Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

ялтан А.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

ялтан Т.Ганбуян, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

ялтан Б.Цогт-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Цогт-Эрдэнэ, А.Цогтбаатар, Т.Ганбуян нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт холбогдох 2014260000268 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Алтантэнгэрийн Цогтбаатар, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эх, эгч нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, 2-7 тоотод оршин суух,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж хянан харгалзан суллагдсан /РД:НЭ91071711/,

2. Ямаатынхан овогт Төмөрбаатарын Ганбуян, 1985 оны 2 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 81-ийн 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:УС85022317/,

3. Ундрах овогт Банзараагийн Цогт-Эрдэнэ, 1960 оны 4 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 13-740 тоотод оршин суух,

- Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комиссын 1981 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 765 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан /РД:ЧВ60041119/,

А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 20-21 цагийн үед, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны өмнөх гражийн дунд байрлах дулааны худаг дотор 45 настай, эмэгтэй иргэн Н.Баярмааг архи ууж согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж, танхайн сэдэлтээр онцлох шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, толгойн хуйхны цус хуралт бүхий гэмтлийг учруулан санаатай амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг хүнийг танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг 20 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт тус тус оногдуулсан 20 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарт оногдуулсан 20 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын тус тус цагдан хоригдсон 988 хоног тус бүрийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, улаан эрээн өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, ногоон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, бор өнгийн юүдэнтэй куртик 1 ширхэг, 53 см урттай зэв бүхий труба 1 ширхэг, хар жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн турсик 1 ширхэг, өвлийн гутал 1 хос, хүрэн оймс 1 хос, трико 1 ширхэг, бор ноосон майк 1 ширхэг, хар өнгийн бээлий зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нараас тус бүрээс 1.920.866 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөнд олгож, А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Цогт-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэг ч удаа тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоогоогүй, шаардлагатай мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй, хэргийн нотолбол зохих ажиллагааг нэг ч хийгээгүй, яллах өмгөөлөх талаас нь шинжлэн судлахгүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг гэмт хэрэгт гэрчээр оролцсон этгээдүүд зөрүүтэй мэдүүлсээр байтал прокурор, шүүгч нар үүнийг үл харгалзан Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж эрх зүйн байдлыг минь дордуулж байна. Миний бие сайхан сэтгэл гаргаж Т.Ганбуянг согтуу байхад нь хүргэж өгснийхөө хариуд өдий өндөр насандаа ийм хүнд гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Иймд хуулиас гадуур, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө энэ хэргийг шийдсэн гэсэн үнэлгээ авахын төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч нарт анхаарал тавьж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан А.Цогтбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...2014 оны 2 дугаар сарын 8-ны шөнө намайг хүний амь нас хохирсон дулааны худагт очиход Н.Баярмаа нь бусдад зодуулчихсан, толгой нь хагарсан, нүүр ам нь цус болсон хэвтэж байсан. Шөнө дунд талийгаач Н.Баярмаа нь намайг орж ирэхэд ухаангүй хэвтэж байсан газраа нас барсан байсан. Анхан шатны шүүхийн 47А дугаар шийтгэх тогтоолд /тогтоох хэсгийн 14 дүгээр тал/ А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын хэнийх нь тухайлбал шил, крантны махир төмөр хэрэглэн болон гараар цохих, өшиглөх үйлдлийн алинаар нь үүссэн болохыг ялгаж тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн /үйлдлээрээ нэгдэж үйлдсэн/ гэж үзэж байгаад гомдолтой байна. Ж.Саранчимэг, Ш.Мягмарсүрэн, Г.Нарантунгалаг, Ч.Гомбо, Ш.Дашдорж нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэж байгаа бол А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын хэнийх нь үйлдлээр Н.Баярмаагийн амь нас хохирсон болохыг үнэн зөв тогтоож өгнө үү...” гэжээ.

Ялтан Т.Ганбуян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны баруун талд байрлах дулааны худагт танилууд болох Мягмарсүрэн, Дашдорж, Цогтбаатар, Гомбо, Зоригоо, Саранчимэг, Нарантунгалаг нартай архи ууж байхад Баярмаа бидэн дээр ирж өөрийн хамтран амьдрагч болох Бат-Эрдэнийг асуухад нь бид түүнд тэр энд байхгүй гэж хэлсэн. Баярмаагийн царай баргар, шартсан байдалтай байхаар нь Зоригоо, Цогтбаатар бид гурав араас нь очоод “чи ороод шараа тайлахгүй юу даа” гэж би хэлээд бид дөрвүүлээ дулааны худаг руу орсон. Тэр өдрөөс хойш Баярмаа нь бид нартай нийлээд архи ууж 5 хоносон. Бид энэ хугацаанд хоорондоо маргаж муудалцах зүйл болоогүй. Би 2 дугаар сарын 8-ны өглөө худгаас гарч яваад өдөр 14 цагийн үед “дэвхрэг” Цогт-Эрдэнийн хамт буцаж ирэхэд худагт Дашдорж, Саранчимэг, Нарантунгалаг, Баярмаа нар байсан. Ингээд зургуулаа нэг шил архи хувааж уугаад дуусмагц Баярмаа намайг архи бага өглөө гэж уурлахаар нь би дууссан архины шилээ тавиад суугаагаараа түүнийг 2 удаа алгадсан. Гэтэл намайг наад архиа явуулаач гэхээр нь би дууссан гэж хэлтэл Баярмаа “архиа хармаллаа” гэхээр нь хоосон архины шилний амсар дээрээс нь чимхээд амсрыг нь уруу нь харуулж түүнд үзүүлээд “дууссан л байгаа биз дээ” гэж хэлээд духан дээр нь нэг удаа зөөлөн тоншсон. Түүнээс өөрөөр Баярмаад гар хүрээгүй, архины шилээр удаа дараа олон цохиогүй. 2014 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 15 цагийн үед Цогт-Эрдэнэ ах Баярмаатай муудалцаж байсан. Юунаас болж муудалцсаныг нь би мэдэхгүй. Би буруу хараад хэвтэж байсан учир Цогт-Эрдэнэ Баярмааг яаж, хэдэн удаа цохисныг нь би хараагүй. Болсон үйл явдлыг харснаараа Нарантунгалаг гэрчилнэ. Би унтсан учир Цогт-Эрдэнэ ах хэдэн цагт явсныг Саранчимэг, Нарантунгалаг нар сайн мэдэх байх. Тэр өдөр орой 20 цагийн үед Цогтбаатар гаднаас 1 шил архитай орж ирэхэд нь бид хувааж уугаад, би унтсан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Гэтэл 8-наас 9-нд шилжих шөнийн 02 цагийн үед Цогтбаатар гэнэт хашгирч босоод “Баярмаа нэг л хачин болчихлоо” гэхээр нь бид сэрээд Саранчимэг Баярмаагийн судсыг барьж үзээд “нас барчихсан байна” гэж хэлсэн. Хэний үйлдлээс болж Баярмаа нас барсныг нарийвчлан тогтоолгомоор байна. Гэрч Саранчимэг нь сэтгэцийн өвчтэй бөгөөд унаж, татдаг учир одоо Шар хадны эмнэлгийн хяналтанд группэд байдаг. Мөн ярих чадвар муу, юмыг мартдаг, урд хойно нь оруулж, хольж хутгаж ярьдаг учир түүнийг өгсөн мэдүүлгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн болсон явдлыг сайн мэдэх Нарантунгалагаар гэрчлүүлмээр байна. Талийгаачийг Цогт-Эрдэнэ ах зодсон гэх тэр үед Мягмарсүрэн, Гомбо нар байгаагүй мөртлөө тэнд байсан, харсан мэтээр мэдүүлсэн нь ойлгомжгүй юм. Мягмарсүрэн, Гомбо нар нь орой Цогтбаатарыг орж ирэхээс арай өмнөхөн ирснийг Саранчимэг, Нарантунгалаг нар гэрчилнэ. Түүнчлэн Мягмарсүрэн, Саранчимэг нар нь энэ хэрэгт хамааралтай гэж яллагдагчаар татагдан шүүхээс ял сонссон атлаа давхар гэрчээр оролцож өөрсдийн буруугаа нууж, улмаар өөрсдийгөө хамгаалах зорилгоор худал мэдүүлэг өгснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд болсон үйл явдлуудыг хоног, цаг хугацааны зөрүү болон Мягмарсүрэн, Гомбо, Саранчимэг нарыг мэдүүлгүүдийг нарийвчлан шалгаж тогтоолгох хүсэлтэй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Цогт-Эрдэнэ, Т.Ганбуян нар нь Баярмааг зодсоноос 5-6 цагийн дараа А.Цогтбаатар ирсэн. Ш.Мягмарсүрэн, Ж.Саранчимэг нар нь гэмт хэргийг нуун далдлахад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэднийг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан боловч “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч “тахир төмрөөр цээжин тус газар цохиход үхэлд нөлөөлөхгүй” гэж мэдүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар А.Цогтбаатарыг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Цогт-Эрдэнэ нь А.Цогтбаатарыг орж ирэхээс өмнө гарч явсан бөгөөд цаг хугацааны хувьд бүлэглэн үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй. А.Цогтбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин гэмт хэргийг нуун далдлахад оролцсон байдал харагдаж байна...” гэв.

Ялтан Т.Ганбуяны өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ганбуяны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмэлт тайлбаргүй...” гэв.

Ялтан Д.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Цогт-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Цогтбаатар, Б.Цогт-Эрдэнэ, Т.Ганбуян нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн. Үйлдсэн хэрэг нь нотлогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

                                                         ХЯНАВАЛ:

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47А дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 20-21 цагийн үед, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны өмнөх граж дунд байрлах дулааны худаг дотор иргэн Н.Баярмааг архи ууж согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж, танхайн сэдэлтээр онцлох шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, толгойн хуйхны цус хуралт бүхий гэмтлийг учруулан санаатай амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөний: “...Н.Баярмаа бол миний төрсөн эх байгаа юм. Би ээжтэй хамгийн сүүлд Цагаан сараар шинийн нэгний өдөр буюу 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эмээтэй золгох гэж ирэх үед нь уулзсан. Миний мэдэхийн сүүлийн 2 жил шахуу гадуур тэнэж амьдарч байгаа. Ээжийг хаагуур яваад байдаг болохыг нь мэдэхгүй. ...Манай ээж гэрээсээ гараад хамгийн удаандаа cap гаруй болоод хамгийн хурдан ирлээ гэхэд 3-4 хоноод ирдэг. Удаан яваад ирэхээрээ хөдөө яваад ирлээ гэж байнга л худлаа ярьж байдаг...” /1-р хх-ийн 40/,

гэрч Ж.Саранчимэгийн: “...Өнгөрсөн цагаан сарын дараахан cap шинийн 4 бил үү 5-ны өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар хорооны 8 дугаар байрны баруун талд байрлах траншей “танканд” манай найзууд болох Ганбаяр, Цогоо, Мийгаа, Гөөнөө, Гомбо, Тунгаа нарын хамт архи уугаад сууж байсан ба тэр өглөө Н.Баярмаа траншейны дээр ирж нөхөр болох Ч.Бат-Эрдэнийгээ дуудсан ба нөхөр нь болох Ч.Бат-Эрдэнэ нь бид нар дунд байхгүй байсан. Тэгэхээр нь би урдаас нь нөхөр чинь энд байхгүй байна гэж хэлтэл аан за за гэж хэлээд цаашаагаа явахаар нь Т.Ганбуян, Цогоо хоёр гарч араас нь гүйж очиж барьж аваад траншейн руу толгойг нь оруулсан. Н.Баярмаа та хоёр яагаад байгаа юм бэ би толгойгоороо орохгүй хөлөөрөө орчихож чадна гэж хэлтэл битгий хуцаад бай чамайг яавал гэж наад руугаа орж суу гээд оруулсан. Тэгээд Н.Баярмаад ууж байсан архиа өгтөл өгсөн архинаас нь Н.Баярмаа уугаагүй бид нар ч тэндээ ууж байсан болохоор нилээд муудаад орой болж тэндээ унтахаар болсон ба унтацгаагаад өглөө нь босч тэнд хоносон хүмүүс бүгд гороондоо хамт явцгааж гороолсон зүйлээ зараад архи авцгаагаад буцаад траншейн дээрээ ирж архиа ууцгаасан. Тэр үед Т.Ганбуян дэвхрэг Цогоотой нилээд халамцуу орж ирээд учир зүггүй намайг зодоод байсан. Тэгээд зодож байснаа намайг холдож бай гэж хэлсэнээ Н.Баярмааг Т.Ганбуян зодоод эхэлсэн. Хажуугаас нь дэвхрэг Цогоо зодсон тэгээд байж байтал гаднаас жижиг Цогоо орж ирээд крантны төмрөөр ар нуруу хэсэгт нь маш хүчтэй цохиж эхэлсэн тэгээд зодож байснаа жижиг Цогоо гараад яваад өгсөн. Араас нь мөн дэвхрэг Цогоо гараад яваад өгсөн. Тэгээд траншейнд Ганбаяр, Мийгаа ах, Тунгаа, “Өөнөө, Гомбо, Н.Баярмаа бид зургуулаа үлдэж унтацгаасан. Шөнө дунд гаднаас жижиг Цогоо орж ирээд Н.Баярмаагийн хажуугаар өмдөө тайлаад унтсан ба нэг мэдсэн жижиг Цогоо орилж босч ирээд Сараа эгчээ Н.Баярмаа өнгөрчихсөн юм шиг байна гээд хашгираад байсан” /1-р хх-ийн 70/,

“...Тэр өдөр нь одоо бодоод байхад цагаан сарын шинийн 5-ны орой байсан юм байна. ...Тэгэхэд бид нартай хамт Гөөнөө, Мийгаа, гаргүй Тунгаа бид нар байж байхад цагийг нь мэдэхгүй байна, гэгээтэй байхад Дэвхрэг Цогоо, Ганбуян нэлээн согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ над руу Т.Ганбуян дайраад та нар акуркаа түүхгүй яасан юм гээд намайг цохиж аваад зодох гээд байхаар нь би хөгшин хүн намайг битгий зодооч гэж гуйсан чинь чи ийшээ бол гээд намайг холдуулаад талийгаачийг шилээр цохиж аваад зодоод байсан. Тэгээд өөрөө талийгаачийг зодчихоод дараа нь дэвхрэг Цогоог наад гичийгээ нүд гээд өөрөө холдоход дэвхрэг Цогоо талийгаач руу очоод хөлөөрөө өшиглөөд байсан. Яг хаана нь хэдэн удаа цохиж байсаныг мэдэхгүй байна. ...Тэгээд шөнө нь хэдэн цагт ч юм мэдэхгүй жижиг Цогоо ирчихсэн байсан. Тэр орж ирчихээд бас талийгаачийг траншейнд байсан крантны төмрөөр цохиж аваад байсан. Би тэгэхэд нь чи яагаад эмэгтэй хүнийг цохиод байгаа юм болиоч гэхэд талийгаач нь битгий намайг цохиод байл даа гэж дуугарч байсан. Тэгээд жижиг Цогоо талийгаачийн хажуугаар ороод хэвтсэн. Шөнө жижиг Цогоо Сараа эгчээ энэ Н.Баярмаа сонин болчихож гэхэд нь би босоод хүзүүн дээр нь дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан. Тэгээд Н.Баярмааг үхсэнийг нь мэдсэн. Тэгээд бид нар бүгд босоод одоо яах вэ гэхэд би та нар өөрсдөө мэдэцгээ гэсэн чинь Т.Ганбуян бид нарыг энийг хүнд хэлэх юм бол та нарыг эвгүй болгоно шүү гэж хэлсэн. Тэгээд Т.Ганбуян, Мийгаа ах хоёр гороо хийдэг том ногоон шуудайнд талийгаачийг хийгээд аваад гарсан. Гөөнөө ах хөл муутай болохоор траншейнаас гарч чадахгүй үлдээд Тунгаа, жижиг Цогоо бид гурав араас нь дагаж гарсан. Тэгсэн чинь Т.Ганбуян, Мийгаа ах хоёр талийгаачийг аваад 8 дугаар байрны урд талын гараашнуудын тийшээ явчихсан. Бид гурав гадаа нь байж байхад Ганбуян, Мийгаа ах хоёр булчихлаа гээд хүрээд ирсэн...” /1-р хх-ийн 72-73/,

“...Н.Баярмаа эргээд цааш явсан чинь араас нь траншейнаас Т.Ганбуян, А.Цогтбаатар нар гараад талийгаач Н.Баярмааг траншейн руу чирээд оруулаад ирсэн юм. ...Ингээд л Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ хоёр нийлээд Н.Баярмааг зодож эхэлсэн. ...Т.Ганбуян архины хоосон 0.75 граммын лонхоор тархи, толгой болон хаа тааралдсан газар луу нь цохиод байсан. Мөн Б.Цогт-Эрдэнэ хөлөөрөө өшиглөөд байсан. Траншейн дотор буланд шахаад л зодоод байсан. Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар талийгаач Н.Баярмааг 30 гаруй минут хиртээ зодсон байх ...А.Цогтбаатар орж ирээд Н.Баярмаа руу очоод чамайг хэн ингэж зодсон юм гээд асууж байгаад крантны ус гоождог махир төмрөөр талийгаачийн ар нуруу, цээж рүү нь 3-4 удаа цохисон. Хэрэг болсноос хойш 2-3 хоногийн дараа байх А.Цогтбаатар траншейнд гал тавьж шатаасан. А.Цогтбаатар өөрөө л бид нарт нөгөө хэрэг болдог траншейнд гал тавиад шатаачихлаа гэж хэлсэн. Хэргээ л нууж далдлах гэж л ийм үйлдэл хийсэн байх...” /1-р хх-ийн 74- 76/,

“...Н.Баярмааг би явлаа, гармаар байна гэхэд нь Т.Ганбуян, Дэвхрэг Цогоо буюу Б.Цогт-Эрдэнэ хоёр эхэлж нийлж байгаад талийгаачийг нүүр, толгой руу нь гар хөлөөрөө цохиж зодсон. Тэгэж зодохдоо Т.Ганбуян 0.75 граммын архины хоосон шилээр талийгаачийн толгой, цээж болон хаа тааралдсан газраа 7-8 удаа цохиж зодсон харин Б.Цогт-Эрдэнэ чи бокс мэдэх үү муу гичий минь гээд гараа зангидаж байгаад толгой руу нь 4-5 удаа цохиж, гэдэс хөл рүү нь 5-6 удаа өшиглөсөн. Т.Ганбуян талийгаачийг зодож байхдаа Б.Цогт-Эрдэнэд наад гичийгээ зод гэхэд Б.Цогт-Эрдэнэ муу гичийг алчихъя гээд зодоод байсан. Энэ маягаар тэр хоёр талийгаачийг 30 гаран минут зодсон. Б.Цогт-Эрдэнийг явснаас цаг гарангийн дараа А.Цогтбаатар 1 шил архи авч орж ирээд бид нартай хуваасан. Тэгэж байхдаа Н.Баярмааг оролдсон тэгтэл талийгаач яах гээд байгаа юм бэ болиоч гээд траншейнаас гарах гэтэл Б.Цогтбаатар араас нь татаж унагаад чи хэзээ ийм болчихсон юм бэ гэж уурлаад хэд хэдэн удаа алгадаж авсаны дараа гаднаас барьж орж ирсэн крантны төмрөөр талийгаачийн нуруу, цээж рүү нь 3-4 удаа цохиж зодож байгаад гараад явсан. А.Цогтбаатар, Б.Цогт-Эрдэнэ, Т.Ганбуян гурав гурвуулаа талийгаачийг цохиж зодсон болохоор тэр гурав гурвуулаа зодсон гэж хэлсэн. Түүнээс тэр гурвыг нийлж байгаад талийгаачийг зодсон гэж хэлээгүй...” /3-p хх-ийн 144-145/,

гэрч Ш.Мягмарсүрэнгийн: “...Т.Ганбуян, Цогоо, Гөөнөө, Гомбо, гаргүй Тунгаа Ж.Саранчимэг, Н.Баярмаа бид нар архи ууж байж байгаад би тасраад хэсэг унтаад сэрэхэд дэвхрэг Цогоо ирчихсэн Т.Ганбуянтай нийлээд Н.Баярмааг зодоод байсан. Юунаас болж зодсоныг мэдэхгүй. Тэгээд Т.Ганбуян, дэвхрэг Цогоо хоёр гарч явсан. Тэгээд нилээд байж байтал А.Цогтбаатар нэг шил “Стандарт” архи барьчихсан орж ирээд архи ууж байгаад Н.Баярмаагийн толгойноос цус гарчихсан байхаар нь чи яачихсан юм бэ, битгий баашлаад бай гээд крантны төмрөөр цээж рүү нь нэлээд хэд хэдэн удаа хүчтэй цохиод зодоод байсан. ...Тэгээд унтаж байтал А.Цогтбаатар бид нарыг сэрээгээд Н.Баярмаа нэг л биш байна өнгөрчихсөн юм шиг байна гэсэн. ...Би айгаад хүнд хэлээгүй. А.Цогтбаатар, Т.Ганбуян хоёр хүнийг их харгис хэрцгий зоддог хүмүүс байгаа юм...” /1-р хх-ийн 77/,

“...Сэрэхэд харанхуй болчихсон ойролцоогоор 20 цаг болж байсан байх хажууд хүмүүс зодолдоод байхаар нь сэрээд хартал Т.Ганбуян, дэвхрэг Цогоо хоёр талийгаач Н.Баярмааг худагийн буланд хоёр талаас нь Цогоо өшиглөөд, Т.Ганбуян нь гараараа цохиж зодож байсан. ...Тэгээд дэвхэрг Цогоо, Т.Ганбуян хоёр зодож байгаад гараад явчихсан ба Н.Баярмаа хэвтээд үлдсэн. Н.Баярмаа миний хажууд хэвтэж байсан болохоор хажууд хүчтэй амьсгаадаад байхаар нь яаж байна гэхэд дуугараагүй. Тэгээд би унталгүй хэвтэж байтал А.Цогтбаатар гаднаас нэг шил 0.75 граммын стандарт архи авч орж ирээд өөрөө талыг нь уучихсан. Н.Баярмаа босч ирээгүй амьсгаадаад хэвтэж байсан. Тэгсэнээ Н.Баярмаагийн нүүрийг нь арчиж байгаад Н.Баярмааг хэвтэж байхад нь гараараа нүүр лүү нь цохиж байгаад тушаах гэж байсан крантны махир цоргоор цээж рүү нь хэд хэд хүчтэй цохиход Н.Баярмаа дуугарахаа больчихсон...” /1-р хх-ийн 80-81/,

“...Т.Ганбуян Ж.Саранчимэгийг зайл гичий минь гээд шууд үгийн солиогүй Н.Баярмааг цохиж зодоод байсан. Т.Ганбуян архины шилээр талийгаачийн толгой цээж рүү цохиод байсан. Мөн Б.Цогт-Эрдэнэ гараар толгой цээж рүү нь цохиод бас гэдэс, хөл рүү нь өшиглөж зодоод байсан. ...Үүнээс хойш цаг гаруйн дараа А.Цогтбаатар гаднаас ганцаараа нэг шил архи авч орж ирээд бид нар хувааж уусан юм. Ингэж байхдаа А.Цогтбаатар чамайг хэн зодоо вэ, хэлээч гээд Н.Баярмаагаас асуугаад байсан чинь Н.Баярмаа юу ч дуугарахгүй хэвтээд байсан чинь А.Цогтбаатар Н.Баярмаагийн нүүр лүү гараараа 3-4 удаа цохиод хажууд байсан крантны махир төмөр цоргоор Н.Баярмаагийн цээжний зүүн хэсэг рүү 3 удаа нилээн хүчтэй цохисон. Ингэж цохиж зодуулж байхдаа талийгаач ердөө дуугараагүй юм...” /1-р хх-ийн 82-83/,

“Н.Баярмаа луу очиж буланд зогсоож байгаад Т.Ганбуян хоосон архины шилээр талийгаачийн толгой руу 3-4 удаа, цээж рүү нь 5-6 удаа хүчтэй цохиж байсан. Тэгээд Т.Ганбуян Б.Цогт-Эрдэнэд хандаж наад гичийгээ зод гэхэд Цогоо муу гичийнүүдийг битгий даврааж байгаач, алаад хаячихъя гээд гараа зангидаж байгаад гараараа толгой, цээж рүү нь 4-5 удаа цохисон, мөн гэдэс, хөл рүү нь 5-6 удаа өшиглөсөн. ...А.Цогтбаатар гаднаас 1 шил архи авч ирж бид нартай хувааж уусан. Тэгэхдээ Н.Баярмаагаас чамайг хэн ингэж зодоо вэ гээд асуух зуураа түүнийг оролдоод байсан. Тэгтэл Н.Баярмаа болиоч гээд босоод гарах гэтэл А.Цогтбаатар араас нь татаад нилээд хүчтэй унагаачихсан. Тэгээд муу гичий үхлээ юу гээд нүүр лүү нь 3-4 удаа хүчтэй цохиж авсан. ...А.Цогтбаатар тушаах гэж байсан крантны төмрөөр 3-4 удаа нилээн хүчтэй цээж рүү нь цохиж аваад гараад явсан...” /3-р хх-ийн 156-157/,

гэрч Ч.Бат-Эрдэнийн: “...Тэгээд би Сараа эгч, түүний нөхөр Зоригоо ах нартай хамт тэдний шатдаг 8 дугаар байрны траншейнд нь орж архи ууж байхад би Н.Баярмаагаа санаад байх юмаа, бүүр дасал болчихож, одоо хаана явдаг юм болдоо гэхэд Сараа эгч надад эгч нь ёстой нууж чадахгүй байна. Эгч нь бүх үнэнийг хэлье гээд Н.Баярмааг чинь Цогоо, дэвхрэг Цогоо, Т.Ганбуян тэр гурав алаад булаад хаячихсан байгаа шдээ гэж хэлсэн. Тэгээд би яасныг асуухад Н.Баярмааг чинь Т.Ганбуян жижиг Цогоо, дэвхрэг Цогоо эд нар зодоод алаад өөр траншейнд хийчихсэн байгаа гээд надад тэр булсан траншейнг нь Сараа эгч зааж өгсөн. Тэгээд би траншейн рүү нь өөрөө оролгүй шууд цагдаа дуудсан чинь алаг тэрэг намайг авч яваад тэр өдөр нь би согтуу байсан болохоор намайг эрүүлжүүлээд маргааш нь би эрүүгийн төлөөлөгч нартай хамт тэр булсан гэсэн Сараа эгч тэд нарын амьдардаг траншейны урд талын траншейн руу хоёр гар чийдэн тусгаж ороод хайгаад талийгаачийн цогцосыг олоогүй. Сараа эгчийн яриагаар бол Т.Ганбуян, жижиг Цогоо хоёр үүрээд өөрсдийнхөө амьдардаг траншейнаас гаргаад тэр урд талд нь байгаа траншейнд аваачиж хийсэн гэсэн. Дэвхрэг Цогоо, жижиг Цогоо, Т.Ганбуян гурав зодсон гэсэн. Юунаас болж зодсоныг нь Сараа эгч, Мийгаа ах хоёр л хажууд нь хамт байж байснаараа мэдэх байх...” /1-р хх-ийн 55-56/,

гэрч Ч.Гомбын: “...Тэгтэл Баярмаа бид нарын архи уугаад сууж байсан траншейн дээр ирээд гаднаас чоно Ч.Бат-Эрдэнийг бид нартай цуг байна уу гэж асуусан юм. Бид нар Ч.Бат-Эрдэнийг байхгүй гэж хэлсэн. Тэгээд л Н.Баярмаа цаашаа эргээд явсан. Тэгтэл Т.Ганбуян, А.Цогтбаатар хоёр араас нь гараад Н.Баярмааг траншейнд хүчээр оруулж ирж байсан. Тэгээд л ууж байсан архинаасаа бид нар Н.Баярмаад өгсөн. ...Энэ үед Ж.Саранчимэг Т.Ганбуяны хэвтдэг газар нь хэвтсэн байсан чинь Т.Ганбуян Ж.Саранчимэг рүү бос гээд дайраад хөл рүү нь хэдэн удаа цохих шиг болсон. Тэгтэл Ж.Саранчимэг тэр үед нь эгчийгээ битгий зодооч гэж хэлсэн. Тэгтэл Т.Ганбуян холд зайл гээд Ж.Саранчимэгийн цаад талд хэвтэж байсан Н.Баярмаа руу дайрсан. Ингээд л Т.Ганбуян архины хоосон лонхоор Н.Баярмаагийн урд зогсож байгаад нилээд хэдэн удаа 10 гаруй цохисон байхаа. Мөн цээж рүү нь нилээд хэд цохиж байсан. Тэгсэн Т.Ганбуян Б.Цогт-Эрдэнэд хандаад наад гичийгээ зод гэж хэлээд Б.Цогт-Эрдэнэ бас Н.Баярмааг гараараа толгой цээж рүү нь нилээд хэд цохисон, бас хөлөөрөө өшиглөөд байсан. Баярмаагийн хөл болон гэдэс рүү нь өшиглөөд байсан. Бид нар ч хэвтээд байж байсан чинь шөнө гаднаас А.Цогтбаатар траншейнд орж ирээд авч орж ирсэн архинаасаа уугаад Н.Баярмааг хэвтэж байхад нь очоод яасан гэж асууж байгаад Н.Баярмаагийн толгой руу 3 удаа гараараа цохисон. Тэгээд л тушаах гэж байсан крантны махир цорго төмрийг аваад цээж рүү нь 3 удаа байх нилээд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд л би уусан архиндаа согтоод нам унтаад өгсөн. Гэтэл шөнө дунд Н.Баярмааг үхсэн байна, цогцосыг нь булъя гэж А.Цогтбаатар, Т.Ганбуян хоёр хэлээд бид нарыг сэрээж босгосон юм. Тэгээд би сэрээд харсан чинь Н.Баярмаа орой хэвтэж байсан газраа өнгөрчихсөн байсан...” /1-р хх-ийн 88-89/,

шинжээч эмч Б.Ганзоригийн: “...Талийгаач нь нас бараад удсан, дотор эрхтнүүд нь ялзарч муудсан, биеийн гадаргууны арьс гөлгөр, гулгамтгай, хөөж хавагнасан, мөөгөнцөрдсөн, ялзарлын өөрчлөлт ихтэй байсан. Үүнээс үзэхэд талийгаач нь нас бараад ойролцоогоор 14-өөс дээш хоног өнгөрсөн байх боломжтой. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн, гавал тархины зүүн чамархай тус газар цохигдох, цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй. Амьд байх хугацааг бол яг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг хүний биед учирсан гэмтлийн улмаас гэмтсэн судас цус алдаж байгаа цусны хэмжээ зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг...” /1-р хх-ийн 107-108/,

гэрч Ж.Саранчимэг, Ш.Мягмарсүрэн нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт:

гэрч Ш.Мягмарсүрэн: Тэр хэрэг гардаг цагаан сарын шиний 4-5 өдөр л Баярмаа бид нар дээр Ч.Бат-Эрдэнийг асууж ирээд л Т.Ганбуян, А.Цогтбаатар хоёр талийгаачийг хүчээр чирж оруулж ирсэн юм. Үүнээс өмнө бид нартай талийгаач Баярмаа манай траншейнд хоноогүй юм. Тэр өдөр л уулзаад шөнө нь ийм хэрэг гарсан.

            гэрч Ж.Саранчимэг: Тиймээ. Мягмарсүрэн үнэн зөв мэдүүлж байна. Өнгөрсөн хавар цагаан сарын баярын шинийн 4 билүү 5-ны өдөр бид нар дээр талийгаач Баярмаа ирж Ч.Бат-Эрдэнийг асууж ирээд ийм асуудал болсон. ...Т.Ганбуян миний хэвтэр дээр хэвтлээ гээд намайг эхлээд зодсон юм. Тэр үед нь би эгч нь бие муутай хүн гэж хэлсэн. Гэтэл намайг холдож бай гээд миний цаана хэвтэж байсан Н.Баярмааг босгож байгаад зодож эхэлсэн.

            гэрч Ш.Мягмарсүрэн: Миний бие гэрч Ж.Саранчимэгийн мэдүүлж байгааг сонслоо. Ж.Саранчимэг үнэн зөв ярьж байна. ...Тэр үед энэ хоёр хүн Н.Баярмааг хэвтэж байхад нь босоод ир гэж хэлээд траншейны зүүн урд буланд зогсоож байгаад Т.Ганбуян эхлээд уусан архиныхаа 0.75 граммын хоосон лонхыг баруун гартаа бариад Н.Баярмаагийн толгой, нүүр рүү нь намайг харж байхад 3-4 удаа цохисон, мөн цээж рүү нь 5-6 удаа цохиж байсан. Тэгээд л Т.Ганбуян Б.Цогт-Эрдэнэд хандаж Н.Баярмааг наад гичийгээ зод гэж хэлсэн чинь Б.Цогт-Эрдэнэ /дэвхрэг/ алаад хаячихая энэ гичийг гээд Н.Баярмаагийн толгой руу баруун гараа зангидаж байгаад нилээн хэдэн удаа цохиод бас хөлөөрөө хэвлий рүү нь өшиглөөд байсан. Тэгээд л энэ хоёр нийлээд нилээд удаан зодсон. Зодуулж байхдаа талийгаач Н.Баярмаа би яасан юм, та нарт ямap гэм хийсэн юм, намайг битгий зодооч гээд байсан.

            гэрч Ж.Саранчимэг: Миний бие урьд өмнө мэдүүлэг өгөхдөө хагас дутуу өгсөн байна. гэрч Ш.Мягмарсүрэнгийн мэдүүлж байгаа бүгд үнэн зөв байна. Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ хоёр нийлж Н.Баярмааг зодоод гараад явчихсаны дараа шөнө А.Цогтбаатар нэг шил архитай орж ирээд бид нартай хувааж уучихаад хэвтэж байсан Н.Баярмаа руу очоод нүүр нь хавагнаад хөхөрсөн байсныг хараад чамайг хэн ингэж зодов гэж асуусан чинь талийгаач Н.Баярмаа юу ч дуугарахгүй дээшээ хараад хэвтээд байсан чинь А.Цогтбаатар нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохиод, газар байсан крантны махир төмрөөр цээжний зүүн хэсэг рүү маш хүчтэй 3 удаа цохисон.

гэрч Ш.Мягмарсүрэн: Н.Баярмааг нас барчихлаа гэхэд Ч.Гомбо биднээс салаад явчихсан юм. Харин Гөөнөө буюу Дашдорж хөл муутай учир траншейнд үлдсэн. “эргүй Тунгаа, Ж.Саранчимэг бид гурав цугтаа Т.Ганбуян, А.Цогтбаатар хоёрыг дагаж явсан. Тэгээд Т.Ганбуян, А.Цогтбаатар хоёр талийгаачийн цогцосыг нуусан.

гэрч Ж.Саранчимэг: Ш.Мягмарсүрэнгийн мэдүүлэг үнэн зөв байна...” /1-р хх-ийн 84-86/,

гэрч Г.Нарантунгалагийн: “...Т.Ганбуян, А.Цогтбаатар нар гарч Н.Баярмааг траншейн руугаа оруулах үедээ толгойгоор нь унагачихсан юм. Тэгээд талийгаачид өөрсдийнхөө ууж байсан архинаасаа хийж өгөхөд талийгаач уусан. Т.Ганбуян архи дууссан болохоор олж ирэхээр гарсан. Тэр үед А.Цогтбаатар талийгаачийг татаж чангаасан. Тэгтэл талийгаач яах гээд байгаа юм гээд уурласан чинь чи юун сүртэй юм гээд уурлаад түүний толгой руу гараараа 2-3 удаа цохиж авчихаад гараад явчихсан. Т.Ганбуян эргэх орж ирэхдээ дэвхрэг Цогоо ахтай орж ирсэн. Тэгээд Ганбуян талийгаачид архи хийгээд өгтөл талийгаач Н.Баярмаа би уухгүй гээд асгачихсан. Тэгтэл Т.Ганбуян яаж байгаа гичий вэ гэж уурлаад талийгаачийн толгой руу архины шилээрээ 2-3 удаа цохиж, мөн гар хөл рүү нь цохиод байсан ба Б.Цогт-Эрдэнэ ахад наадхыгаа зод гэсэн. Тэгтэл дэвхрэг Цогоо ах чи бокс мэдэх үү гээд талийгаачийн толгой, гар, хөл, элэг гээд цохиогүй газар байхгүй цохиж зодоод байсан. Тэгэхээр нь би уурлаад та нар зүгээр байгаа хүнийг зодоод байхдаа яадаг юм болиоч гэсэн чинь Б.Цогт-Эрдэнэ ах чи юу гээд байгаа юм гээд намайг сууж байхад алгадаад арын паар мөргүүлээд толгой хагалсан. Тэгтэл Т.Ганбуян намайг өмөөрөөд Цогоо ахтай маргалдсан, Цогоо ах уурлаад гараад явчихсан. Удаа ч үгүй А.Цогтбаатар гаднаас орж ирээд талийгаачаас хэн ингээд зодчихсон юм гэхэд талийгаач юм хэлэхгүй дуугүй байгаад байсан чинь А.Цогтбаатар уурлаад талийгаачийн толгой руу гараараа 2-3 удаа цохиж аваад хажуудаа байсан крантны махир төмрөөр цээж рүү нь маш хүчтэй хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгтэл Т.Ганбуян болиоч чи гэхэд А.Цогтбаатар дуугүй гараад явчихаар нь бид нар унтаад өгсөн. Бид нарыг шөнө унтаж байтал А.Цогтбаатар гаднаас орж ирээд талийгаачийн хажуугаар орж хэвтсэнээ гэнэт муухай орилоод Сараа эгч ээ Н.Баярмаа нэг л сонин байна гэсэн. Тэгтэл Сараа эгч очиж үзчихээд судас нь цохилохгүй байна, нас барсан юм биш үү гэсэн...” /4-р хх-ийн 140/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 508 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, толгойн хуйхны цус хуралт, баруун шилбэний шарх, цус хуралт, шагай, тавхайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 3.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Баруун шилбэнд хуучин шарх гэмтэл тогтоогдсон нь үхэлтэй шалтгаант холбоогүй. 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн үзлэгээр нас бараад ойролцоогоор 14-өөс дээш хоног өнгөрчээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцосноос авсан үтрээ, шулуун гэдэсний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй...” /1-р хх-ийн 102-103/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 528 дугаартай дүгнэлтэд: “...А.Цогтбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. А.Цогтбаатар нь СЭМҮТөвийн хяналтанд байсан гэх баримт үгүй байна. А.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 110/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 531 дугаартай дүгнэлтэд: “...Б.Цогт-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Цогт-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Цогт-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 112/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 462 дугаартай дүгнэлтэд: “...Т.Ганбуян нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Т.Ганбуян нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Т.Ганбуян нь СЭМҮТөвийн хяналтанд байдаг эсэхийг нотлох баримт алга. Т.Ганбуян нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Ганбуян нь хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 114/ гэх дүгнэлтүүд,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-20/, дулааны хутагт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-25/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-30/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 31-32/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон,  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шүүхээс Б.Цогт-Эрдэнэ, А.Цогтбаатар, Т.Ганбуян нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ял эдлэх дэглэм нь ялтнуудын хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон, хохирлыг зөв тооцсон, ялтан А.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Ялтан Б.Цогт-Эрдэнэ, А.Цогтбаатар, Т.Ганбуян нар нь давж заалдах гомдолдоо “талийгаач Н.Баярмаа хэний учруулсан гэмтлийн улмаас нас барсныг тогтоож, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж  өгнө үү” гэжээ.

  Нотлох баримтаас үзэхэд ялтан Б.Цогт-Эрдэнэ, А.Цогтбаатар, Т.Ганбуян нар нь цаг хугацааны хувьд зөрүүтэй боловч үйлдлээрээ нэгдэн амь хохирогч Н.Баярмаагийн толгой болон бусад эрхтнийг гараараа, архины шилээр, төмрөөр  зодож, гавал тархины олон тооны хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон нь тогтоогдсон, гэрч Ж.Саранчимэг, Ш.Мягмарсүрэн, Г.Нарантунгалаг болон бусад гэрч нарын удаа, дараа өгсөн мэдүүлэгт Б.Цогт-Эрдэнэ, А.Цогтбаатар, Т.Ганбуян нарын үйлдэл оролцоог тогтвортой, тодорхой мэдүүлсэн, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлууд хангалттай шалгагдсан, нотлох баримтанд эргэлзээ бүхий байдал тогтоогдохгүй байх тул “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах”-ыг хүссэн  давж заалдах гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй  байна.

Иймд ялтан Б.Цогт-Эрдэнэ, А.Цогтбаатар, Т.Ганбуян нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Цогт-Эрдэнэ, А.Цогтбаатар, Т.Ганбуян нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                      

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                        

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ