Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 652

 

Б.О, Н.У, Ц.Б  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ц.Б ийн өмгөөлөгч Ц.Г, шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 588 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн магадлалтай, Б.О, Н.У, Ц.Б нарт холбогдох 2002000000177 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ял шийтгэлгүй, Б овгийн Б-ийн О.

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, А овгийн Ц-ийн Б

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овгийн Н У,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оноож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оноож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан.

Шүүгдэгч Б.О, Ц.Б , Н.У нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Н.У-д 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.Ц-аас 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Бойтог овогт Б-ийн О-ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

А овогт Ц-ийн Б-ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Б овогт Н У-г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Б.О, Н.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б ийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Б т оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, Н.У нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тэдэнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Б ийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 150 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 329 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Б.О 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 49 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 12 хүртэл 119 хоног, нийт 182 хоног,

Н.У 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 17 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 17- ны өдөр хүртэл 32 хоног, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 45 хоног, нийт 94 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Б.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029341 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 9 дүгээр байрны 116 тоот орон сууцыг захиран зарцуулах,

Ц.Б ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43/Б-84 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

Шүүгдэгч Б.О-ээс

9.000.000 төгрөг гаргуулан хохирогч У.А-д,

18.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д,

9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д,

4.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Э-т /Ж.Э/

9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д,

15.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Э-т,

9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-д,

9.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.А-д,

4.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-д,

5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-Э-д,

12.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-т, нийт 103.000.000 төгрөг,

Шүүгдэгч Ц.Б ээс

70.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.А-д,

10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-д,

7.000.000 төгрөг гаргуулан хохирогч И.О-д,

40.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.А-д,

17.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Д-нд,

54.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ш-д, /Т констракшн ХХК-д/

10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Э.А-д,

10.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Энхбаярт,

27.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.А-т,

23.750.000 төгрөг гаргуулан хохирогч А.А-д,

16.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б-д,

8.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-Э-д,

60.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-д,

30.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Ц-рт,

40.000.000 төгрөг гаргуулан хохирогч О.Ян-д,

2.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Л-д,

1.250.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Ж-д,

3.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Л-д,

3.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Э-рт, нийт 433 000 000 төгрөг,

шүүгдэгч Н.У-гаас

5.055.000 төгрөг гаргуулан хохирогч О.Н-т,

800.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бо-д,

600.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Э-т,

300.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-т,

1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Э-д,

1.400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,

600.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.М-д,

550.000 төгрөг гаргуулан хохирогч С.А-д,

200.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-анболдод,

400.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Т-д, нийт 11.405.000 төгрөг тус тус олгож,

А.У нарт холбогдох 201201051319 дугаар хэргээс шүүгдэгч Б.О, Ц.Б , Уртнасан нарт холбогдох энэ 2002000000177 дугаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б ийн өмгөөлөгч Ц.Г гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолоор Цэцгээгийн Баянбилэгийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх маргаж буй эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд 588 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Шүүгдэгч Ц.Б ийн өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.Б  нь гэм буруугаа хүлээж, хохирогч нараас уучлалт гуйсан. Мөн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин анхан шатны шүүх Ц.Б т 7 жилийн хорих ял оногдуулсан.

Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн гэм бурууд маргаагүй, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдлыг харгалзан оногдуулсан 7 жил хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Г.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШТ/1116 тоот магадлалыг дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхээс ... Прокуророос Ц.Б , Б.О, Н.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.О, Н.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулжээ.

Дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль аль цаг хугацаанд үйлчилж байгаагаас үзэхэд яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг   2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй. Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэвээр үлдээж, түүнтэй зөрчилдөж байсан шүүхээр шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хуулиас хассан тул яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох ойлголт нь буцаан хэрэглэгдэж байгаа гэж үзэхгүй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэдэгт гурван шатны шүүх хамаарахаас гадна тухайн шийтгэх тогтоолд гомдол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ.

Энэхүү зохицуулалттай холбогдуулан шүүгдэгч Б.О, Н.У нарыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй байна ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиудад Үндсэн хуулийн цэц дээр 2020 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр маргаан үүсээд одоог хүртэл хянан эцсийн шийдвэр гараагүй байгаа болно. Шат шатны шүүхийн хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх үйлчилж байгаа хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс зөв гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн үндсэн үзэл санаа болох ... Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг анхан шатны шүүхийн шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт болон үйл явдлыг хянаж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг Эрхэм хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.

Өмгөөлөгч, хуульч хүний зүгээс Эрүүгийн хуулийн 2020 оны 01 сарын 10- ны өдрийн нэмэлт өөрчлөлтүүд нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулах зориулалтаар батлагдсан гэж ойлгож байна” гэсэн бол шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалтай санал нийлэхгүй байна. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиудад 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа бөгөөд одоог хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа болно. Тийм учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Заавал маргаантай байгаа хуулийг хэрэглэх шаардлагагүй” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч Б.О, Н.У нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж буй хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Мөн шүүгдэгч Н.У нь ял хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоох тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г, Г.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.О, Н.У, Ц.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророоос яллагдагч Б.О, Н.У, Ц.Б  нарыг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, Н.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үүнд хамаарахгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор Б.О, Н.У нарыг яллагдагчаар татсан бөгөөд дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад хэрэг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж шүүгдэгч Б.О, Н.У нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байх тул магадлалыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Б-ын гаргасан гомдол болон шүүгдэгч Ц.Б ийн өмгөөлөгч Ц.Г-ийн “ял хөнгөрүүлэх”-ээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 03-ны өдрийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г, Г.Б нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН