Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0170

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0028 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А-гийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0028 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.А-гийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.А давж заалдах гомдолдоо: “ ... шийдвэрийг бүхэлд нь дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Ц.А би Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Буруутгасан үндэслэл нь зөвхөн А.А-д хууль бус үүрэг даалгавар өгсөн, тагнах, чагнах үүрэг өгсөн гэх зөрчил байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт хамааралгүй Дүнжингарав уралдаанд зөрчил гаргасан гэх, Төрийн бус байгууллагуудаас гомдол ирсэн гэх зөрчлүүдийг хариуцагчийн тайлбарыг үндэслэн, шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.

2. Би 2018 оны 02 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд БНСУ-д албан томилолтоор яваад ирэхэд 3 шинэ мэргэжилтэнг нэмж авсан байсан. “М х э ү төв” ТББ нь “Н” төвийн дүрэм, бодлогын бичиг баримтыг хийх ажлыг гэрээлэн гүйцэтгэж байсан бөгөөд нэмэлт гэрээгээр нийгмийн ажилтнуудад сургалт хийж байсан. Уг үйл ажиллагааг явуулж байх хугацаандаа тухайн байгууллагын дотоод асуудалд хэт оролцох, ажилтан албан хаагчидтай зүй бус харилцсан талаарх гомдлыг удаа дараа агентлагт болон О.А даргад мэдээлж байсан. Иймд ажилд ороод удаагүй байгаа мэргэжилтэн А.А-д салбарын онцлог, ажлаа сайн өөрийн болгоогүй байгаа үедээ буруу зөрүү юм мэдэмхийрч ярьж шүүмжлэлд өртөх вий гэдэг үүднээс “... замдаа сонсогчоор яваарай” гэж мессеж өгсөн.

Энэ нь урьд нь ажилд ороод ажлын ачаалал ихтэй байдлаас өөр ажил руу шилжсэн болон сургуульд сурахаар ажлаас гарсан мэргэжилтнүүд нь мэргэжлийн бус хүмүүс байсантай холбогдуулан мөн төрийн байгууллага, тэр дундаа хүүхдийн салбарт ажилд ороод 15 хонож байгаа мэргэжлийн бус мэргэжилтнээ буруу зөв ярьж асуудалд орохоос анхааруулсан сануулга байсан ба түүнд тагнах, чагнах зорилгоор үүрэг даалгавар өгөөгүй. Тагнах, чагнах үйл ажиллагаа явуулсан болохыг ч эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болсон боловч шүүх хариуцагчийн өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг биелүүлээгүй байдлыг зөвтгөхөөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7452 дугаартай “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар нотлох баримт цуглуулж, гэрч асуухаар шийдвэрлэсэн.

 Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчиж, хариуцагч талд давуу байдал олгож ажилласан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргаж өгөхийг удаа дараа хүссэн ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7452 дугаартай “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар тус газрын мэргэжилтэн А.А, “Х х ү с” ТББ-ын тэргүүн П.Ц, Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.О нарыг гэрчээр асууж, нэмэлт нотлох баримт цуглуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, гомдол гаргасан боловч уг гомдлыг давж заалдах шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн. А.А болон Ц.О нар хариуцагчийн шууд удирдлагад ажилладаг, үнэн зөв мэдүүлэг өгөх эсэх нь эргэлзээтэй бөгөөд гэрч болж чадахгүй гэж үзэж байна.

 Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.О-ийг гэрчээр асуусан нь огт ач холбогдолгүй бөгөөд Б/48 тоот тушаал гарахдаа Ц.О-ийн гомдол, саналаар гараагүй, Ёс зүйн хорооны дүгнэлтэд ч энэ талаар дурдагдаагүй. Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.О 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот албан бичиг гарсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 24-нд цохогдсон байх ба Ц.А би 2018 оны 03 дугаар сарын 22-нд халагдсан. Энэ нь огт хэрэгт хамааралгүй, намайг гүтгэж, нөхөж хуурамчаар бүрдүүлсэн баримт юм. Эдгээр хэрэгт хамааралгүй, гэрч болохгүй, хариуцагчийн нөлөөлөлд байдаг хүмүүсийг гэрчээр асууж, худал мэдүүлгээр намайг ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус юм.

Намайг ёс зүйн зөрчил гаргасан гэх мэдүүлгүүд дараах байдлаар үндэслэлгүй Үүнд:

1. Ц.О нь “намайг хүүхдүүдтэй муухай харьцсан” гэж мэдүүлсэн бол түүнийг нь гэрч С.Ж үгүйсгэсэн ба Ц.О-ийн мэдүүлэг худал болох нь тогтоогдсон.

2. “Төрийн бус байгууллагуудтай хүндэтгэлгүй, чирэгдэлтэй харилцдаг байсан” гэх О.Ц, А.А, Г.С мэдүүлэг огт үндэслэлгүй бөгөөд ямар ч баримтгүйгээр гүтгэсэн. Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд байгаа хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбарт “... төрийн бус байгууллагаас гомдол гаргадаг байсан хэдий ч тушаал гаргахдаа зөвхөн ёс зүйн хорооны дүгнэлтийг баримталсан” гэж дурдсанаас үзвэл уг хэрэг, маргаан болон маргаан бүхий захиргааны актад “Х х үн с” ТББ-ын тэргүүн П.Ц-ий мэдүүлэг огт хамааралгүй болж байна. Гомдол гаргасан баримт ч огт байхгүй. Анхан шатны шүүхээс гэрчүүдийг ярьж байгаа зүйл ямар эх сурвалжаар нотлогдож байгааг тогтоогоогүйгээс гадна захиргааны актын үндэслэлд хамааралгүй зарчим гэх асуудлуудыг хамааруулж, миний эсрэг ажилласан гэж үзэж байна.

 Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчиж, хэрэгт хамааралгүй гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж, намайг ёс зүйгүй мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан үндэслэлтэй, зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.А-г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5, Байгууллагын Ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/2018 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн “Албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа ёс зүйгүй харилцсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас халжээ.

Нэхэмжлэгч Ц.А Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын хоёрын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөдөл гаргасан байна.

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Өргөдөл хянан шалгуулах тухай” 429 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлж, өргөдөлд дурдсан асуудлыг хууль тогтоомжийн дагуу хянан шалган Ц.А-д хариу өгөхийг мэдэгдсэн, Салбар зөвлөл Ц.А-ийн өргөдлийг хуульд заасан хугацаанд хянан шалгаж, хариу өгөөгүй тул Ц.А шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан болох нь, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай албан бичиг[1] -ээр “... Дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн хариуг нэхэмжлэгч болон Төрийн албаны зөвлөлд тус тус хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Хариуцагч  “Байгууллагын Ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/2018 дугаар дүгнэлтийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан, нэхэмжлэгч Ц.А тушаалыг эс зөвшөөрч “... А.А ажилд ороод удаагүй байсан тул салбарын онцлог, ажлаа сайн өөрийн болгоогүй байгаа үедээ буруу, зөрүү юм ярьж шүүмжлэлд өртөхвий гэдэг үүднээс “... замдаа сонсогчоор яваарай” гэсэн мессеж өгсөн, төрийн бус байгууллагууд гомдол гаргасан эсэх нь тодорхой бус, гомдолд заасан үндэслэл нь ямар ч нотлох баримтгүй, А.А болон миний тайлбарыг харьцуулж дүгнээгүй, миний өгсөн үүрэг даалгавар ямар хууль тогтоомж зөрчсөнийг Ёс зүйн хороо огт тогтоогоогүй, ёс зүйн зөрчил гаргаагүй, хууль тогтоомж зөрчөөгүй байхад үндэслэлгүй дүгнэлт гаргасан, Ёс зүйн хороо дүгнэлт гаргах эрх зүйн чадваргүй, хууль бус дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан нь хууль бус, тушаал хууль зүйн үндэслэлгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5-д заасныг үндэслэж ажлаас халах зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д огт байхгүй ...” гэж маргажээ.

 Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчилсны дотор 27.2.1-т “төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдана” гэж заасан бол мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа “тухайн төрийн албан хаагчийн гаргасан зөрчлийн ноцтой, хор уршигтай эсэх зэрэг шинж байдлыг, мөн тухайн зөрчлийг анх үйлдсэн эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр тус хуульд заасан сахилгын шийтгэлүүдийн төрлөөс аль тохирохыг сонгож, шийдвэр гаргахаар байна.

Ийнхүү дээрх нөхцөлийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахдаа юуны өмнө тухайн төрийн албан хаагч сахилгын зөрчил гаргасан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосон байх учиртай. Хэрэв сахилгын зөрчил гаргасан нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй тохиолдол зөрчлийн шинж байдал, анх эсхүл давтан зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзэх тухай асуудал хөндөгдөх үндэслэлгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/2018 дугаар дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргаагүй боловч хариуцагч уг дүгнэлтийг үндэслэн Б/48 дугаар тушаалыг гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч үүнийгээ хүлээн зөвшөөрч “... хариуцагч энэхүү тушаалыг гаргахдаа Ёс зүйн хорооны ... 01/2018 дугаар дүгнэлтийг баримталсан” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх тул шүүх маргаан бүхий акт гарах болсон, ёс зүйн хорооны дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх, гаргасан зөрчилтэй холбогдуулан хариуцагчийн ногдуулсан сахилгын шийтгэл хуулиар тогтоосон журамд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Ц.А “сахилгын зөрчил гаргасан” нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай,  хариуцагчийн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр  хуульд заасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзсэн байх шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/25  дугаар тушаалаар байгуулагдсан Ёс зүйн хороо нь нэхэмжлэгч Ц.А-г “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5-д заасныг зөрчиж, мэргэжилтэн А.А-д ёс зүйгүй үүрэг даалгавар өгсөн, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй өөр чиглэл, үүрэг даалгавар өгөх зэргээр нэгжийн хамт олныг үл ойлголцол, эвдрэлцэлд хүргэсэн, Байгууллагын ёс зүйн дүрмийн 2.3-д заасныг зөрчиж, Удирдах ажилтны ёс зүйн хэмжээг баримталж ажилладаггүй болох нь Ёс зүйн хорооны хуралд холбогдох газрын мэргэжилтнүүдээс тайлбар авахад “удирдлагын хувьд зан харилцаа, ёс зүйн хувьд цаашид хамтарч ажиллах боломжгүй” гэсэн гомдлыг тухайн газрын мэргэжилтнүүд гаргасан, Ёс зүйн хорооны хуралд тайлбар хийхдээ төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар ёс зүйн хуралд оролцож байгаагаа ойлгоогүй төдийгүй өөрийнхөө бурууг дүгнээгүй хандлага гаргаж байсан. Энэ үйлдэл нь хэн нэгнийг заналхийлэх, ёс зүйн хорооны үйл ажиллагаа болон гишүүдийг ямар нэгэн чиглэлийн дагуу ажиллаж байгаа мэт ойлгогдохоор байна” гэсэн үндэслэлүүдээр түүнийг буруутган “төрийн албанаас халах” санал бүхий 01/2018[2] дугаар дүгнэлтийг хариуцагчид хүргүүлжээ.

Нэхэмжлэгч дээрх Ёс зүйн хорооны дүгнэлттэй маргаагүй, тус дүгнэлтэд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах саналыг хариуцагчид хүргүүлсэн байх хэдий ч шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу тухайн төрийн албан хаагч тус хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэх, зөрчсөн нь болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байхад сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгож нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хууль бус, зорилгодоо нийцээгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-т “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт болох боловч шүүх тухайн гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болох үндэслэлгүй, өөр бусад нотолгооны эх сурвалжаар баталгаажсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой. Энэ хэргийн тухайд гэрч хөндлөнгийн байх шаардлага хангагдаагүй байна гэж үзлээ.

Шүүх “нэхэмжлэгч Ц.А нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5, Ажлын байрны тодорхойлолтын 1.2-т заагдсан тусгай шаардлагыг зөрчсөн нь Говьсүмбэр аймгийн Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар албан бичиг, гэрч Ц.О-ийн мэдүүлгийн мэдүүлгээр, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хүндэтгэлгүй, чирэгдэлтэй, ялгаварласан байдлаар харилцаж байсан болох нь гэрч А.А, Г.С, О.Ц нарын мэдүүлгээр, бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгч байсан болох нь гэрч А.А, Г.С нарын мэдүүлгээр тогтоогдсон” гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь, маргаан бүхий актын үндэслэл болсон Ёс зүйн хорооны дүгнэлт Говьсүмбэр аймгийн Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар албан бичгийг үндэслээгүй, тус албан бичиг дээрх “Ш.Ч-д 2018.04.24” гэж цохолт хийсэн тэмдэглэгээнээс үзвэл цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны акт гарсны дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирсэн гэж үзэхээр байхад шүүх уг албан бичгийг үнэлснээс гадна гэрч Ц.О ёс зүйн хорооны хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэгчтэй холбоотой тайлбар гаргаагүй байхад түүний мэдүүлгийг үнэлсэн нь буруу байна.

Түүнчлэн хариуцагчийн шууд удирдлагад ажилладаг, түүний шийдвэрээр томилогдож чөлөөлөгдөх ажилтнууд болох А.А, Г.С нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд үзэх нь учир дутагдалтай, өрөөсгөл ойлголт болохоор байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол, тайлбар үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч Ц.А-ийн гаргасан гэж үзсэн зөрчлийн улмаас байгууллагын эрх ашигт ноцтой хор хохирол учирсан эсэх, ажилтан А.А-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ёс зүйн хороонд гаргасан гомдолд дурдсан “... ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй өөр чиглэл, чиг үүрэг бүхий үүрэг даалгавар өгч ... өөр хүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын хуваарийг хийлгэх, ... хамт ажилладаг Г.С-ийн үг үйлдлийг “нэг бүрчлэн сонсоод мэдэгд, сонсогчоор” яв гэсэн этгээд үүрэг даалгавар өгөх, магадлан итгэмжлэлийн ажлын хэсэгт нэрсээ явуулсан төрийн бус байгууллагуудаас утсаар хас, тэр байгууллагыг хас гэх мэтчилэн ойлгомжгүй үүргийг утсаар өөр хүн амьтан хажууд чинь байвал холд” гэх үүрэг өгч ёс зүйн зөрчил гаргасан болохыг эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Зүй нь хариуцагч нэхэмжлэгчийг “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа ёс зүйгүй харилцсан зөрчил гаргасан” гэх сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг эргэлзээгүйгээр урьдчилан тогтоогдсон эсэхэд анхаарал хандуулахаас гадна зөрчлийн улмаас хор хохирол учирсан эсэх, зөрчлийн шинж байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах бүрэн боломжтой байжээ.

Дүгнэвэл, нэхэмжлэгч Ц.А-д сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаал хуульд нийцээгүй, үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн “төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах”, төрийн алба хаших, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн байх тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч “ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.А-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 03 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, Ц.А-д олгохыг хариуцагч  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан Ц.А-д олгож, Ц.А давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ 

 


[1] 1ХХ-ийн 93 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 52, 53 дугаар хуудас