцсон. Бидэнд 2013 оны 13/4045 дугаар "Хөрөнгө барьцаалах гэрээ"-ний зүйлтэй холбоотой шаардлага гаргах эрх зүй ёсоор хадгалагдаж байсан. Гэвч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргах боломжоор хангаагүй ба өмчлөх эрхтэй болох талаарх бидний тайлбарыг "гэрээ байгуулах үед барьцааны зүйлийн өмчлөгч нь Ш.*** байна, тиймээс эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шаардах эрхгүй хэмээн дүгнэж, барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэгэнт шүүхээс биднийг барьцааны зүйлийн өмчлөгч биш байх тул шаардах эрхгүй гэж үзсэн учир бид уг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5417 дугаар шийдвэрээр Л.**г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **од байрлах Улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр, Ц.**г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **од байрлах Улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосон.

Ингэснээр Л.**, Ц.** бид "**" ХХК, "**" ББСБ-ын хооронд байгуулсан 2013 оны 13/4045 дугаар "Хөрөнгө барьцаалах гэрээ"-ний барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон болно.

2013 оны 13/4045 тоот хөрөнгө барьцаалах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тодруулбал, "Орон сууц эзэмшүүлэх" гэрээний 4.1-т "...талууд харилцан зөвшөөрөлгүйгээр орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх, солих, бусдад түрээслэх, барьцаалах, худалдахыг хориглоно " гэж тохиролцсоныг зөрчсөн буюу бидний зөвшөөрлийг авахгүйгээр барьцаалсан. Энэ тухай "**" ХХК нь бидэнд эзэмшүүлсэн орон сууцнуудыг зээлийн барьцаанд бариулахыг гэрээ байгуулах үед зөвшөөрөөгүй ба ББСБ-аас шаардсаны дагуу бидэнд мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулсан тухай, мөн бидний өмчлөлийн байр мөн болохыг 2015 оны 5417 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад тайлбарлаж байсан.

Мөн "**" ББСБ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, "**" ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журмын 5.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг биечлэн үзэж, гуравдагч этгээдийн эзэмших, өмчлөх эрх байгаа эсэхийг шалган үзлэг хийх үүрэг, журмаа зөрчсөн. Үүнээс үзэхэд барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн зөвшөөрөл шаардагдах асуудлаас зориуд зайлсхийж хууль журам зөрчжээ. Шалгаж тодруулаагүй атлаа "Хөрөнгө барьцаалах гэрээ"-ний 2.7-д "Барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байхгүй болно" гэж тусгасан байдаг. Хэрвээ барьцааны орон сууцнуудыг судалж, гуравдагч этгээдийн эрх байгаа тохиолдолд эзэмшигчдэд мэдэгдэх, тэдгээрээс зөвшөөрөл авах, барьцаалуулагчтай энэ тухай хэлэлцэх дараа дараагийн үр дагавар бий болох байсан.

"**" ББСБ барьцаа хөрөнгийг барьцаалахдаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, "**" ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журмын 5.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг биечлэн үзэж, гуравдагч этгээдийн эзэмших, өмчлөх эрх байгаа эсэхийг шалган үзлэг хийх үүрэг, журмаа зөрчиж бусдын эзэмшил ашиглалтад байсан хөрөнгийг барьцаалсан.

Шүүхээс "зохих этгээдээс зөвшөөрөл авахаар зохицуулсан хуулийн заалтыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хэлцэл байгуулсан тохиолдолд дээрх хуулийн заалт хамаарах юм" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан явцуу дүгнэлт болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг ийнхүү хэрэглэсэн нь нотлох баримт үйл баримтыг ул суурьтай нягталж судалж үзээгүй, энэ тухай нэгэнт урьдчилан шийдвэрлэсэн санаа бодол төрсөн мэт харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, "Хөрөнгө барьцаалах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.**, Л.** нар нь хариуцагч “**” ХХК, “** ББСБ” ХХК-д тус тус холбогдуулан хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13/4045 тоот “Хөрөнгө барьцаалах гэрээ” нэртэй барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Л.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, 1 өрөө орон сууц, Ц.**гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** байрны **, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 

“**” ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц эзэмшүүлэх ЖГ/13-09 тоот гэрээг Ц.**тай байгуулж ** орон сууцыг, мөн өдөр Орон сууц эзэмшүүлэх ЖГ/08-09 тоот гэрээг Л.**тай байгуулж ** орон сууцыг тус тус эзэмшүүлсэн ба гэрээнд заасан тодорхой нөхцөл биелэгдсэн тохиолдолд уг орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, гэрээ тус бүрийн 5.1 дэх хэсэгт 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр тус бүр тодорхой үнийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

“**” ХХК болон “** ББСБ” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Хөрөнгө барьцаалах гэрээ” нэртэй барьцааны гэрээ байгуулсан ба уг барьцаагаар хангагдах үндсэн үүрэг нь тэдний хооронд 2012 оны Зээлийн гэрээтэй холбоотой, барьцааны зүйл нь маргаж буй 27, ** орон сууцнууд байх бөгөөд тухайн үед иргэн Ш.***ы өмчлөлд байсан нь “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “**” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2621/С дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 556 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 518 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон.

 

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5417 дугаар шийдвэрээр Ц.** ** орон сууцны, Л.** ** орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож шийдвэрлэхдээ 2013 оны “Хөрөнгө барьцаалах гэрээ”-ний дагуу тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгийн үнээс шаардлагаа хангуулах “** ББСБ” ХХК-ийн шаардах эрхийг зөрчих үндэслэл болохгүйг тогтоожээ. Иймд дээрх үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нотлохгүй юм.

 

Түүнчлэн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдахад барьцааны зүйл болох 27, ** орон сууцнууд Ш.***ы өмчлөлд байсан тул Ц.**, Л.** нараас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Өөрөөр хэлбэл, хууль ёсны эзэмшил эд хөрөнгийг барьцаалах өмчлөгчийн эрхийг хязгаарлахгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл болсон хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нар нь өөрт хохирол учирсан гэж үзэж холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                              Т.ТУЯА

 

                                                                                                            Э.ЗОЛЗАЯА