Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0778/З/Н |
Дугаар | 001/ХТ2021/0031 |
Огноо | 2021-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/0031
“Ү б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын
сайд, Нийслэлийн Засаг даргад
тус тус холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Т т х” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “Ү б” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0456 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж, Д.Х-Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0456 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан “Т т х” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “Ү б” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Ү б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д...” гэснийг “Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Анхан болон давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 тоот тушаалын “Ү б” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Маргаан бүхий газрыг “Ү б” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар шийдвэрээр “Амины орон сууц”-ны зориулалтаар 3,5 га талбайг, “Т т х” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 тоот тушаалаар ашиглуулах эрх олгожээ. Уг газар нь Нийслэлийн Засаг дарга эсвэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдын эрх хэмжээнд хамаарах тухай маргаан үүссэн.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “...дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс”-д “аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг... гаргах” эрхтэй. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосноос үзэхэд маргаан бүхий газар нь дархан цаазат газарт хамаарахгүй, хилийн зурвасаас гадна оршиж байгаа тул тухайн газрыг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэхээр байна. Харин шүүхүүд хариуцагч, гуравдагч этгээд нараас ч дурдаагүй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Захиргааны албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах шийдвэр эсэхийг тогтоосны дараа тухайн шийдвэрээ хуульд заасны дагуу цаг хугацааны дарааллаар шийдвэрлэсэн эсэхийг тогтоох ёстой. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “...мэдээллийн санд үндэслэн... газар ашиглах эрх олгосныг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж буруу дүгнэсэн.
5. Учир нь Байгаль орчин, аялал жуучлалын сайд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг тодорхойгүй байгаа тохиолдолд тодруулсны үндсэн дээр эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, хил зааг тодорхойгүй байсан, “...ирээдүйд хийгдэх хил зааг” гэдгээр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын шийдвэр зөвтгөгдөж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг буруутгах ойлгомжгүй дүгнэлтэд хүрэхээр байна. Гэтэл хил заагийн асуудлыг “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр тогтоосон. Үүнийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зурагт тодорхой тусгасан байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал эрх хэмжээгээ хэтрүүлсэн, илт хууль бус захиргааны акт болно. Мөн шүүхээс дүгнэсэнчлэн “хилийн заагийг зөвтгөхийг даалгасан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байхдаа гаргасан шийдвэр тул хуульд нийцсэн” гэвэл өөрт нь ашигтай тул дээрх шийдвэрийг Байгаль орчны яам хэрэгжүүлэхгүйгээр ижил шийдвэрүүдийг гаргасаар байх үр дагавартай.
6. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд: Дээрх байдлаар газрын асуудлаар захиргааны байгууллагууд болон компаниуд маргаантай, газраа хэвийн ашиглах боломжгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүхээс “ / “Ү б” ХХК/ давхцаагүй 1.3 га-д төлбөр төлөх боломжтой, ...ямар ч үйл ажиллагаа явуулаагүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч компанид 1.3 га газар давхцалгүй байгаа хэдий ч үүнийг хавтаст хэрэгт авагдсан кадастрын давхцуулсан зургаас харвал 40 м хүрэхгүй хэмжээний өргөнтэй нарийн талбай тул зориулалтын дагуу ашиглахад бэрхшээлтэй байдалтай байгаа тул бодит байдалд нийцэхгүй шийдвэр болсон.
7. Түүнчлэн, захирамж гаргахдаа нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олголгүй Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Хариуцагчаас сонсох ажиллагааг явагдахыг шуудангаар мэдэгдсэн гэсэн ч нэхэмжлэгчтэй хамааралгүй хаягаар илгээсэн болох нь шуудангаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон тул ажиллагааг зохих ёсоор явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй тухай маргасан. Гэтэл шүүхүүд энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт буруу байна.
9. Нэхэмжлэгч “Ү б” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмших эрх анх нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаар захирамжаар үүссэн, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авсан, гэвч үүнээс хойш тус компани нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээнд заасан газрын төлбөрийг төлөөгүй, иймээс нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/485 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий акт хууль ёсны талаар давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөв дүгнэжээ.
10. Мөн шүүхийн дүгнэсэнчлэн, “газрын давхцалтай байснаас газраа ашиглах боломжгүй байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хууль болон гэрээнд заасан газрын төлбөрийг төлөхгүй байх буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан биш юм. Ямар ч тохиолдолд газар эзэмшигч болон ашиглагч нь газрын төлбөрийг цаг тухайд нь төлснөөр газар эзэмших/ашиглах эрхээ хадгална. Харин газрын давхцлаас хамаарч төлбөрийг илүү төлсөн зэрэг тохиолдолд түүнийг буцаан шаардах юмуу, суутган тооцуулах эрх нь хэдийд ч нээлттэй юм.
11. Харин хариуцагч нийслэлийн Засаг дарга А/485 дугаар захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг үндэслэсэн нь буруу, учир нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоогүйгээс газрын давхцал үүссэн, үүний улмаас нэхэмжлэгч газраа ашиглаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна. Гэвч уг захирамжид заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн тул маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус гэж үзэж хүчингүй болгох боломжгүй.
12. Иймд, “...газрын асуудлаар захиргааны байгууллагууд болон компаниуд маргаантай, газраа хэвийн ашиглах боломжгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, давж заалдах шатны шүүхээс “давхцаагүй 1.3 га-д төлбөр төлөх боломжтой” гэж буруу дүгнэсэн, нэхэмжлэгч компанид 1.3 га газар давхцалгүй байгаа хэдий ч зориулалтын дагуу ашиглахад бэрхшээлтэй байгаа тул бодит байдалд нийцэхгүй шийдвэр болсон...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
13. Түүнчлэн, “...захирамж гаргахдаа нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олголгүй Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж маргасан, гэтэл шүүхүүд энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан” гэх хяналтын гомдлын тухайд /Тодорхойлох хэсгийн 7/ нэгэнт газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үйл баримт тодорхой, нэхэмжлэгчийн зүгээс үүнийг үгүйсгээгүй тул хариуцагчаас сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан нь маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхгүй тул энэхүү гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг. Нэгэнт нийслэлийн Засаг даргын 2020 оны А/485 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон /уг акт нь хууль ёсны/ тул түүний хувьд шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.
15. Иймд, маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхийг хэн олгох эрхтэй талаарх маргаан буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаал илт хууль бус эсэх нь нэхэмжлэгчийн хувьд ач холбогдолгүй, энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв юм.
16. Харин анхан шатны шүүх “...тус хэрэг нь “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргээс өөр тул тухайн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны сайд нь эрх хэмжээ олгогдоогүй байхад газар ашиглах эрх олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй...” гэж, давж заалдах шатны шүүх “...одоогоор хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу зохих өөрчлөлт ороогүй байхад байршлын хувьд хил залгаа төдийгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ирээдүйд хийгдэх хил заагаар гуравдагч этгээдэд ашиглах эрх олгосон газар нь сайдын эрх хэмжээнд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
17. Учир нь, “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Улсын Их Хурлаас 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг буруу оруулсан нь тогтоогдсон, иймд уг тогтоолоор тогтоосон “...Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон,...” гэсэн цэгийн дагуу Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагийг мэдээллийн санд зөвөөр оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 239 дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон, эдгээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт нэхэмжлэгч “Ү б” ХХК болон гуравдагч этгээд “Т т” ХХК-ийн газар нь хамаарахгүй байгаа нь илэрхий байна.
18. Энэ тохиолдолд шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.“Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 38 дугаар зүйлийн 38.5. “Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ” гэсний дагуу дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжтой байсан.
19. Гэхдээ, хэдийгээр энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол /Тодорхойлох хэсгийн 4-5/ үндэслэлтэй ч, нэгэнт газар эзэмших эрхгүй болсон нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалын “Ү б” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхгүй юм.
20. Иймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ү б” ХХК-ийн ““Т т х” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “Ү б” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ