Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 136

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Е.Д” ХЗХ  

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар  

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Е.Д” ХЗХ болон Б.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар №100 тоот барьцааны гэрээний дагуу барьцааг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Б.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Е.Д” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хоршооны гишүүн Б.Б нь тус хоршооноос өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамж, ******* тоот, 54 м2 хувийн сууцыг (Ү22*******) 644.4 м2 талбай бүхий (Г220*******) газрын хамт барьцаалж 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 6.000.000 сая төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийг өнөөдрийг хүртэл төлөлгүй тус байгууллагын хохироосоор байна. 

Б.Б нь хоршооноос авсан зээлээ хуульд зааснаар гэрээний хугацааны 50 хувиас илүү хугацаагаар сунгах эрхгүй болсноос нэмэгдүүлсэн хүү төлөх эрсдэлд орсон тул, хоршоонд төлөх зээлээ “Е.Ш.И” ББСБ-аас зээл авч төлөх зорилготойгоор, гүйцэтгэх захирал Ж.У*******, эдийн засагч Ч.Г******* нарт хүсэлт гарган, дээрх барьцааг чөлөөлж, “Е.Ш.И” ББСБ дээр уг барьцааг шилжүүлж, тэмдэглэл хийлгэхээр Баянзүрх дүүргийн бүртгэлийн албанд хандсан боловч Ипотекийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. 

Дээрх хууль бус үйлдлийн талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч тус газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/10358 дугаар албан бичигт “...улсын бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй...гэж дурдсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 312 дугаар зүйлийн 312..1.2 дахь хэсэгт заасан ...барьцаалбарыг анхны барьцаалагчид олгохоос хууль бусаар татгалзсан... эс үйлдэхүй гэж үзэж байна. 

Ийнхүү Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь Б.Бийн тус хоршооноос авсан зээлийн барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамж, ******* тоот 54 м2 хувийн сууц (Ү22*******) 644.4 м2 талбай бүхий (Г220*******) газрыг Ипотекийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах боломж алдагдаж байна. 

Тус компани нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн услын бүртгэлийн тухай хуулийн 312 дугаар зүйлийн 312..1. дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. 

Нэхэмжлэлийн гол шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн эс үйлдлийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Б.Б болон Е.Д ХЗХ нь хүсэл зорилгоо илэрхийлээд байхад хуульд заагаагүй үндэслэлээр бүртгэлээс татгалзаад байгаа хууль бус үйлдлийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 

Иймд тус хоршооны гишүүн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамж, ******* тоот, 54 м2 хувийн сууцыг (Ү22*******) 644.4 м2 талбай бүхий (Г220*******) газрыг барьцаалж зээл авсан ипотекийг “Е.Д” ХЗХ-ны нэр дээр бүртгэсэн тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр сэргээж, бүртгэл өөрчлөлт оруулахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө  үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....Эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******, Г-220******* дугаартай , Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамжны ******* тоот хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр иргэн Б.Б /*******/-ны бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/15551 тоот, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/1802 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний 2/25581 тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

“Е.Д” хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 100 тоот, 6,000,000 /зургаан сая/-төгрөгийн зээлийн гэрээ бүртгэлтэй байсан ба 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 201, 202 тоот барьцааны гэрээ дуусгавар болгох албан бичгээр уг барьцааны гэрээ дуусгавар болсон байна. 

Уг бүртгэл нь холбогдох нотлох баримтыг үндэслэн хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн байна. 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Е.Д” ХЗХ-оос 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. 

Сар бүр төлөх 210,000 төгрөг нь зөвхөн хүү бөгөөд үндсэн зээлд тооцогдохгүй. 

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хоршооны зүгээс зээлийн гэрээ сунгах боломжтой гэсэн учраас хугацаа сунгасан бөгөөд зээлийн хүү болон тухайн үеийн хугацаа хэтэрсэн нэмэгдсэн хүүг төлж байсаар 2016 оны 08 дугаар сар хүртэл 12,700,000 төгрөг /энэ нь “Е.Д” ХЗХ-ны зүгээс надад мэдэгдсэнээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох өргөдөл бичүүлж авсан/-ийн хүү төлчихсөн байсан.Иймээс нийт зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоолоо гээд үндсэн төлбөр болох 6,000,000 төгрөгийг график /хуваарь/ гаргуулж төлүүлэхээр болсон. Энэ тохиролцсоноос хойш өнөөдрийг хүртэл 1,165,000 төгрөгийг төлөөд байна. 

Үүнээс үзэхэд би зээлийн хүү болон нэмэгдсэн хүүний төлбөр болох 12,700,000 төгрөг дээр нэмээд 1,165,000 төгрөгийг төлсөн гэж үзвэл нийт 13,865,000 төгрөгийг төлөөд байхад байгууллагыг хохироосоор байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн нэхэмжлэлдээ дурдсанаар би өөрийн хүсэлтээр барьцааг шилжүүлэх хүсэлтийг Улсын бүртгэлд гаргаагүй. “Е.Д ХЗХ-ны үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн “Е.Ш.И” ББСБ болж байгаа учраас Г******* болон хадгаламж зээлийн хоршооны хүмүүсийн санаачилгаар буюу заавраар энэ хүсэлтийг гаргасан. 

Энэ нь “Е.Д” ХЗХ нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж, Е.Ш.И” ББСБ-ын нэр дээр улсын бүртгэлийн тэмдэглэгээг хийлгэх зорилгоор өмнөх тэмдэглэгээг арилгуулахаар “Е.Д” ХЗХ-тай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг дуусгавар болгож барьцааг чөлөөлсөн. “Е.Д” ХЗХ-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон тул улсын бүртгэлийн хэлтэс нь “Е.Д” ХЗХ-ны нэр дээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд тэмдэглэгээ хийхээс татгалзаж байгааг зөв гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Е.Д” ХЗХ нь “Е.Д” ХЗХ-ны нэр дээр бүртгэсэн тэмдэглэлийг сэргээж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “Е.Д” ХЗХ болон Б.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар №100 тоот барьцааны гэрээний дагуу барьцааг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ”, 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж заасан байна. 

Б.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамж, ******* тоот, 54 м2 хувийн сууц (Ү-22*******) 644.4 м2 талбай бүхий (Г-220*******) газрыг анх “Е.Д” ХЗХ-д барьцаалж, барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар №100 тоот “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна. 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Б.Б нь 2012 оны дугаар №100 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу зээлээ төлж дуусгаагүй буюу зээл барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ дуусгавар болоогүй байхад бүртгэлийн байгууллага барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэсэн нь дээрх хуульд заасан “бүртгэл үнэн зөв” байх зарчимд нийцэхгүй байна. 

“Е.Д” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ж.У нь ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш дугаар 201, 202 тоот албан бичгүүдээр барьцааг чөлөөлөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан болох нь “Е.Д” ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №47 тоот шийдвэр болон хурлын тэмдэглэлүүдээр нотлогдож байх ба уг шийдвэр болон хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд Ж.У нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Барьцааны гэрээ дуусгавар болгох тухай” дугаар 201, 202 тоот албан бичгүүдийг үйлдсэн байна. 

Дээрх үйл баримтаас үзэхэд Е.Д” ХЗХ-г төлөөлөх эрхгүй буюу барьцааны гэрээ дуусгавар болгох хүсэлтийг гаргах эрхгүй этгээд болох Ж.Уянгын хүсэлтийг үндэслэн бүртгэлийн байгууллага барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн нь хуульд нийцэхгүй буюу бүртгэл үнэн зөв байх зарчимд мөн нийцэхгүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 312  дугаар зүйлийн 312.1-д” Дор дурдсан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар сонирхогч этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 312.1.2-т “барьцаалбарыг анхны барьцаалагчид олгохоос хууль бусаар татгалзсан” гэж тус тус заасан байна. 

Хэдийгээр дээрх зохицуулалт нь барьцаалбарыг бүртгүүлэх харилцааг тусгайлан зохицуулсан байх боловч энэ зохицуулалтыг барьцааны гэрээг бүртгэхтэй холбоотой энэ маргаанд төсөөтэй хэрэглэх нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн үзэл баримтлалд харшлахгүй юм. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхны барьцаалагч нь “Е.Д” ХЗХ болох нь 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар №100 тоот “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”, Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Эрх түдгэлзүүлэх тухай” №8/1864 тоот, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 8/301 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албан бичгийн хариу” 8/3625 тоот албан бичгүүдээр тодорхой нотлогдож байх бөгөөд барьцааны зүйлийг анхны барьцаалагч “Е.Д” ХЗХ-ны нэр дээр бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.2-т заасантай нийцэхгүй байна.  

Мөн “Е.Д ХЗХ-оос 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” №211 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан баримтуудаар барьцааны гэрээг дуусгавар болгох эрхгүй этгээд хүсэлт гаргасныг нотолсон баримтуудыг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байхад өмнөх барьцааны гэрээний бүртгэлийг сэргээхгүй буюу барьцааны эрхийг анхны барьцаалагчийн нэр дээр бүртгэлийн байгууллага бүртгэхгүй байгаа нь үндэслэлгүй төдийгүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.1-д “барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс хууль бусаар татгалзсан буюу зайлсхийсэн” гэж заасныг хариуцагч зөрчсөн байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны ирцийн тухайд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нь “миний бие шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралд миний биеийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 312 дугаар зүйлийн 312.1.1, 312.1.2-т заасныг тус тус баримтлан “Е.Д” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Е.Д” ХЗХ болон Б.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар №100 тоот барьцааны гэрээний дагуу барьцааг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.Б